Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/814

 

                                                    

 

 

 

 

 

     2025          07            03                                          2025/ДШМ/814

 

Б.Г-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,   

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1346 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г- давж заалдах гомдол гаргасныг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2503000000395 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

М овгийн Б-н Г  .................................... багт оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Б.Г- нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 17 цаг 00 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын замд Тоуоta Рrius загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.     

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М овогт Б-н Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар Ховд аймгийн Мянгад сумын бүсчлэлээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан үеэс тоолж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г- давж заалдах гомдолдоо: “...Б.Г- би эрүүл мэндийн хувьд цус харван хөдөлмөрийн чадвар 70% алдан эмчилгээ хийлгүүлж, Улаанбаатар хот, ..... дүүргийн ..... дугаар хороо, Сургуулийн ....  тоот хаягт түр оршин сууж байгаа. Миний эрүүл мэндийн байдал муу, орон нутагт эм эмнэлгийн байгууллагын хүртээмж хүчин чадал муугаас Улаанбаатар хотод хэсэг хугацаагаар хэвтэн эмчлүүлэх шаардлагатай учраас Улаанбаатар хотод байж хэвтэн эмчлүүлэхээр эмчилгээ хийлгэх, эмнэлгийн цаг авах, дараалал хүлээх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Миний хувьд анхан шатны шүүх хурлаар орохдоо өөрийн энэ биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой хувийн байдлаа тодорхойлж хэлж чадаагүйгээс болоод шүүхээс зорчих эрх хязгаарлах ял оногдуулахдаа иргэний бүртгэл мэдээллийн хаяг болох Ховд аймгийн Мянгат сумын бүсчлэлээс гарахгүй байхаар шийдвэрлэсэн нь миний эрүүл мэндийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна гэж үзээд энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Өөрөөр хэлбэл, би өвчний учир өөрийн эрүүл мэндийг хамгаалан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагын улмаас хотод байгаа юм. Би ..... дүүргийн ..... дугаар хороо, Сургуулийн ....  тоот хаягт түр оршин суугчаар бүртгүүлсэн. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг ..... дүүргийн ..... дугаар хороо, Сургуулийн ....  тоот хаягаар өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Давж заалдах гомдолд дурдсанаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахад татгалзах зүйл байхгүй. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Шүүгдэгч Б.Г-од холбогдох эрүүгийн 2503000000395 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

1. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Б.Г- нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 17 цаг 00 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын замд Тоуоta Рrius загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн болох нь:

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн Хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Ган-Эрдэнийн 2025 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, илтгэх хуудас: “...Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын замд Тоуоta Рrius загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Б-н Г /РД: ............../ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон ба 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байв. Б.Г- нь драгер багаж үлээхээс татгалзсан тул эрүүлжүүлэх байранд саатуулж, тээврийн хэрэгслийг ТС-18-р журмын хашаанд саатуулав. ...” /хх-ийн 3-4/,

гэрч Б.Б-ийн: “...Найз Г нь эхнэр 4 хүүхдийн хамт Ховд аймагт амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4924 дүгээр шийтгэвэр: “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар зөрчилд холбогдогч Мөөнө овгийн Баяндалайн Год тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай. ...” /хх-ийн 24-25/,

Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа: “2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эрх хасагдсан” /хх-ийн 14/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

2. Шүүгдэгч Б.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа буюу 2025 оны 3 дугаар сарын 4-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлтийг хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 5 дахь хэсэгт заасан “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, ...зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн...” гэсэн шинжтэй гэж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял...”-ыг оногдуулахаар заасан.

Шүүгдэгч Б.Г-од тус зүйл, хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож 6 сарын хугацаагаар оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хассан нь түүний үйлдсэн тус гэмт хэргийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цээрүүлэх зорилгод нийцжээ.

4. Шүүгдэгч Б.Г-ын гаргасан “эрүүл мэндийн байдлаас шалтгаантайгаар зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг ..... дүүргийн ..... дугаар хороо, Сургуулийн ....  тоот хаягаар өөрчилж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж, гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.  

Учир нь, шүүгдэгч Б.Г-ын Улаанбаатар хотод хийлгэх шаардлагатай эмчилгээ хийлгэдэг талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

Мөн шүүгдэгч Б.Г- Улаанбаатар хотод тогтвортой оршин суудаг газартай талаар баримт хэрэгт байхгүй, харин согтуугаар Улаанбаатар хотод Тоуоta Рrius загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилдөө Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шийтгэл хүлээж, жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин Улаанбаатар хотод согтуугаар Тоуоta Рrius загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон төв замын хөдөлгөөнд оролцож явсан гэмт хэрэгтээ шийтгүүлж байх тул анхан шатны шүүхийн шүүгдэгч Б.Г-ын ял эдлэх нутаг дэвсгэрийн бүсчлэлийг түүний байнга оршин суух албан ёсны бүртгэлтэй Ховд аймгийн Мянгад сумын нутаг гэж тогтоож шийдвэрлэснийг түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1346 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ