Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 304/ШШ2026/00024

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Т******* сум, *** дугаар баг, Б******* ****, **** тоотод оршин суух Е******* овогт С******* С******* нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ

 

Хүсэлт гаргагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.Сүнжидмаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-С.Сүнжидмаа миний бие **** онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, **** настай, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. *** оноос өдий хүртэл боловсролын салбарт багш, сургалтын менежер, захирлаар тасралтгүй ****жил ажиллаж байна. 2025 онд өндөр насны тэтгэвэртээ гарахаар хүсэлт, материалаа бүрдүүлэх явцад дараах асуудлыг тодруулж, ажилласан жилээ тогтоолгох нөхцөл байдал гарлаа. С.Сүнжидмаа миний бие Булган аймгийн Х******* сумын Ерөнхий боловсролын сургуульд 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Монгол хэл-Уран зохиолын багшаар ажилд орж 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ар гэрийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөн Т******* сумын Ерөнхий боловсролын сургуульд үргэлжлүүлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байна. **** оны ажилд орсон, гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаа ч Т******* сумын Нийгмийн даатгалын байцаагч тухайн үеийн ажилд орсон гарсан тушаалын лавлагаа авчрах шаардлагатай гэсэн тул аймгийн архивт бичиг баримтаа шүүхэд тухайн оны материалууд галд шатаж устсан юм байна. Х******* сумын сургуульд ажиллаж байхад захирлаар С.Дорлигсүрэн байсан бөгөөд аймаг, бүсийн олон уралдаан тэмцээнд оролцож амжилттай ажиллаж байсныг тухайн үед хамт ажиллаж байсан сургуулийн хамт олон болон хавсралтаар байгаа бичиг баримт нотлох тул С.Сүнжидмаа миний Булган аймгийн Х******* сумын Ерөнхий боловсролын сургуульд ****оны *** дүгээр сарын ***-ний өдрөөс *** оны ***дугаар сарын 10-ны өдөр хүртэл Монгол хэл-Уран зохиолын багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч С.Сүнжидмаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие С.Сүнжидмаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус хэргийн шүүх хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр товлогдсон байна. Тус өдөр нь манай сургуульд төлөвлөгдсөн арга хэмжээ зохиогдох тул миний бие шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байна. Иймд миний эзгүйгээр хэргийг маань шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчаас:

-С******* С******* иргэний үнэмлэхийн лавлагаа,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар тодорхойлолт,

-Булган аймгийн Архивын тасгийн *** оны 12 дугаар сарын ***-ны өдрийн ** дугаар тодорхойлолт,

-С.Сүнжидмаагийн Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар,

-Х******* сумын 10 жилийн дунд сургуулийн захиргаанаас *** оны 07 дугаар сарын 11-ний өдөр олгосон Сайшаалын үнэмлэх,

-Хутаг 10 жилийн сургуулийн захиргаанаас 1994 оны 02 дугаар сарын 05-ны өдөр олгосон Баярын бичиг,

-Х******* сумын эмэгтэйчүүдийн Нэгдсэн зөвлөлөөс 1994 оны 03 дугаар сарын 07-ны өдөр олгосон Баярын бичиг зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3.Хүсэлт гаргагч С.Сүнжидмаагийн хүсэлтээр О.У*******, Д.М******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.Сүнжидмаагийн Х******* сумын Ерөнхий боловсролын сургуульд 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Монгол хэл-Уран зохиолын багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Хүсэлт гаргагч С.Сүнжидмаа нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

 

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Булган аймгийн Х******* сумын 5 дугаар багийн харъяат Содном овогтой Сүнжидмаа нь Булган аймгийн Х******* сумын сургуульд 1992, 1993, 1994 онд ажиллаж байсан цалингийн цас архивт байгаа тул лавлагаа олгов. гэсэн №07 тоот лавлагаа,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Булган аймгийн Х******* сумын сургуулийн 1994 оны тушаал архивт ирээгүй болохыг тодорхойлов. гэсэн №08 тоот лавлагаа,

-С.Сүнжидмаад 1991 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улсын багшийн их сургуулиас олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар хувь,

-Х******* сумын 10 жилийн дунд сургуулийн захиргаанаас 1993 оны 07 дугаар сарын 11-ний өдөр С.Сүнжидмаад олгосон Сайшаалын үнэмлэх,

-Хутаг 10 жилийн сургуулийн захиргаанаас 1994 оны 02 дугаар сарын 05-ны өдөр С.Сүнжидмаад олгосон Баярын бичиг,

-Х******* сумын эмэгтэйчүүдийн Нэгдсэн зөвлөлөөс 1994 оны 03 дугаар сарын 07-ны өдөр С.Сүнджидмаад олгосон Баярын бичиг зэрэг баримтууд

 

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч Д.М*******: Би 1989 онд Орос хэлний багшийн дээд сургуулийг төгсөж ирээд Булган аймгийн Х******* сумын Ерөнхий боловсролын 10 жилийн дунд сургуульд Орос хэлний багшаар хуваарилагдан ажиллаж эхэлсэн. С.Сүнжидмаа нь 1992 онд их сургуулиа төгсөөд тухайн сургуульд маань Монгол хэлний багшаар хуваарилагдаж ирсэн. Тэрнээс хойш 1994 он хүртэл С.Сүнжидмаатай цуг ажиллаж байгаад би 1995 онд Булган аймгийн 1 дүгээр сургуульд Орос хэлний багшаар шилжин ирж ажиллаж эхэлсэн гэх,

 

Гэрч О.У*******: Би 1988 оноос 1996 он хүртэл Булган аймгийн Х******* сумын 10 жил, Тойргийн бага сургуулиудад бага ангийн багшаар ажиллаж байсан. Намайг 1991 онд өөрийн даан авсан 5 дугаар ангийг төгсгөөд байж байтал С.Сүнжидмаа нь сургуулиа төгсөж ирээд 1992 онд миний төгсгөсөн 5 дугаар ангийг даан авч ажиллаад төгсгөсөн. Тэр цагаас хойш С.Сүнжидмаатай *** оноос 2016 он хүртэл хамт ажилласан. С.Сүнжидмаа нь тус сургуульд багш, эрхлэгч, захирлаар тус тус ажиллаж байсан, би болохоор бага ангийн багшаар ажилласан. С.Сүнжидмаа нь одоог хүртэл тус сургуульд захирлаар ажиллаж байгаа гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг болно.

 

3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Е******* овогт С******* С******* Булган аймгийн Х******* сумын Ерөнхий боловсролын сургуульд 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Монгол хэл- Уран зохиолын багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА