| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/01108/и |
| Дугаар | 318/ШШ2025/00990 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 318/ШШ2025/00990
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Гын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хөдөө аав, ээжийн гар дээр мал маллаж өссөн ба 16 нас хүрмэгц аймгийн сумын Говийн хөгжил нэгдэл Суварга бригадад 1987 оны 1 дүгээр сард малчнаар ажилд орсон ба 1988 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд хонь малласан. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан хүмүүс намайг Г гэж дууддаг байсан ба цалингийн тодорхойлолтоо шүүлгэхэд Г гэх нэр маань Г гэж гэрийн нэрээр бичигдсэн нэрний зөрчилтэй гарч ирсэн. Би малчнаар 38 жил тасралтгүй ажилласан ба ажилласан жилээ тогтоолгох хөдөлмөрийн дэвтэр бусад баримтаа гээгдүүлсэн тул цалингийн тодорхойлолт бусад бичиг баримтыг үнэлж дүгнэн аймгийн сумын Говийн хөгжил нэгдлийн Суварга бригадад 1987 оны 1 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 246 дугаар зөвлөмжийн хуудас, аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, гэрч Р.Э, Б.Я нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Р.Э, Б.Я нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Гын 1987 оны 1 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал аймгийн сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ц.Гын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 251 дүгээр зөвлөмжийн хуудсанд: аймгийн сумын Говийн хөгжил нэгдлийн 1987-1989 оны тушаалын баримтаас ажлаас чөлөөлөгдсөн тушаал гараагүй тул ажилласан хугацааг тооцох боломжгүй байна. Иймд ажилласан жилээ шүүхээр тогтоолгохыг зөвлөж байна гэжээ.
3.2. Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Ц.Ггийн 1987 оны 1 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн сумын Говийн хөгжил нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байна. Тус баримтад нэхэмжлэгчийн нэрийг Г гэж бичсэн байх боловч энэ талаар нэхэмжлэгч “Тухайн үед надтай хамт ажиллаж байсан хүмүүс намайг Г гэж дууддаг байсан” гэж тайлбарласан тул цалингийн тодорхойлолтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж дүгнэв.
3.3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Р.Э, Б.Я нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Р.Э “Би 1978-2005 онд Увс аймгийн сумын Говийн хөгжил нэгдэлд тракторчноор ажиллаж байгаад тэтгэвртээ гарсан юм. Ц.Г нь 8 дугаар анги төгсөөд Увс аймгийн сумандаа мал маллаж эхэлсэн ба одоо ч сумандаа мал маллан амьдарч байгаа. Би тухайн үед Ц.Гын аавынд болон Ц.Г гэр бүл болж тусдаа гархад тэднийд мөн өвс тэжээл ачиж хүргэж өгдөг байсан” гэж, гэрч Б.Я “Би 1986-1997 онд Увс аймгийн сумын дунд сургуульд багшаар ажиллаж байсан юм. Би сургуульд ажиллаж байхдаа аавынхаа гэрт амьдарч байсан юм. Тэр үед Ц.Г мал малладаг байсан ба манай аав Батаагийнхтай айл хөрш амьдардаг байсан. Ц.Г нь одоо ч сумандаа мал маллан амьдарч байгаа нь үнэн болно” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүврээр тогтоогдож байх тул мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзэв.
4. Нэхэмжлэгч Ц.Г нь 1987 оны 1 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал аймгийн сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, гэрч Р.Э, Б.Я нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Гын 1987 оны 1 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал аймгийн сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Гын 1987 оны 1 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал аймгийн сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ