Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/310

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгч ********  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******** холбогдох эрүүгийн 1818005650343 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******** 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ********  мэргэжилтэй, “ ******** ” ХХК-ийн ******** ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн ******** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ********  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн ********  тоот гэртээ цуг согтууруулах удааны зүйл хэрэглэсэн ******** тэй хоккейн спортын талаар үзэл бодол таарсангүй хэмээн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь нэг шүдний булгарал, дух, хамар, баруун болон зүүн тохойд зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Хэрэгт авагдсан

- ...тэр үед би нэлээн согтуу байсан ба нэг ухаан ороход ********  миний нүүр хэсэг рүү 5-6 удаа өшиглөж байсан. Би гэрээс нь хөл нүцгэн гарсан гэх хохирогч ******** ий мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- .. ********  гэрт ороход ******** ий хамраас цус гарчихсан, ********  ******** ий дээр гарчихсан цохиж байхаар нь салгасан гэх гэрч******** мэдүүлэг /хх-ийн 14/,

- ...Хайрхан багийн нутаг 5 дугаар байрны урд миний дүү ********  нь хөл нүцгэн, нүүр нь цус болчихсон явж байхаар нь гэр лүүгээ дагуулж яваад нүүр гарыг нь угааж цэвэрлээд, унтуулсан гэх гэрч********  мэдүүлэг /хх-ийн 15/,

- ...Би ******** тэй хоккейн тухай ярьж байгаад маргалдсан. ******** ийг газар унагаж байгаад нүүрэн тус газарт нь 3-4 удаа өшиглөсөн гэх шүүгдэгч ******** ын мэдүүлэг /хх-ийн 16, 26-27/,

- ******** ий зүүн нүдний дээд зовхи хөхөрч хавдсан, толгойн дагз хэсэгт 4 хэсэгт зөөлөн эд хөхөрч хавдсан, доод уруулын дотор талд 1 см орчим язарсан шархтай, дээд 11, 21 дүгээр шүд 4 дүгээр зэргийн хөдөлгөөн үүссэн, хугарч булгарсан, зүүн тохой зулгарсан шархтай байв гэх жижүүрийн эмч, хүний их эмч Х.Хишигсүрэнгийн тодорхойлолт /хх-ийн 18/,

- Үзлэгээр ******** ий үүдэн шүд сууриараа булгарч гэмтсэн болно. Шүдний нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай болно гэх “Дархан Зам” шүдний эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 19/,

 - ******** ий биед 1 шүдний булгарал, дух, хамар, баруун болон зүүн тохойд зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1 шүдний булгарал гэмтэл нь цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5% нөлөөлнө гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 742 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/,

********  нь 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 22:30 цагт эрүүлжүүлэгдсэн гэх бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч ******** ын үйлдлийн улмаас хохирогч ******** ий биед 1 шүдний булгарал, дух, хамар, баруун болон зүүн тохойд зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохиролд 500.000 төгрөг төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч ******** ий бичсэн “...********   эмчилгээний зардалд 500.000 төгрөг бэлнээр авсан. Иймд гомдол санал байхгүй” гэх баталгаа /хх-ийн 53/-аар нотлогдож байна.

Шүүгдэгч ********  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ******** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.  

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ********  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч ********  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч ******** т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ********  нь “ ******** ” ХХК-ийн ******** ажилтай болох нь “ ******** ” ХХК-ний 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 08/60 дугаартай тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 32-33/ зэргээр тогтоогдож байх бөгөөд түүний цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** ын ******** ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ******** ыг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар ******** т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******** т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР