| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2025/04876/И |
| Дугаар | 191/ШШ2025/08973 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/08973
2025 10 21 191/ШШ2025/08973
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* ******* ******* байрны 407 тоотод оршин суух, Уургач овогт Ж*******ы П*******-н нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны 2 тоотод оршин суух, Өөлд овогт Р-н Сд холбогдох,
гэрлэлт цуцлуулах, асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.П*******,
Хариуцагч Р.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.П******* нь хариуцагч Р.Сд холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч Р.С нь гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүүхдүүдийг хоёр хоёроор нь буюу том хүү П.О, охин П.У нарыг нэхэмжлэгч Ж.П*******гийн асрамжид, П.Ц, П.Э нарыг өөрийн асрамжид авахаар тохиролцсон гэж тайлбарласан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Нэхэмжлэгч Ж.П*******, хариуцагч Р.С нар 2009 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн /хх-12/ байх бөгөөд тэдний дундаас 2010 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүү П*******гийн О, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр охин П*******гийн У, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүү П*******гийн Ц, 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүү П*******гийн Э нар төрсөн байна /хх-13-16/.
3б. Хүү П.О, охин П.У, хүү П.Ц, хүү П.Э нар эрүүл бойжиж байгаа болохыг Баянзүрх дүүргийн рхийн эрүүл мэндийн төв /хх-4-7/, хүү П.О бүлэгт, охин П.У бүлэгт суралцдаг болохыг Ерөнхий боловсролын сургууль, хүү П.Ц ангид суралцдаг болохыг ерөнхий боловсролын сургууль, хүү П.Э ийн дунд бүлэгт суралцдаг болохыг тус тус тодорхойлсон байна.
4. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4а. Гэрлэгчид багаасаа бие биеэ таньдаг, нэг сургуульд суралцаж байхдаа найз нөхдийн харилцаатай байгаад 2009 оноос хамтран амьдарч гэр бүл болсон байх боловч өөр хоорондын харилцааны таарамжгүй байдал, харилцаа хандлага болон нэхэмжлэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн гишүүн болох эхнэрийнхээ бие эрх чөлөөнд халддаг байсан, зүй зохисгүй үг хэлээр хэлж доромжилж харьцдаг байсан, гэр бүлдээ анхаарал халамж тавдаггүй байдал зэрэг, хариуцагч нь өөр бусадтай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн зэрэг шалтгаан нөхцлийн улмаас гэр бүлийн маргаан үүсэж 2025 оны 3 дугаар сараас тусдаа амьдарсан болохыг гэрлэгчид тайлбарлаж байна.
4б. Түүнчлэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 4-р сарын 28-ны өдрийн 00481 дугаар тэмдэглэлээр гэрлэгчид эвлэрэх боломжгүй, шүүхэд хандаж гэрлэлтээ цуцлуулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болголх хүсэлт гаргасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна /хх-17-18/.
4в. Гэрлэгчид өөр хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, харилцаа хандлага, бие биеэ хүндэлдэггүй, ойлголцохгүй байдал зэргээс шалтгаалан 2025 оны ******* сараас тусдаа амьдарсан, гэрлэгчдийн хэн аль нь гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх, эвлэрэх хүсэл сонирхолгүй, гэрлэгчдийг эвлэрүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй, хариуцагчийн зүгээс өөр бусадтай хамтын амьдрал эхэлсэн талаараа тайлбарлаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Ж.П*******, Р.С нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж зохицуулсан.
Гэрлэгчдийг эвлэрүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд болох П.О, П.У нар аав П*******гийн асрамжид, П.Ц, П.Э нар ээж Сгийн асрамжид байгаа болохыг зохигчид тайлбарлаж, гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох хүүхдүүдийг хоёр, хоёроор нь тус тусад нь асран хамгаалж, тэжээн тэтгэхээр тохиролцсон талаараа тайлбарлаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх тухайгаа харилцан тохиролцож болох хэдий ч гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох ах, дүүс хүүхдүүдийг тус тусад нь амьдруулахаар тохиролцсон нь бага насны хүүхдүүдийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэхээр байна.
Учир нь, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хооронд эрх, үүрэг үүсдэг, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хүүхэд гэр бүлийн дотор тэгш эрх эдэлнэ, 25.3-т зааснаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул хуулийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, гэрлэлт цуцлагдсан ч эцэг, эх байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдах учиртай.
Түүнчлэн, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.3-т зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй тул хүүхдийг гэр бүлийн орчинд бие махбод, танин мэдэхүй, нийгэмшихүйн хувьд жигд хөгжүүлэх үүргийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүлээнэ гэж мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохицуулжээ.
Хүүхдийн эцэг, эх тусдаа амьдарсан ч үр хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх эрх болон үүрэг хэн алинд нь хэвээр үлддэг бөгөөд эцэг, эх үр харилцаа дуусгавар болдоггүй, гагцхүү хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр өөрчлөгдсөнөөр хүмүүжил өсөн бойжилтод оруулах эцэг, эхийн хувь нэмэр оролцоо өөрчлөгддөг болно.
Иймд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох хүүхдүүдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийг гүйцэтгэх санхүүгийн чадавхитай холбогдуулан асрамжийн талаар тохиролцсон гэх зохигчийн тохиролцоо нь гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн П.О, П.У, П.Ц, П.Э нарын эрх ашгийг зөрчсөн, гэр бүлийн насанд хүрээгүй бага насны хүүхдүүд хамтдаа нэг гэртээ амьдрах эрхтэй тул зохигчдын гаргасан тайлбар, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, хүүхдүүдийн насны онцлог, хүүхдүүдээс авсан санал зэргийг харгалзан хүүхдүүдийн ээнэгшин дассан орчин нөхцөлийг өөрчлөх үндэслэл хэргийн үйл баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдохгүй байх тул хүүхдүүдийг эх Р.Сгийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох П.О, П.У, П.Ц, П.Э нарыг нэхэмжлэгч Ж.П******* тэжээн тэтгэх үүрэгтэй.
Тиймээс, хүүхдэд сард олгох тэтгэлгийн хэмжээг насны байдлыг харгалзан шүүх тогтоох тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт “11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар”, 40.1.2 дахь хэсэгт “11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдэд олгох тэтгэлгийг тогтооно” гэж зааснаар нэхэмжлэгч Ж.П*******гээс сар бүр тэтгэлэг гаргуулан П.О, П.У, П.Ц, П.Э нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Р.Сд даалгаж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлгийг хэрэгцээнд зарцуулах, 38.7-д зааснаар тэтгэлгийн хэмжээг багасгаж, өөрчлүүлэх, асрамжийн талаар нэхэмжлэгч Ж.П******* шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
8. Зохигчид дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдав.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан Уургач овогт Ж*******ы П******* /ВЭ/, Өөлд овогт Р-н С /АЮ/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд болох 2010 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, хүү П.О, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, охин П.У, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, хүү П.Ц, 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, хүү П.Э нарыг эх Р.Сонидивсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, хүү П.Ц, 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, хүү П.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр,
2010 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, хүү П.О, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, охин П.У нарыг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хариуцагч Уургач овогт Ж*******ы П******* /ВЭ/-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Р.Сд даалгаж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлгийг хэрэгцээнд зарцуулахаар, хуулийн 38.7-д зааснаар тэтгэлгийн хэмжээг багасгаж, өөрчлүүлэхээр нэхэмжлэгч Ж.П******* шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдсугай.
5. Зохигчид дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Ж.П*******, хариуцагч Р.С нарт үүрэг болгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар Ж.П*******, Р.С нарын гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сувд-Эрдэнэд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Сгээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Пд олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ