| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/01103/и |
| Дугаар | 318/ШШ2025/00989 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 318/ШШ2025/00989
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Тын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Би аймгийн сумын Техник мэргэжлийн сургуулийн малын санитарийн ангийг 1986-1988 онд суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд 1988 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал аймгийн сумын Лениний зам нэгдэлд санитарчаар, 1990-1991 онд Улсын асрамжийн газарт асрагчаар, 1991 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оныг дуустал Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тушаалд нэрийг дуудлагаар нь Л гэж зөрчилтэй бичсэн тул шүүхэд хандаж байна. Иймд 1988 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал Увс аймгийн сумын Лениний зам нэгдэлд санитарчаар, 1991 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 251 дүгээр зөвлөмжийн хуудас, аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 127 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, аймгийн Улсын асрамжийн газрын даргын 1990 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар “Түр хугацаагаар асрагч, тогооч авах тухай” тушаал, 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр “Ажилд шилжүүлэх тухай” тушаал 1990 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 29 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1991 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 131 дүгээр “Ажилд түр томилох тухай” тушаал, 1992 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаар “Ажилд томилох, зарим ажилчдын цалин, нэмэгдэл тогтоох тухай” тушаал, 1993 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр “Цалин тогтоох тухай” тушаал, хавсралт, 1994 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 58 дугаар “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаал, 3 ширхэг фото зураг, гэрч Г.Л, Д.Цнарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Г.Л, Д.Цнарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Х.Тын ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Тын 1988 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал аймгийн сумын Лениний зам нэгдэлд санитарчаар, 1991 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оныг дуустал аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Х.Тын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 251 дүгээр зөвлөмжийн хуудсанд: аймгийн Нэгдсэн эмнэлгийн 1991-1994 оны тушаал, цалингийн баримт тус архивд шилжиж ирээгүй тул ажилласан хугацааг тооцох боломжгүй байна. Иймд ажилласан жилээ шүүхээр тогтоолгохыг зөвлөж байна гэжээ.
3.2. аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 127 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Х.Лын 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 1 дүгээр сарыг дуустал аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байна. Тус баримтад нэхэмжлэгчийн нэрийг Л гэж бичсэн байх боловч энэ талаар нэхэмжлэгч “Тушаалуудад нэрийг дуудлагаар нь Л гэж зөрчилтэй бичсэн” гэж тайлбарласан тул цалингийн тодорхойлолтыг иргэний хэрэгт ач холбогдолтой гэж дүгнэв.
3.3. Увс аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас Х.Тд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “...1991 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Төрөх тасагт асрагчаар авч ажиллуулав, 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр улсад 5 жил 7 сар 11 хоног ажилласнаар тооцов” гэсэн бичилтүүд хийгджээ. Тухайн хөдөлмөрийн дэвтэр нүүрэн хэсэг усанд норсон, бичиг нь арилсан байх тул хөдөлмөрийн дэвтрийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэв.
3.4. аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1991 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 131 дүгээр “Ажилд түр томилох тухай” тушаалаар н.Лыг 9 дүгээр сарын 17-ны өдрөөс асрагчаар томилсон, 1992 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаар “Ажилд томилох, зарим ажилчдын цалин, нэмэгдэл тогтоох тухай” тушаалаар н.Лыг 3 дугаар сарын 17-ны өдрөөс ЭЗӨГ-ын үйлчлэгчээр түр томилсон, 1993 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр “Цалин тогтоох тухай” тушаал, хавсралтаар н.Лын цалинг 2500 төгрөгөөр тогтоосон, 1994 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 58 дугаар “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалаар Х.Лд 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1 жилийн хүүхдээ асрах тэтгэмжтэй чөлөө олгосон байна. Эдгээр тушаалуудад нэхэмжлэгчийн нэрийг Л гэж буруу бичсэн байх боловч нэхэмжлэгч “Тушаалуудад нэрийг дуудлагаар нь Л гэж зөрчилтэй бичсэн” гэж тайлбарласан тушаалуудыг иргэний хэрэгт ач холбогдолтой гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж дүгнэв. Харин Увс аймгийн Улсын асрамжийн газрын даргын 1990 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар “Түр хугацаагаар асрагч, тогооч авах тухай” тушаал, 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр “Ажилд шилжүүлэх тухай” тушаал 1990 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 29 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалууд нь нэхэмжлэгчийн 1988-1989 онд Увс аймгийн сумын Лениний зам нэгдэлд санитарчаар, 1991-1994 онд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт хамааралгүй байна.
3.5. Х.Тын ХААТР-1 маягтад “Овог, нэр – Х.Т, ажилладаг байгууллага – Лениний зам нэгдэл, ажилд орсон он – 1988, эрхэлдэг ажил – ЭТЦ-ийн санитарч” гэж бүртгэгджээ. Тухайн баримтад нэхэмжлэгчийн Увс аймгийн сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан байдлын талаар тусгагдсан байх тул баримтыг хэрэгт ач холбогдолгтой гэж үзэв.
3.6. Нэхэмжлэгч Х.Таас ирүүлсэн 3 ширхэг фото зургийг хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус байх тул хэрэгт ач холбогдолгүй гэж үзэв.
3.7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Г.Л, Д.Цнарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Г.Л “Би аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 1984 оноос 2019 он хүртэл үйлчлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Х.Т нь 1991 онд тус эмнэлэгт асрагчаар ажилд орж байсан ба 1995 он хүртэл ажилласан. Х.Ттай хамт ажиллаж байсан нь үнэн болно” гэж, гэрч Д.Ц“Би аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 1984 оноос 2019 он хүртэл үйлчлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Х.Т нь 1991 онд тус эмнэлэгт асрагчаар ажилд орж ба 1995 онд ажлаасаа гарсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 127 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1991 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 131 дүгээр “Ажилд түр томилох тухай” тушаал, 1992 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаар “Ажилд томилох, зарим ажилчдын цалин, нэмэгдэл тогтоох тухай” тушаал, 1993 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр “Цалин тогтоох тухай” тушаал, хавсралт, 1994 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 58 дугаар “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалаар тогтоогдож байх тул мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзэв.
4. Нэхэмжлэгч Х.Т нь 1988 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал Увс аймгийн сумын Лениний зам нэгдэлд санитарчаар, 1991 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оныг дуустал аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болох нь аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 127 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1991 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 131 дүгээр “Ажилд түр томилох тухай” тушаал, 1992 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 60 дугаар “Ажилд томилох, зарим ажилчдын цалин, нэмэгдэл тогтоох тухай” тушаал, 1993 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр “Цалин тогтоох тухай” тушаал, хавсралт, 1994 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 58 дугаар “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаал, ХААТР-1 маягт, гэрч Г.Л, Д.Цнарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Х.Тын 1988 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал Увс аймгийн сумын Лениний зам нэгдэлд санитарчаар, 1991 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х.Тын 1988 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал аймгийн сумын Лениний зам нэгдэлд санитарчаар, 1991 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оныг дуустал аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ