| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0288/Э |
| Дугаар | 311 |
| Огноо | 2018-08-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 311
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Отгонтуяа,
Өсвөр насны шүүгдэгч О.Олонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Борнууд овогт Отгонтуяагийн Олонбаярт холбогдох эрүүгийн 1818004820298 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Борнууд овогт Отгонтуяагийн Олонбаяр /РД: МВ00311914/, 2000 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Зурагтын ар 3-14 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас О.Олонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч О.Олонбаяр нь 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар баг 017-ын 3 дугаар гудамжинд насанд хүрээгүй иргэн Д.Дашбазарын толгойн тус газар гараараа цохиж унагаан нүүр лүү нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хамар ясны битүү хугарал, зүүн нүдний зовхи, хацар, хамар хэсгийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Өсвөр насны шүүгдэгч О.Олонбаярын өгсөн: Би ажлаасаа чөлөө авчхаад ус авах гээд худаг дээр байж байхдаа Д.Дашбазараас гал асуухад надад томроод “орой хүрээд ирээрэй” гэсэн. Тэгээд би хөдөө явж ирчихээд Д.Дашбазартай уулзсан. Д.Дашбазар надад дахиад томроод байхаар нь би цохисон гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Насанд хүрээгүй хохирогч Д.Дашбазарын өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн орчимд О.Олонбаяр “чи 7 хоногийн өмнө худаг дээр юу гээд байлаа. Чи их том юм аа тэ” гэсэн. Тэгэхээр нь би найзуудыгаа дуудахаар утсаар ярих гэж байхад О.Олонбаяр миний зүүн чих рүү нэг удаа цохисон. Тэгэхэд би чих шуугиад, толгой манараад газарт унасан. Би босож ирээд О.Олонбаярын нүүр рүү элс цацаад дахиад утсаараа ярих гэж байхад О.Олонбаяр дахиад миний толгой руу цохиосн бөгөөд би хөл алдаад унахад миний нүүр рүү өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 6, 13/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтуяагийн өгсөн: Д.Дашбазар нь гаднаас орж ирэхдээ нүүр нь цус болчихсон орж ирэхээд нь юу болсон талаар асуутал “7 хоногийн өмнө худаг дээр тааралдсан О.Олонбаяр намайг зодчихлоо” гэж хэлсэн. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 8, 10, 11/,
Гэрч Т.Мөнхтулгын өгсөн: О.Олонбаяр Д.Дашбазарын нүүр рүү нь гараараа 2 удаа цохиж унагаад хөлөөрөө нүүр рүү нь өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
Д.Дашбазарын зүүн нүдний дотор булан шалбарч хавдсан гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 15/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 626 дугаартай “Д.Дашбазарын биед хамар ясны битүү хугарал, зүүн нүдний зовхи, хацар, хамар хэсгийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг буюу хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17/,
Насанд хүрээгүй хохирогч Д.Дашбазар нь 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 17 нас 5 сар 12 хоногтой, өсвөр насны шүүгдэгч О.Олонбаяр нь 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 17 нас 6 сар 12 хоногтой гэх нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 30, 32-33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч О.Олонбаярын хохирогч Д.Дашбазарын нүүр рүү нь цохиж, өшиглөж биед нь хамар ясны битүү хугарал, зүүн нүдний зовхи, хацар, хамар хэсгийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Дашбазарын биед хамар ясны битүү хугарал, зүүн нүдний зовхи, хацар, хамар хэсгийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 600.000 төгрөг төлсөн, насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Б.Энхтуяагийн бичсэн “...би гомдлоо буцааж, мөнгө төгрөг нэхэмжлэхгүй тул хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэх баталгаа /хх-ийн 45/, “Иргэний хариуцагч Ч.Отгонтуяа нь иргэний нэхэмжлэгч Б.Энхтуяад 600.000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төлж барагдуулсан. Б.Энхтуяа нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болно” гэх хохирлын төлбөр төлсөн тухай баримт /хх-ийн 66-67/-аар тус тус нотлогдож байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч, иргэний хариуцагч нь бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба өсвөр насны шүүгдэгч О.Олонбаяр нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Өсвөр насны шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Өсвөр насны шүүгдэгч О.Олонбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, О.олонбаярт хянан хүмүүжүүлэх хугацаанд за үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч болон иргэний хариуцагчаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Борнууд овогт Отгонтуяагийн Олонбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Өсвөр насны шүүгдэгч, иргэний хариуцагч нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Олонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийг 2.2-т зааснаар хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар хүмүүжлийн анартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Олонбаярыг хянан хүмүүжүүлэх хугацааг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эх Ч.Отгонтуяад даалгасугай.
8. Өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.Олонбаярт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР