| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2403009210028 |
| Дугаар | 2025/ДШМ/745 |
| Огноо | 2025-06-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/745
2025 06 17 2025/ДШМ/745
Ю.Х-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ /цахимаар/
хохирогч А.Н,
шүүгдэгч Ю.Х, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/1067 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ю.Х-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2403 00921 0028 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Ю-ийн Х, **** оны 02 дугаар сарын 5-ны өдөр ******** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “********* ******” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ********* аймаг, ********* ***сум, 3 дугаар баг, **** хороололын *-* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:**********/,
Шүүгдэгч Ю.Х- нь 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 23:00 цагийн үед “Nissan Patrol” загварын **-***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо ******* дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр, “*” аппартментын баруун урд талын замд явган хүний гарцан дээр явган зорчигч А.Ныг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ю.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Х овогт Ю-ийн Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан “замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ю.Х- нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд ******** аймгийн ********* ***сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дугаар зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар 26.928.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Над олгож, хохирогч А.Н нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж...шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ю.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие хохирогчийн эмчилгээний зардалд нийт 4.225.000 төгрөг төлсөн. Одоо хохирогч А.Н гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй байна. Миний үйлдсэн хэрэг 2024 оны 11 дүгээр сарын 7-нд гарсан бөгөөд тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байсан юм. Харин анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хохирлыг 4-р зэрэглэлээр тооцохдоо 2025 оны 7 дугаар сарын 01-с өөрчлөлт орсон 792.000 төгрөгөөр бодож шийдвэр гаргасан юм. Иймд анхан шатны шүүхээс тогтоосон сэтгэцэд учирсан хохирлыг хянан үзэж, хохирлыг үнэн зөвөөр тогтоож, мөн анхан шатны шүүхээс надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэн харгалзах ял болгон өөрчилж өгнө үү... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Ю.Х-ийн өмгөөлөгчөөр анхан шатны шүүх хуралдаанд оролцсон бөгөөд ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Нэгдүгээрт, шүүгдэгч Ю.Х-ийн зүгээс 11 дүгээр сарын 07-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг байсан. Гэтэл нэмэгдсэн 792.000 төгрөгөөр бодож 25.000.000 гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, ял шийтгэлийн тухайд зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасны дагуу тэнсэж өгнө үү...” гэв.
Хохирогч А.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Санаатай үйлдэл биш тул хуулийн дагуу шийтгэл оногдуулсан гэж үзэж байгаа. Мөн хохирлын хэмжээг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн. 04 дүгээр сарын 25-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.000 төгрөг болсон талаар шүүгч хохирогчийн эрүүл мэндэд цаашид учирч болох төлбөрийг төлөх гэж байгаа тул мөрдөгдөхгүй болсон 660.000 төгрөгөөр тооцохгүй талаар тайлбарласан. Үүнийг сайн ойлгосон байгаа. Тэгэхээр шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх эсэх асуудлыг шүүх бүрэлдэхүүнд шийдвэрлэнэ. Би анхнаасаа гомдолгүй гэдгээ хэлсэн байгаа...” гэв.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Сэтгэл санааны хохирлын хувьд тухайн үед үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоосон нь үндэслэлтэй. Мөн шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй, бодит гарсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан бага ял шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ю.Х-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
1. Шүүгдэгч Ю.Х- нь 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 23:00 цагийн үед “Nissan Patrol” загварын **-***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, “16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж ************ дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр, “*” аппартментын баруун урд талын замд явган хүний гарцан дээр явган зорчигч А.Ныг тээврийн хэрэгслээр мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 02/, ТЦАлба, Замын цагдаагийн газар, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, дуудлагын лавлагааны хуудас /хх 4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-10/,
- хохирогч А.Нын: “...Автобусны буудлаас “*-Аппартмент” чиглэлийн автобусны буудал руу явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд эсрэг урсгалтай замын голд зогсоод урдаасаа хойшоо чиглэлийг харахад цагаан өнгийн жийп машин зам тавьж өгсөн өөр машин харагдаагүй. Тэгээд тухайн машин зогсож зам тавьж өгсөн болохоор цааш үргэлжлүүлэн алхсан тэгэхэд замын голын эгнээнээс гэнэт машины гэрэл гарч ирээд тухайн автаомашин намайг мөргөсөн. Эрүүл мэнд учирсан хохирол болон сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” /хх14/,
- эрүүл мэнд, эмчилгээний нийт 1.157.230 төгрөгийн баримт /хх 17-21/, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх 23/,
- иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн: “...хохирогч А.Н нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3.024.681 /гурван сая хорин дөрвөн мянга зургаан наян нэгэн мянга/ төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавагааны баримт бичгээр тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” /хх 27/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 14869 дүгээр дүгнэлт: “...А.Нын биед баруун 1, 2-р хавирганы бяцарч, хоёрлосон, 3-11-р хавирганы хоёрлосон зөрүүтэй хугарал, баруун уушгины дунд, доод дэлбэнгийн няцрал, цээжний баруун хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд няцарсан шарх, баруун бугалга, шуу, хоёр шилбэнд цус хуралт, баруун хацар, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” /хх 39-41/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 112 дугаар дүгнэлт: “...А.Нын биед баруун талын олон хавирганы хоёрлосон зөрөөтэй хугаралын улмаас баруун уушгины няцрал, авчийлт, цээжний баруун хөндийн хий, шингэн хуралдалт, зүүн 5-р хавирганы хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд няцарсан шарх, баруун бугалга, шуу, хоёр шилбэнд цус хуралт, баруун хацар, зүүн чамархайд зулгаралт гэмтлүүд учирчээ. Гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” /хх 87-91/,
- Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3020 дугаартай магадлагаа: “...Nissan Patrol загварын **-***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Ю.Х- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч А.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна...” /хх 96-97/,
- авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 103-111/,
- шүүгдэгч Ю.Х-ийн яллагдагчаар өгсөн: “...явган хүний гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардлыг тухай бүрт нь гаргаж өгч байгаа...” /хх 121/ гэсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ю.Х-ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ю.Х-ийг Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 16.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч А.Нын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
3. Шүүгдэгч Ю.Х-эс “...анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хохирлыг тооцохдоо хэрэг гарсан үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бус, хэрэг шийдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож гаргуулсан нь буруу тул зөвтгөж өгнө үү. Мөн зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэж өөрчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27 дугаар бүлэг /Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-т ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана”, 40.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх, 40.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх” гэж тус тус заажээ.
Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч А.Нын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.
Иймд дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан тул хохирогч А.Нын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад сэтгэцэд учирсан хор уршгийг хүлээн зөвшөөрсөн мөрдөгчийн танилцуулсан маягтаар /хх-15/ анхан шатны шүүх хохирогч А.Нын сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хууль болон журамд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Мөн анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хохирлыг тогтоохдоо тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр биш хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэж байх үеийн хэмжээгээр тооцсон нь үндэслэлгүй тул хойшид анхаарах нь зүйтэй болно.
Б. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ю.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчмыг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх зэрэг боломжийг олгож, гэмт хэргийн хохирогч, бусад хүний эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг дахин үйлдэгдэхээс сэргийлэх зорилгыг агуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлаас хамааруулан ялтныг шүүхээс тогтоосон хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “...нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих” эрхийг тодорхой хугацаанд хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраас явах, өөрчлөх, тодорхой газарт очихыг хориглож, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэх зэрэг хэлбэрээр хэрэгждэг.
Шүүхээс хүлээлгэсэн зорчих эрхийн хязгаарлалт нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүмүүжлийн үр нөлөөтэй байх шаардлагыг хангахаас гадна ялтан ял завших, эрх бүхий байгууллагаас уг ялын хэрэгжилтэд тасралтгүй техникийн болон биечилсэн хяналт тавих боломжийг хязгаарласан шинжтэй байж болохгүй болно.
Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “Нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог” ойлгоно гэж тус тус хуульчлан заасан бөгөөд шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, зайлшгүй хэрэгцээ шаардлагуудыг харгалзан чөлөөтэй зорчих хязгаарлалтын бүсийг нэг, эсхүл хэд хэдэн дүүрэг, хороо, багийн нутаг дэвсгэрийн аль тохирох нэгжийг сонгон тогтоож байх нь зохистой.
Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар шүүгдэгч Ю.Х-ийн зорчих эрхийг түүний албан ёсоор оршин суух хаягийн бүртгэлтэй газрын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарласан анхан шатны шүүхийн шийтгэх үндэслэлтэй байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/1067 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, 8 дахь заалтад дээр дурдсан өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч Ю.Х-ийн гаргасан “Ялыг тэнсэж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/1067 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож,
8 дахь заалтын “гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын” гэснийг “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, сэтгэцэд учирсан болон бусад гэм хорын” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч Ю.Х-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.ОЧ