| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0291/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/312 |
| Огноо | 2018-08-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/312
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагч О.Доржмаа,
Шүүгдэгч ******** , ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******** нарт холбогдох эрүүгийн 1818003230308 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Б******** , 1986 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай,
2. Монгол улсын иргэн, ******** /, 1968 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Дархан-Уул аймгийн ******** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймгийн ******** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******** , ******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******** , ******** нар нь 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дархан сумын 7 дугаар баг,******** нийтийн байранд маргалдаж, улмаар харилцан зодолдож ******** нь ******** гийн эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн шуун дахь цус хуралт бүхий хөнгөн хохирол, ******** нь ******** ын эрүүл мэндэд нь нүүрний цус хуралт, зулгаралт, шинж тэмдгийн даралт ихсэлт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан
- ...өдөр нь ******** тай уулзахад нэг нүд нь хөхөрсөн, нүүр хоолой хэсэгт нь хумсны сорвитой байсан. Тэгээд юу болсон талаар нь асуухад ******** нь “байрны эзэн ******** намайг аавтайгаа нийлээд зодчихлоо” гэсэн гэх гэрч ******** мэдүүлэг /хх-ийн 20/,
- ... ******** гэх эмэгтэй миний охин ******** гийн үснээс нь зулгаагаад доош нь дараад газар шал мөргүүлж байсан. Тэгэхээр нь би салгах гээд ******** ыг хойш нь татсан. Тэгтэл ******** нь ******** гийн үснээс зулгаагаад тавихгүй болохоор нь би ******** ыг гижигдээд гарыг нь тавиулсан гэх гэрч ******** мэдүүлэг /хх-ийн 21/,
- Би ******** эгчтэй байрны түрээс, өрөөний түлхүүрээс болж маргалдсан ба бид 2 үсдэлцээд би ******** эгчийн нүүрийг маажсан. Манай аав биднийг салгасан. ******** эгчийн биед би гэмтэл учруулсан ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх шүүгдэгч ******** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12, 14, 18, 36/,
- ******** нь манай нөхрийг шоронгийн хадаас гэхээр нь миний уур хүрээд ******** тэй маргалдаж, үснээс нь зулгааж, доош нь дарсан. ******** гийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэх шүүгдэгч ******** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16, 19, 38/,
- ******** гийн биед тархи доргилт, зүүн шуун дахь цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ******** д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 460 дугаартай дүгнэлт /хх-ийн 23/,
- ******** ын биед нүүрний цус хуралт, зулгаралт, шинж тэмдгийн даралт ихсэлт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ******** д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 461 дугаартай дүгнэлт /хх-ийн 27/,
- Шинжээч эмч******** 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “ ******** ын биед үүссэн шинж тэмдгийн даралт ихсэлт, нүүрний зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үзлэгээс харахад А/Д 185/121 байгаа нь их өндөр даралттай байна. Даралт ихсэх нь зүрх, бөөр болон дотоод шүүрлийн өвчнөөс шалтгаалж болно. Мөн үүнээс гадна хувь хүний сэтгэл санаа хямарснаас бие махбод сэтгэл стресстсэнээс шалтгаалж А/Д ихэснэ” гэх мэдүүлэг /хх-ийн 30/, 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн “ ******** ын биед үүссэн нүүрний зулгаралт буюу зүүн чихний доод хэсэгт 3х0.1см, 1.2х0.1см, дэлбэн дотор 0.5х0х1см, дэлбэнгийн өмнө 0.6х0.1см, зүүн хацарт 1.4х0.2см, 1.2х0.1см, 0.3х0.1см, баруун хацарт 0.8х0х2см хэмжээтэй шинэ хүрэн ягаан өнгийн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 29/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ******** гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******** ын биед нүүрний цус хуралт, зулгаралт, шинж тэмдгийн даралт ихсэлт бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч ******** ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******** гийн биед тархи доргилт, зүүн шуун дахь цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан ба ******** , ******** нар нь бие биеэсээ хохирол төлбөр нэхэмжлээгүй, санал гомдолгүй, хоорондоо эвлэрсэн болох нь шүүгдэгч нарын шүүхэд өгсөн хүсэлтээр нотлогдож байна.
Шүүгдэгч ******** , ******** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хоорондоо эвлэрсэн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ******** , ******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******** , ******** нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч ******** , ******** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан ******** , ******** нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******** , ******** нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргаж таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******** , ******** нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******** , ******** нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******** , ******** нарт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******** , ******** нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР