| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2402006090399 |
| Дугаар | 2025/ДШМ/746 |
| Огноо | 2025-06-17 |
| Зүйл хэсэг | 20.7.3.3., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/746
2025 06 17 2025/ДШМ/746
А.А, Н.Г нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Очгэрэл,
шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Б.Энхболд,
шүүгдэгч Н.Гын өмгөөлөгч Б.Тэнгис,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
********, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1026 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Б.Энхболд, шүүгдэгч Н.Гын өмгөөлөгч Б.Тэнгис нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудыг үндэслэн шүүгдэгч А.А, Н.Г нарт холбогдох 2402 00609 0399 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн А-гийн А, **** оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ******* дүүргийн 37 дугаар хороо, ******* дугаар гудамж, *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч, ******* дүүргийн 11 дүгээр хороо, ******* ******* ***-*** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:*******/,
Б овгийн Н-ын Г, **** оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт ******* дүүргийн 8 дугаар хороо, *******тоотод оршин суух,
Урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1533 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон /РД:*******/,
Шүүгдэгч Н.Г, А.А нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын I дүгээр жагсаалтад багтдаг, “MDMA (Exstasy) гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 6 дугаар сард Унгар Улсад ажиллаж амьдарч буй Н.Б гэгчээр дамжуулан Нидерланд улсаас захиалж, 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, **** *** *-** тоотод байрлах “Монгол шуудан” Олон улсын буухиа шуудан илгээмжийн газраар дамжуулан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн, улмаар ******** дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** төвийн хашаанд бусдаар зөөвөрлүүлэн байрлуулан очиж авч, хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар 1хх 230-233/
Нийслэлийн прокурорын газраас: А.А, Н.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журмалан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
********, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Б овогт А-гийн А, Б овогт Н-ын Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, олж авсан, хадгалсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.А, М.Г нарыг 5 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, М.Г нарыг 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа дугуй хэлбэртэй төмөр хайрцаг саарал өнгийн ууттай нил ягаан өнгийн эм мэт шахмал /нийт 60 ширхэг/ устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдан, шүүгдэгч А.А, М.Г нарт урьд шүүгчийн захирамжаар авсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож... шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.А тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх гэмт хэргийн нөхцөл байдал, миний хувийн байдал зэргийг харгалзан үзээгүй хорих ялыг өндөр оноосонд гомдолтой байна. Миний бие энэ төрлийн гэмт хэрэг анх удаа холбогдож тухайн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг ойлгоогүй, мөн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж байгаагүй, нийгэмд аюултай хор нөлөөтэй гэдгийг огт ухамсарлаагүй холбогдсондоо маш их харамсаж байна. Тийм учраас мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлээд өөрийн буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож, гэм буруугаа хүлээсэн байдаг. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагын талаар үнэлж, дүгнэлт өгөхдөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх боломжгүй гэж дүгнэсэн. Тухайн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг бүрэн хангасан гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн нөхцөл байдлыг ойлгоогүй найздаа мөнгө зээлсэн, ар, гэр хувийн байдлыг хувьд ээж болон дүүгийн хамт, ганцаараа ажил эрхэлж хөдөлмөрлөдөг. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад түргэн шуурхай дэмжлэг үзүүлэх, гэм буруутай үйлдэлдээ маргаагүй хүлээн зөвшөөрсөн гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогддог билээ. Иймд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хээгт зааснаар оноосон хорих ялаас минь хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна...” гэв.
Шүүгдэгч А.Аийн өмгөөлөгч Б.Энхболд тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь шүүгдэгчид ял оногдуулахад нөлөөлж болох зөрүүтэй дүгнэгдсэн байна гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгч А.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгт холбогдон шалгагдсан үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нь дараах байдлаар тогтоогддог. Үүнд: 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “..манай найз Г 2024 оны 6 дугаар сард Унгар улсаас Монгол улсад ирсэн. Ирээд надад “Унгарт байдаг миний таньдаг ах намайг мансууруулах үйлчилгээтэй экстази гэдэг бодис худалдаж авах уу гэж байна 3 сая төгрөгөөр зарах юм байна. Надад мөнгө байхгүй болохоор чи надад 3 сая төгрөг зээлэх үү буцаагаад чамд хүүтэй нь буцааж өгнө” гэж хэлсэн тэгэхээр нь би мөнгө зээлдүүлэхийг зөвшөөрсөн...би хамгийн сүүлд буюу 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр анх удаа Бтэй телеграм хаяг солилцсон. Учир нь Г нь Бд хөдөө явна гэж хэлсэн учир миний телеграм хаягийг өгсөн. Ингээд өнөөдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр би Эх нялхас дээр очоод Бтэй дуудлага хийсэн бөгөөд надад зааварчлаад экстази байгаа газрыг зааж өгсөн. Би зааж өгсөн газраас бодисоо аваад буцаад явж байтал цагдаагийн алба хаагч нар саатуулсан” гэх мэдүүлэг, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...тэгээд би телеграммаар Бтэй холбогдож үлдсэн мөнгийг буюу 2,300,000 төгрөгийг нөгөө дансруу шилжүүлсэн. Дараа нь Бтэй холбогдоход Эх нялхсын эрүүл мэндийн төвд байршуулсан очоод авчих гэж хэлсэн” гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ яагаад ийм хүнд зүйл ангиар зүйлчлэгдэх болсноо сайн мэдэхгүй байна. Тухайн үед манай найз 3,000,000 төгрөг асуухаар нь зээлж байсан. Тэгээд манай найз тэр мөнгөөрөө Б гэдэг ахаасаа 10 ширхэг эм авах тухай тэр үед хэлж байсан. Тэгэхэд нь би хүлээн зөвшөөрсөн” гэх зэрэг мэдүүлэг өгсөн байгаа нь А.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа хэлбэрийг харуулж байна. А.А нь урьд ял шийтгэлгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ээж, дүүгийн хамт амьдардаг бөгөөд улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь хавтаст хэргийн 191-199 дэх хуудаст авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. А.Аийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй ба бусдад төлөх төлбөргүй юм. Мөн А.Аийн үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй юм. Иймд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.Аийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, энэ гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол байхгүйг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар А.Ат оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Н.Гын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрч Н.Г-ын /Гын төрсөн дүү/:... Ах маань 9 дүгээр анги төгссөний дараа сургуульд сураагүй барилгын ажил болон бусад ажил хийсэн. ... Манай аав группт байдаг, ээжийн маань бие бас сайн биш болохоор ах маань гэр бүлээ авч явж байгаа хүн байгаа юм гэх мэдүүлэг. Н.Г нь хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, эцэг нь группт, эхийнх нь биеийн байдал тааруу байгаа, Н.Г нь цагдан хоригдсоноос хойш сүрьеэ өвчин туссан эрүүл мэндийн хувьд тааруу байгаа зэрэг ар гэрийн болон хувийн байдлыг анхааран үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн эрүүгийн хариуцлагыг нь хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Прокурор Б.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тус хэрэгт хяналт тавьсан прокурорын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэж байна. Учир нь, гэм буруугаа зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэг эдгээр урьдчилсан нөхцөлийг хангаж байж дээрх хуулийн заалтыг хэрэглэх боломжтой. Энэ хуулийн заалт нь шүүхэд үүрэг болгосон биш, эрх олгосон буюу хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Нэгдүгээрт, шүүгдэгч нар гэм буруу дээрээ маргаж оролцдог. Монгол Улсын хилээр нэвтрүүлж энэ гэмт хэрэг үйлдэгдсэн нь н.Бтэй харилцсан зурвасууд, шуудан илгээмжээр оруулж ирсэн нөхцөл байдлаар хангалттай нотлогдон тогтоогддог. Гэтэл шүүгдэгч нар зүйлчлэл дээр буюу хүндрүүлэх нөхцөл байдал дээр маргадаг. Тиймээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын тухайд гадаад улсаас нэвтрүүлж оруулж ирсэн. Энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар өндөрт тооцогддог. Иймд энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Н.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Б.Энхболд, шүүгдэгч Н.Гын өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос А.А, Н.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. /1хх 230-233/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Хууль ёсны байх” зарчмыг тодорхойлохдоо “Шүүх прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэжээ. Энэхүү зарчмын агуулга нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа эрх бүхий субъектууд нь хуулийн заалтыг чанд мөрдөж, гаргаж байгаа бүхий л шийдвэр, үйл ажиллагаа нь хуульд нийцсэн байх агуулгыг илэрхийлдэг. Энэ хүрээнд прокурорын яллах дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил тодорхой, ойлгомжтой, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байх шаардлага тавигдана.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн үндсэн шинж нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан, эсхүл худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалсан үйлдэл байдаг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь зөвхөн “Худалдаалах зорилго”-оор ялгагдах байдлаар хуульчилсан байна.
Гэтэл Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 400 дугаартай яллах дүгнэлтэд яллагдагч Н.Г, А.А нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийн алийг хангасан эсэхийг тодорхойлон дүгнэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар ялласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн зорилгыг мөрдөн шалгах ажиллагаагаар нотлоогүй, прокуророос энэ талаар ямар ч хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр шүүхэд шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх захирамждаа /2хх 13-14/ холбогдсон хэргийг яллах дүгнэлтэд тусгасантай нэгэн адил байдлаар бичиж шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байтал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... шүүгдэгч Н.Г, А.А нар нь бүлэглэн ...“MDMA (Exstasy) гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ... Нидерланд улсаас захиалж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн, улмаар ...бусдаар зөөвөрлүүлэн байрлуулан очиж авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан...” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан үндсэн гэмт хэргийн /худалдаалах зорилгогүйгээр, худалдаалах зорилгоор/ шинжээр, прокурорын шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн яллах дүгнэлтээс давсан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан үндэслэлд хамаарна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нөгөөтэйгүүр давж заалдах шатны шүүх гомдлуудын дагуу анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөн өөрчлөх, эсхүл тухайн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээг хуулиар олгосон бөгөөд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явуулах болон шийдвэр гаргах үндэслэл, журмыг Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан зарчим, үзэл санаанд нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулсан болно. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд “1.Шүүх ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина. 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, …” хэмээн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг тусгажээ.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Б.Энхболд, шүүгдэгч Н.Гын өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудад дүгнэлт өгөөгүй болохыг дурдан, ********, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1026 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Н.Г, А.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ********, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1026 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Н.Г, А.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.ОЧ