Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00860

 

 

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00860

 

 

Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2019/00209 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А-, М- нарт холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 110 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Доржсүрэн

Хариуцагч А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Баясгалан

Хариуцагч М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Батхуяг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А-тай 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр хотхон, С.Шаравын гудамжны 32 байрны 94 тоот, 49.6м кв 2 өрөө орон сууцыг 110 000 000 төгрөгөөр түүнд худалдахаар тохиролцсон. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу өмчлөх эрхээ шилжүүлэн өгч, 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор орон сууцыг А-д хүлээлгэн өгсөн.

Би А-гаас төлбөр төлөхийг удаа дараа шаардсан ч худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд А-гаас дээрх гэрээний үүрэгт 110 000 000 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагч А- нь М-гаас авлагатай байсан гэж татгалзлалын үндэслэлээ тайлбарлаж байгаагаас үзвэл А-, М- нь орон сууцны үнийн хамтран хариуцах ёстой гэж үзэж М-г хамтран хариуцагчаар татсан. Гэхдээ М-тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй тул Н.Мандахнаранд холдбогдуулах гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч А-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М-гаас авлагатай байсан, тэрээр өр төлбөртөө Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр хотхон 32-94 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг Б-гээс шилжүүлэн авахыг санал болгосны дагуу би 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Б-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцыг 110 000 000 төгрөгөөр үнэлсэн.

М- нь М.Ермекээс авлагатай байсан тул талууд харилцан тохиролцож өр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, М.Ермек нь өөрийн эзэмшлийн 3 га газраа А-гийн авсан орон сууцны төлбөрт шилжүүлэх, Б- нь орон сууцны төлбөрт шилжүүлэн авахыг тус тус хүлээн зөвшөөрч хэлцэл хийсэн. Улмаар Б-гийн хүсэлтийн дагуу түүний компани болох Гранд Соурсе ХХК-д газрыг 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлэн өгсөн, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр А- орон сууцыг шилжүүлэн авсан.

Газар болон орон сууцаа хэн аль нь шилжүүлснээр үүргийн харилцаа дуусгавар болж гэрээний үүрэг хангагдсан бөгөөд 2 жилийн дараа 110 000 000 төгрөг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М- нь А-д өртэй байсан, тэрээр өр төлбөрөө найз М.Ермекийн өмчлөлийн Төв аймаг, Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах З га талбай бүхий газраар солисон орон сууцаар барагдуулсан.

Б- нь өөрийн орон сууцыг М.Ермекийн газраар сольж, уг орон сууцыг М- би М.Ермекээс авах ёстой өрөндөө тооцон авч, мөн А-д төлөх ёстой өрөндөө шилжүүлж өгсөн. Б- нь өөрийн компанийн нэр дээр газрыг шилжүүлж авья гэсний дагуу түүний Гранд Соурсе" ХХК-д газрыг 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр М.Ермекээс шилжүүлэн өгсөн.

Ингээд дээрх өр, авлага барагдуулсан тухай хэлцлийг М.Ермек болон А- бид бичгээр гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан. Б- нь орон сууцаа М.Ермекийн газраар сольж авчихаад 2 жилийн дараа орон сууцныхаа үнийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь газрын төлбөрөө төлөөгүйгээс газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Б-гийн нэхэмжлэлтэй А-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэг 110 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч Б- нь М-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 707 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 151/ШЗ2018/03193 дугаар шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн мөртлөө нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу төлбөрийг бэлнээр төлөх үүргээ биелүүлээгүй гэдгээ хариуцагч Д.Аззаяа бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлсээр байтал газраар төлж барагдуулахаар тохиролцсон байна гэж дүгнэсэнг хүлээн зөвшөөрөхгүй.

Газраар төлж барагдуулахаар тохиролцсон тухай нэхэмжлэгчээс нэг ч удаа хэлж байгаагүй бөгөөд харин шилжүүлж өгсөн гэх газар нь Б- гэх хувь хүнд хамааралгүй, хэрэв тэгж тохиролцсон бол Б-д шилжүүлэх ёстой байсан гэж тайлбар гаргасан байтал анхан шатны шүүхээс "... А-гийн хувьд Б-д гэрээний үүргийн дагуу шилжүүлэн өгөөгүй..." гэж шаардсан мэтээр дүгнэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх М.Ермек, М-, А- нар хоорондоо өр, төлбөртэй байсан, төлбөр төлөх үүргээ М.Ермекийн эзэмшлийн газар, М.Бумцэрэнгийн өмчлөлийн орон сууцыг бие биедээ шилжүүлэх замаар төлбөрт тооцож барагдуулахаар тооцсон байна гэж дүгнэн тэдний хооронд хэзээ, хэрхэн хийгдсэн нь мэдэгдэхгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, үнийн дүн байхгүй, ямар үл хөдлөх хөрөнгө гэдэг нь тодорхойгүй, нотариатаар баталгаажуулагүй баримтыг үнэлэн шийдвэр гаргасан.

М.Ермекээс Гранд Соурсе ХХК-д 3 га эзэмшил газрыг шилжүүлсэнийг худалдах, худалдан авах гэрээний дагуу Б-д шилжүүлсэн мэтээр ташаа дүгнэсэнд гомдолтой байна. М.Ермек болон Гранд Соурсе ХХК-ийн хооронд үүссэн харилцааг Д.Аззаяа болон Б- нарын хооронд үүсэн харилцаанд хольж хутган оролцуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээнд Гранд Соурсе ХХК-д шилжүүлж байгаа газрыг үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсон гэдэг нь гэрээний 1 дүгээр зүйлээс тодорхой харагдана.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б- нь хариуцагч А-, хариуцагч М- нарт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэг 110 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг анхан шатны шүүх уг татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хууль хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч Б-, хариуцагч А- нар 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Б- нь Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хотхон, С.Шаравын гудамж, 32 дугаар байрны 94 тоотод оршин байрлах өөрийн өмчлөлийн 46.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг А-гийн өмчлөлд шилжүүлэх, А- үнэд 110 000 000 төгрөгийг Б- төлөхөөр тохиролцсон. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь худалдан авагчийг гэрээний зүйлийн төлбөрийг төлөөгүй гэж, хариуцагч А- нь нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэг буюу төлбөрийг М.Ермекийн газар эзэмших эрхийг шилжүүлснээр төлсөн гэж маргажээ.

 

Гэрээний зүйл болсон орон сууцны өмчлөх эрхийг 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр А-гийн нэр дээр шилжүүлж, худалдагч болох Б- үүргээ биелүүлжээ.

 

Нэхэмжлэгч Б- нь Гранд соурсе ХХК-ийн захирал гэдэгт маргаагүй. Харин хариуцагч талын дээрх татгалзлын үндэслэлийг эс зөвшөөрч ...М.Ермектэй хамтран ажиллахаар болж түүний эзэмшлийн газрыг Гранд соурсе ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан... гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

М.Ермек, М-, А- нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хэлцэл хийгдэж, уг хэлцлээр иргэн М.Ермек нь иргэн М-д өгөх ёстой өглөг, иргэн М- нь иргэн А-д өгх ёстой өглөгийг М.Ермекийн нэр дээрх Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, 4 дүгээр баг, Ханан уулын баруун талд байрлах газрын эрхийг иргэн Б-гийн нэр дээр бүртгэлтэй Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэгт байрлах 2 өрөө орон сууцаар солихоор тохиролцов. М.Ермекээс авлага авсанд тооцох, Бумцэрэнгийн нэр дээрх 2 өрөө орон сууц Аззаяагийн нэр дээр шилжин бүртгэгдсэнээр Мандахнаран нь Аззаяад өглөг өгч тулсанаар тооцох гэж тохиролцсон ба уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Уг хэлцэл хийгдсэний дараа буюу 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Б-гийн орон сууцны өмчлөх эрх А-д, Төв аймгийн Сэргэлэн сум дахь Ханан уулын урд байрлалтай, М.Ермекийн эзэмшлийн 3 га газрын эзэмших эрх Б- захиралтай Гранд соурсе ХХК-ийн эзэмшилд тус тус шилжжээ.

 

Иймд орон сууцны төлбөрийг төлсөн гэх хариуцагч А-гийн тайлбар илүү үндэслэл бүхий болжээ.

 

М.Ермек нь шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо 3 жилийн өмнө хийсэн хэлцэлд гарын үсэг зурснаа үгүйсгээгүй тул бичгээр илэрхийлсэн үйл баримтыг зөв гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Харин тэрээр 3 жилийн дараа уг хүсэл зоригийн илэрхийллээс татгалзаж байгааг зөвтгөх боломжгүй, түүний гэрчийн мэдүүлэг болох хөрөнгө оруулах талаархи тохиролцоог үндэслэн газар эзэмших эрх шилжүүлсэн гэх тайлбар нь бусад баримтаар эргэлзээгүй тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2019/00209 дүгээр шийдвэрийн

2 дахь заалтын Нэхэмжлэгч гэсний урд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар гэж нэмж оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Э.ЗОЛЗАЯА