Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 318/ШШ2025/00972

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Гийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би цэргээс халагдаж ирээд 1985 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн Тээврийг удирдах газарт засварчнаар ажиллаж байгаад 1985 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс жолоочоор ажиллаж эхэлсэн. 1992 онд тус газар нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж А ХК болоход миний бие мөн л ажиллаж байсан. Би 1998 онд осолд ороод группэд орсон. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны тушаал олдохгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл аймгийн Тээврийг удирдах газар болон А ХК-д жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.                                                                                                                                    

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 245 дугаар зөвлөмжийн хуудас, аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 156 дугаар тодорхойлолт, Тээврийн яамны харьяа аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1985 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажилчин ажиллуулах, ажлаас чөлөөлөх  тухай” тушаал, 1986 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 193 дугаар “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал, Увс аймгийн Авто тээврийн 9-р баазын даргын 1990 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 110 дугаар “Ажилд шилжүүлэн томилох тухай” тушаал, хавсралт, Зам, тээврийн яамны харьяа Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 114 дүгээр “Зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай” тушаал, хавсралт, гэрч Ц.Г, Д.Ц нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн болон ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

  3. Шүүхээс Ц.Г, Д.Ц нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, С.Гийн ХААТР-1 маягт, гэрлэснийг бүртгэх анкет, хаягийн хуудас, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.Г-ийн 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл аймгийн Тээврийг удирдах газар болон А ХК-д жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч С.Г-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 245 дугаар зөвлөмжийн хуудсанд: аймгийн 9-р баазын 1991-1992 оны тушаал, А ХК-ийн 1992-1994 оны тушаалын баримтаас ажлаас чөлөөлөгдсөн тушаал гараагүй тул ажилласан жил тооцох боломжгүй байна. Иймээс ажилласан жилээ шүүхээр тогтоолгохыг зөвлөж байна гэжээ.

3.2. аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 146 дугаар цалингийн тодорхойлолтод:  аймгийн 9-р баазын 1991-1992 оны тушаал, А ХК-ийн 1992-1994 оны тушаалын баримтыг шүүн үзэхэд С-ийн Г-тай холбогдох баримт гараагүй болно гэжээ.

3.3. С.Г-д 1981 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “...1990 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Ачаа тээврийн 1-р хэсэгт жолоочоор авч ажиллуулав, 1994 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Ачаа тээврийн 1-р хэсэгт жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв” гэсэн бичилтүүд хийгджээ. Тухайн хөдөлмөрийн дэвтрийн 1990 оны аймгийн Тээврийг удирдах газарт ажиллаж байх үеийн бичилтэд А ХК-ийн тамга дарагдсан байх тул хөдөлмөрийн дэвтрийг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэв.

3.4. аймгийн Авто тээврийн 9-р баазын даргын 1990 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 110 дугаар “Ажилд шилжүүлэн томилох тухай” тушаал, хавсралтаар С.Г-ийг 9-р баазад шилжүүлэн ажиллуулсан, Зам, тээврийн яамны харьяа аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 114 дүгээр “Зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай” тушаал, хавсралтаар С.Г-ийг Тээврийг удирдах газрын мэдэлд шилжүүлэн ажиллуулсан байна.  Эдгээр тушаалууд нь нэхэмжлэгчийн 1990-1994 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт ач холбогдолтой байх тул тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж дүгнэв. Харин Тээврийн яамны харьяа аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1985 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажилчин ажиллуулах, ажлаас чөлөөлөх  тухай” тушаал, 1986 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 193 дугаар “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалуудыг нэхэмжлэгчийн 1990-1994 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт хамааралгүй гэж үзлээ.

3.5. С.Г-ийн ХААТР-1 маягтад “Овог, нэр – С-ийн Г, ажилладаг байгууллага – Тээврийг удирдах газар, ажилд орсон он – 1985, эрхэлдэг ажил – жолооч, маягтыг бүртгэсэн огноо – 1988.06.22” гэж , гэрлэснийг бүртгэх анкетыг 1990 оны 3 дугаар сарын 28-ны өдөр бүртгэхэд “Тээврийг удирдах газарт жолооч” гэж тус тус бүртгэгджээ. Тухайн баримтад нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлын талаар тусгагдсан байх тул баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ. Харин хаягийн хуудсанд 1982 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Малчин суманд малчнаар ажиллаж байх үеийн мэдээлэл тусгагдсан байх тул тухайн баримтыг хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэв.

3.6. аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 415 дугаар ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаанд: А ХК нь 1992-1994 онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно гэжээ.

3.6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц.Г, Д.Ц нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ц.Г “Би 1977 онд цэргээс халагдаж ирээд Увс аймгийн Тээврийг удирдах газрын 9 дүгээр баазад засварчнаар ажилд орж байсан. Тус бааздаа 2006 он хүртэл ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан юм. С.Г нь тус баазад 1990 онд жолоочоор ажилд орж байсан ба 1994 он хүртэл ажиллаж байгаад ажлаас гарсан. Би С.Г-тай 1990-1994 онд хамт ажиллаж байсан нь үнэн болно” гэж, гэрч Д.Ц “Би аймгийн  сумын Тээврийн удирдах газрын 9 дүгээр баазад 1978 онд жолоочоор ажиллаж эхэлсэн ба 1998 он хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гарсан юм. С.Г нь тус баазад 1985 онд жолоочоор ажилд орж байсан. Би С.Г-тай 1985-1995 онд хамт ажиллаж байсан нь үнэн болно” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1990 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 110 дугаар “Ажилд шилжүүлэн томилох тухай” тушаал, хавсралт, аймгийн Авто тээврийн 9-р баазын даргын 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 114 дүгээр “Зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай” тушаал, хавсралтаар тогтоогдож байх тул мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзэв. 

4. Нэхэмжлэгч С.Г нь 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл аймгийн Тээврийг удирдах газар болон А ХК-д жолоочоор ажиллаж байсан болох нь аймгийн Авто тээврийн 9-р баазын даргын 1990 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 110 дугаар “Ажилд шилжүүлэн томилох тухай” тушаал, хавсралт, Зам, тээврийн яамны харьяа аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 114 дүгээр “Зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай” тушаал, хавсралт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 415 дугаар ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа, ХААТР-1 маягт, гэрлэснийг бүртгэх анкет, гэрч Ц.Г, Д.Ц нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч С.Г-ийн 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл аймгийн Тээврийг удирдах газар болон А ХК-д жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Гийн 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл  аймгийн Тээврийг удирдах газар болон А ХК-д жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ