| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0006/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2017-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 10
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Иргэний хариуцагч, хууль ёсны төлөөлөгч*****,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч*****нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ***** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1718004190198 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, F25.2 шезоаффектив эмгэгийн холимог хэлбэрийн өвчний улмаас группт байдаг, Дархан-Уул аймаг,***** оршин суух, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадваргүй, *****/РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч*****нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний орой 16 цаг 40 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сэтгэцийн тасгийн сувилагчийн өрөөнд ажил үүргээ гүйцэтгэж байсан сувилагч*****г ямар нэгэн шалтгаангүйгээр цохиж эрүүл мэндэнд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч*****нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний орой 16 цаг 40 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сэтгэцийн эмнэлэгт ажил үүргээ гүйцэтгэж байсан сувилагч*****г ямар нэгэн шалтгаангүйгээр цохиж эрүүл мэндэнд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутэй болох нь:
Хохирогч*****гийн “...манай тасагт эмчлүүлж байсан ***** гаднаас өрөөнд орж ирээд хоёр гараа зангидчихсан над руу алаад хаячихая гээд дайраад 2 гараа зөрүүлээд саваад миний нүүр, толгой тархи, мөр, гар, цээж рүү дарааллаад цохиход нь би газар унасан тэгээд буцаж босч ирээд үүдэнд тамхи асуугаад зогсож байсан***** гэж өвчтөнг энийг аваачээ гээд орилсон.***** ирээд авхын хооронд дахиад толгой руу гараа зангидаж байгаад цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17/,
Гэрч *****ын “... ***** надтай зөрч өрөөнд нь ороод юу гэж хэлснийг мэдэхгүй сувилагч *****г гараараа цохиж эхэлсэн. ***** сувилагч ширээн дээрээ юм бичээд сууж байсан. ***** ширээн дээрээс нь түлхэх шиг болсо. ***** босоод зугтаах гээд хана налаад паарны хажууд зогссон чинь ***** хоёр гараараа ээлжлээд *****г нилээн хэд цохисон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24/,
Гэрч*****ын “...***** сувилагчаа гээд дуудхаар нь өрөөн нь орсон чинь энийг хараа гээд хөнжлөө сөхөөд байхаа нь би дөхөөд очсон чинь өмдөө шувтлаад бэлэг эрхтэнээ ил гаргачихсан миний боов босчихлоо энийг яах уу та наашаа хүрээд ир хажуугаар хэвтчих гэхээр нь би аятайхан өмдөө тат гэж хэлчихээд айгаад гялс өрөөнөөс нь гарсан. Тэр өдөр бас өвчтөн *****ын өөрөөний өөдөөс харсан өрөөнд нэг эмэгтэй өвчтөн хэвтсэн чинь ***** бид нарыг харж байгаад байн байн өрөөгөөр нь шагайгаад орж гараад байхаар нь бид нар ээлж ээлжээрээ өөрийнх нь үүдэнд харж хоносон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55/,
Гэрч *****гийн “...ам тариагаа тоолоод зогсож байтал хашгирах дуу гарсан. Би буцаад гүйгээд сувилагчийн өрөөнд ортол сувилагч *****гийн үс арзайчихсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25/,
Иргэний хариуцагч*****ийн “...сүүлийн хэдэн жил сэтгэцийн эмнэлэгт ойр ойрхон эмнэлэгт хэвтэж байгаа. М.***** 2011, 2012 онд эм ууж байсан, эмээ бөөнөөр нь уугаад амиа хорлох үйлдэл хийж байсан. Бас гараа зүсч амиа хорлох үйлдэл хийж байсан. Мөн гадаа сагсны талбай дээр тоглож байсан үеийнхээ хоёр хүүхдийг цохиж зодсон асуудал гарч байсан. Ээж нь *****ын үг аясаар нь байдаг би бол загнах үедээ загначихдаг учраас намайг бол 2-3 удаа цохиж байсан. Хамгийн сүүл саяхан эмнэлэгт хэвтэхээсээ өмнө Орхонд суманд айлд ирсэн унтаж байсан хүнийг цохисон, тэр хүний чих нь жаахан хавдчихсан байсан учраас би эмнэлэгт үзүүлээрэй гэж мөнгө төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “төрсөн эцгийн хувьд улсын дээд шатны эмнэлэгт нь эмчлүүлээд үзвэл байдал дээрдэж магадгүй гэж үзэж байна, имйд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэх мэдүүлэг,
Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн №66/17 дугаартай “...*****нь сэтгэцийн Шизоффектив эмгэгийн холимог хэлбэр, дэмийрэл өвчинтэй болно.*****нь сэтгэцийн Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, дэмийрэл оношоор 2009 оноос хойш сэтгэцийн хяналтад байдаг, хэрэг хариуцах чадваргүй болно. Уг өвчин нь даамжрах явцтай хувь хүний оюун ухаан сэтгэхүйн бүрэн доройтолд оруулдаг өвчин юм. Ийм учир түүнд албадан эмчилгээг Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хийлгэх саналтай болно.” гэх магадлагаа /хавтаст хэргийн 28/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1123 дугаартай “...Ш.*****гийн биед тархи доргилт, доод уруул, зүүн шанаа, зүүн мөр, цээжний баруун өмнө, зүүн сарвуу, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, бүсэлхийн баруун тал, баруун өвдөгний цус хуралт тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33/,
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хавтаст хэргийн 48/,
Шинжээч эмч *****ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Энэ өвчин нь эхэн үедээ нойргүйдэж зарим үед гутардаг. Дараа даамжираад ирэхээрээ амиа хорлох, чихэнд хий юм сонсогдох, хий юм харагдах, аливаа юмыг буруу зөрүүгээр хардаг болдог. Улам хүндрээд байна гэсэн үг. Даамжирах тусам сэтгэхүйн хувьд хүндэрч байна. 2 удаа хэвтэж байна. Өмнө нь 1 хэвтэхдээ 2 сарын хугацаагаар хэвтсэн. Сая 2017 оны 11 сарын 13-ны өдрөөс өнөөдрйиг хүртэл сар гаран хэвтэж байна. Хэвийн хэмжээнд бол очдоггүй, эм уугаад хагас эдгэрэлтийн байдалттай байдаг. Тариа хэрэглэхэд 1 цаг гаран унтдаг байсан одоо бол 20 минут л үйлчилдэг болсон. Одоо хааяа уядаг. Эрсдэлүүд бол жилээс жилд нэмэгдэж байгаа. 2011 онд арай гайгүй байсан. Өмнө нь бас манай эмч нарыг цохиж л байсан. Тэр болгоныг бид өвчин гэдэг талаас нь хардаг байсан. Манайх дийлэнх нь эмэгтэй сувилагч байдаг. Одоогийн байлдаар бүгд айдастай байгаа. Би байхаар гайгүй байдаг.*****нь тамхийг бол хэмжээ хязгааргүй татдаг сувилагч нар дээр очоод тамхи нэхээд уурлаад байхаар нь айсандаа нэхсэн болгонд нь өгдөг. Г.*****ын өвчин нь өдрөөс өдөрт хүндэрч байгаа эмнэлэгт хэвтэж байгаа хэрнээ сувилагч нартаа халдаад байгаа учир албадан эмчилгээ хийлгэе гэсэн саналаа тусгасан” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч*****д иргэний хариуцагч***** нь 250,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч болон иргэний хариуцагч*****ээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч*****нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хавтаст хэргийн 48/, Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн №66/17 дугаартай магадлагаа, шүүгдэгч, иргэний хариуцагч, шинжээч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт зааснаар Г.*****ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвд 2 сарын хугацаагаар албадан эмчлүүлэхээр шийдвэрлэв.
Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9-р сарын 21-ний өдрийн А/240, А/369 тоот хамтарсан тушаалаар баталсан журам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлд заасны дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 19.1, 19.3, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*****ийн *****ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч*****болон иргэний хариуцагч*****ээс нараас гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****овгийн ***** эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвд 2 /хоёр/ сарын хугацаагаар албадан эмчлүүлсүгэй.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*****ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД