Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/ма2020/01432

 

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01432

 

О.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 102/ШШ2020/01458 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч О.О-ын нэхэмжлэлтэй хариуцагч О.М-т холбогдох

Зээлийн болон үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлэн, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сайнгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюундарь, Г.Учрал, нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2017 оны 11 сарын 22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ болон 2017 оны 09 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042290 дугаартай Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 107 дугаар байр, 211 тоот хаягт байрлах 139 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Зар байрлуулсныг н.М- хараад Ж.Эрдэнэчимэгийн нэрээр 2017 оны 8 сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан. Төлбөрөө төлөхгүй байсан, автомашинаа зараад төлбөрийг өгнө гэсэн учраас орон сууцны гэрчилгээг О.М-т шилжүүлсэн. 2017 оны 09 сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ болон зээлийн гэрээ байгуулсан. О.М- бэлэглэлийн гэрээ байгуулж болохгүй, худалдах, худалдан авах гэрээ байгуулна гээд 2017 оны 11 сарын 22-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгчид шилжсэн. Тэр өдрөө О.О-, О.М- нар нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, эд хөрөнгө хариуцагч руу шилжсэн. Үүнээс хойш 8 хоногийн дараа буюу 2017 оны 11 сарын 30-ны өдөр О.М- нь Прогресс капитал ББСБ ХХК-тай 120 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, эд хөрөнгийг барьцаальсан байсан. О.М- зээлээ төлөөгүй тул Прогресс капитал ББСБ ХХК шүүхэд хандаж 2018 оны 6 сарын 12-ны өдөр О.М-аас 140 990 610 төгрөг гаргуулан, төлж барагдуулахгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсны дагуу шийвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Энэ шүүх хуралд О.О- холбогдох баримтыг үзүүлсэн ч хэргийн оролцогч биш гээд оролцуулаагүй. Нэхэмжлэгч, хариуцагч нарт үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй. О.М-т орон сууцыг барьцаа болгож шилжүүлсэн. О.М- нь н.М-д машин өгч явуулахдаа заавал барьцаа хөрөнгө үлдээх шаардлага тависан. Иймд хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл. О.О- нь О.М-аас энэ мөнгийг зээлж аваагүй. Иймд байраа буцааж авах хүсэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Байрны үнийг төлөхөөр 2017 оны 09 сарын 15-ны өдөр О.М- нь өөрт байгаа машинуудыг танилцуулахад приүс-20 маркын машиныг 13 000 000 төгрөгөөр, приүс-30 маркын машиныг 16 000 000 төгрөгөөр, альфард маркын машиныг 17 000 000 төгрөгөөр, харриер маркын машины 28 000 000 төгрөг, н.Эрдэнэсайханы РАВ-4 маркын машиныг 24 000 000 төгрөгөөр тооцож нийт 98 000 000 төгрөгийн үнэ бүхий 5 машиныг худалдан авахаар тохирсон. Мөнгө байхгүй учир зээлийн гэрээ байгуулсан. Мөнгө шилжүүлэхийн оронд машин шилжүүлж өгсөн. 2017 оны 10 сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зээлийн гэрээ байгуулан маргаан бүхий орон сууцыг барьцаанд тавьсан. 2017 оны 09 сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Мөнгө төлөх хугацаа болоход мөнгөө өгөөгүй. Барьцаалсан байрыг зарж мөнгөтэй бол гэж хэлсэн. 98 000 000 төгрөг дээр зээлийн гэрээний алданги, альфард маркын машин нэмж өгөөд нийт 120 000 000 төгрөг болсон. Байрыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээл авах гэтэл бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан учир барьцаанд авахгүй гэсэн. Тухайн өдрөө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, буцаан шилжүүлсэн. 120 000 000 төгрөгт тооцож, О.О-т 120 000 000 төгрөгийн машин шилжүүлсэн. Прогресс капитал ББСБ ХХК-д маргаан бүхий үл хөдөл эд хөрөнгөө барьцаалж 120 000 000 төгрөг авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргасан. Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хууль зөрчөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.10, 56.5, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигч талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 11 сарын 22-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ, 2017 оны 09 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Хан-Уул дүүрэг, 2 хороо, үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 107 байр 211 тоот хаягт байршилтай, 139м2 талбайтай, орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Y-2206042290 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлэхийг, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч О.М-т даалгаж, нэхэмжлэгч О.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 813200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70.050 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 743.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц 2019 оны 10 сарын 31-ны өдрийн 13791 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж хүчингүй болохыг дурьдаж,

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээнд заасан 98 000 000 төгрөг шилжүүлэх үүргээ тээврийн хэрэгсэл шилжүүлэх үүргээр сольсон. О.О- автомашиныг авсан талаар маргадаггүй, цугларсан нотлох баримтаар нотлогддог. 2017 оны 09 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн бөгөөд О.О- үүргийг зөвшөөрч, машиныг хүлээж авсан тул хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй. Үүргээ солиход зайлшгүй гэрээнд тусгах шаардлага хуульд тавигдаагүй, талууд тохиролцоод 5 автомашин шилжүүлсэн, нэхэмжлэгч тус үүргийг хүлээж авсан болох нь тохиролцсон болох нотолгоо болно. Иймд шүүхийн тус дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. 2017 оны 11 сарын 22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 09 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэж хийгээгүй. Нэхэмжлэгч О.О- нь нэхэмжлэлдээ эрүүгийн хэрэгт н.М- биш н.М-, н.Эрдэнэчимэг нарт холбогдуулан хэрэг үүсгэсэн тул уг Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасантай хамаарахгүй гэж үзсэн. Нэхэмжлэлтэй холбоотой хэргийг гэсэн болохоос биш хариуцагчийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн үг биш. Нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч О.М-т эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042290 дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 2-р хороо,Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 107-р байр, 211 тоот хаягт байрлах 139 м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах гэж байгаа ба хэрэгт авагдсанаар тус нэхэмжлэлтэй холбоотой дээрх 3 өрөө орон сууцыг О.О- нь н.Эрдэнэчимэг гэх хүнд худалдсан боловч залилуулсан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Нэхэмжлэлд дурдсан 3 өрөө орон сууц болон эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж буй 3 өрөө орон сууц нь нэг ороц сууц болно. Уг маргаантай холбоотойгоор нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэвэл н орон сууцаа буцаан аваад нэмж орон сууцны мөнгөө авах боломж нээгдэж байна. О.М-ын хувьд нийт 6 машиныг О.О-, Т.М- нарт шилжүүлсэн, улмаар түүнийхээ мөнгийг аваагүй, байргүй 140 000 000 төгрөгийн төлбөртэй үлдэх нөхцөл байдалд хүрнэ. Хариуцагчаас гэрчээр н.Мөнх-Эрдэнийг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан боловч шүүгч шийдвэрлээгүй. Хариуцагчийн зүгээс шийдвэрлэхийг удаа дараа сануулсан боловч шийдвэрлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч О.О- нь хариуцагч О.М-т холбогдуулан зээлийн болон худалдах худалдан авах болон гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасыг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд орон сууц худалдах-худалдан авах гэрээ бодитой байгуулагдсан эсэх, орон сууцны үнийг хариуцагч нэхэмжлэгчид бүрэн төлсөн эсэх асуудлаар маргаж байна.

Хариуцагч нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 98 000 000 төгрөгийн үнэ бүхий приус 20, приус 30, альфард, рав-4 маркын 5 ширхэг автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж тайлбарлажээ. /хх36/

Талууд гэрээнээс татгалзаж байгаа эсхүл хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаагийн аль нь болохыг тодруулах нь зүйтэй. Хэрэв хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаах бол биет байдлаар буцаах бөгөөд боломжгүй бол үнийг төлөх үр дагавар үүсэх юм. Иймд талуудын хэлцлээр шилжүүлсэн зүйл, түүний үнэ тодорхой байх ёстой.

Хариуцагч талаас Т.Мөнх-Эрдэнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг хангахгүй орхисон нь үндэслэлгүй болжээ. Уг этгээдийн мэдүүлэг хэрэгт ач холбогдолтой байж болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан гэрч асуух ажиллагааг шүүх гүйцэтгэх үүрэгтэй.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах тухай хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл мөн эсэх, талуудын хооронд ямар төрлийн хэлцэл хийгдсэн зэрэг нөхцөл байдлыг тогтоох нь ач холбогдолтой.

Энэ асуудлаар хэрэгт авагдсан гэрээ, бичгийн баримтуудаас гадна тухайн харилцааны талаар гаргасан хариуцагчийн тайлбарт О.О- Т.М- нарт тээврийн хэрэгсэл автомашиныг худалдсан гэсэн байх бөгөөд автомашины үнэд орон сууцыг авсан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нөхцөлд талуудын хооронд хийгдсэн хэлцлийн бодит агуулгыг тодорхойлох шаардлагатай.

Талуудын гэрч асуулгах хүсэлт хэлцлийн хүчин төгөлдөр байдал, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх эсэх талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой байхад шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл өгч болохуйц гэрчээс мэдүүлэг авах хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дэх хэсэгт заасан зөрчилд хамаарах бөгөөд уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй, гэрчээс мэдүүлэг авах замаар бүрдүүлэх тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр байна.

Хариуцагч тал гэрч нарын мэдээллийг тодорхой болгохоор хүсэлт тавьж, мөн гэрчийн утасны дугаарыг заасан байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.7, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 102/ШШ2020/01458 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 743 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД