Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 304/ШШ2026/00031

 

Булган аймаг дахь с ум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: О.С*******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00938/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч О.С******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Би 1985 оноос 1997 оныг 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Булган аймгийн Булган сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газар тасралтгүй ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн бөгөөд архивын тасгаас цалингийн цэс гарахгүй байна.

Иймд Булган аймгийн Булган сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1985 оноос 1997 оныг 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай цалингийн цэсний лавлагаа /хэргийн 5-р хуудас/,

-Булган аймаг, Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1985 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/,

-Булган аймаг, Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/,

-Булган аймаг, Орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 130 дугаартай машинистуудыг ажилд хуваарилах тухай тушаалын хуулбар, хавсралт /хэргийн 8-9-р хуудас/,

-Булган аймаг, Орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 98 дугаартай ажилд авах тухай тушаалын хуулбар, хавсралт /хэргийн 10-12-р хуудас/,

-Булган аймаг, Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1987 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай шагнах тухай тушаал, хавсралтын хуулбар /хэргийн 13-14-р хуудас/.

-Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн үнэмлэх /хэргийн 42-р хуудас/.

3.Шүүх санаачлагаараа Булган аймгийн Нийтийн аж ахуйн газрын даргын 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/05 дугаартай Салбар нэгжийг шинэчлэн зохион байгуулах тухай тушаал, тушаалын хавсралт, Салбар нэгжийг шинэчлэн зохион байгуулах тухай танилцуулга, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар хэзээ байгуулагдсан болон бүтцэд ямар өөрчлөлт орсон талаарх тодорхойлолт зэргийг бүрдүүлсэн байна.

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Д.Б*******, Ш.Б*******нараас мэдүүлгийг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч О.С*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.Хүсэлт гаргагч О.С******* нь хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, цалингийн цэс дутуу гарч байгаа тул Булган аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1985 оноос 1997 оныг 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд машинистаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

4.О.С******* нь Булган аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд машинистаар ажиллаж байсан болох нь:

Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай 1985-1986, 1987 онд Булган аймгийн Нийтийн аж ахуйн газарт ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа, Булган аймаг, Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1985 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай ажлаас чөлөөлөх тухай ...уурын зуухны машинист С******* ...нарыг 2 сарын 11-нээс эхлэн ажлаас чөлүүлсүгэй гэх тушаалын хуулбар, Булган аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай ...О.С*******ыш 3 сарын 15-наас ...ажлаас чөлөөлсүгэй гэх ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Булган аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 130 дугаартай машинистуудыг ажилд хуваарилах тухай тушаалын хуулбар, хавсралт, Булган аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 98 дугаартай ажилд авах тухай тушаалын хуулбар, хавсралт, Булган аймаг, Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1987 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай шагнах тухай тушаал, хавсралтын хуулбар, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн үнэмлэх, гэрч нарын О.С******* нь 1985 онд Нийтийн аж ахуйд галчаар ажилд орж байсан. 1997 оныг хүртэл ажилласан гэх мэдүүлэг болон Булган аймгийн Нийтийн аж ахуйн газрын даргын 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/05 дугаартай Салбар нэгжийг шинэчлэн зохион байгуулах тухай тушаал, тушаалын хавсралт, Салбар нэгжийг шинэчлэн зохион байгуулах тухай танилцуулга зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас Булган аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд машинистаар ажиллаж байсан болохыг тогтоолгох шаардлага нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт машинистаар ажиллаж байсан талаар гэрч Д.Б*******, Ш.Б*******нарын мэдүүлгээс өөр бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Шүүх зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэж хүсэлт гаргагчийн ажиллаж байсан үйл баримтыг тогтоох боломжгүй юм.

5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Чонос овогт Ойдовын С******* /рд:ГЮ64021812/-ыг Булган аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд машинистаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Булган аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ