Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 304/ШШ2026/00045

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: С.М*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.А*******,

Хариуцагч: Б.Л*******нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.А*******, Б.Л*******нар нь Булган аймгаас ирсэн шинээр байшин барьсан, тавилга авах гэсэн 4,000,000 төгрөг дутаад, мөнгө зээлээч, Б.А******* цэцэрлэгийн багш хийдэг, Л*******Цагаанхаданд том тэрэг барьдаг, бид найдвартай, буцаан төлнө гэж гуйгаад зээлийн гэрээ хийж, 4,000,000 төгрөг аваад явсан. Миний бие тэдний найзыг таньдаг тул зээлдэгч нартай 2024 оны 11- дүгээр сарын 18-ны өдөр 4,000,000 төгрөгийг, хоёр сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй, 0,5 хувийн алдангитай, ямар ч барьцаагүй, хүү болон үндсэн мөнгийг дээрх хугацаанд төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулсан.

Зээлийн гэрээний дагуу 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн Хаан банкны ........ данснаас 4,000,000 төгрөгийг тэдний өгсөн Б.Луттөмөрийн .............. тоот данс руу шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн.

Зээлдэгч нар гэрээний дагуу 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эхний сарын хүү 600,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хоёр дахь сарын хүү 600,000 төгрөг тус тус төлсөн. Энэ өдөр үндсэн мөнгө болох 4,000,000 төгрөгөө төлөх байсан боловч төлөөгүй. Мөнгөө төлөхийг удаа дараа шаардаж утсаар ярихад "Удахгүй, одоохон, машинаа зарчихаад өгнө" гэх зэрэг хойшуулж өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Миний бие тэднийг таньдаг найз руу нь хэлж зээлээ төлөхийг хэлүүлэхэд мөн л удахгүй одоохон гэж над руу дамжуулдаг байсан. Миний бие 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр утсаар ярьж, мессеж холбогдож байсан. Тэд хаяа утсаар төлнө гэсэн захидал ирүүлдэг байсан. 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл утаснууд нь холбогдохгүй, авсан мөнгөө төлөхгүй намайг хохироож байна.

Иймд зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 281-285 дугаар зүйлүүдэд заасны дагуу зээлдэгч Б.А*******, Б.Л*******нар үндсэн мөнгө болох 4,000,000 төгрөг, гэрээний 5 дугаар хэсэгт заасан алданги болох 2,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие зээлийн гэрээний үндсэн 4,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгөөс татгалзаж байна.

Хариуцагч нар нь 2026 оны 01 дүгээр сарыэн 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгөөр төлж, уг мөнгийг хугацаандаа төлөхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гаргуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нар нь 4,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгөөр төлж, дээрх хугацаанд төлөхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гаргуулахаар харилцан тохиролцож, талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч нь С.М*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.А*******, Б.Л*******нарт холбогдох 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нар нь 4,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгөөр төлж, дээрх хугацаанд төлөхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гаргуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгөөс 55,475 /тавин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 55,475 /тавин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг, хариуцагчаас 39,475 /гучин есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ