Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 304/ШШ2026/00100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Л.Б*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/01123/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч ийн Л.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Л.Б******* нь мал маллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Би Булган аймгийн С******* сумын Их эхлэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Булган аймгийн С******* сумын .. дугаар багт 1992 оноос хойш өнөөг хүртэл мал маллан амьдарч байна. Булган аймгийн С******* сумын архивт борооны ус нэвчиж 1996-1997 оны малын А данс устаж үгүй болсон. Ингээд тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жилийн маань жил нь хүрэхгүй, бичиг баримт дутуу гээд шүүхээр орох шаардлагатай болсон. Иймд намайг 1996-1997 онд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,

-Хүсэлт гаргагч Л.Б*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-Булган аймгийн С******* сумын ..... багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 05/44 дугаартай албан тоот /хэргийн 5-р хуудас/,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоол /хэргийн 6-р хуудас/,

-Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 32/81 дугаар албан бичиг /хэргийн 7-р хуудас/,

-Л.Б*******гийн 1992-1995, 1998-2000 оны малын А дансны Булган аймгийн С******* сумын Архиваас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, малын А дансны баримтууд /хэргийн 8-31р хуудас/,

4.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Д.Б*******, Д.Батс******* нарын мэдүүлгийг авсан.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Л.Б*******гийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Хүсэлт гаргагч нь С******* сумын Архивт борооны усны орсны улмаас 1996-1997 оны малын А данс устаж үгүй болсон. Иймд Булган аймгийн С******* суманд 1996-1997 онд дуустал мал маллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд хандсан байх ба шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Л.Б******* нь Булган аймгийн С******* суманд 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болох нь:

Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоол, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 32/81 дугаар албан бичиг, Л.Б*******гийн нэрээр гарсан Булган аймгийн С******* сумын Архиваас малчин даатгуулагчид олгох архивын 1992-1995, 1998-2000 оны малын А дансны лавлагаа, малын А дансны баримтууд болон Булган аймгийн С******* сумын Их-Хүрэмт багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 05/44 дугаартай Тус багийн иргэн Лхагвасүрэн овогтой Б******* /РД: Г369062419/ нь Их хүрэмт багт 1996-1997 онд гэр бүлийн хамтаар хувийн мал аж ахуй эрхлэн амьдардаг байсан нь үнэн болохыг тодорхойлов. 1996-1997-оны архивын малын А-данс дээврийн борооны усны дусаалаас болж устсан болно гэх албан тоот, гэрч нарын Булган аймгийн С******* сумын Их эхлэлт нэгдэл 1992 онд татан буугдсан бөгөөд 1992 оноос Л.Б******* хувийн малтай болж малчин болсон. Одоог хүртэл С******* сумын 5 дугаар багт мал маллан амьдарч байгаа. С******* сумын Захиргааны байрны дээврээл дусаал гоожоод усанд автаад 1996-1997 оны малчдын А данс тэр чигтээ байхгүй болсон гэж тайлбарладаг гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Л.Б*******г Булган аймгийн С******* суманд 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

7. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Л.Б-г Булган аймгийн С******* суманд 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ