Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/801

 

     2025          07            01                                        2025/ДШМ/801

                                                                 

С.А-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тогтох,

шүүгдэгч С.А- /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан, 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/1156 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.А-, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч С.А-т холбогдох 2410 00000 2045 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 9-ний  өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

М овогт С-гийн А-, **** оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, ам бүл ганцаар, *******дүүргийн 16 дугаар хороо, ******* гудамжны *** **тоотод оршин суух,

урьд: Барилгын цэргийн тусгай шүүхийн 1981 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 57 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйлийн А-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Сүхбаатарын районы ардын шүүхийн 1987 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

*******дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 662 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар нийт 5 жилийн хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жил хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 1 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2024 оны 4 дүгээр сарын 01-нд 10 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:*******/,

Шүүгдэгч С.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр *******дүүргийн 16 дугаар хороо, ******* гудамжны ***-**тоотод хохирогч Д.Б-той маргалдан, улмаар түүний цээжний баруун урд хэсэгт хутгалж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.  

*******дүүргийн прокурорын газар: С.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч С-гийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүнийг алах" гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ийг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 37 дугаартай шүүгчийн захирамжаар 10 сар, 23 хоногийн хугацаагаар тэнсэн сулласан шийдвэрийн 1, 4 дэх хэсэгт заасныг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ял дээр Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 37 дугаартай шүүгчийн захирамжаар 10 сар 23 хоногийн хугацаагаар тэнсэн сулласан хугацааг нэмж нэгтгэн шүүгдэгч С.А-т оногдуулсан хорих ялыг 10 жил, 10 сар, 23 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 128 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг, М Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.А-аас нийт 8.514.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 30.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-д олгохыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц- гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч С.А-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээснийг... тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхтөр тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.А- нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад мэдүүлэгтээ өөрийгөө хамгаалсан аргагүй байдалд орсон байсан гэж болсон зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн...Д.Б- нэлээн халамцуу гэрт орж ирээд “Банзалдаад байгаа юм уу” гээд О-г цохих шиг болсон О- газар унасан, ширээн дээр үлдсэн байсан тал архитай шилээр миний дух орчимд цохиод би газар унасан /архины шил хагараагүй/ намайг газар унасан байхад миний цээжин хэсэг дээр мордож суугаад миний нүүр толгой орчимд 2-3 удаа цохисон. Миний дээрээс дарж суусан байсан учраас цээж давчдаад гараараа Д.Б-ыг салгах гээд түлхсэн чинь дийлэхгүй байсан бөгөөд орны дэргэд байсан хутга гарт баригдахаар нь цээжин хэсэгт нь нэг удаа хутгалсан юм. Тэгээд Д.Б- шалан дээр унасан. Би босож ирээд харсан, тэгээд хутгаа харсан чинь шалан дээр байсан бөгөөд хар иштэй манай гэрийн хутга байсан. Намайг босоод ирэхэд О- хаалганы дэргэд хажуу талаараа дээшээ харсан байдалтай хэвтэж байсан...шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 25 өдрийн 1081 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэх хэсэгт: ...С.А-ийн биед зулай, эрүүнд шарх, дух дагз, дээд уруулын зулгаралт баруун хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Зулай, эрүүнд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учруулсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдоно гэх шинжээчийн дүгнэлтээр С.А-ийн мэдүүлэг давхар нотлогддог. С.А- нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар эрхийг эдлэх эрхтэй.

Эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар халдах, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэн довтлох үед өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан өөрийн амь насаа хамгаалсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар М улсын Эрүүгийн хуулиар хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулийн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал. 4.1 дүгээр зүйлийн 1-т Өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй. Мөн хуулийн 3-т Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус үйлдэл эхэлсэн эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Амь хохирогч архины шилээр ялтан С.А-ийн биед халдан довтолсон довтолгооны үед хийгдсэн аргагүй хамгаалалт байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 10 жил 10 сар 23 хоногийн хорих ялыг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч С.А- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулхаа илэрхийлж байна. Тухайн өдөр амь хохирогч надтай маргаж надруу дайрч миний толгой дээрээс цуг ууж байсан архины шилээр цохиж хагалсан. Мөн миний дээр гарч мордож сууж байгаад цохиж зодсон. Түүнийг холдуулах гээд оролдоод чадаагүй амь тэмцсэн байдалтай байснаа гараа савчуулахад хажууд хутга байсан. Би тэр хутгыг авч Д.Б-ыг хутгалж амь насыг хохироосон. Энэ бүхэн хоромхон зуурт болж өнгөрсөн ба гэнэтийн цочиролд орсон байсан. Би өөрийн эрүүл мэндийг хамгаалах гэж болон амь биеийг хохирхоос амь тэмцэн өөрийн мэдэлгүй амь насыг нь хохироосон байсан. С.А- миний зүгээс би өөрийн амь биеийг аргагүй эрхэнд хамгаалсан нь үнэн билээ. Гэсэн хэдий ч би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байгаа учир хуулийн өмнө хариуцлага хүлээх болно. Иймд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хүсэлтэй байна…” гэв.

Прокурор Б.Тогтох шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/1156 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй. Хутга авч хариу үйлдлээр хүний цээж хэсэгт хутгалж байгаа үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой ойлгомжтой дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар С.А-т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч С.А-, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

1. Шүүгдэгч С.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр *******дүүргийн 16 дугаар хороо, ******* гудамжны ***-**тоотод хохирогч Д.Б-той маргалдан, улмаар түүний цээжний баруун урд хэсэгт хутгалж амь насыг хохироосон гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

- ХУДЦГ, ЦХ-2, шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /1хх 1/,

- гэрч С.Э-ын: “…Б/Б-/ зүүн талын хашаа давж С.А-ийн гэрт ороод “Чи муу манай авгайтай юу хийж байгаа юм бэ?” гээд орилж ах руу дайраад байхаар нь нөхөр бид хоёр ахын гэрээс гаргаад цааш явуулаад нөхөр 0.75 граммын архи С.А- ахад авчирч өгсөн. Нөхөр бид хоёр Болороогийн хашаанд мод буулгаад гэрт нь ороход Б байхгүй байхаар гялс явъя гэж хэлээд, гэртээ очоод ахын байшинд орсон чинь шалаар дүүрэн цус, ахын нүүр царай цус болсон, Б шалан дээр хажуу тийшээ хараад хэвтсэн хоёр талаар нилээн их цус байхаар нь би айгаад гэрээс гарахад манай нөхөр цагдаад дуудлага өгсөн. С.А-тай эх нэг, эцэг өөр хүүхдүүд, хаана яаж явсныг мэдэхгүй, хорихоос над руу залгадаг байсан. 2024 оны 4 дүгээр сараас манай гэрт ирээд хамт амьдарч байгаа. С.А- орон дээр нилээн цус болсон, Б газар унасан, О ширээн доогуур толгойгоо хийсэн хэвтэж байсан. Б нь Огийн хуучин нөхөр гэсэн, салаад А-тай хамт амьдарч байгаад салаад буцаад Бтай нийлээд явсан…” /1хх 5-6/,

- гэрч С.Н-ын: “...Эхнэр Э- гэрийн ард байдаг төрсөн ах болох С.А-ийнх руу түрүүлж ороод буцаад орилж гарч ирээд “Энэ хоёр болохоо байчихсан байна” гэхээр нь би цагдаа дуудсан. Амь хохирогчийг танихгүй. Намайг ороход С.А- орон дээрээ унтаж байгаа юм шиг нүдээ аниад орон дээрээ суугаагаараа хойшоо налаад сууж байсан. Амь хохирогч шалан дээр доошоо хараад уначихсан, эргэн тойрон цус болчихсон байсан. Тэд юу ч дуугарахгүй байхаар нь гарч цагдаа дуудсан. Амь хохирогч бид нарыг явсны дараа ирсэн байх...” /1хх 8/,  

- гэрч Б.О-гийн: “... Д.Б-той 2009 оноос хойш хамт амьдарч байгаа. Б, Б- бид гурав 0.75 граммын архи хувааж уусан. Харих гээд явж байтал гудамжид А-тай таарахад “Би нэг шил архи авчихсан, 3-лаа манай гэрт ууя” гээд бид А-ийн хашаанд байх өвлийн сууцанд орж архиа ууж талд нь оруулаад байж байтал А-, Б- нар хоорондоо маргалдсан. ...Б- доошоо харсан байдалтай шал нь нил цус болсон байсан. А- орны буланд байсан бөгөөд нүүр ам нь цус болсон байсан. ...Би нилээн согтуу, А- дунд зэрэг, Б- нилээн согтуу байсан...” /1хх 11-12/

- мөрдөн шалгах ажиллагаанд С.А-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...О- бид хоёр хувааж уугаад талд нь оруулаад сууж байтал Б- нилээн халамцуу орж ирээд “Банзалдаад байгаа юм уу” гээд О-г цохих шиг болсон. Тал үлдсэн байсан архитай шилээр миний дух орчимд цохиход би газар унасан. Намайг газар унасан байхад миний цээжин хэрэг дээр мордож суугаад миний нүүр болон толгой орчимд гараараа 2-3 удаа цохисон. Цээж давчдаад гараараа Б-ыг түлхсэн чинь дийлэхгүй байсан бөгөөд орны дэргэд байсан хутга гарт баригдахаар нь цээжин хэсэгт нь нэг удаа хутгалсан. Б- шууд шалан дээр уначихсан. Хар өнгийн иштэй манай гэрийн хутга байсан. Намайг босож ирэхэд О-  хаалганы дэргэд хажуу талаараа дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Гаднаас дүү Э-, нөхөр Н- нар орж ирээд “Та хүн алчихсан юм биш үү” гэж хэлсэн. О-тай 2018-2021 оны хооронд хамт амьдарч байсан. Толгой 2-3 хагарсан байна. Эрүү, баруун шанаа, уруул шалбарсан байна. Энэ гэмтлийг Б- намайг гараараа цохих үед үүссэн юм...” /1хх 16-18, 1хх 200/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-ийн: “...манай ах Б-…манай гэр бүл эцэг эхээс 9-лээ. Б- хамгийн том ах маань байгаа юм. Ах маань надтай ойр байсан. Миний сэтгэл санаа хүнд байгаа тул хохирол тогтоолгоно. …”/1хх 26/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 41-46/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 568 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн С.А-ийн баруун, зүүн гарын 13 ширхэг хумс шинжилгээнд тэнцэнэ. С.А-ийн зүүн гарын долоовор хурууны хумс дээр хүний цус илэрсэн, биологийн бусад ул мөр илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн С.А-ийн зүүн гарын долоовор хурууны хумс дээрх цус, С.А-, Д.Б- наын ДНХ-ийн тогтоцыг тогтоов. С.А-ийн зүүн гарын долоовор хурууны хумс дээрх холимог ДНХ-ийн тогтоцтой С.А-, Д.Б- нарын ДНХ-ийн тогтоц тохирч байна...” /1хх 218-221/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 570 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн С.А-ийн гарнаас авсан дээж шинжилгээнд тэнцэнэ. С.А-ийн гарнаас авсан дээж дээр хүний цус илэрсэн, биологийн бусад ул мөр илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн С.А-ийн гарнаас авсан дээж дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. С.А-ийн гарнаас авсан дээж дээрх нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоцтой 568 дугаартай дүгнэлт дэх С.А-ийн ДНХ-ийн тогтоц тохирч байна...” /1хх 243-245/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 573 дугаартай шинжээчийн “...Хар өнгийн бариултай хутга дээр хүний цус илэрсэн, биологийн бусад ул мөр илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай хутга нь шинжилгээнд тэнцэнэ. Хар өнгийн бариултай хутга дээрх нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоцтой 568 дугаартай дүгнэлт дэх Д.Б-ын ДНХ-ийн тогтоц тохирч байна...” /2хх 26-28/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 313 дугаартай шинжээчийн “...Амь хохирогч Д.Б-ын цогцост зүүн IV-V хавирганы завсраар цээжний зүүн хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлыг гэмтээсэн, баруун IV-V хавирганд хугарал үүсгэн цээжний баруун хөндийд нэвтэрч баруун уушгины дунд дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, аюулхай, цээжний ар, баруун бугалгад шарх, дух, хацар, эрүүнд зулгаралт, цээж, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Цээжний зүүн хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлыг гэмтээсэн, баруун хөндийд нэвтэрч баруун уушгины дунд дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, аюулхай, цээжний ар, баруун бугалгын шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүснэ. Бусад дух, хацар, эрүүний зулгаралт, цээж, баруун шилбэний цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх цээжний зүүн хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлыг гэмтээсэн, баруун хөндийд нэвтэрч уушгины дунд дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг, аюулхай, цээжний ар, баруун бугалгын шарх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг, бусад дух, хацар, эрүүний зулгаралт, цээж, баруун шилбэний цус хуралт гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь цээжний зүүн хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж үнхэлцгийн хөндийд цус хуралдаж, зүрх чихэлдэн агшилтгүй болсны улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ. Амь хохирогчид хийсэн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2 цаг 37 минутын цогцсын анхны гадна үзлэгээр нас бараад 6-8 цаг болсон байжээ. Амь хохирогчийн цусанд 2.8% промилли, ходоодны шингэнд 4.3% промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Амь хохирогч нь гуравдугаар бүлгийн цустай байжээ...” /2хх 53-67/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 161 дугаартай “…С.А- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.А- гэмт хэрэг үйлдэх үедээ болон хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. С.А-ийн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулахаар байгаа эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. С.А- нь хэрэг хариуцах чадвартай тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. С.А- нь юмыг зөвөөр тусган ойлгох, зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна. С.А- нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх шинж тэмдэг илрээгүй байна…” /2хх 83-84/,

- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 126-127/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байх ба мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна. 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч С.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн шүүгдэгч С.А-ийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг анхан шатны шүүх зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

3. Шүүгдэгч С.А- болон түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр нар “...С.А- амь хохирогчоос өөрийн амь насаа хамгаалсан тул түүний үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзнэ. Иймд хэрэгсэхгүй болгож цагаатгах, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж ялыг хөнгөрүүлэх...” агуулга бүхий гомдлуудыг давж заалдах шатны шүүхэд тус тус гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэгт заасан хүний амьд явах эрхийн эсрэг мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд тухайн үйл явдлын өрнөл, хугацаа, гэмт үйлдлийн шалтгаан нөхцөл, үр дагавар, тухайн хэргийг үйлдсэн хүний үйлдэлдээ болон учруулсан хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн хандлага, үйлдлийнхээ аюултай шинж чанарыг ухамсарласан байдал, үйлдлийн арга, гэмт үйлдэлдээ ашигласан хэрэгсэл, шүүгдэгч хохирогч нарын харилцааны түүх, тэдгээрийн хувийн байдал зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судалж, бодитой үнэлэх замаар гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг сэргээн тогтоох нь энэ төрлийн гэмт хэргийг зөв зүйлчилэхэд ач холбогдолтой болно.

“Хүнийг санаатай алах” гэмт хэргийг бусад хэргээс ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан хандлага буюу бодит санаа зорилго, мөн хохирогчийг үхэлд хүргэсэн шалтгааныг нарийвчлан тогтоож, дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох ёстой. Цаашилбал, гэмт хэрэг шууд болон шууд бус санааны алинаар үйлдэгдсэн болох, учруулсан гэмтэл нь хохирогчийн үхлийн шууд болон дамжмал шалтгаан болсон эсэхийг тодруулан авч үзэх нь хүний амь нас хохирсон адил хор уршиг бүхий дээрх хэргүүдийг ялган зүйлчлэхэд чухал нөхцлүүд юм.

Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын нэг төрөл бол аргагүй хамгаалалт байдаг бөгөөд аливаа этгээдийн довтолгооноос өөрийгөө болон бусдыг хамгаалах боломж бүх хүнд тэгш олгогдоно. Мөн довтолгооны үр дүнд өртөх эрх ашиг, гарах хохирол, хор уршиг нь хамгаалалтын үр дүнд гарсан хохирол, хор уршиг, өртөгдсөн эрх ашигтэй тэнцвэртэй байх учиртай.

Аргагүй хамгаалалт нь хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг хийгддэг, харин маргаан төдий зүйл, сэтгэл санааны цочролд автсанаас өөрийгөө хянах чадваргүй болсныг аффектын нөхцөл байдалд тооцдог атал амь хохирогч Д.Б-, шүүгдэгч С.А- нарын хооронд үл ялих зүйлээс шалтгаалсан маргаан үүссэн нь нотлогдсоноос бус хохирогчийг хутгалж амь насыг хөнөөх хэмжээнд шүүгдэгч рүү довтолж дайрсан, эсвэл сэтгэцийн хувьд өөрийгөө удирдах чадваргүй болох хэмжээнд цочроосон, гутаасан, хүндээр доромжилсон үйл явдал хэрэгт нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл аргагүй хамгаалалт хийсэн талаар тодорхой баримтгүй, тогтоогдоогүй төдийгүй шүүгдэгч С.А- нь хутгаар Д.Б-ын цээжин тус газарт хутгалж алсан үйл баримт, энэхүү үйлдэлдээ санаатай хандсан нь хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэх бөгөөд анх тэд харилцан маргалдах явцад амь хохирогч нь шүүгдэгчийн биед хөнгөн хохирол учруулсан байх нь шүүгдэгчийн “хүнийг алах” гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл болохгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй байна.   

Дүгнэхэд, хүнийг алах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосон буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт цугларсан, гэм бурууг шийдвэрлэхэд хангалттай баримт авагдсан ба анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч С.А-ийг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ.

4. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, дээрх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч С.А-ийг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 37 дугаартай шүүгчийн захирамжаар 10 сар, 23 хоногийн хугацаагаар тэнсэн сулласан шийдвэрийн 1, 4 дэх хэсэгт заасныг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 37 дугаартай шүүгчийн захирамжаар тэнсэн сулласан хугацааг нэмж нэгтгэн шийдвэрлэжээ.

Хэргийн үйл баримтын болон хууль хэрэглээний талаарх шүүхийн дүгнэлт нь утга, найруулгын хувьд алдаагүй, ойлгомжтой, тодорхой байхаас гадна холбогдох хуулийн зүйл, заалтыг ягштал баримталсан, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэцийг хуульчлан тогтоосон бөгөөд хуульд тусгайлан зохицуулаагүй асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-аар дэлгэрүүлэх байдлаар тайлбарлан журамласан болохыг дурдах нь зүйтэй.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн хэд, хэдэн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн талаар нэг бүрчлэн заахаар хуульчлагдсан байна.

Гэтэл С.А-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэхдээ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 37 дугаартай шүүгчийн захирамжаар 10 /арван/ сар, 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар тэнсэн сулласан шийдвэрийн 1, 4 дэх хэсэгт заасныг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг баримтлан ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арван/ жилийн хугацаагаар хорих ял дээр Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 37 дугаартай шүүгчийн захирамжаар 10/арван/ сар 23/хорин гурав/ хоногийн хугацаагаар тэнсэн сулласан хугацааг нэмж нэгтгэн шүүгдэгч С.А-т оногдуулсан хорих ялыг 10 /арван/ жил, 10 /арван/ сар, 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар тогтоож...” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9, 6.12 дугаар зүйлийг зөв хэрэглээгүй, мөн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллах тухай шүүгчийн захирамжийг буруу ойлгож хүчингүй болгосноос гадна, эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмэх байтал тэнссэн хугацааг нэмж нэгтгэсэн зэрэг нь бүхэлдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд тус тус хамаарч байх тул зөвтгөж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно", 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж хуульчилжээ.

Оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө гэдэгт ялтны биечлэн эдэлж байгаа ялын үлдсэн хэсэг, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон хугацаа хамаарах бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтад “... энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 662 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 10 сар 23 хоногийн хорих ял нэмж нэгтгэсэн” өөрчлөлтийг оруулав.

5. М Улсын иргэн Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “Бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

 Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуульд дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан эдийн гэм хорыг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болно.

Харин гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус гэм хорыг хохирогч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д заасан хэдий ч мөн зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тодорхойлсон бөгөөд аль нэгэн хуульд энэ тухай тусгайлан зохицуулаагүй байсан тул эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр нэхэмжилсэн тохиолдолд түүнийг шүүхээс хянан шийдвэрлэх боломжгүй байсан юм.

Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг өөрчлөн найруулж, мөн хуулийн 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлд 511.3-511.5 дахь хэсгүүд, энэ хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зарим заалт, Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд 25.8.9 дэх заалт тус тус нэмсэнээр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрджээ.

Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжилсэн тохиолдолд  Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан байх бөгөөд энэхүү зохицуулалт нь эрх олгосон бус үүрэг болгосон заалт байна.

Тиймээс дээрх зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар хамтран баталсан журмын 2.1.1-ээс 2.1.5-д тусгайлан заасан таван төрлийн гэмт хэргээс бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоох талаар мөн журмын 2.2-т тодорхой заажээ.

Шүүгдэгч С.А-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял шийтгэсэн ба уг хэрэг нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэг буюу хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Д.Ц-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл “хоёрдугаар” зэрэглэлд хамаарна гэсэн дүгнэлт гарчээ.  

Анхан шатны шүүх дээрх дүгнэлтэд үндсэлэн М Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу тооцож, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-аас нийт 8.514.000 /найман сая таван зуун арван дөрвөн мянган/ төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 30.000 /гучин мянган/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-д олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Гагцхүү шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...М Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал...”-ыг давхар баримтлан дээрх хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар бичсэн нь хууль хэрэглээ, бичвэрийн хувьд алдаатай болсныг энэхүү магадлалаар зөвтгөж шийдвэрлэв.

Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах болон гэм буруутай этгээдээс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг гаргуулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэглээ, тэдгээрт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүхийн тогтоолд бичихдээ шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэцийг хуульчлан тогтоосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-ыг судалж байхыг энэхүү магадлалд анхааруулан дурдах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч С.А-, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр нарын гаргасан “... хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах, ял шийтгэлийг хөнгөрүүлэх...” агуулгатай давж заалдах гомдлуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч С.А-ийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 67 /жаран долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/1156  дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.А-т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 662 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 23 хоног хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 10 жил 10 сар 23 хоногийн хугацаагаар тогтоосугай...” гэж,

тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “...Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.А-аас нийт 8.514.000 /найман сая таван зуун арван дөрвөн мянган/ төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 30.000 /гучин мянган/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-д олгосугай...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч С.А-, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ийн шийтгэх тогтоол гарснаас энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ГАНБААТАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ