Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар   157/ШШ2026/00079

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг  хэрэгсэхгүй  болгох тухай

           Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч Б.Б*******ы нэхэмжлэлтэй хариуцагч О.М*******д  холбогдох “хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлийг  2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б******* овогт Б******* Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би О******* овогтой М*******тай хамтран амьдрах хугацаанд 2023 оны 07-р сарын 05-нд төрсөн Э*******ийн эцэг юм. Хүүхдийг төрсөн цагаас эхлэн ээжийн асрамжид байгаа боловч хариуцагч нь хүүхдийн хүмүүжил асаргаанд тогтмол оролцдоггүй, бодитоор хүүхдийг ээжийнх нь аав буюу өвөө нь харж байгаа. Хүүхдийн эцэг болох миний хувьд тогтвортой орлоготой, орон сууцтай бөгөөд хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлэх бүрэн боломжтой. Хүүхдийн эрх ашиг, сайн сайхны төлөө, түүнийг миний асрамжид шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 127 дугаар зүйл, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд үндэслэн хүүхэд Б******* овогтой Э*******, 2023 оны 07 сарын 05-ны өдрийн асрамжийг миний нэр дээр тогтоож өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ

  Хариуцагч Б******* овогт О******* М******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нэхэмжлэгчийн гаргасан “хүүхдийг өөрийн асаргаанд авах” нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай хүүхэд одоогоор 3 настай. Төрсөн цагаас хойш миний асаргаанд тасралтгүй өсөж ирсэн. Нэхэмжлэгч нь хүүхдийг асарч тэтгэлэг өгч байгаагүй. 0-3 насны хүүхдийг эхээс салгах нь хүүхдийн эрх ашигт нийцэхгүй тул нэхэмжлэгчийн асаргаанд шилжүүлэхийг зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

Нэхэмжлэгч Б.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Б******* нь О.М*******д холбогдуулан 2025 оны 12 сарын 25-нд хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан. Бид хоёр ярилцаад шийдвэрт хүрсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч О.М*******д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.     

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б******* нь нэхэмжлэлээсээ татгалзсан болно. 

Нэхэмжлэгч Б.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага болох хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаар бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Б*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь 35,100 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч О.М*******д холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тавин хувь 35,100 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.         

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР