| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00986/И |
| Дугаар | 304/ШШ2025/00819 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 304/ШШ2025/00819
Хүсэлт гаргагч: Б***** аймаг, Б****** сум, А******* ** дугаар баг, **-ийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух Х******* овогт Б*******гийн Б*******ы хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00986/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Хүсэлт гаргагч Б.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Би 1983 онд арван жилээ төгсөөд цэрэгт явсан. Тэгээд 1986 оны 08 дугаар сард цэргээс халагдаж ирсэн Тэгээд 1990 оны 10 дугаар сар хүртэл барилга дээр ажилласан. 1990 оны 10 дугаар сард Булган сумын 8 жилийн тусгай дунд сургуульд няравын ажилд орсон. Тэгээд 1995 он хүртэл ажилласан. Тухайн үед Барилгын контор татан буугдаад чөлөөлсөн тушаалаа 1990 онд гаргалгүй, 1992 онд гаргасан байсан. Намайг нийгмийн даатгалын хэлтсээс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилласан жилийн баримт нь дутаад, эсхүл гарсан, орсон тушаал нь байхгүй болчихоод байна, шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн юм. Тиймээс намайг 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх Булган аймгийн 8 жилийн тусгай дунд сургуульд няраваар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-Б*******гийн Б*******д 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 4-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 сарын 10-ны өдрийн 11 тоот тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 61/313 дугаартай албан бичиг,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 12/806 дугаартай албан бичиг, түүний хавсралт,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/339 дугаартай албан бичиг, хавсралтын хамт
-Хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч Г.С*******г асууж авсан мэдүүлэг зэргийг шүүх бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Булган сумын 8 жилийн тусгай дунд сургуульд 1992 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал няраваар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Хүсэлт гаргагч Б.Б******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн Булган сумын 8 жилийн тусгай дунд сургуульд 1992 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал няраваар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан ба дээрх хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Б*******гийн Б*******д 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 4-р хуудас/,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 61/313 дугаартай албан бичиг,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 12/806 дугаартай албан бичиг, түүний хавсралт,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/339 дугаартай албан бичиг, хавсралтын хамт зэрэг болно.
Гэрч Г.С*******гийн Би 1990 оны 09 сарын 27-ны өдөр Булган сумын 10 жилийн 1 дүгээр сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Б.Б******* нь 1990 онд тусгай сургуулийн няраваар ажиллаж байсан. Тусгай сургууль нь 10 жилийн 1 дүгээр сургуулийн бамын байранд байрладаг байсан. 1993 онд Зүүн түрүүний 2 дугаар бага сургууль болон тусгай сургуулиуд нь 10 жилийн 1 дүгээр сургуультай нэгдсэн. Тусгай сургууль гэж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг сургууль байсан. Нэгдсэний дараа Б.Б******* нь 1 дүгээр сургуулийн дотуур байрны няраваар ажилд орсон. Тасралтгүй ажиллаж байгаад л одоо тэтгэвэртээ гарах гэж байна. Сургуулийн баярын бичгээр шагнагдаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.
4.Иймд хүсэлт гаргагч Б.Б*******ыг Булган аймгийн Булган сумын 8 жилийн тусгай дунд сургуульд 1992 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал няраваар ажиллаж байсан болохыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х******* овогт Б*******гийн Б*******ыг Булган аймгийн Булган сумын 8 жилийн тусгай дунд сургуульд 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал няраваар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА