| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00347/и |
| Дугаар | 150/шш2026/00023 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 150/шш2026/00023
2026 01 12 150/ШШ2026/00023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *****аймгийн ****сумын *****тоот хаягт оршин суух, ***** овогт ******(РД:*****)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******аймгийн *****сумын *****байрлах “*****” ХХК (РД:*****)-д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны олговор 24,967,749 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 7,177,800 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*****, түүний өмгөөлөгч****, хариуцагч “******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунхишиг нарыг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие *****нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш “*****” ХХК-д ******ажиллаж байна. Гэвч 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр захирал *******нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гарган намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан учир шүүхэд хандаж гурван шатны шүүхийн тогтоолоор 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа эргэн орсон. Гэвч өнгөрсөн хугацаанд миний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож олгохгүй явсаар 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр *****тоот тушаал гарган тооцож олгосон. Ингэхдээ миний дундаж цалин хөлсийг буруу тооцож тушаал гаргасан байх тул уг тушаалыг хүчингүй болгож дундаж цалин хөлсийг минь үнэн зөвөөр тооцон зөрүү цалин болох 24,967,749 төгрөгийг “*****” ХХК-иас гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэл гаргасан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 6,389,453 төгрөг нэхэмжилж байна. Хөдөлмөрийн тухай хуульд цалин хөлс гэдэгт нэмэгдэл урамшуулал, ээлжийн амралтын мөнгийг дундаж цалинд оруулж тооцно гэж заасан байдаг. Дундаж цалин хөлс тооцох тухай сайдын тушаалаар баталсан журам дээр ч мөн тооцно гэж заалт байгаа. 1 сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг, тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тооцно гээд заасан байдаг. Үүнийг үндэслээд нэхэмжлэл гаргасан байгаа...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж харж байна. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Б/*** дугаартай тушаал байгаа. Уг тушаалаар бол 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/955 дугаартай тушаалын 3 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт оруулахдаа ****ажиллаагүй хугацааны нөхөн олговрын тооцооллыг хавсралтаар нарийвчлан гаргасан байдаг. 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд буюу шүүхийн шийдвэрийн дагуу олгох ёстой нөхөн олговрын цалин хөлс нь 15,000,000 төгрөг, үүн дээр өртгийн урамшууллын цалин 6,810,281 төгрөг, нийт 21,810,281 төгрөгийг *****олгохоор шийдвэрлэсэн байдаг. Давж заалдах шатанд ажилд орох хугацааны нөхөн олговор буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар *****1 өдрийн дундаж цалинг 169,836.89 төгрөгөөр тооцоолон бодсон. 2023 оны 12 дугаар сарын сараас 2024 оны 08 дугаар сар хүртэлх хугацааны нийт олговрыг 1 өдрийн дундаж цалинг ажлын хоногт тохируулан тооцож, нийт 28,023,086 төгрөг гэж тооцоолж гаргасан байна. Шүүхийн шийдвэр болон Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу *****нийт 49,833,368 төгрөгийн нөхөн олговрын тооцоолол гаргасан. Тус тооцооллын дагуу “******” компанийн зүгээс 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 7,507,502 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 10,467,271 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр сая 1,989,117 төгрөг буюу нийт 39,963,117 төгрөгийг ******шилжүүлсэн байдаг. Компанийн зүгээс ******нийгмийн даатгалын шимтгэлд 5,580,154 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 4,289,321 төгрөг, нийт 9,869,476 төгрөгийг төлсөн. Манай компанийн зүгээс нэхэмжлэгч *****олговол зохих нөхөн олговрыг шүүхийн шийдвэр, хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн дагуу үндэслэлтэй бодож, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч ******хэлснээр 2023 оны 03 сарын дундаж цалин дээр зөрүү үүсээд байгаа юм байна гэж ойлгосон. Нэхэмжлэгчээс гаргаж байгаа нэхэмжлэлийн хувьд 22 хоногоор тооцоод, ээлжийн амралтынхаа хоногийг нэмсэн байна. “******” ХХК-иас ажилласан хугацаа буюу 08 өдөр өдрийн цалин дээр л дундаж цалинг нь бодсон байгаа. *****нэхэмжилж байгаа цалингийн дундаж дээр ээлжийн амралтын дүн буюу 4,662,436 төгрөг орж ирсэн. Нэг ёсондоо 2023 оны 03 сарын дундаж цалин маань 1,668,029 төгрөг. Энэ бол 08 хоног ажилласны цалин юм. *****нэхэмжилж байгаа дээр 22 хоногоор тооцоод 1,668,029 дээр ээлжийн амралтын мөнгийг нэмээд 6,630,460 төгрөг гээд байгаа. “*****”ХХК-ийн хувьд үүнийг тайлбарлахдаа 4,662,436 төгрөг нь *****18 хоногийн ээлжийн амралтын мөнгө бөгөөд 50%-ийн нэмэгдэлд тооцогдсон дүн байгаа учраас энэ нь цалингийн дундаж нөлөөлөхгүй 4,662,436 ээлжийн амралт нь үндсэн үндсэн цалингаас ээлжийн амралт нь 3,108,287 төгрөг, удаан хугацааны нэмэгдэл 50% нь 1,554,143 төгрөг байгаа. Ээлжийн амралтын нэг өдрийн дундаж цалин нь 172,682 төгрөгөөр бодогдож олгогдсон дүн байна...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****сөрөг нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*****2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тэтгэмжийн мөнгө болох 7,177,800 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тэгэхээр уг мөнгийг нэхэмжилж байгаа юм. Яагаад гэвэл хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тушаал гарснаас хойш Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 03 сарын хугацаатай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгочихсон байдаг. Тус тушаалыг анхан шатын шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон байгаа. Тэгэхээр өмнөх уг тушаал хүчинтэй хугацаанд олгосон тэтгэмжийн мөнгийг нэхэмжилж байна...” гэв.
Нэхэмжлэгч *****сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Анх нэхэмжлэл гаргахдаа би үндэслэлгүйгээр ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэж шүүхэд хандсан. Тус мөнгө надад олгосон 03 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний, цомхотголын тэтгэмж юм. Миний үндсэн цалин 2,477,000 төгрөг. Түүнийг 08 сараар тооцоход 19,800,000 төгрөгний үндсэн цалин тооцогдохоор байна...” гэв.
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *****нь шүүхэд “*****” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 24,967,749 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 6,389,453 төгрөг болгон багасгаж,
Хариуцагч “*****” ХХК шүүхэд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 7,177,800 төгрөг нэхэмжлэгчид олгосныг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны шатанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 6,554,296 төгрөг болгон багасгаж тус тус нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажил олгогч ажилгүй байсан хугацааны олговрыг буруу тооцоолж, олгосон тул дутуу авсан цалин хөлсөө гаргуулна гэж,
Хариуцагч “*****” ХХК нь *****өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар тооцоолж олгосон, 2023 оны 03 дугаар сард 8 хоног ажилласан, ээлжийн амралтын цалинг дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо оруулан тооцохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргана.
Шүүх нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар нэхэмжлэгч *****өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч *****өөрийн нэг өдрийн цалин хөлсийг 208,561 төгрөг гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар *****нэг өдрийн цалин хөлсийг 169,836.89 төгрөг гэж ажилтны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг зөрүүтэй тооцоолж маргажээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 150/ШШ2023/00203 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар “*****” ТӨХК-ийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/362 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн үйлдвэрлэлийн эдийн засагч албан тушаалд ******эгүүлэн тогтоож, дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 15,000,000 төгрөгийг, өртөгт суурилсан менежментийн урамшуулал 6,810,281 төгрөгийг тус тус гаргуулан *****олгож шийдвэрлэжээ. /хх-ийн 41-56/
Дээрх шийдвэрээр *****өмнө нь авч байсан цалин хөлсний дунджийг нарийвчлан тогтоогоогүй байх тул шүүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтын “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар тодорхойлж шийдвэрлэв.
Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлийн 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасны дагуу 2023 оны 01 дүгээр сард 2,605,312 төгрөг, 2023 оны 02 дугаар сард 3,203,318 төгрөг, 2023 оны 03 дугаар сард 6,305,460 төгрөгийг тус тус олгосон нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.
Дээрх журмын 2 дахь хэсгийн 2.1.1-д зааснаар нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо 2,605,312+3,203,318+6,305,460=12,114,090 төгрөг, 2.1.2-т зааснаар нэг өдрийн дундаж цалин хөлс 12,114,090 төгрөгийг 3 сарын хугацаанд ажилласан нийт 65 хоногт хуваахад нэг өдрийн цалин 186,371 төгрөг болно.
Нэхэмжлэгч ******нь 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 326 хоног ажилгүй байсан гэж хугацааг тодорхойлсныг хариуцагч үгүйсгээгүй тул 186,371х326=60,756,946 төгрөг байх ба үүнээс 49,833,368 төгрөгийг олгосон талаар зохигч маргаагүй.
60,756,946-49,833,368=10,923,578 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжлэх эрхтэй боловч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 6,389,453 төгрөгийг гаргуулна гэж тайлбар гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас 6,389,453 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан ба ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлоход ээлжийн амралтын цалинг оруулан тооцохгүй гэх хариуцагчийн хариу тайлбар хууль зүйн үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ *****ажлаас чөлөөлсөнтэй холбоотой 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 7,177,800 төгрөгийг олгосон ба буцаан гаргуулна гэж,
Нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах ёстой гэж тус тус маргаж оролцож байна.
Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
“*****-ийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/362 дугаартай тушаалаар *****“*****” ХХК-ийн Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн үйлдвэрлэлийн эдийн засагч албан тушаалаас чөлөөлснийг тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 150/ШШ2023/00203 дугаартай шийдвэрээр *****урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.
Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 6,554,296 төгрөгийг олгосон байх ба шүүх ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон тул хариуцагч ажилтанд олгосон тэтгэмжээ буцаан шаардах эрхтэй.
Иймд шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлт хийв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т …хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульд заасан тул нэхэмжлэгч талын “...итгэмжлэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй...” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
Ижил төрлийн мөнгөн шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгосон тухайд:
Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д “Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно” гэж хуульчилжээ.
Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 6,389,453 төгрөгийн шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн 6,554,296 төгрөгийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагуудыг /6,554,296-6,389,453=164,843/ хооронд нь тооцож, нэхэмжлэгч *****164,843 төгрөгийг гаргуулж “*****” ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 129,795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******” ХХК-иас 117,180 төгрөгийг гаргуулж улсын орлогод, нэхэмжлэгч *****129,795 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*****” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 82 дугаар зүйлийн 82.1, Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож, нэхэмжлэгч ******164,843 төгрөгийг гаргуулж “*****” ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 129,795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*****ХХК-иас 117,180 төгрөгийг гаргуулж улсын орлогод, нэхэмжлэгч *****129,795 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*****” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардаж авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА