Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/802

 

     2025          07            01                                        2025/ДШМ/802

                                                                 

О.Б-од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Баасанжаргал,

хохирогч Г.Ө,

шүүгдэгч О.Б-, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Ариунболдын даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2025/ШЦТ/1144 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Ө-, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч О.Б-од холбогдох 2411 01345 0053 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт О-ын Б, **** оны 8 дугаар сарын 17-ны өдөр *** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, "****** **"-д ачигч ажилтай, ам бүл 7, эхнэр, таван хүүхдийн хамт ********* дүүрэг 20 дугаар хороо ****** ** дугаар гудамж ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: ********/,

Шүүгдэгч О.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр ********тоотод байх иргэн Г.Ө-ын эзэмшлийн гэрийн тооноор нэвтэрч тэгш ус, усны гутал, цахилгаан плитка, хэрэглээний жижиг газ зэргийг хулгайлахаар завдсан гэмт хэрэгт холбогджээ.  

Чингэлтэй дүүргийн прокурорын газар: О.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Б овогт О-ын Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч О.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг, Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж...” шийдвэрлэжээ.

 

Хохирогч Г.Ө- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч О.Б- нь 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, ******** **-р гудамжны *** тоот хаягт байрлах миний өмчлөлийн монгол гэрт нэвтэрч орж хулгай хийх явцдаа надад баригдсан. О.Б- нь миний өмчлөлийн хөрөнгөд нэвтрэхдээ гэрийн бүрээс, гялгар уутыг урах, янданг гишгэх байдлаар буюу миний өмч хөрөнгөд хохирол учруулж уг гэмт хэргийг үйлдсэн. Тухайн асуудлыг мөрдөн шалгах явцдаа миний өөрийн өмч хөрөнгөөс алга болсон эд хөрөнгийг бүрэн олж тогтоогоогүй, эд хөрөнгөд учирсан хохирлыг дүн мөн тооцохгүйгээр шийдвэрлэсэнд миний бие гомдолтой байна. Түүнчлэн тухайн гэмт хэрэгт холбогдогч О.Б- нь миний өмчлөлийн эд хөрөнгөд удаа дараа нэвтэрч уг гэмт хэргийг үйлддэг байсан талаарх гутлын мөр болон холбогдох фото зураг, нотлох баримтыг мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчид гаргаж өгсөн. Улмаар хүүхдийн 2 ширхэг ВМХ унадаг дугуй, уртасгагч 2 ширхэг, 3 хүрз, тастагчийн ир, усны насос, 10 л тогоо, 25л усны сав 2ш зэрэг үнэ бүхий зүйлс алга болсон талаар мөрдөгдөж мэдэгдсэн боловч энэ талаарх баримт хэргийн материалд хавсаргагдаагүй. Эхлээд хулгай ороход цоожоо сольсон боловч дараагийн удаа тооноор орж хулгай хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад учирсан хохирлын хэмжээг тогтоохыг прокурорын байгууллагад даалгаж, анхан шатны шүүх рүү хэргийг буцааж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд О.Б- нь мөрдөн шалгах ажиллагаан шатанд өгсөн мэдүүлэгт "...би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд тухайн эзэнгүй айл руу ороод унтсан. Эд зүйлийг нь тооноор гаргаж тавьсан. Юу болсон талаар сайн санахгүй байна..." гэх мэдүүлэг, хохирогч Г.Ө-ын өгсөн мэдүүлэгт "...хашаандаа ирээд гэрээ харсан чинь миний байшин барихдаа ашигладаг эд зүйлсийг гэр дээр гаргаад тавьчихсан байсан.... Гэрээ буулгаж байгаад хатавчаар гэр рүүгээ шагайгаад харсан чинь зүүн талын орон дээр хүн унтаж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан... гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс дүгнэхэд О.Б- нь хэдийгээр хулгайлах гэмт хэрэг үйлдэх зорилгоор бусдын эд зүйлсийг гэрийн тооноор гаргаж тавьсан боловч дээрх эд зүйлсийг өөрийн эзэмшилд бүрэн авч чадаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн шалгаанаас болж хулгайлах зорилгоо төгсгөж чадаагүй унтсанаас хулгайлах гэмт хэрэг бүрэн төгсөж чадаагүй болохоос хохирогч Г.Ө- гэрт орж ирсэнээр хулгайлах гэмт хэргийг таслан зогсоож төгсгөж чадаагүй гэж үзэхээргүй байна. Харин хулгайлах сэдэл, санаа зорилгоор бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн боловч хулгайлах гэмт хэргийг архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс унтаж ЭХЕА-2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар "Гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзахаас өмнө хийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь бие даасан өөр гэмт хэргийн шинжтэй байвал тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж зааснаар ЭХТА-13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргээр төгс үйлдэгдсэн байх магадлалтай байна. Өөрөөр хэлбэл О.Б- нь хулгайлах сэдэл, санаа зорилгоор бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн боловч хулгайлах гэмт хэргийг архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс унтаж хулгайлах гэмт хэргийг туйлд нь хүргэхээс сайн дураараараа татгалзаж, харин өмнө хийсэн бусдын орон байранд нэвтэрсэн үйлдэл нь ЭХТА-13.6 дугаар зүйлд заасан орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийн шинжтэй байх тул О.Б-од холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч О.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэрт нь орсноо хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Хоёр дахь удаагаа орсон гэж намайг буруутгаж байгаад гомдолтой байна...” гэв.

 

Прокурор Э.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 удаа мэдүүлэг өгсөн. Хохирогчид эрх үүргийг нь танилцуулж, хууль сануулж мэдүүлэг авсан. Хохирогчийн зүгээс алдсан гэх зүйлсийн талаараа тодорхой мэдүүлдэггүй. Урьд нь О.Б- орсонтой адилхан гутлын мөр байсан гэх мэдүүлэг байдаг. Мөрдөгч тухайн үед юу алга болсон талаар мэдэх боломжгүй. Хохирогч өөрөө юу алдагдсан талаараа бүртгэн мөрдөгчид мэдэгдэх үүрэгтэй. Гутлын мөртэй холбоотой баримтыг мөрдөгчид гаргаж өгсөн гэсэн асуудал яригдаж байна. Энэ талаар хохирогчид шүүхийн шатанд уулзаж хэлсэн. Ийм асуудал байгаа бол тусдаа гомдол гаргаж цагдаагийн байгууллагад шалгуулах боломжтой. Мөрдөгч таны өгсөн материалыг хэрэгт хавсаргаагүй тохиолдолд дээд шатны байгууллагад гомдол гаргах эрх нь нээлттэй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч энэ талаар хохирогчид тайлбарлаж хэлдэг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар гомдол гаргасан байна. Улсын дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 379 дугаартай тогтоолд гэмт хэрэг үйлдэхээс татгалзах ойлголтын талаар тайлбарлаж тусгасан. Тодруулбал гэмт хэрэг үйлдэхээс татгалзах гэдэг нь гэмт хэргээ төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс өөрийн хүсэл зоригийн дагуу татгалзах, татгалзах үед гэмт хэрэг үйлдэх урьдчилсан шатанд байх гэсэн үндсэн шинжийг хангасан байхыг шаардана гэж байгаа. Шүүгдэгч О.Б- хулгайлах гэмт хэрэг үйлдэхээс өөрийн хүсэл зоригийн дагуу татгалзаагүй. Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас унтсан нь өөрийн хүсэл зоригийн дагуу гэмт хэрэг үйлдэхээс татгалзсан гэж үзэх боломжгүй. Харин хохирогч гэртээ ирснээр түүний хулгайлах үйлдэл таслан зогсоогдсон гэж прокурорын зүгээс дүгнэлт хийсэн. Шүүх мөн адилхан дүгнэлт хийсэн. Энэ үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхээр завдах тухай ойлголт өгсөн. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль зүйн зарчмын дагуу О.Б-ын үйлдэл нь хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан болох нь тогтоогдсон. Харин гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан зүйл тогтоогдоогүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлынхоо үндэслэлийг тайлбарлахдаа хэлж байна. Шүүгдэгч О.Б- тухайн гэрээс хулгайлах зорилгоор хууль бусаар нэвтэрсэн боловч эд зүйл аваагүй. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ хэргийн тухайд гэмт хэргийн үндсэн шалтгаан шүүгдэгчийн үйлдэл, сэтэл санаа зорилго байгаа. Шүүгдэгч О.Б-ын үйлдэл нь хүн амьдрах зориулалттай орон гэрт хууль бусаар нэвтэрч хулгайлах санаа зорилго агуулж байсан болох нь тогтоогдож байгаа. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/1144 дүгээр шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар О.Б-од холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогч Г.Ө-, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

1. Шүүгдэгч О.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр ********тоотод байх иргэн Г.Ө-ын эзэмшлийн гэрийн тооноор нэвтэрч тэгш ус, усны гутал, цахилгаан плитка, хэрэглээний жижиг газ зэргийг хулгайлахаар завдсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 13/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-19/,

- хохирогч Г.Ө-аас: “...Би ЧД-ийн **-р хороо, ********  *** тоотод хувийн хашаа байшин эзэмшдэг тэр хашаанд нэг монгол гэртэй. Би 2023 оны 11 сард хашаандаа очиход манай хашаанд шинэ цас орсон байсан бөгөөд цасанд дээр хүний хөлийн мөр гараад наашаа баахан явчихсан байсан. Тэгээд гэрийн цоожийг эвдээд хүн орсон байсан боловч ямар нэгэн зүйл алдагдаагүй байсан. Би тухайн үед хашаанд гарсан мөрний зургийг дараад шинэ цоож гэртээ зүүгээд явсан. 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрээ янзлахаар ирээд гэрээ харсан чинь миний байшин барихдаа ашигладаг тэгш ус, эхнэрийн усны гутал, цахилгаан плитка, хэрэглээний жижиг газ зэргийг гэр дээр гаргаад тавьчихсан байсан. Гэртээ орж үзэх гэсэн боловч түлхүүрээ мартсан байсан тул гаднаас нь буулгаж эхэлсэн. Гэрээ буулгаж байгаад хатавчаар гэрлүүгээ шагайгаад харсан чинь зүүн талын орон дээр хүн унтаж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрийн бүрээс гялгар цаасыг урсан байсан. Манай гэрт унтаж байсан хүний гутлын хээ нь өвөл 11 сард гутлын хээтэй адилхан байсан...” /хх 22/,

- ******** ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээ: “...тэгш ус-17.600 төгрөг, плитка-39.000 төгрөг, газ-1.680 төгрөг, усны гутал-13.200 төгрөг, нийт 71.480 төгрөг...” /хх 27-30/,

- мөрдөн шалгах ажиллагаанд О.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2024 оны 5 дугаар сарын 12-нд архи уугаад тасарсан байсан. Гэрийн хаалгыг нээх гэхэд цоожтой байхаар нь тооноор орж гэрт байсан газын плитка болон ганц, хоёр зүйлийг тооноор нь гаргасан. Өөр юу авснаа санахгүй байна. Тэгээд дотор нь унтсан. Би өмнө тэнд очиж байгаагүй...” /хх 35, 38-39/ гэх мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд О.Б-од холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

   Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч О.Б-ыг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.Б- нь …2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Г.Ө-ын эзэмшлийн гэрийн тооноор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж тэгш ус, усны гутал, цахилгаан плитка, хэрэглээний жижиг газ зэрэг нийт 71.480 төгрөгийн эд хөрөнгийг гэрийн тооноор гаргаж, улмаар гэрт нь унтаж байхдаа гэрийн эзэнд баригдсан буюу шүүгдэгч нь хулгайн эд зүйлээ захиран зарцуулж амжилгүйгээр, түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалан хулгайлах гэмт хэрэг төгсөөгүй…үйл баримтыг нотолсон нотлох баримтууд хэрэгт авагдсан нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний үндсэн шинжийг бүрэн хангасан байна гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Б- нь хохирогчийн эзэмшлийн гэрт нэвтрэх эрхгүй атлаа нэвтрэн орж, эд зүйл мэдэгдэлгүй авч, гэрийн тооноор гаргасан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч, ашиг хонжоо олох гэсэн сэдэлтийг нь нотолж байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

4. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч О.Б-ын хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн зөв тайлбарлан хэрэглэжээ.

5. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай бөгөөд хуульд гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ял нь төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас ялгаатай буюу аль болох бага байхаар хуульчлагдсан байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 2-8 жил хүртэл хорих ял шийтгэхээр хуульчлагдсан байдаг ба анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Б-од 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ийнхүү анхан шатны шүүх ялыг хөнгөрүүлэн оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэснийг журамлаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч О.Б-од “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан” өөрчлөлтийг оруулав.

6.1. Хохирогч Г.Ө-аас “...О.Б- нь гэрт нэвтэрч орохдоо гэрийн бүрээс, гялгар уутыг урах, янданг гишгэж миний хөрөнгөд халдсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн анхан шатны шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй.  Мөн өмнө манай гэрт хулгай орж байсан ба хулгай хийсэн хүний гутлын мөр нь О.Б- гэх хүний гутлын мөртэй адилхан байна. Манайхаас хүүхдийн 2 ширхэг ВМХ унадаг дугуй, уртасгагч 2 ширхэг, 3 хүрз, тастагчийн ир, усны насос, 10 л тогоо, 25л усны сав 2ш зэрэг үнэ бүхий зүйлс алга болсон талаар мөрдөгчид хэлсэн. Иймд хохирлыг хэн хэрхэн барагдуулах талаар зааж, хэргийг нэг мөр шийдвэрлэж өгнө үү...”,

6.2 шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяраас: “...хулгайлах гэмт хэргийн зорилгоо төгсгөж чадаагүй унтсан, хохирогч гэрт орж ирсэнээр гэмт хэргийг таслан зогсоож төгсгөж чадаагүй үзэхээргүй байна...Эрүүгийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийн шинжтэй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлуудыг давж заалдах шатны шүүхэд тус тус гаргажээ.

6.1 А. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүхийн өмнөх, шүүхийн шатны гэсэн хатуу зааглагдсан хоёр үе шаттайгаас хэргийг хэрхэн шийдвэрлэх нь мөрдөн байцаалтын үр дүнгээс ихээхэн хамаарах ба прокуророос шилжүүлсэн хавтаст хэргийн хэмжээнд шүүн таслах ажиллагааг явуулах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд тодорхой заасан байна.

Дээрх хуульд заасны дагуу анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу шүүгдэгч О.Б-ын ...2024 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн иргэн Г.Ө-ын эзэмшлийн гэрт тооноор нь нэвтрэн орж тэгш ус, усны гутал, цахилгаан плитка, хэрэглээний жижиг газ зэргийг хулгайлахаар завдсан... үйлдэлд дүгнэлт хийн, гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь хуульд нийцсэн байна.

6.1 Б. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол”, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг”-т тооцно гэж хуульчлан тогтоосон.

Хэргээс үзэхэд хохирогч Г.Ө- ...2024 оны 5 дугаар сарын 12-нд гэрийн тооноор тэгш ус, эхнэрийн усны гутал, цахилгаан плитка, хэрэглээний жижиг газ зэргийг гаргаад гэр дээр тавьчихсан байсан. Эдгээр эд зүйлээ буцааж авсан... харин гэрийн бүрээс гялгар цаасыг урсан, яндан дээр гишгээд дахин ашиглагдах боломжгүй болгосон тул шинээр гэрийн бүрээс худалдан авсан...талаар мэдүүлсэн бөгөөд хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан байхад анхан шатны шүүхээс шүүгдэгч нь бусдад төлбөргүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл хохирогч Г.Ө- нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хэрэгт хавсаргаж өгөөгүй нь шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан байх тул хохирогч Г.Ө-ын энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч О.Б- нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

6.1 В. Хохирогч Г.Ө-ын гомдолд дурдагдсан “...манай гэрт өмнө хулгай орж байсан, тухайн хүний гутлын мөр энэ хүний гутлын мөртэй ижилхэн байна. Би тэр үед цагдаад мэдэгдэж, гомдол гаргаж байгаагүй, манайхаас хэд хэдэн зүйл алга болсон. Хэзээ алга болсныг мэдэхгүй...” гэх агуулга бүхий хэсэгт дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

Учир нь, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийг прокуророос буруутгаж буй гэмт хэрэг, яллаж буй хуулийн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх ба энэ нь шүүхийн хөндлөнгийн байх, мэтгэлцэх зарчмын илрэл болдог бөгөөд шүүхээс хийсвэр таамаглал, субъектив хүсэл зориг, үзэмжийн асуудалд санаачлагаараа дүгнэлт өгөх боломжгүй болно.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг хуульд заасан бүх арга хэмжээг ашиглан мөрдөн шалгаж, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг мөрдөгч, прокурор нарт холбогдох хууль тогтоомжоор хүлээлгэсэн болохыг анхааруулж байна.

6.2 А. Завдалтаас сайн дураараа татгалзах: ...субъект завдалтаас төгс татгалзахын тулд үйлдлээ үргэлжлүүлэх боломжоос сайн дураараа татгалзсан байх учиртай. Сайн дураараа гэдэгт сэтгэхүйн онолоор субъектийн татгалзаж байгаа үйлдлийн санаа нь ямар нэгэн гадны нөлөөгүй зөвхөн өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр бие даан бий болсон байх...учиртай болно.

Хэрэгт авагдсан үйл баримт, нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд хохирогч Г.Ө-ыг зусландаа ирэхэд гэрийн тооноор эд зүйлийг гаргаж тавьсан, улмаар гэрт нь танихгүй хүн унтаж байгааг мэдээд цагдаа дуудсан, ...шүүгдэгч О.Б- нь архи хэтрүүлэн ууснаас болж унтсан...зэрэг үйлдэлд шүүгдэгчийг гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан гэж үзэх үндэслэлгүй болно.

Шүүгдэгчийн “...Архи хэтрүүлэн уусан байсны улмаас унтсан, үйлдлээ санахгүй байгаа...” гэж мэдүүлсэн нь гэмт хэрэг үйлдэхээс татгалзсан гэсэн ойлголтод хамаарахгүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан...” гэсэн агуулга бүхий гомдлын хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... орон байранд хууль бусаар нэвтрэх орох...” гэсэн бие даасан гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж дүгнэн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээрх үндэслэлүүдээр хохирогч Г.Ө-ын гаргасан давж заалдах гомдлын заримыг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн Г.Өсөхбаярын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд хэрэгсэхгүй болгосныг дурдан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч О.Б-ын 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 57 /тавин долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2025/ШЦТ/1144 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Шүүгдэгч О-ын Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй...” гэснийг “...шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор гаргуулбал зохих нотлох баримт бүхий төлбөргүй, хохирогч Г.Өсөхбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогч Г.Ө-ын гаргасан давж заалдах гомдлын заримыг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн Г.Өсөхбаярын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ын шийтгэх тогтоол гарснаас энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ГАНБААТАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ