Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 304/ШШ2026/00052

 

2026       01          09        

                        304/ШШ2026/00052

 

 

        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, Д.С*******ын гудамж, ** дүгээр байрны ** давхар, *** тоотод байрлах, “Нано капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б****** аймаг, Б***** сум, ** дугаар баг, **** баг ** дүгээр гудамж ** тоотод оршин суух Ч.М*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,632,085.93 /гурван сая зургаан зуун гучин хоёр мянга наян таван төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “Нано капитал ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нано капитал ББСБ” ХХК нь Ч.М*******тэй 2025 оны 03 сарын 17-ны өдөр ЗГ202503-0144 тоот зээлийн гэрээ байгуулсан сарын 3.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 3,500,000 төгрөгийг I phone 14 promax гар утас худалдан авах зориулалтаар барьцаат зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монгол Банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/298/ дугаар тушаалаар баталсан "Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгалам, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал"-ын дагуу бодож, 2025.04.01-с төлөхөөр хувиар гарган батлуулсан. Зээлдэгч нь 2025.03.28-д 215,680 төгрөг, 2025.04.30-д 215,680 төгрөг, 2025.05.27-д 215,700 төгрөг, 2025.07.22-д 286,320 төгрөг төлснөөс хойш огт төлөлт хийлгүй 147 хоног болсон ба 99525790 дугаараар холбогдож зээлийн төлөлтийн талаарх мэдээлэл өгдөг зарим тохиолдолд мессэж илгээдэг, хэд хэдэн удаа цалин буух өдрөө хэлээд хугацаа товолсон ч гэсэн зээлийн зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй байна. Иймд зээлийн гэрээний 6 дугаар зүйлд заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бий болсон гэж үзэж гэрээний мөнгөн дүнг нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч Ч.М******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нано капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 3,632,085.93 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Нано капитал ББСБ” ХХК нь хариуцагч Ч.М*******т холбогдуулан 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 3,632,085.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ч.М******* нь нэхэмжлэгч “Нано капитал” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 3,632,085.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч “Нано капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.М*******т холбогдох 3,632,085.93 /гурван сая зургаан зуун гучин хоёр мянга наян таван төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.М******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,064 /далан гурван мянга жаран дөрөв/ төгрөгөөс 36,532 /гучин зургаан мянга таван зуун гучин хоёр/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 36,532 /гучин зургаан мянга таван зуун гучин хоёр/ төгрөгийг, хариуцагч Ч.М*******ээс 36,532 /гучин зургаан мянга таван зуун гучин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Нано капитал ББСБ” ХХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ОДОНЧИМЭГ