| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2408017500307 |
| Дугаар | 2025/ДШМ/825 |
| Огноо | 2025-07-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/825
2025 07 08 2025/ДШМ/825
Н.Ж, Ж.Т нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ундрах,
цагаатгагдсан этгээд Ж.Т, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамирын даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2025/ШЦТ/1231 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн эсэргүүцэлд үндэслэн Н.Ж, Ж.Т нарт холбогдох 2408 01750 0307 дугаар эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
С овогт Н-ы Ж, **** оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***** ***** **** *дугаар курст сурдаг, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт ******* дүүргийн 30 дугаар хороо *-* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:*******/,
Б овогт Ж-ын Т, **** оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***** ***** **** *дугаар курст сурдаг, ам бүл 8, эцэг, 6 дүүгийн хамт, ******* дүүргийн 17 дугаар хороо ***** ***-*** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:*********/,
Шүүгдэгч Н.Ж Ж. Т нар нь бүлэглэн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ********* дүүргийн 27 дугаар хороо *********дугаар байрны гадна байсан хохирогч А.Б-н 1,560,000 төгрөгийн үнэ бүхий Чезарь загварын **** ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Ж, Ж.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүдэгч Б овогт Ж-ын Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч С овогт Н-ы Ж-ыг Эрүүгийн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн" гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж...” шийдвэрлэжээ.
Прокурор Н.Ундрах давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Ж-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх 70-72/ болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Н.Т-ий сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх 74-75/ мөн яллагдагч болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Р.Г-ын мэдүүлэг /хх 65-68/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37- 39 хуудас/, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-29 хуудас/ зэрэг бичгийн баримтууд авагдсан байна. Эдгээр бичгийн баримтуудаар Н.Ж, Ж.Т нарын анхны сэжигтнээр өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо агуулгын болон үйл явдал, гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилго, бүлэглэн оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, шалтгаан нөхцөл, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг нь харилцан зөрүүгүй, яллагдагчаар татагдсанаас хойш Ж.Т-ий өгсөн: "... Би гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдээгүй, бусдын тээврийн хэрэгсэл гэдгийг сүүлд мэдсэн мэтээр анхны өгсөн мэдүүлгүүдээ өөрчилж өгсөн мэдүүлгийг үнэлсэн боловч шүүгдэгч Н.Ж-ын өгсөн: "... Би Т-д машиныг авахаас өмнө л тухайн машиныг Б-ийн машин гэдгийг хэлсэн байсан, Т бид хоёр анхнаасаа л ярилцсан байсан. Бид хоёр ярилцаад уг машиныг зарахаар болсон" гэсэн мэдүүлгийг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан "Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан", түүнчлэн гэрч Р.Г-од Ж.Т нь "Миний машин гэж хэлсэн, үүний улмаас Ж.Т-гийн Хаан банкны ************ тоот дансанд 380.000 төгрөгийг машины ченж Р.Г-ын зүгээс шилжүүлсэн, хохирогч А.Б-гийн машиныг асааж унахаар Н.Ж, Ж.Т нар нь анхнаасаа санаа зорилгоо нэгтгэж, улмаар тээврийн хэрэгслийн дугуйг бусдын тээврийн хэрэгслийн дугуйгаар сольсон, өөр тээврийн хэрэгслийн аккумлятораар асаасан, тухайн хохирогчийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулахаар тохиролцож, улмаар Ж.Т нь өөрийн урьд мэдэх автомашины ченжийг шүүгдэгч Н.Ж-т зааж өгч, дагуулан очиж, өөрийн машин мэтээр худал хэлж, бусдад худалдсан, анхнаасаа хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдсээр байж санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Н.Ж нь "Би Т-д машиныг авахаас өмнө л тухайн машиныг Б-ийн машин гэдгийг хэлсэн байсан, Т бид хоёр анхнаасаа л ярилцсан байсан. Бид хоёр ярилцаад уг машиныг зарахаар болсон" гэж Ж.Тий үйлдлийг нотолсон мэдүүлгийг няцаан үгүйсгэлгүй, шүүгдэгч Э.Т-г цагаатгаж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан "Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухайн үндэслэлийг заагаагүй" буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Мөн анхан шатны шүүхээс Ж.Т-ий үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-д зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийг илтэд үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Цагаатгагдсан этгээд Ж.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн өдөр Ж надад хандаад “хамт яваад тэр машиныг асаагаад өгөөч” гээд гуйсан. Би Ж-т туслахын тулд найзын хувиар очиж тусалсан. Би зөвшөөрөөд тусалсан. Акумляторын хувьд Ж “надад акумлятор олоод өгөөч, цаагуур чинь акумлятор байна уу, хараад өгөөч” гээд надаас гуйсан. Тэгээд би портерийн дэвшин дээрээс олж өгсөн. Хажуу талын машинаас дугуй авсан. Ж тэр дугуйг Б-ийн ахынх нь машины дугуй, үүнийг аваад хийчихье гээд тэр машинд авч хийсэн...” гэв.
Цагаатгагдсан этгээд Ж.Т-гийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Т--гийн сэжигтэнээр өгсөн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлгээс өөр байхад уг мэдүүлгүүдийг үнэлсэн нь үндэслэлгүй гэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Ж, Ж.Т нар өмгөөлөгчгүй оролцсон. Өмгөөлөгч миний бие шүүхийн шатнаас эхэлж оролцсон. Ж.Т сэжигтэнээр анх мэдүүлэг өгөхдөө “Ж нь өөрийнхөө машин гэдэг байдлаар надад ойлголт өгсөн” гэсэн байдаг. Н.Ж, Ж.Т нар хамт коллежид суралцдаг. Тэр машиныг анх Ж очиж аваад Б- ахын машин гэдгийг анхнаасаа мэдэж байсан. Ингээд Ж нь Т рүү зургийг нь явуулаад асааж үзэх гэсэн юм гэдэг талаар ярьсан байдаг. Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Уг машин хохирогч Б-гэдэг хүнийх бөгөөд энэ хүний машин болохыг анхнаасаа Ж.Т-д хэлээгүй байдаг. Хохирогч Б-гэх хүний машин болохыг Т мэдэх боломжгүй. Хавтаст хэргийн 99-100 дугаар талд авагдсан мэдүүлэгт “тухайн үед Ж-ыг хүний машиныг зөвшөөрөлгүй зарж борлуулсан гэдгийг мэдээгүй. Мэдсэн бол тийм үйлдэл хийхгүй байсан” гэсэн байдаг. Мөн гэрч Г-ын мэдүүлгийг прокурор эсэргүүцэлдээ дурдсан байсан. Гэхдээ Г-ын мэдүүлэгт “Ж.Т миний машин гэж хэлсэн” гэх үг, өгүүлбэр байхгүй байсан. Тухайн үед Ж-ын утас унтарсан байсан тул Ж “чи дансаараа мөнгийг нь авчих” гэж хэлсэн байдаг. Ж.Т тухайн үед дансандаа мөнгөтэй байсан. Мөнгөний хэрэгцээ хэнд байсан гэхээр Ж-т л байсан болох нь харагддаг. Үүнд шүүх анхаарч дүгнэлт хийж өгнө үү. Хамтран оролцсон гэж үзэж байгаа бол хөдлөшгүй баримтаар тогтоох нь маш чухал. Үйлдлээрээ санаатай нэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй. Камерын бичлэгт Ж-ын хэлсэнээр л Ж.Т үйлдэл хийгээд байгаа болох нь харагддаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Прокуророос Н.Ж Ж.Т нарыг “Бүлэглэн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо *********дугаар байрны гадна байсан хохирогч А.Б-н 1,560,000 төгрөгийн үнэ бүхий “Chaser” загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн...” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Ж.Тг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, Н.Жыг Эрүүгийн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн" гэм буруутайд тооцож, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байна.
Анхан шатны шүүхээс Ж.Тгийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгахдаа хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бодит байдлаар бүрэн гүйцэт үнэлж чадаагүй, прокуророос ялласан нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүйн улмаас шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд тулгуурлан, тэдний танилцуулсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байдлыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.
Хэрэв бүхий л нотлох баримтыг шалгаж, үнэлсний эцэст шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэхэд эргэлзээ гарвал хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай боловч ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй тохиолдолд аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн бодитой, хангалттай шалгаж тодруулаагүй буюу нотлох баримтын хүрэлцээт байдал хангагдаагүй нөхцөлд үүссэн тодорхой бус байдлыг үндэслэл бүхий эргэлзээнд тооцох учиргүй.
Шийтгэх тогтоолоос үзэхэд анхан шатны шүүх...Ж.Тг “Хулгайлах үйлдэлд хамтран оролцсон, шунахайн сэдэлт, зорилгоор үйлдсэн гэх баримт авагдаагүй, Н.Жын мэдүүлгийн талаар бусад нотлох баримтаар нотлогдохгүй...” хэмээн ойлгомжгүй, тодорхой бус дүгнэлт хийснээс гадна Н.Жын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх 70-72/ болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Н.Тгийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх 74-75/ мөн яллагдагч болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Р.Г-ын мэдүүлэг /хх 65-68/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37- 39 хуудас/, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-29 хуудас/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй, үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байна.
Дээрх нотлох баримтуудыг шүүх хэрхэн үнэлсэн талаар шүүхийн шийдвэрт заагаагүй атлаа хоорондоо нэгдмэл сонирхол бүхий этгээдүүдийн мэдүүлгийг ач холбогдолтойд тооцож, хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон, шунахайн сэдэлт, зорилгоор үйлдсэн гэх баримт авагдаагүй хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн гадна нотлох баримтыг шалгаж, үнэлэх талаар хуульд заасан шаардлагыг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзнэ.
Иймд прокурор Н.Ундрахын бичсэн 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг хангаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2025/ШЦТ/1231 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор тогтов.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан Ж.Т, Н.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурор Н.Ундрахын бичсэн 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг хангаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2025/ШЦТ/1231 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ж.Т, Н.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ