Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/00751

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/00751

 

 

 

Т.З.Ү.А.А.Э.ГУТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/00444 дүгээр шийдвэртэй Т.З.Ү.А.А.Э.ГУТҮГ-ын нэхэмжлэлтэй Н ХХК болон БХХК-д холбогдох, 623 360 631 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулансайхан, О.Буянхишиг, Н.Оюунтэгш, хариуцагчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар УТҮГазар нь Н ХХК болон БХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Монгол Төрийн түүхийн музейн засвар 2013/ХIV.2.1 Багц-1: Төрийн түүхийн музейн дээвэр, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын ёслолын шатны засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан холбогдох ажлыг гүйцэтгүүлсэн. Гэрээний тусгай нөхцөлд заасан ажил нь Багц-1: Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Монгол төрийн түүхийн музейн дээврийн засвар, хүндэтгэлийн гол шатны засвар хийх байснаас техникийн тодорхойлолтод тусгагдсаны дагуу дараах ажлуудыг чанаргүй болон огт хийж гүйцэтгээгүй. Үүнд: Шилэн галерейн тавцангаас /шал/ доош хучилтаар борооны ус нэвтэрч Төрийн түүхийн музейн тааз руу ордог тул энэхүү ус нэвтрэлтийг зогсоож бүрэн засварлаж гүйцэтгэх байсан ч Төрийн түүхийн музейн дээврийн ус нэвтрэлт зогсоогүй, удаа дараа ус алдаж музейн тааз нурсан тул Төрийн түүхийн музейн хэвийн ажиллагаа алдагдаж, хосгүй үнэт үзмэрүүд гэмтэх эрсдэл үүссэн.

Төрийн далбаа бүхий гол шилэн куполтой хэсгийн хүрээний 2 давхар эмжээрийн шаргал өнгийн хиймэл чулуун хавтан /135м2/ хагарч эмтэрч, дээрээс унаж эхлэн аюултай орчин үүсгэж байгаа тул тэр хэсгийг тусгай, бат бөх, аюулгүй, өнгө зохицлыг хангасан материалаар шинэчлэн солих ажлыг огт хийгээгүйгээс хиймэл чулуун хавтан хагарч эмтэрч дээрээс унаж, аюултай нөхцөл байдал үүсгэж байгаагаас Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээг хэвийн явуулахад хүндрэлтэй байдал үүссэн.

Гол шатны 45 гишгүүрийн нүүрний босоо нарийн чулууг /чулууны зузаан 2.5-3 см-ээс доошгүй/ одоогийн өнгө загварын дагуу шинээр бэлтгэн угсрах байсан. Уг өнгөлгөөний засварыг чанаргүй гүйцэтгэснээс уг чулуу ховхрон унаж, хагаран барилгын өнгө үзэмжийг алдагдуулж байна. Тус компанийг гэрээний дагуу дээрх чанаргүй гүйцэтгэсэн ажлаа засах, дутуу хийсэн ажлаа гүйцээхийг сүүлийн 3 жилийн турш шаардаж, удаа дараа уулзалт, хурал зохион байгуулж, протокол үйлдэж, албан бичиг өгсөөр өдий хүрч байна. Гэвч гүйцэтгэгч Н ХХК, БХХК нь чанаргүй хийсэн ажлаа засварлахдаа ор нэр төдий, аргацаасан байдалтай гүйцэтгэж, хийгээгүй ажлаа материалын сонголт хийж байна, орлуулах материал олдохгүй байна, санхүүжилт мөнгө орж ирэхээр гэх мэтчилэн шалтаг заасаар барилгын чанарын баталгаат хугацаанд тодорхой үр дүн гаргаагүй. Ажил гүйцэтгэх гэрээнд заагдсан ажлыг дахин гүйцэтгэхэд гэрээг байгуулсан үнийн дүнгээр дахин засварлах шаардлагатай байна. Иймд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлсэн тул гэрээнд заагдсаны дагуу ажил үүргийг чанартай гүйцэтгээгүйгээс үүссэн хохирол болох 623 360 631 төгрөгийг Н ХХК, БХХК -иар тус тус нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: Н ХХК болон БХХК нар нь нэхэмжлэгчтэй 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Монгол төрийн түүхийн музейн засвар 2013/ХIV.2.1 Багц-1: Төрийн түүхийн музейн дээвэр, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын ёслолын шатны засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан холбогдох ажлыг гүйцэтгэсэн. Засварын ажлыг хийж гүйцэтгэхэд зураг төсөл огт байгаагүй бөгөөд зөвхөн ус нэвтэрч буй хэдэн цэгийг заасан байсан ба ус яг хаанаас, юунаас болж нэвтэрч байгааг тогтоогоогүй байсан. Тухайн үеийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж ус нэвтрэх боломжтой гэсэн газар хэсэг бүрийн ажлыг чанарын өндөр түвшинд хийсэн. Засварын ажлыг хийж гүйцэтгэхэд батлагдсан зураг төсөл байгаагүйн улмаас өөрсдийн ажлын туршлагад тулгуурлан хийж гүйцэтгэсэн болно.Тус ажлын баталгаат хугацаанд бид боломжит бүх арга хэмжээг авч ажилласан бөгөөд ус нэвтрэлт манай компанийн хийсэн ажлаас болоогүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Бидний үзэж байгаагаар шар чулуун пандус дээр буусан борооны ус шууд дээврийн хучилтад хүрч тэндээс ус нэвтэрч байсан. Уг пандусны ажил шинээр солих нь манай ажилд тусгагдаагүй бөгөөд ажил гүйцэтгэлийн явцад ус тавьж шалгахад нэвтрээгүй ба бороо ороход ус нэвтэрсэн тохиолдол гарсан ба тухайн асуудлын талаар хурал дээр цогцолборын автор н.Баяр ...пандусыг солихгүй бол ус нэвтрэлт зогсохгүй гэж хэлж байсан. Гэвч тухайн ажлын хөрөнгө, мөнгө байхгүйн улмаас солих ажлыг хийхгүй орхисон. Мөн гол шилэн куполтой хэсгийн чулууг солих ажлыг хийж гүйцэтгэхэд зураг байхгүй, аюулгүй ажиллагааны улмаас хийж гүйцэтгээгүй орхигдсон. Дээрх ажлын материалын сонголт танилцуулсан ч зураг байхгүйн улмаас одоог болтол хийгдээгүй. Тус ажлыг Н ХХК, БХХК нар түншлэлийн гэрээ байгуулж хамтран гүйцэтгэсэн бөгөөд БХХК нь Н ХХК-тай байгуулсан түншлэлийн гэрээний үүрэг, хариуцлагаа бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заалтыг тус тус баримтлан хариуцагч Н ХХК болон БХХК нараас 618 510 631 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар УТҮГ-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 4 850 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар УТҮГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Н ХХК болон БХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 3 250 503 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэбаяр давж заалдах гомдолдоо: Манай компани нь 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2013/XIV.2.1 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтад шалгарч Төрийн түүхийн музейн дээвэр, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын ёслолын шатны засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулан холбогдох ажлыг хийж гүйцэтгэсэн. Н ХХК, БХХК түншлэлийн гэрээ байгуулж хамтран гүйцэтгэсэн бөгөөд БХХК нь Н ХХК-тай байгуулсан түншлэлийн гэрээний үүрэг, хариуцлагаа бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Шилэн галерейн таазнаас доош хучилт нэвтлэн борооны ус нэвтрээгүй гэдэг нь бидний хэд хэдэн удаагийн шалгалт, засвар үйлчилгээний явцад тогтоогдсон. Харин пандусаар ус нэвтэрч, бидний шинээр хийсэн хучилтын доогуур нэвчин орж байгааг тогтоосон. Борооны ус нь баганууд болон пандусны араар нэвтрэн орж байгаа бөгөөд ус нэвчиж байгаа талбай нь бидний гүйцэтгэсэн ажилд хамааралгүй. Гэрээнд зааснаар засвар шинэчлэлтийн явцад пандусыг солих, солихгүй тухай яригдсан ч захиалагч тал шинэчлэхгүй байх шийдвэр гаргасан. 2013/XIV.2.1 дугаартай тендерт пандусыг шинэчлэх төсөв тусгагдаагүй, гүйцэтгэх ажлын жагсаалтад ороогүй болно. Манай компанийн зүгээс пандусыг шинэчилснээр ус алдалт зогсоно гэж үздэг.

Төрийн далбаа бүхий гол шилэн куполтой хэсгийн хүрээний хоёр давхар эмжээрийн шаргал чулуун хиймэл хавтанг солих ажил нь гэрээнд тусгагдсан ажлын нэг хэсэг юм. Уг ажлыг гүйцэтгэхэд Төрийн ордны оройн хэсэгт гарч шилэн куполын хүрээний хэсгийг солих учир шат болон дүүжин шатны бэхэлгээг маш сайн хийхгүй бол хөдөлмөр аюулгүй ажиллагааны хувьд эрсдэлтэй учир зураг гаргаж өгөхийг хүссэн боловч шийдэл хайж цаг хугацаа алдсан. Гол шатны 45 гишгүүрийн нүүрний цөөн хэдэн чулууны унаж хагарсан хэсгийг цаг тухайд засч засварласан бөгөөд гэрээнд заасан баталгаат хугацаанд засвар үйлчилгээг гүйцэтгэсэн болно. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 07/100/405 дугаартай дүгнэлт, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 355 дугаар зүйлийн 355.1, 225, 226 дугаар зүйлүүд, 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.З.Ү.А.А.Э.ГУТҮГ нь хариуцагч Н ХХК болон БХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 623 360 631 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Т.З.Ү.А.А.Э.ГУТҮГ нь Н ХХК болон БХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Монгол Төрийн түүхийн музейн засвар 2013/ХIV.2.1 Багц-1: Төрийн түүхийн музейн дээвэр, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын ёслолын шатны засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заасан. Хэрэгт ажлын үр дүнг хэзээ хэрхэн хүлээн авсан, өгсөн талаар баримт авагдаагүй. Гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээн авах үед хариуцагч нарын хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан эсэх, чанарын шаардлага хангаж байсан эсэх нь тодорхойгүй байна.

Талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхэд хариуцагч компанийн гүйцэтгэсэн дээврийн ажил нь шаардлага хангасан эсэх, доголдол нь уг эд зүйлийг ашиглах боломжгүй, эсхүл засаж сайжруулах боломжгүй доголдол мөн эсэх үйл баримтыг тогтоох нь ач холбогдолтой юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд хариуцагч байгууллагын хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг ашиглах боломжгүй гэж үзэж, гэрээгээ цуцлан ажил гүйцэтгэх гэрээнд заасан үнийг буцаан гаргуулахаар шаардсан, эсхүл тухайн ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүнд доголдол гарсан учраас уг доголдлыг арилгуулахтай холбоотой зардлыг гаргуулахаар шаардсан аль нь болох нь тодорхойгүй байна.

Хариуцагч нар хийсэн ажлын зарим хэсэг доголдолтой байсан үйл баримтад маргаагүй боловч бүхэлдээ доголдолтой гэж үзэхгүй, барилгын үндсэн бүтэц, хийцтэй холбоотойгоор ус гоожиж, доголдол үүсч байгаа гэх агуулгаар өөрийн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар маргаанд хамааралтай дээрх үйл баримтыг болон ажлын гүйцэтгэл нь доголдолтой байсан, хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг ашиглах боломжгүй гэж үзэх эсэхийг тодруулахад тусгай мэдлэг шаардлагатай гэж үзнэ. Үүнтэй холбоотойгоор шинжээчийн дүгнэлт хэрэгт ач холбогдолтой байжээ.

Хэргийн 1 дүгээр хавтасны 235 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй ч хэргийн оролцогчоос өөрийн шаардлага, татгалзлаа нотлохоор өгсөн нотлох баримт гэж үзнэ. Уг дүгнэлт хэргийн оролцогчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1500 дугаар захирамжийн дагуу хийгдсэн гэх боловч шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй, шинжээч нар нь хэрэгт хамааралгүй, ашиг сонирхлын зөрчилгүй, тухайн шинжилгээ хийлгэх асуудлаар мэргэшсэн, мэдлэг ур чадвартай эсэхийг тодорхойлсон, болон түүнд эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баримтгүй учир Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хийгдсэн шинжилгээ, дүгнэлт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүй баримт, хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагын зүгээс гаргуулсан мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгожээ. Энэхүү баримт нь барилгын ашиглалттай холбоотой шалгалт хийж гаргасан акт гэж үзэхээр байх тул ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой эсэх, доголдол ямар шалтгаанаар үүссэн, захиалагч, гүйцэтгэгчийн хэн гэм буруутай болохыг нотолж тогтоосон эргэлзээгүй баримт, маргааны зүйл болж буй ажил үйлчилгээний талаар мэдлэг ур чадвартай, мэргэжил эзэмшсэн этгээдийн гаргасан дүгнэлт гэж үзэхэд учир дутагдалтай юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй болно.

Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй талуудын хоорондын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ нь хуулбар үнэн тэмдэг дарагдсан, шүүхээс бүрдүүлсэн баримт мөн эсэх нь тодорхой бус, шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ. /1хх-ийн 14-23 дугаар тал/

Хэргийн нөхцөл байдал дээрх байдлаар тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад болон хууль хэрэглээний дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/00444 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 3 250 510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Б.НАРМАНДАХ