Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 30

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч Б.Баярсайхан /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Батчулууны Баярсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818000000004 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механик мэргэжилтэй, Зам тээврийн хөгжлийн төвийн Дархан салбарын хураах цэгийн ахлах ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 17 дугаар хороолол 17/1 дүгээр байрны 49 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Борлууд овогт Батчулууны Баярсайхан /ОЭ83041255/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч Б.Баярсайхан нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг “Ласти” хотхоны 5 дугаар байрны 4 тоотод өөрийн эхнэр Б.Батцэцэгтэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж, хэл амаар доромжлон улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Баярсайхан нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг “Ласти” хотхоны 5 дугаар байрны 4 тоотод өөрийн эхнэр Б.Батцэцэгтэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, хэл амаар доромжлон улмаар нүрэн тус газарт нь гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Батцэцэгийн “...Уурандаа би нөхрийгөө бага зэрэг доромжлоод ...чи намайг ажил хийгээд ядраад ирэхэд дандаа орой ирлээ... гэх зэргээр явган хэрүүл хийдэг гээд хэрэлдэж байтал нөхөр уурандаа гараараа миний зүүн чихний хэсэг рүү хүчтэй цохьсон. Нөхөртөө цохиулснаас болж толгой өдөржин өвдсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11/,

 

Шүүгдэгч Б.Баярсайханы “...Батцэцэг намайг шээс минь дахиж битгий ирээрэй, хүүрээ чирээд яваарай” гэж орилоод байхаар нь би хүүхдийнхээ цамцаар Батцэцэгийн толгой руу зөөлөн ороолгосон чинь Батцэцэг над руу хүрч ирээд миний мөр лүү цохихоор нь би уурлаад баруун гарынхаа алганы ар талаар Батцэцэгийн зүүн талын шанаа луу нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ямар ч тохиолдолд эмэгтэй хүнд гар хүрч болохгүй гэдгийг ойлгож ухаарсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, одоо бид 2 учраа ололцсон, цаашид дахин ийм үйлдэл гаргахгүй байж чадна, гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй, гэр бүлийн санхүүгийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан торгуулийн ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 72 дугаартай “...Б.Батцэцэгийн биед тархи доргилт, зүүн чихний арын зөөлөн эдийн хуралт тогтоогдлоо. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, цалин хөлс, орлого олох боломж зэргийг харгалзан тогуулийн ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.Батцэцэг нь хэрэгт хохирол төлбөртэй холбогдолтой баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Б.Баярсайханаас гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Борлууд овогт Батчулууны Баярсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Баярсайханаас гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Борлууд овогт Батчулууны Баярсайханд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баярсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД