| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2503000000294 |
| Дугаар | 2025/ДШМ/826 |
| Огноо | 2025-07-08 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Т.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/826
2025 07 08 2025/ДШМ/826
З.А-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Амарзаяа,
шүүгдэгч З.А, түүний өмгөөлөгч Б.Энхболд,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
*********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжавын даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2025/ШЦТ/1200 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.А-, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудад үндэслэн түүнд холбогдох 2503 00000 0294 дугаар эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт З-гийн А-, **** оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, борлуулагч ажилтай, ам бүл 4, эгч, дүү, ах нарын хамт ********* дүүрэг 43 дугаар хороо *********тоотод оршин суух,
урьд: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг 2024 оны 6 дугаар сарын 18-нд биелүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн, /РД:*********/,
Шүүгдэгч З.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 02 дугаар сарын 5-ны шөнө 03:00 цагийн үед ********* дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр ********* өргөн чөлөө ****** замаас ****** музей рүү явах замд “Toyota Prius” загварын **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: З.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
*********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Б- овогт З-гийн А-ыг "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 3.А-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 6 хоногын зорчих эрх хязгаарлах ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялаас 1 жил 10 сар 6 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 10 сар 6 хоногийн хугацаагаар хасаж, хорих ялыг 1 жил 10 сар 06 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 3.А-т оногдуулсан 1 жил 10 сар 06 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 10 сар 6 хоногийн хугацаагаар хасах ялыг шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхэлж тоолохыг дурдаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5- д зааснаар шүүгдэгч З.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг тус тус дурдаж...” шийдвэрлэжээ.
Шүүгдэгч З.А- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тухайн өдөр С бид хоёр машинд 2, 2 пиво уусан. С гадаа утсаар ярьж 30-40 минут болж байгаад ирэхдээ Э буюу Э гэх залуутай орж ирсэн. Бид гурав юм ярьж сууж байгаад баар орохоор болж нөгөө залуу жукавт таньдаг, гайгүй баар байгаа тийшээ оръё гэсэн. С жолоочийн хажуу талын суудалд, би арын суудалд сууж байсан. Сансарын тойргоор дээшээ өгсөөд явж байхад харанхуй булан руу эргээд зугтаарай гээд бид гурав зугтсан. Би харанхуй булангаас гарч нөгөө хоёрыг авахаар такси бариад очиход цагдаа нар чи сая зугтаасан залуу мөн үү гэхэд нь мөн гэсэн. Жолоо барьсан уу? гэхэд нь би бариагүй гэж хэлээд та саяны жолоо бариад зугтаасан залуутай андуурчихлаа гэхэд намайг доромжиллоо гээд 2 удаа элэгдэж, мөн 2 чихнээс бариад машин мөргүүлээд байсан. С алаг тэрэгэнд явж байхдаа дүү уурхайд машин барьдаг, эрхээ хасуулж болохгүй гэж хэлсэн. М гэх цагдаа чи өмнө ийм байсан байна, одоо чамайг явуулдаг газар луу нь явуулна гээд байсан. Би тэр цагдаад та намайг их зодлоо, ар гэрийхэнтэйг ярьж болох гэхэд яриулахгүй байсан. Г намайг хурдан үлээ пизда минь, ардаа ажилтай гээд байхаар нь дөнгөж үлээтэл эгч гаднаас орж ирсэн. ... гэдэг цагдаатай энэ залууг яаж машин барьсан гэж нотолоод байгаа юм бэ? гэхэд наадуул чинь бааранд байсан гэсэн бичлэгийг нь олоод тань руу явуулъя гэсэн. С маргааш өглөө нь согтуу ирэхэд нь чи үнэнгээ хэл гэж хэлсэн. Эгчтэйгээ хамт гомдол гаргахад нөгөө хүмүүсээ авчир гэсэн. Би Стай ахиж уулзаагүй. С уурхай дээр байна гээд байсан. Би цахим гавтай байсан болохоор юу ч болсныг ойлгоогүй зугтаасан. Миний ээж 63 настай байнгын эмчийн хараа хяналтад байдаг. Миний найз охин жирэмсэн, 2 ихэр гэж сонссон. Шинэхэн аав болж байгаа тул эцэг хүнийхээ үүргийг биелүүлмээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболд тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...З.А- гэрчээр 1, яллагдагчаар 2 удаа мэдүүлэг өгөхдөө Сын найзын нэрийг мэдэхгүй мэдүүлдэг. С гаднаас Э гэх залуутай орж ирсэн. Тэр залууг анх удаа харсан. Цагдаагийн алба хаагч нар эрүүдэн шүүсэн талаар ********* дүүргийн Цагдаагийн газрын даргад мэдэгдэж байсан нь яллагдагчаар татсан тогтоол болон ********* дүүргийн Замын цагдаагийн хэлтэст гаргаж байсан өргөдлөөр тогтоогдоно. А-ын биед учирсан гэмтэл нь камерын бичлэгт дүрслэгдээгүй байх боломжтой нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзээгүй байна. ...” гэв.
Прокурор Т.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Цагдаагийн албан хаагчид зодуулсан гэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн шатанд шалгасан боловч энэ асуудал нотлогдоогүй. Анхан шатны шүүх ямар учраас нотлогдоогүй болохыг шийтгэх тогтоолдоо бүрэн, тодорхой тусгасан. Гэмт хэрэг үйлдэгдээд 4 сар болж байхад цагдаагийн байгууллагын албан хаагч нарт зодуулсан эсэх талаарх гомдлыг гаргаж шалгуулаагүй, тухайн албан хаагч нарын талаарх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаагүй байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь шинэчлэн судлаад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэж шийдвэрээ гаргасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна…” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч З.А-ыг “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 02 дугаар сарын 5-ны шөнө “Toyota Prius” загварын **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон...” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, хянан хэлэлцээд шүүгдэгч З.А-ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй байхад хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь буруу гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Үүнд:
1. Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан.
Нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.
Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн талаар шинжлэн тогтоогдож, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, ялын тэнцвэр тохироог хангахад чухал шаардлагатай билээ.
Эдгээр шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэг, заалтын диспозицид тухайн гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоосон тохиолдолд энэ нь гэмт хэргийн нийгмийн аюулын багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлын эерэг эсхүл сөргөөр үнэлэхэд хүргэж, шүүхээс сонгон хэрэглэж буй ялын бодлогод зайлшгүй нөлөөлдөг онцлогтой.
Хэрэгт “...З.А- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас татгалзсан тэмдэглэл /хх 9/, мөн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ 3...найз нь ирээд Сын машиныг жолоодсон. Би хойд талд суугаад явж байсан.../хх 18/...цагдаагийн алба хаагч “Чи машин барьсан биздээ” гээд зодсон учраас “Би машин барьсан” гэж хэлсэн…/хх35/ гэсэн мэдүүлэг, мөрдөгчийн…Г.С би хөдөө уурхайд байна, мэдүүлэг өгөх боломжгүй…гэсэн тэмдэглэл /хх 36, 91, 92, 93, 94, 95, 97/, анхан шатны шүүхийн шүүгчийн …Сыг гэрчээр асуух, түүний найз Э байсан эсэх…зэргийг тодруулах ажиллагаа хийхийг прокурорт даалгасан захирамж /хх 81-84/…” зэрэг баримтууд авагдсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан мөрдөгч нь өөр нутаг дэвсгэрт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах шаардлага гарвал энэ тухай даалгаврыг бичгээр хүргүүлэх болон дуудагдсан гэрч хүрэлцэн ирэхгүй байгаа тохиолдолд албадан ирүүлэх зэрэг ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар явуулаагүй атлаа анхан шатны шүүхээс 2025 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр хэрэгт нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалгаж, шүүх хуралдааныг 30 хүртэл хоногоор хойшлуулсан байхад захирамжид заасан ажиллагааг хийхгүйгээр тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Г.Г, М.Т нарыг гэрчээр асууж мэдүүлэг авч, гэрч Сыг дуудахад ирээгүй талаар мөрдөгчийн тэмдэглэл үйлдсэнээр нотлох ажиллагааг хязгаарласан нь уг хэргийн талаарх нотолбол зохих байдлыг хангалттайгаар нотолсон гэж үзэх үндэслэлгүй юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг хуульд заасан бүх арга хэмжээг ашиглан мөрдөн шалгаж, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг мөрдөгч, прокурор нарт холбогдох хууль тогтоомжоор хүлээлгэсэн болохыг анхааруулж байна.
2. Шүүгдэгч З.А- нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг 2024 оны 6 дугаар сарын 18-нд биелүүлсэн /хх 43, 58-60/ байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байжээ. /хх 47-56/
Улмаар 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан /хх 4-6/ байх бөгөөд дахин 2025 оны 02 дугаар сарын 5-ны шөнө “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогдсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ялын тооцооны талаарх лавлагаа баримт хэрэгт авагдаагүй байхад хууль зүйн ямар үндэслэлээр, хэдий хугацааны ялыг хэрхэн тооцоолж нэмж нэгтгэсэн нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар ялтан шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө дахин гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, хуульд заасан журмын дагуу хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэх бол нэг ижил төрлийн ялыг заавал нэмж нэгтгэнэ.
Эрх хасах ялын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид нийтийн албанд ажиллах, томилогдох, сонгогдох, тээврийн хэрэгсэл жолоодох, тодорхой төрлийн, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах зэргээр хуульчлагдсан байдаг.
Хэрвээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд хэд хэдэн шийтгэх тогтоолоор нэг төрлийн эрхий хасах ял шийтгэсэн бол нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох ба хэд хэдэн өөр эрхийг нь хасах байдлаар ял шийтгэсэн тохиолдолд тус тусад нь эдлүүлэхээр тогтоох юм.
Иймд шүүгдэгчийн хувьд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял болон Зөрчлийн хуулиар авсан шийтгэлээс аль, алийг нь эдэлсэн, хэдий хугацааны ял үлдсэн талаарх баримтыг Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэргээс нотлох баримтын шаардлага хангуулан авч хэрэгт хавсаргах, зохих ялын тооцоог Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хийсний дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байгаа болохыг энэхүү магадлалд дурдах нь зүйтэй байна.
Тодруулбал, анхан шатны шүүх хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, 4 дүгээр сарын 9-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүх хуралдааныг товлосон, мөн хэрэгт хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт авагдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...шүүх хуралдаанд дуудан ирүүлэх хүний нэр”-ийг тусгана, 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “..яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ...” гэснийг тус тус зөрчжээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 89.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт шүүгчийн туслах “шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн...33.2-1.8-д “шүүх хуралдааны бэлтгэлийг хэн, хэрхэн хангах тухай” заасан байхад шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч З.А-, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, *********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2025/ШЦТ/1200 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч З.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.А-, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, *********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2025/ШЦТ/1200 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч З.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ