Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 213/МА2018/00042

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* аймгийн Засаг даргын

тамгын газарт холбогдох иргэний хэргийн тухай

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 131/ШШ2018/00771 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч ******* аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

 Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ хийсэн ажлын хөлс 182.160.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нар оролцов.

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* аймгийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 541 албан тоот албан бичигтэй байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ хийлгэх хүсэлтийн дагуу 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хохирлын үнэлгээ тогтоох гэрээг харилцан тохиролцож байгуулж, улмаар захиалагч тал томилолтын зардал болох 9.653.440 төгрөгийг манай компанийн дансанд шилжүүлсэн байдаг. Ингээд ******* аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтэс Байгаль орчны газар зэрэг холбогдох эрх бүхий байгууллагын оролцоотой тус аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд ноцтой хохирол учруулсан 19 аж ахуй нэгж, хуулийн этгээдийн хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг хийж тухайн газруудын нөхөн сэргээлтийн зардлыг тооцоолох ажлыг хууль тогтоомж, стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. Гэвч гэрээний захиалагч тал дээрх ажлын хөлсийг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй байгаа тул байгаль орчны хохирлын үнэлгээ хийсэн ажлын хөлс болох 182.160.000 төгрөгийг ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Байгаль орчны үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий ******* ХХК нь ******* аймгийн Засаг даргатай 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдөр А88/455 тоот хохирлын үнэлгээ тогтоох ажлын гэрээг байгуулсан. ******* ХХК-ийн зүгээс ******* аймгийн 7 сумын нутагт зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосонтой холбоотой байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээнд нь зохих шинжилгээг хийж үнэлгээг гаргаж хүлээлгэж өгөх, аймгийн Засаг даргын зүгээс гэрээнд заасан ажлын хөлсийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон байдаг. Гэрээний дагуу 19 хуулийн этгээд дээр 19.000.000.000 төгрөгийн хохирлыг байгаль орчинд учруулсан талаарх дүгнэлтийг гаргаж гэрээний үүргээ бүрэн биелүүлж 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр актаар хүлээлцсэн. Засаг даргын томилсон эрх бүхий этгээдэд тайлан актыг хүлээлгэж өгсөн. ******* аймгийн Засаг даргын зүгээс 182.160.000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сардаа багтааж ******* ХХК-ийн дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон тул хариуцагчаас 182.160.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сарангарав анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хэрэгт авагдсан гэрээ болон акт нь албан бичгийн шаардлага хангахгүй байгаа. Тухайн үед үнэлгээ тогтоосон ажлын гэрээн дээр аймгийн Засаг даргын тамгын газрыг төлөөлж ******* гарын үсэг зурсан боловч тамга дарагдаагүй байдаг юм. Ажил хүлээлцэхээр ямар нэг ажлын хэсэг томилогдоогүй байхад тэр үед аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан ******* актанд гарын үсэг зурсан зэрэг нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Гэрээ 2013 онд байгуулагдсан. Би 2014 онд ажилд орсон. 2014 онд эвдэрсэн газруудын тооллого хийгээд тэр газрууд дээрээ нөхөн сэргээлт хийнэ гэсэн журам гарч байсан. Манайх 2014 онд бүх газруудыг тоолсон. Хохирсон байгууллагуудыг холбогдох байгууллага тогтоодог гэв.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/88/455 тоот хохирлын үнэлгээ тогтоох ажлын гэрээний үүргийн гүйцэтгэл байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ хийсэн ажлын хөлс 182.160.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.068.750 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжийн 1.068.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Хэрэгт авагдсан гэрээ болон акт нь албан бичгийн шаардлага хангаагүй бөгөөд аймгийн Засаг даргыг төлөөлж Хөгжпийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан ******* нь гарын үсэг зурсан боловч тамга дараагүй байдаг.

Угтаа ******* нь иргэн хүний талаас биш аймгийн Засаг даргыг төлөөлж байгаа тохиолдолд заавал тамга тэмдгээр баталгаажуулах ёстой гэж үзэж байна.

Мөн тус гэрээний аймгийн Засаг дарга баталсан хэсэг нь Хуульд заасан хэлбэр биш юм. Өөрөөр хэлбэл хууль заасан тохиолдолд нотариатаар батлуулах ёстой. Уг гэрээ нь хэлбэрийн хувьд ажил гүйцэтгэх гэрээ бөгөөд ерөнхий нөхцөл дээр заавал баталгаажуулахыг шаарддаггүй. Ингэхээр Засаг даргын баталгаажуулсан хэсэг нь үр дагавар үүсэхгүй заавал байх ёстой хэсэг биш байна. Ажил хүлээлцэхээр ямар нэгэн ажлын хэсэг томилогдоогүй тухайн үед Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан ******* ганцаараа хүлээн авсан актанд гарын үсэг зурсан байдаг. Иймд энэ гэрээ болон акт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтын дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болно.

Гэрээ байгуулах, үнэлгээ хийлгэх үйл ажиллагаатай холбоотойгоор 2013 оны аймгийн Засаг даргын үндсэн чиглэл, төсөв төлөвлөгөөнд огт тусгагдаагүй, хөрөнгө хаанаас гаргах нь тодорхойгүй, төлөвлөгдөөгүй байгаа нь байгууллагын архиваас гаргасан лавлагаагаар нотолно. Мөн Санхүүгийн өр авлагаар тусгагдсан асуудал, өнгөрсөн онуудад энэ талаар хүсэлт, баримт материал ирүүлээгүй.

 Хохирлын үнэлгээ тогтоох ажлын гэрээ нь 2013 онд байгуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасны дагуу энэ гэрээтэй холбоотой харилцааг зохицуулах хугацаа дууссан гэж үзэж байна. 2013 оноос хойш 4 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад ямар нэгэн хүсэлт, нэхэмжлэл, холбогдох баримт ирүүлээгүйг байгууллагын архив болон Хөрөнгө оруулалт, хөгжпийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс ирүүлсэн албан бичгээр нотолно.

Мөн тус хэрэгт хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Д.Сарангаравын гаргасан Байгаль      орчны хохирлын үнэлгээний тайланг хүлээн авсан ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга ******* нь ******* аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж ажил хүлээж авах эрхтэй байсан эсэх. Үнэлгээний   тайлан болон хийсэн ажил хүлээлцэхээр аймгийн Засаг даргын Тамгын газраас болон аймгийн Засаг даргын шийдвэрээр ямар нэгэн ажлын хэсэг томилогдсон эсэх.

Тухайн үед Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан ******* ганцаараа хүлээн авсан актанд гарын үсэг зурсан бөгөөд энэ баримт нь ажлын хөлсийг гаргуулах хангалттай нотлох баримт мөн эсэхийг үзлэг хийж тус тус тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг хангахгүй шийдвэрлэж ИХШХШ тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д “..нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Мөн дээрх баримтуудыг үнэн гэдэг нь эргэлзээтэй байхад шүүх энэ нотлох баримтуудад тулгуурлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд “ЛЭНДС” ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 131/ШШ2018/00771 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ хийсэн ажлын хөлс 182.160.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэжээ.

******* ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх үйл ажиллагааны чиглэл бүхий Улсын бүртгэлийн болон эрхийн гэрчилгээ бүхий компани болох нь Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч тал буюу ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн тул хариуцагч талаас гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаарддаг бол хариуцагч талаас тайлбарлахдаа уг гэрээ нь хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр бус гэрээ, учир нь аймгийн Засаг даргыг төлөөлж аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан ******* гарын үсэг зурсан боловч тамга дарагдаагүй гэсэн үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг төлөхөөс татгалздаг байна.

Гэтэл хариуцагч тал болох ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргаж байгаа тайлбар нь доорх үндэслэлэээр няцаагдаж байна.

******* аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханаас ******* ХХК-д хандаж 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хохирлын үнэлгээ хийлгэх тухай хүсэлт албан бичгийг /хх-ийн 18 дугаар тал/ хүргүүлсэн бөгөөд захиалагч тал нь ажил гүйцэтгэгч тал болох ******* ХХК-ны дансанд томилолтын зардал болох 9.653.440 төгрөгийг урьдчилан шилжүүлсэн байдал зэрэг нь захиалагч талаас гэрээ байгуулах хүсэл зоригоо хангалттай илэрхийлжээ.

Иймд хүсэлтийн дагуу ******* ХХК нь ******* аймгийн Засаг даргын тамгын газартай 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хохирлын үнэлгээ тогтоох тухай 455 дугаар бүхий ажил гүйцэтгэх гэрээг /хх-ийн 12-15 дугаар тал/ байгуулсан бөгөөд гэрээг ******* аймгийн Засаг дарга гарын үсэг зурж, тамга дарж баталсан байгаа нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болно. Харин хариуцагч талаас тайлбартаа дурьдсан баримт бичгийн стандарт, бүрдэл хангаагүй, тамгагүй байна гэдгээр талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр байгууллагджээ.

Ажил гүйцэтгэгч тал буюу ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн болох нь Байгаль орчны хохирлын үнэлгээний тайлан хүлээлцсэн тухай акт /хх-ийн 16 дугаар тал/, тухайн байгаль орчинд хэмжилт хийсэн тухай бичиглэл /хх-ийн 147-151 дүгээр тал/, үнэлгээнд хамрагдсан газруудын тухай ******* аймгийн Байгаль орчны газраас ирүүлсэн 221 тоот албан бичиг /хх-ийн 152 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй байна.

Тухайн үеийн эрх бүхий албан тушаалтан ******* аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан ******* нь ******* ХХК ны гэрээгээр хүлээсэн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, үнэлгээ хийсэн ажлын хөлс 182.160.000 төгрөгийг төлнө гэж тохирсон байхад хариуцагч талаас ажлын хөлсийг төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Тухайлбал тухайн үед Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан ******* нь ******* аймгийн Засаг даргын тамгын газрыг төлөөлж ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хүлээн авах, ажлын хөлсийг төлөхөөр тохирох бүрэн эрхтэй байсан болох нь захиалагч талыг төлөөлж гэрээг нөгөө талтай байгуулсан байдал болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

Хариуцагч талаас давж заалдсан гомдолдоо аймгийн Засаг даргын тамгын газраас буюу аймгийн Засаг даргын шийдвэрээр гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах ямар нэгэн ажлын хэсэг томилогдсон эсэх нь тодорхойгүй, ажил хүлээн авах актанд ******* ганцаараа гарын үсэг зурсан нь хөлс төлөх хангалттай нотлох баримт мөн эсэхэд үзлэг хийж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүх хангаагүй гэж гомдол гаргаж байгаа боловч анхан шатны шүүхээс 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 02475 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бөгөөд анхан шатны шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэнийг давж заалдах шатны шүүх хууль зөрчжээ гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч аймгийн Засаг даргын тамгын газар нь тухайн үед ******* нь ******* аймгийн Засаг даргын тамгын газрыг төлөөлөх бүрэн эрхгүй байсан гэж үзэж байгаа бол, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах ямар нэг ажлын хэсэг томилогдоогүй гэж үзэж байгаа бол энэ тухайгаа шүүхэд нотлох баримтаар нотолж чадаагүй, нотлох баримтаа гаргаж өгөөгүй, тодруулбал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ нотлоогүй байгааг дурьдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч ******* аймгийн Засаг даргын тамгын газраас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.068.750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 131/ШШ2018/00771 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч ******* аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.068.750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

 

 ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

 

 Г.УЛАМБАЯР