Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/867

 

 

 

 

 

    2025            07             22                                         2025/ДШМ/867

 

Х.Д-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Е.Хулан,

хохирогч Г.Т,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1364 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Тийн гаргасан давж заалдах гомдлоор Х.Д-т холбогдох 2310 01935 0151 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн Х-ын Д, **** оны 3 дугаар сарын 22-ны өдөр ******* аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “*** ***** ***” ХХК-д захирлын жолооч ажилтай, ам бүл 7, эмээ, дүү, эхнэр, хүүхдүүдийн хамтаар ****** дүүргийн 5 дугаар хороо, ** дугаар байр, * тоотод оршин суух,

урьд: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэж байсан /РД: ***********/,

Шүүгдэгч Х.Д- нь 2023 оны 5 дугаар сарын 6-ны өдөр ******  дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, “****** **** *” хорооллын гадна хохирогч Г.Т-ийг “Араас барьж хөдөлгөөнийг хязгаарлалаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь ар дагз хэсгээрээ нэг удаа мөргөх, гараараа нэг удаа цохих, хавирч унагаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Х.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-т оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Х.Д-т сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Д-аас 1,320,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Тт олгож шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Т давж заалдах  шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүхийн тогтоолыг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гардан авсан бөгөөд тус шүүхийн 1364 дугаар шийдвэрийг нэг талыг барьсан гэж үзэж байна. Шүүгчийн туслах ”...хохирогчид хурлын товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй байна” гэсэн. 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагийн үед тус шүүхийн 70181375 дугаарын утас руу би өөрийн *******дугаарын утсаар залгаж шүүгчийн туслахтай ярихад “...Д-ын хэргийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шийдвэрлэсэн, хурлын товыг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр таны *******дугаар луу залгаж мэдэгдсэн” гэсэн.

Энэ хэрэг болоод бүтэн 2 жил болж байхад хэрэг шийдэлгүй сунжирсан, одоо болтол хохирлоо аваагүй, надтай хамт явсан миний найз Г хүнд гэмтсэн асуудлыг нь тусгаарласан байгаа. Хохирогч намайг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэснээр өмгөөлөгч авах, хэргийн материал танилцах, нотлох баримт гаргах өгөх зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эрхийг ноцтой зөрчиж улмаар талуудын тэгш эрхийн зарчмыг ноцтой зөрчсөн болно. Иймд анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЦТ/1364 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Е.Хулан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогч материалтай танилцсан. Өмгөөлөгч авах эрх нь мөрдөн шалгах ажиллагаагаар болон хэргийг хянан шийдвэрлэх явцад бүрэн нээлттэй байсан. Шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах түүний утас руу 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 2 удаа, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2 удаа, 2025 оны 05 дугаар 19-ний өдөр 2 удаа тус тус залгасан талаар баримт үйлдэж, хэрэгт хавсаргажээ. 2025 оны 05 дугаар 19-ний өдөр залгахад “оролцохгүй” гэж мэдэгдсэн. Анхан шатны шүүх хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр болсон бөгөөд тус өдөр Х.Д-ын өөрийн эзэмшлийн *******дугаараас залгахад хохирогч “Би оролцохгүй, хохирлоо авах дансаа явуулъя” гэсэн тухай баримтууд хэрэгт цугларсан. Иймд хохирогч Г.Тт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Х.Д-т холбогдох хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг тогтоох ажиллагаа гүйцэд биш хийгдсэн, мөрдөн байцаалтын ажиллагааны ерөнхий нөхцөлийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчин, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд илэрхий саад болох нөхцөл байдлыг анхааралгүй, хэргийг үндэслэлгүй тусгаарласан байхад шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, улмаар Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд ноцтой нөлөөлж болох нөхцөлийг бүрдүүлжээ.

Учир нь, хэрэгт хохирогч Г.Тийн “...2023 оны 5 дугаар сарын 6-ны шөнө Д- толгойныхоо ар дагз хэсгээр мөргөж, газар унасан байхад босгоод 1 удаа нүүр рүү цохисон. Тэр үед Гийн эрүү хажуудаа гарсан, амнаас нь цус гарсан байна гээд байсан...” /хх 16/, Б.Гийн “...Д- миний эрүү рүү 1 удаа цохисон. Намайг цохьчихоод Тийн хамрыг бас гэмтээсэн гэж байсан. Намайг хэн цохисныг хараагүй. Э цохисон байж магадгүй...” /хх 19-20, 193/, гэрч Х.Сн “... Б, Г, Т, Б, А нар байсан. ...Тийг нэг удаа мөргөсөн. Э Гийг түлхэж газар унагаасан...” /хх 29, 143, 169/, гэрч Б.Бий “...Тийг Д- дагз хэсгээрээ мөргөсөн. ...Гийн эрүү хугарсан байна гээд эмнэлэг явсан байсан. Д-т зодуулсан гэж хэлсэн...” /хх 31-32, 95/, гэрч Г.Гын “...манай найз Г газар хэвтэж байсан. Юм ярьж чадахгүй байсан.  Д-т хэлэхэд ах нь мөнгө өгнө, цагдаагаар яваад үзээрэй гэж хэлсэн. Э Гийг цохисон байх магадлалтай...” /хх 34/, гэрч Б.Бын “...Д- цохьсон байх. Тэр үед Д- зодоон хийж байсан...” /хх 36/, гэрч М.Аын “...намайг машинд байхад хүмүүс орилолдох шиг болсон. Хартал Г машины урд талд газар хэвтэж байсан. Эрүү нь гэмтсэн байсан. Д-т зодуулсан гэж хэлсэн...” /хх 38, 98/, гэрч Ө.Эы “...тухайн өдөр гадаа харанхуй байсан. Гийг би түлхсэн...” /хх 40, 141/, Х.Д-ын “...Э өөрөө Сд Гийг цохисон гэж хэлсэн байсан...” /хх 145/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 6179 дугаар шинжээчийн дүгнэлт “...Б.Гийн биед эрүү ясны баруун өнцөг, их биеийн зөрүүтэй хугарал, 1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” /хх 42-43/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 6039 дугаар шинжээчийн дүгнэлт “...Г.Тийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаap сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх 47-48/, шинжээч эмч Н.Туяагийн “...Эрүүний баруун хажуу хэсэгт цохих үед үүсгэгдэнэ. Унахад уг гэмтлүүд үүсгэгдэхгүй...” /хх 178/ зэрэг баримтууд авагдсан байна.

Эдгээр нотлох баримтуудаас үзэхэд 2023 оны 5 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнө хохирогч Г.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, түүний найз С.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан үйл баримт тогтоогджээ.

Гэтэл прокурор 2310 01935 0151 дугаартай эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Б.Г нь 2023 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 2 хорооллын гадна бусдад зодуулсан… гэх 251001447 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх”, “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах”, “Гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх”, “Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” зорилтыг хангахгүй, хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зорилтыг хангах хүрээнд хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэх, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагдах учиртай.

Нэг цаг хугацаанд хоёр хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирсантай холбоотой асуудлыг тус тусад нь шалгаж шийдвэрлэхээр тусгаарлаж, улмаар шүүгдэгч Х.Д-ын холбогдсон нэг үйлдэлд яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэд байдлаар хянах, үйл баримтыг тогтоон хууль ёсны шийдвэр гарах нөхцөлийг алдагдуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчсөн байхад анхан шатны шүүх хэргийг хүлээн авч эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1364 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул хохирогч Г.Тийн “Анхан шатны шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хуралд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн” талаар гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болно.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан Х.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1364 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хохирогч Г.Тийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдаж, шүүгдэгч Х.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.        

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

            ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                             Ц.ОЧ