Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 168

 

Б.Нийн нэхэмжлэлтэй, Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                         Г.Банзрагч,

                                                    М.Батсуурь,

                                                    Д.Мөнхтуяа,                                     

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Тушаал хүчингүй болгож, албанаас халах тухай” Б/770 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан Хорих 401 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0800 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 103 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нарыг оролцуулж, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0800 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчБ.Нээс гаргасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Тушаал хүчингүй болгож, албанаас халах тухай” Б/770 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан Хорих 401 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 103 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0800 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Нарангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3.Б.Нийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 800 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 103 дугаар магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” тухайд:Б.Нийг шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах хугацаанд маргааны эрх зүйн үндэслэл болсон хууль, журам шинэчлэн батлагдсан байдаг. Тухайлбал; Төрийн албаны тухай 2002 онд батлагдсан хууль хүчингүй болж, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019.01.01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 онд батлагдсан хууль хүчингүй болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн. Энэхүү 2 хууль төрийн жинхэнэ албан хаагчийн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон үндсэн эх сурвалж бөгөөд хуулийг хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан холбогдох журмууд шинэчлэн батлагдсан.

5. Төрийн албаны тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбогдох заалтын зөрчил: Хорих 421 дүгээр ангийн 2014-2015 оны санхүүгийн баримтад хийгдсэн шалгалт нь Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй... гэх заалтыг зөрчсөн. Зөрчлийг шалгахдаа удирдамжид заасан санхүүгийн жилээр буюу 2014.01.01-ний өдрөөс 2014.12.31-ний өдрөөр тасалбар болгон шалгах ёстой байсан ч удирдамжид заасан хугацаагаа хэтрүүлж 2015 оны 05 дугаар сар хүртэлх баримтыг шалгасан. /Гаргасан зөрчил гэх нь 6 сар нь өнгөрсөн байсан/ Зөрчлийг илрүүлээд хариуцлага тооцохдоо хугацаа хэтрүүлсэн, учир нь 2015.05.15-ны өдөр шалгалтыг дуусгасан буюу зөрчлийг илрүүлээд 2015.06.24-нд сахилгын шийтгэл оногдуулсан. Нөгөө талаас тушаал нь тухайн гарсан өдрөөр хүчин төгөлдөр үйлчилдэг бөгөөд тушаалд өнгөрсөн хугацаанд үйлчлэхээр тусгах эрх зүйн үндэслэлгүй буюу 2019.05.30-ны өдрийн тушаал нь 2015.06.25-ны өдрөөсБ.Нийг халах хууль зүйн үндэслэлгүй.

6. Монгол Улсын Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно”.. гэж заасны дагуу Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн “62.1.1. энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга удаа дараа зөрчиж байна. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах, харин 48 дугаар зүйлд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг тус тус нарийвчлан хуульчилсан.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн б/770 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.7. “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүргийгБ.Н нь биелүүлээгүй гэж тушаалын үндэслэлээ гаргасан байна.Б.Н нь төрийн тусгай албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 40.1 .Энэ хуулийн 10.1.1, 10.1.3-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтооно... гэж заасны дагуу Монгол Улсын Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Улсын Их хурлаас төрийн тусгай албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг тогтоосныг зөрчсөн байж халагдах учиртай. Гэтэл Улсын Их хурлаас Төрийн тусгай албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг тогтоол шийдвэрээр баталсан зүйл байхгүй болно. ИймдБ.Н нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.7-д заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн б/770 дугаар тушаал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.1.өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн... гэх заалтыг үндэслэсэн байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018.09.27-ны өдрийн А/183 дугаар “Дүрэм батлах тухай” тушаалаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 5.3 дахь “Энэ журмын 5.2-д заасан “ноцтой зөрчил” гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилгын дүрэм, хөдөлмөрийн дотоод журамд заасан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай бий болгосон, энэ дүрэмд заасан сахилга, ёс зүйн хэм хэмжээг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ”... гэх заалтыг тус тус үндэслэсэн байдаг.Б.Нийг албанаас халахдаа ёс зүйн хэм хэмжээг 2-оос дээш удаа зөрчсөн гэж халсан уу, эсхүл санхүүгийн баримтад зөрчил гарсан тул эд хөрөнгийн хохирол учруулсан гэж халсан уу гэдэг нь тодорхойгүй байдаг. Нөгөө талаас 2014-2015 оны Хорих 421 дүгээр ангийн санхүүгийн баримтад хийгдсэн шалгалтын дүнг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018.09.27-ны өдрийн А/183 дугаар “Дүрэм батлах тухай” тушаалаар батлагдсан хэм хэмжээний актаар сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм.

9. Эрх зүйн актыг Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэх, боловсронгуй болгох, хэлбэрэлтгүй мөрдөх нь Төрийн байгууллагын үндсэн үүрэг бөгөөд тухайн цаг хугацаанд журам, дүрмээ хуульд нийцүүлээгүй нь хариуцагчийг зөвтгөх үндэслэл болохгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн б/770 дугаар тушаалдБ.Нийн гаргасан зөрчил гэх 4 зүйл нь ахлах нягтлан бодогчийн өдөр тутмын үйл ажиллагаа байх бөгөөд энэ нь Төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолт, Үр дүнгийн гэрээнд тусгагдсан ажил, үйлчилгээ юм. Төрийн албан хаагч нь ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ Төрийн албаны тухай хуулийн 47.1.1.хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд халагдах нөхцөл үүсдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн б/770 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн, албан хаагчийн эрх зүйн байдал, баталгааг хангаагүй тушаал байна.

10. Анхан болон давж заалдах шатны шүүх Хууль зүй, дотоод хэргийн яамны улсын ахлах байцаагчийн 2018.07.04-ний өдрийн 06/01, 06/02 актуудад нэхэмжлэгч гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрсөн тул халсан нь үндэслэлтэй гэх бүдэг дүгнэлт хийсэн тухайд: НэхэмжлэгчБ.Нд Хууль зүй, дотоод хэргийн яамны улсын ахлах байцаагчийн 2018.07.04-ний өдрийн 06/01, 06/02 актуудыг шүүхийн шийдвэрт заасны дагуу гардуулахдаа гарын үсгээ зурчих, дээшээ ороод даргатай уулзаад ажилдаа ор гэсэн боловчБ.Нийг ороход дахин халах тушаал танилцуулсан байдаг. Энэ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр өгсөн тайлбараар батлагдана.Б.Н нь дахин халах тушаалыг авахдаа дээрх актуудыг тушаалд дурдаагүй байсан тул шууд шүүхэд хандсан байдаг.

11. Хууль зүй, дотоод хэргийн яамны улсын ахлах байцаагчийн 2018.07.04-ний өдрийн 06/01,06/02 актуудыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй, шүүхийн шийдвэрээр энэхүү нөхцөл байдлыг нэг мөр шийдвэрлүүлэхийг эрмэлзсэнийг шүүх анхаараагүй. Хэрэв гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байсан ч тэрхүү зөрчил нь төрийн албан хаагчийг төрийн албанаас халах ноцтой зөрчил мөн үү биш үү гэдгийг мөн анхаараагүй. Дээрх актад дурдсан асуудлыг ШШГЕГ-аас санхүүгийн зөрчилтэй холбогдуулан 25.188.031 төгрөгийг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017.04.17-ны өдрийн 1321 шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017.06.30-ны өдөр 1481 дүгээр магадлалаар хүнсний материалд илүү зарцуулсан 6.946.079 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Улсын дээд Шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.11.17-ны өдрийн 01448 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны магадлалыг хэрэгсэхгүй болгосныг анхаараагүй. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна” гээд 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасан бөгөөд 06/01 болон 06/02 тоот актууд нь маргаан бүхий актын үндэслэх хэсэгт огт дурдаагүй, хууль зүйн үүднээс үндэслээгүй гэж үзэх бөгөөд анхан шатны шүүхийн “...хариуцагч тайлбарлаж байгаа” болохоор гэж дурдсан илэрхий эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт болно. Эд хөрөнгийн хохирол учруулсан эсэхийг эцэслэн тогтоогоогүй, баримтыг үнэлээгүй.

12. Анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн “123.2.2.шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол”.. гэх заалтыг зөрчсөн тухайд: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн аваагүй, гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан. Учир нь анх ажлаас халсан ШШГЕГ-ын даргын 2015.06.24-ний өдрийн б/748 дугаар тушаал, хоёр дахь удаагаа ажлаас халсан ШШГЕГ-ын даргын 2018.07.18-ны өдрийн б/899 дүгээр тушаалыг хүчин төгөлдөр бус байсан болохыг тогтоолгохоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.З.З.захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох;.... -оор хандсан боловч шүүх нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг зөрчиж, урьд шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр гэж өрөөсгөл байдлаар хандаж хүлээн аваагүй, улмаар хууль зөрчиж гомдол гаргах эрхгүй захирамжаар гаргасан. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 09.27-ны өдрийн А/183 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сахилга, ёс зүйн дүрэм-ийг нотлох баримтын шаардлага хангуулаагүй хэргийг шийдвэрлэсэн. МөнБ.Нийн ажлын байрны тодорхойлолт 2015.04.27-ны өдөр батлагдсан байгааг анхаарч үзэлгүй, 2014-2015 оны гаргасан зөрчилд дүгнэлт хийсэн.

13. Нэхэмжлэгч Б.Н нь Төрийн албанаас, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнаас 3 удаа халагдсан бөгөөд анх 13 зөрчил гаргасан гэмт хэрэгтэн мэтээр байгууллагын албан хаагчдын дунд ойлгогдохоор хууль зөрчиж, халсаныг шүүх удаа дараа залруулах боломжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад олгосон боловч хүний нэр төр, алдар хүндийг унагаж, халсан тушаалаа шинэчлэн тухай бүр гаргасанд туйлын гомдолтой байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Хууль хэрэглэх” зарчмыг хуульчилсан байдаг бөгөөд шууд тухайлан заагаагүй боловч эрх зүйт төрийн (rule of law) тогтолцоонд аливаа үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил эсхүл гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах хариуцлагыг хөнгөрүүлсэн, хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх, эрх зүйн байдлыг дордуулсан, хүний эрхийг явцууруулсан, хязгаарласан хуулийг буцаан хэрэглэхгүй, тайлбарлахгүй байх үндсэн зарчимтай. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх асуудалд дэлгэрэнгүй дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгчийн тайлбарыг үл ойшоосонд тун гомдолтой байна.

14. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна” гээд 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасан бөгөөд 06/01 болон 06/02 тоот актууд нь маргаан бүхий актын үндэслэх хэсэгт огт дурдаагүй, хууль зүйн үүднээс үндэслээгүй гэж үзэх бөгөөд анхан шатны шүүхийн “...хариуцагч тайлбарлаж байгаа” болохоор гэж дурдсан илэрхий эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт болно. Хамгийн чухал нь нэхэмжлэгч 06/01 болон 06/02 тоот үндэслэн гарсан гэх ажлаас халсан акттай маргаж байхад дээрх улсын байцаагчийн акттай маргаагүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь илэрхий үндэслэлгүй юм. Цуврал захиргааны акт гаргах ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч нь өөрийн субьектив эрхэд халдсан буюу ажлаас халсан захиргааны акттай маргах нь зүйтэй байдаг.

15. Түүнчлэн шүүхээс тус актуудаар нэхэмжлэгчийг зөрчил гаргасныг тогтоосон, нэхэмжлэгч гомдол гаргаагүй хэмээн дүгнэсэн байх боловч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 179 дүгээр шийдвэртэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүнд тус актуудыг үл харгалзан захиргааны байгууллагад нөхцөл байдлыг тодруулан дахин шинэ акт гаргахыг даалгасан тул 06/01 болон 06/02 тоот актууд эрх зүйн ач холбогдолгүй болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 179 дүгээр шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11 дүгээр зүйлийг үндэслэн “...эрх бүхий субьектээр дахин хянан шалгалт хийхийг даалгаж, “...нөхцөл байдлыг бодитойгоор тогтоосны дараа өөрийн эрх хэмжээний хүрээнд шинэ акт гаргах эрх нээлттэй болно” хэмээн шийдвэрлэсэн байдаг.

16. Түүнчлэн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 179 дүгээр шүүхийн шийдвэрт дурдагдсан гэрч Ц.Хы мэдүүлэгт “хэрэв уг актыг хүлээн зөвшөөрөхгүй бол 4 байгууллагын хамтарсан шалгалт оруулж зөрчлийг шалгуулах боломжтой” гэж мэдүүлсэн шүүхээс харгалзан үзэж нөхцөл байдлыг бодитойгоор тогтоон үзэх боломжит хугацаа буюу 6 сарын хугацаа олгосон байдаг. Гэтэл маргаан бүхий акт нь тус 179 дүгээр шүүхийн шийдвэрийг үндэслэн гарсан хэрнээ “...нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай” ажиллагаа огт явуулаагүй байж шинэ акт гаргасан нь илэрхий хууль бус үйлдэл болно. Иймд дээр дурдсан бүхий л нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 800 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 103 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

                                                ХЯНАВАЛ:

17. Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргаанд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.  

18. Нэхэмжлэгч Б.Н нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Тушаал хүчингүй болгож, албанаас халах тухай” Б/770 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан Хорих 401 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

19. Нэхэмжлэгчийн маргаж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/770 дугаар тушаалаар, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.1-д заасныг үндэслэн,Б.Нийг Хорих 421 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа “санхүүгийн албан хаагчдад хяналт тавих, мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ гүйцэтгээгүй, хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа 1,910,265 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг суутган төсөвт төлөөгүй, тайланг холбогдох газарт хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй, анхан шатны баримтгүй ажил гүйлгээг тайланд тусгасан, батлагдсан төсвийг зориулалтыг бусаар захиран зарцуулсан 1,595,233 төгрөгийн зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дутагдлаар халсан байна.     

20. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 48 дугаар зүйлийн  48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид хуульд заасан сахилгын шийтгэлийг, тухайлбал 48.1.3-т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар заасан. Мөн түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.1-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг, өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн тохиолдолд албанаас халахаар зохицуулсан.

21. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 421 дүгээр ангийн 2014, 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нар хяналт шалгалтыг явуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Улсын ахлах байцаагчийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 06/01, 06/02 дугаар актууд гаргасан байх ба тус актуудаар Хорих 421 дүгээр ангийн даргаар ажиллаж байсан Г.Т, нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Н нар нь хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа 1,910,265 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг суутган төсөвт төлөөгүй, тайланг холбогдох газарт хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй, мөн бензин шатахууныг норм хэмжээнээс илүү зарцуулсан, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлсийг шатахууны зардлаас бодож 2,379,000 төгрөг илүү гаргасан, хүнсний материалаас 811,466 төгрөг илүү зарлагадаж, нийт 3,190,466 төгрөгийн хүнсний бараа материал, бензин шатахууныг анхан шатны баримтын бүрдэл дутуу, илүү зарлагадаж, төсвийн байгууллагын кассын ажиллагааны журам зөрчсөн зэрэг зөрчил гаргасныг тогтоож, зориулалт бусаар зарцуулсан дээрх төлбөр, мөнгийг Г.Т, Б.Н нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч нь эдгээр актуудад холбогдуулан холбогдох эрх бүхий байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж маргаагүй, уг актууд хүчин төгөлдөр байна.

22. Өөрөөр хэлбэл, дээрх актуудаар нэхэмжлэгч Б.Н нь Хорих 421 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа санхүүгийн албан хаагчдад хяналт тавих, мэргэжлийн удирдлагаар хангах албан үүргээ биелүүлээгүй, санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны Улсын ахлах байцаагчийн дээрх, 06/01, 06/02 дугаар актуудыг үндэслэн нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан Б/770 дугаар тушаал нь хуулийн дээрх зүйл, заалтуудад нийцсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон 2 шатны шүүхийн шийдэл зөв байна.

23. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Хорих 421 дүгээр ангийн 2014-2015 оны санхүүгийн баримтад хийгдсэн шалгалт нь Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй... гэх заалтыг зөрчсөн” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.  

24. Учир нь, Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/748 дугаар тушаалаар Б.Нийг Хорих 421 дүгээр ангийн 2014, 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд гаргасан зөрчилтэй холбогдуулан төрийн албанаас халсан, уг тушаалыг Б.Н эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 945 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0175 дугаар магадлалаар маргаан бүхий Б/748 дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

25. Хариуцагчаас дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлж дахин хяналт шалгалт явуулж, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/899 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б.Нийг, улсын ахлах байцаагчийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 06/01, 06/02 дугаар актуудаар тогтоосон зөрчилтэй холбогдуулан төрийн албанаас халсан байх ба нэхэмжлэгч нь ажлаас халсан тушаал /Б/899 дүгээр/-ыг хүчингүй болгуулахаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаж, 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0179 дүгээр шийдвэрээр маргаан бүхий Б/899 дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсний дагуу хариуцагчаас ажиллагаа явуулж, нэхэмжлэгчийн одоогийн маргаж буй Б/770 дугаар тушаалаар төрийн албанаас халсан байна. Ийнхүү нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд хариуцагчаас тухайн үед нь сахилгын шийтгэл оногдуулсан байх бөгөөд шүүхийн удаа дараагийн шийдвэрийн дагуу дахин хяналт шалгалтыг явуулж маргаан бүхий акт гаргасан байх тул хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

26. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0800 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 103 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ТУНГАЛАГ

                                       ШҮҮГЧ                                                               Б.МӨНХТУЯА