Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0394

 

2018 оны 07 сарын 06 өдөр   

  Дугаар 221/МА2018/0394

Улаанбаатар хот

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                       захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Э.Э, гуравдагч этгээд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 123/ШШ2018/0013 дугаар шийдвэртэй, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 123/ШШ2018/0013 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 347 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Г.Б нар давж заалдах гомдолдоо: “...Эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай маргаж буй 347 дугаар Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын захирамж 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гарсан. Тиймээс 2013-2017 онуудад буюу 5 жилийн хугацаанд нэхэмжлэгч “С” ХХК тухайн газраа эзэмшиж ашигласан эсэх нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй болно.

Бодит байдал ийм байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж үнэлэлт, дүгнэлт хийн газрыг үр ашигтай, зохистой ашиглах үүргээ биелүүлээгүй гэж үзсэнд гомдолтой байна. Харин хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар “С” ХХК нь 2008-2012 онуудад газраа зориулалтын дагуу ашиглаж байсан болох нь тогтоогддог.

Нэхэмжлэгч 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гарсан захиргааны актыг хүчингүй болгох шаардлага гаргасан, өөрөөр хэлбэл 2013-2018 онуудад газрын төлбөр төлсөн эсэх нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хууль бус гэж үзэж байна. Ер нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үнэлэлт, дүгнэлт хийх ёстой байсан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Засаг даргын 2012 оны 347 дугаар захирамжаар “С” ХХК-ийн 300 га газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, харин газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “С” ХХК-д хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга 2008 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 170 дугаар захирамжаар 5 га газрыг үхрийн сүүний фермерийн үйлдвэрлэлийн, 600 га газрыг үр тариа, тэжээлийн үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, тухайн өдөр газар эзэмших эрхийн 0206302 дугаар гэрчилгээг олгосон бөгөөд улмаар мөн даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 347 дугаар захирамжаар газрыг үр өгөөжтэй ашиглаагүй, гэрээг зөрчсөн, газрын төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлөөгүй, зориулалтын дагуу 2-оос доошгүй жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр дээрх 170 дугаар захирамжаар үр тариа, тэжээлийн үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн 300 га газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/133 дугаар захирамжаар “Шунхлай агро” ХХК-ийн тэжээлийн ургамлын зориулалтаар эзэмшиж байсан 200 га газрыг “А” ХХК-д шилжүүлэн 15 жилийн хугацаатайгаар, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/392 дугаар захирамжаар Г.Т-д 50 га газрыг тэжээлийн зориулалтаар 60 жилийн хугацаатайгаар, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/212 дугаар захирамжаар А.Гансүхийн үр тариа, тэжээл, төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшиж байсан 50 га газрыг Э.Т-т шилжүүлэн 15 жилийн хугацаатайгаар тус тус эзэмшүүлжээ.

Мөн хариуцагч 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр А/229 дүгээр захирамжаар О.Б-д 3 га газрыг, Д.Ц-д 5 га газрыг үр, тариа, тэжээлийн зориулалтаар, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/334 дүгээр  захирамжаар Д.Банкны тариалангийн зориулалтаар эзэмшиж байсан 20 га газрыг Н.Н-д шилжүүлэн мөн зориулалтаар тус тус 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх бөгөөд Шинжээчийн дүгнэлтээр иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил газар нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газартай тодорхой хэмжээгээр давхцалтай болох нь тогтоогдсон байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохоор хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч 2010 онд 100 га газарт, 2011 онд 140 га газарт тариалалт хийсэн, маргаан бүхий газарт 2008, 2009, 2012 онуудад тариалалт болон уринш боловсруулалт хийгээгүй нь холбогдох баримтуудаар тогтоогдож байх тул “С” ХХК-ийг газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх боломжгүй ч маргаан бүхий захиргааны актыг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл мэдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл тэрээр 2013-2017 оны 6 сар хүртэл эзэмшил газраа эзэмшиж, ашиглаагүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах...” үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд бодит байдал дээр гуравдагч этгээд нар тухайн газар дээр үйл ажиллагаа явуулснаар нэхэмжлэгч газрыг бусдад эзэмшүүлсэн эсэх талаар болон өөрийн газар эзэмших эрх хэвээр хадгалагдан үлдсэн тухай мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байгаа ч хариуцагч маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч компанид мэдэгдсэн, танилцуулсан гэдгийг баримтаар нотолж чадаагүй байна.

Маргаан бүхий актын нэг үндэслэл болох нэхэмжлэгч нь газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх зөрчлийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заажээ.

Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07/1067 дугаар албан бичгээс үзвэл “С” ХХК нь 2008 онд 387.400, 2010 онд 347.400, 2011 онд 139.000 төгрөг төлсөн байх бөгөөд 2009, 2012 онуудад газрын төлбөрийг мөн газрын суурь үнийг төлж байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...2009, 2012 онд төлбөр төлсөн гэх баримт нь гарч ирэхгүй байгаа тул төлбөр төлөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

Ийнхүү Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу хариуцагч Баянчандмань сумын Засаг дарга 347 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль тогтоомжид нийцсэн, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх бөгөөд   газар эзэмших эрхийн гэрчилгээтэй “С” ХХК-ийн газар эзэмших эрхийг хариуцагч хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн энэхүү зохицуулалттай нийцэж байна гэж үзнэ.    

Гуравдагч этгээд “А” ХХК нь “С” ХХК 2012 оноос хойш газар эзэмших эрхгүй болсныг тогтоолгох” бие даасан шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагыг анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба уг хэрэгт гомдол гаргаагүй тул дүгнэлт хийх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 123/ШШ2018/0013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

         ШҮҮГЧ                                                                  Ц.САЙХАНТУЯА