Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

0225 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/668

 

2025             05           29                                         2025/ДШМ/668

 

 

Д.Д-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар,

шүүгдэгч Д.Д-ын өмгөөлөгч Л.Ононбаяр, Г.Тунгалаг,    

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/709 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Д-ын өмгөөлөгч Г.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Д-т холбогдох эрүүгийн 2410000000345 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

П овгийн Дэ-н Д-, **** оны 12 дугаар сарын 25-ны өдөр ************* аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ******* дүүргийн ** дугаар хороо, **** ******* **дугаар гудамжны ***тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:*********/,

Урьд, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

Д.Д- нь 2024 оны 03 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө ******* дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амь хохирогч Ц.М-тэй **-*****улсын дугаартай “Toyota alphаrd” маркийн автомашинаар зорчиж явахдаа амь хохирогчийг “хүнтэй утсаар ярилаа” гэх шалтгаанаар маргалдаж, нүүр, толгой зэрэг газарт нь цохиж зодсоны улмаас ухаангүй байдалтайгаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нас барж, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

******* дүүргийн прокурорын газраас: Д.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Д-ыг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Д-т энэ тогтоолоор оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 13 жил 1 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 183 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, “Iphone 14 promax” загварын гар утас 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг тус тус баримтлан шүүгдэгч Д.Д-аас оршуулгын зардалд 15,273,710 төгрөг, хор уршигт 122,100,000 төгрөг буюу нийт 137,373,710 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З-д олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчид 13 жилийн хорих ялыг эдлүүлэхээр заасан нь хэт хүндэдсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу амь хохирогч эмэгтэйн зүй бус харилцаанаас үүдэлтэй цочир уурлах байдлаар эмэгтэйн толгойн тус газар нь цохисны улмаас үхэлд хүргэсэн гэмтлийг учруулсан, олон тооны шарх гэмтэл учруулаагүй амь хохирогчийг тарчилган зовоосон байдал байхгүй зэрэг байдлыг харгалзан үзэж ялаас гурван жилийг хасаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр бол гавал тархинд учирсан гэмтэл нь гол үхлийн шалтгаан болсон байдаг. Харин хавирганы гэмтлийг шинжээч шинэ хуучин эсэхийг дүгнээгүй тул яг талийгаачийн зүй бус үйлдлээс учирсан гэмтэл мөн гэж үзэх үндэслэл болж чадахгүй юм. 2. Шүүгдэгчид 13 жил хорих ял оноор болсон бас нэг үндэслэл нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З-д учирсан сэтгэл санааны хор уршигт 122,100,000 төгрөгийг гаргуулан төлүүлэхээр заагаад энэ хохирлыг төлж барагдуулаагүй тул ялыг ийм хэмжээгээр онооход нөлөөлсөн гэж үзэж байна. Энэ хохирлыг шийдвэрлэсэн хууль хэрэглээг зөвтгөх хүсэлтэй байна. Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1 ба 40.2 дугаар зүйлүүд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023.07.31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1-р хавсралтын 2.2-т заахдаа: “2.1-т зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40-р зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэж, 2.6-д: “Шинжилгээ хийлгэх хохирогч нь шинжилгээнд биечлэн хамрагдана” гэж, 2.7-д: “Энэ журмын 2.1-д зааснаас бусад гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох болон энэхүү журмын 2.2, 2.4-т заасан шинжилгээг эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн сэтгэцийн эмчээр ахлуулсан, сэтгэл зүйчдээс бүрдсэн шинжээчийн багаар хийлгэнэ” гэж тус тус заасныг шүүх мөрдөлгүйгээр хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг арилгаж мөнгөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий биш болсон гэж үзэж гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолын энэ хэсэгт өөрчлөлт оруулж, сэтгэцийн хор уршиг арилгуулах асуудлыг иргэний журмаар жич шийдвэрлүүлэхээр нээлттэй орхиж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ононбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

Хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эмнэлэгт байгаа учраас өнөөдрийн шүүх хуралдаанд ирж чадаагүй. “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэж дамжуулсан. Сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой асуудлыг Монгол Улсын Дээд Шүүхийн тогтоолын хавсралтын хүрээнд шийдвэрлэж байсан. Одоо заавал шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай, шүүгдэгчийн ялыг багасгах талаар шүүгдэгчийн өмгөөлөгч гомдолдоо дурдаж байна. Гэмт хэрэг үйлдсэн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, хохирогчийн оршуулгын зардал төлсөнтэй холбоотой анхан шатны шүүх хорих ял оногдуулсан. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.  

Прокурор Г.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Ялтанд оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан. Мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг тус тус журамлаж 13 жил 1 сарын хорих ялыг, сэтгэцэд учирсан хор уршгийн 122.100.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Гэмт хэрэг 2024 оны 03 дугаар сард гарсан, тухайн цаг хугацаанд Иргэний хуулийн 111.5, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх жижиг аргачлалыг батлах тухай тогтоолын хавсралтад зааснаар шүүхээс шийдвэрлэж байсан. Учир нь шүүхэд эрх олгосон арга хэмжээний асуудал гэж прокуророос үзэж байна. Шүүгдэгч Д.Д-т оногдуулсан хорих ялын хэмжээ, хорих байгууллагын дэглэм зэрэг нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт тохирсон. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:      

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг ноцтой зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Тодруулбал, шүүгдэгч Д.Д- 2024 оны 03 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө ******* дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.М-тэй **-*****улсын дугаатай “Toyota alphаrd” маркийн автомашинаар зорчиж явахдаа “хүнтэй утсаар ярилаа” гэх шалтгаанаар маргалдан Ц.М-ийг зодож улмаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж алсан болох нь:

- шуурхай удирдлагын тасаг Дуудлагын лавлагааны хуудас “**н эм М тодорхойгүй шалтгаанаар 103-р ГССУТөвд хүргэгдэн ирсэн гэх баримт /найз Д.../” /1xx-6/,

- хэргийн газрын үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь ******* дүүргийн ** дугаар хороо, *********урд талд 6-2 гэсэн тоот хаягтай 2 давхар шар өнгийн амины орон сууцанд...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх08-13/,

- амь хохирогч Ц.М зодуулсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн гэх үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /1хх14/,

- кaмepын бичлэгт үзлэг хийсэн “2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 04:12  минутанд хохирогч Мийг түрдэг орон дээр хэвтүүлсэн байдалтай 103-н эмч болон сэжигтэй этгээд Д.Д- нар орж ирж байгаа нь харагдана. Хохирогч Мийг ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасаг руу авч явж байна...гэх” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх16-20/,  

- гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх21-36/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З-ын: “2024 оны 03 дугаар сарын 24-ний орой 20 цагийн орчимд амь хохирогч гэрээсээ өөрийн  **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явна гэж хэлээд гараад явсан. Би тухайн өдрийн орой 22 цагийн орчимд амь хохирогчийн ********* дугаар руу өөрийн ********* дугаараас залгасан боловч утсаа аваагүй, шөнө гэртээ ирж хоноогүй. Харин 03 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө 05 цагийн орчимд гэмтлийн эмнэлгээс хүн над руу залгаад “М-т яаралтай мэс засал хийх шаардлагатай” гэж хэлсэн. Ингээд би гэмтлийн эмнэлэг дээр очсон...2023 оны 09 дүгээр сараас хойш дугаараа нууцалсан утаснаас над руу нэг эрэгтэй хүн залгаад “чи М-ээс сал, чамайг ална шүү” гэж хэлээд утсаа тасалдаг байсан. Сүүлд 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ********* гэсэн дугаараас над руу залгаад “чи эхнэрээс сал, чамайг ална чамайг харж байна” гэх мэтээр ярьдаг байсан. Бусдаар бол Д- гэх хүнийг бол танихгүй. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн үдээс хойш эхнэр маань гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд толгойны дагз хэсэг нь оёдолтой, нүүрний шанаа болон нүүр хэсэг нь хөхөрсөн хавдсан байдалтай байсан. Тэгээд би яасан юу болсон бэ? гээд асуусан чинь таксинд явж байсан согтуу эрэгтэй хүн машинаас буухгүй гэрийн чинь гадаа ирчихлээ буугаарай гэхэд тухайн согтуу хүн бууж ирээд түлхээд газар унаад толгойгоо хагалсан гэдэг зүйлийг хэлж байсан. Тэгээд надаа хэлэхдээ ******* дүүргийн цагдаад өргөдөл өгөөд хоорондоо учраа олоод шүүхээр орно гэж хэлж байсан. Тухайн үед би нарийн зүйлийг нь сайн ойлгоогүй. 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр эхнэр маань гэртээ ирсэн. Ирэхдээ бусдад зодуулсан байдалтай орж ирэхээр нь би яасан юм бэ? гээд асуусан чинь хаалганд цохиулсан гэдэг зүйлийг хэлж байсан. Эхнэр маань сүлжмэлийн ажил хийхдээ 24 цагаар ажиллаад 48 цагаар амраад амарч байхдаа өдөр нь амраад шөнө нь өөрийнхөө машинтай таксинд явдаг байсан...Би Д гэдэг хүн чинь ямар учиртай хүн бэ? гэхээр таньдаг хүн байгаа юм намайг шантаачлаад байдаг юм гэдэг зүйлийг хэлж байсан. Бусдаар бол бид 2-ын дунд ямар нэгэн маргаан болоод байдаггүй. Бие биедээ гар хүрч байсан зүйл байхгүй. Маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Нэхэмжлэх зүйлийг баримтаа гаргаж өгнө...Амь хохирогчийн ажил явдал болон бусад зардалд 22.791.810 төгрөг болсон байгаа. Энэ мөнгө бол амь хохирогчийн ажил явдал буюу оршуулгын зардалд зарцуулсан мөнгөн дүн байгаа. Өсвөр насны 2 хүүхдэд маань маш их сэтгэл санааны болон бусад байдлаар хэцүү байгаа...” гэх мэдүүлэг /1хх44-46, 50/,

- гэрч БНХАУ-ын иргэн Л/Л/-ийн: “Би 2023 оны 03 дугаар сараас хойш ******* дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** сууцын *-** тоотыг түрээслэн амьдарч байгаа. Би ганцаараа түрээслэн амьдарч байгаад 2023 оны 11 дүгээр сарын сүүлчээр Д- гэх хүнтэй хамт амьдарч байсан. Д- тухайн орон сууцны 2 давхарт амьдарч байсан. Надаа Д- өөрийнхөө найз охин гээд танилцуулаад хэд хэдэн удаа М гэх эмэгтэйг миний түрээслэн амьдарч байгаа орон сууцанд авчирч хонож байсан. Д- М 2 хайр сэтгэлийн холбоотой найз охин гэдэг байсан. Мийн авто машинаар орой болохоор дуудлагын таксинд явна гэдэг байсан. 2023 оны 02 дугаар сарын 30-ны өдөр шиг санагдаж байна, гэрт орой Д- амь хохирогчийн хамтаар орж ирээд хэл амаар доромжлоод хараагаад байсан, хэсэг хугацааны дараа буугаад ирсэн чинь амь хохирогчийн толгой нь хагарсан байдалтай цагдаа нар ирээд Д-ыг авч явсан. Үүнээс хойш Д- амь хохирогчийг хэд удаа хэл амаар доромжилж танхайрч байсан. Өөр гар хүрч байсан талаар би мэдэхгүй байна. Д- хэрүүл маргаан хийхээрээ амь хохирогчийг дуудлагын янхан мэтээр их муухайгаар хараадаг байсан...” гэх мэдүүлэг /1хх71-74/,

- шүүх эмнэлгийн №1359 дугаартай шинжээчийн дүгнэлт: “ 2024.03.27-ны өдөр нас барсан. Амь хохирогч Ц.Мийн цогцост зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийг хамарсан их хэмжээний хатуу хальсан доорх цусан хураа /цусан хурааг авах мэс заслын дараах байдал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн дэлбэнгийн суурийн эдийн няцрал, баруун гайморын хөндийн гадна ханын хугарал, зүүн талын  9-р хавирганы хугарал, баруун хацар, баруун сарвуу, зуун бугалга, баруун мөр, баруун шилбэний цус хуралт, хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус үүсгэгдэнэ. Дээрх зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийг хамарсан их хэмжээний хатуу хальсан доорх  гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун гайморын хөндийн гадна ханын хугарал гэмтэл нь 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр аалзан хальсан доорх цус харвалт, чамархайн дэлбэнгийн суурийн тархины эдийн няцрал, зүүн талын 9-р хавирганы хугарал гэмтлүүд нь тус тус гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун хацар, баруун сарвуу зүүн бугалга, баруун мөр, баруун шилбэний цус хуралт гэмтлүүд нь  гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач дээрх зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийг хамарсан их хэмжээний хатуу хальсан доорх цусан хурааны улмаас тархи дарагдан амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. Амь хохирогчид спиртийн болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Амь хохирогч нь А(II) цустай байна” /1хх122-138/,

- шинжээч эмч Т.Номинцэцэгийн “...Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр цохилт, доргилтоос болж 1 ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүснэ..” гэх мэдүүлэг /1хх141-143/,

- шүүх сэтгэц эмгэг судлалын №635 дугаартай “...Д.Д- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Д- нь болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Д- нь хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө үйлдлийг ойлгож мэдэж байсан байна. Д.Д- нь хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /1 хх 155-157/,

- шүүгдэгч Д.Д-ын: “... 2024 оны 03 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө би амь хохирогч Мийн хамтаар ****** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах **** *****амралтын газрын харалдаа, цагаан өнгийн Альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй орой 22 цагийн орчимд явж байсан чинь амь хохирогчийн гар утас нь дуугараад нэг хүнтэй утсаар яриад маргалдаад байхлаар нь би уурлаж юун хүн юм бэ, чам руу урьд өмнө бас залгаад байсан биз дээ гэж хэлэхэд миний хүзүү руу гараараа цохисон. Би уурлаад чи яаж байгаа юм бэ гээд амь хохирогчийн нүүрэн тус газар руу нь, мөн толгойн тус газарт нь гараараа цохисон...Гэтэл амь хохирогч намайг зогсож бай, бие засмаар байна гэхээр нь би зам дагуу зогссон...Ингээд миний түр амьдарч байсан ******* дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 06-02 тоот гэр луу явж байхад амь хохирогч надтай юм ярихгүй унтаа байдалтай явж байгаад ирсэн. Би амь хохирогчийг сэрээрэй гэж хэлсэн чинь амь хохирогч унтаа байдалтай байсан учраас түшээд гэртээ оруулсан. Би зочны өрөөний буйдан дээр суулгаад, нүүр руу нь ус цацсан боловч сэрэхгүй байхаар нь яаралтай 103-т дуудлага мэдээлэл өгсөн, эмч ирж үзээд гэмтлийн эмнэлэг явах шаардлагатай байна гээд авч явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очсон чинь эмч нар ухаангүй байна, сэхээнд оруулах шаардлагатай гэж хэлээд намайг ар гэрт нь хэлээрэй гэж хэлэхээр нь би эмнэлгээс гараад явсан. 2023 оны 08 дугаар сард би дуудлагын такси дуудсан чинь амь хохирогч М ирээд, танилцаж байсан, хохирогчид хайртай байсан. Амь хохирогч надаа нөхөртэй гэж хэлж байсан. Амь хохирогч 2 хүүхэдтэй нэхмэлийн үйлдвэрт ажилладаг байсан. 2023 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө амь хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь гэмтэл учруулж цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Шүүхээр орж нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж байсан. Хэрэг гардаг өдөр амь хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж мөн толгойн тус газарт нь гараараа нэг удаа цохиж зодсон. Би цээж хэвлийн тус газарт цохиж зодсон зүйл байхгүй. Би амь хохирогчтой мессеж чат болон бусад байдлаар харилцдаг байсан, би хардалтаас болж амь хохирогч Мийг зодож  амь насыг нь хохироосноо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх 208-210/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.     

Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон буюу хангалттай байх шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгчийн үйлдсэн “хүнийг алах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.

Ц.М- нь 2024 оны 03 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө  учрах үедээ амь насанд аюултай буюу зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийг хамарсан их хэмжээний хатуу хальсан доорх цусан хураа бүхий хүнд гэмтлийн улмаас тэр даруйд мэс засалд орсон байх боловч 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр амь насаа алдсан болох нь шүүгдэгч Д.Д-ын гэм буруугийн санаатай хэлбэрийн хүрээнд хийсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон, харин өөр бусад шалтгаан нөлөөлөөгүй байна.  

Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөн хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэс ажилбар хийгдсэн үйл баримт зэргээс үзэхэд:

Шүүгдэгчийн үйлдсэн “олон удаагийн цохих хүчний үйлчлэл” бүхий үйлдлийн улмаас Ц.М-ийн эрүүл мэндэд олон тооны гэмтлүүд учирсан, үүний дотор учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас Ц.М- тэр даруйд ухамсарт ухаанаа алдаж эхэлсэн буюу үхэлд хүргэх процесс явагдсан, харин амь насыг нь аврахад чиглэгдсэн мэс ажилбар шуурхай хийгдсэн боловч амь аврагдаагүй байх бөгөөд эдгээр нөхцөл байдал нь шүүгдэгчийн үйлдсэн “хүнийг алах” гэмт хэргийн шинж, түүний утга агуулгыг нэгэн зэрэг бодитой илэрхийлж буй үндэслэл болохыг тодотгон дурдах нь зүйтэй.   

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх ба шүүгдэгч өөрийн үйлдлийг зөвшөөрч мэдүүлсэн нь бусад нотлох баримтаар тогтоогдсон байгааг дурдах нь зүйтэй.        

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. 

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл,  хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар зохих дүгнэлт хийсэн, тус оногдуулсан ялын хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон байх бөгөөд энэ талаарх прокурор, хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.            

4. Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Тухайлбал, Иргэний хуулийн 230, 508, 511 дүгээр зүйлд заасан үндэслэл, журамд зааснаар “гэмт хэргийн улмаас хохирогч эсхүл нас барсан иргэний гэр бүлийн гишүүн” нь сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй төдийгүй Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт “Шинжилгээний байгууллагаас Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг/Хүний амьд явах эрхийн эсрэг/...зэрэг гэмт хэргийн улмаас хохирсон хүний, хэрэв хохирогч нас барсан түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж хуульчилсан байх тул нас барсан иргэний гэр бүлийн насанд хүрсэн болон насанд хүрээгүй гишүүд хэн болох, тэдний сэтгэцэд учирсан хор уршиг ямар зэрэглэлд хамаарах, түүнчлэн сэтгэцийн хор уршгийг шаардах насанд хүрээгүй гишүүнийг өөрийг хохирогчоор тогтоох эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчөөр хэнийг томилох эсэх зэргийг шүүхийн өмнөх шатанд хууль ёсны баримтын хүрээнд шийдвэрлэсэн байх шаардлагатай.    

Мөн хохирогч хүний дундаж наслалт болон түүний зөрүүг шийдвэрлэхийн тулд албан бус мэдээллээр биш харин хууль ёсны дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтад тулгуурлах шаардлага тавигддаг. 

Гэтэл дээр дурдсанаар сэтгэцэд учирсан хор уршиг шаардах эрх бүхий гэр бүлийн гишүүд, тэдний эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг хангах хүрээнд зайлшгүй шаардагдах тусгай мэдлэгийн болон бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэх зэрэг ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй байхад анхан шатны шүүхээс “сэтгэцэд учирсан гэм хор”-ын асуудлыг шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

5. Иймд дээр дурдсан үндэслэлийн хүрээнд, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлоос шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, харин Шүүх шинжилгээний тухай хуулийг мөрдөөгүй байх тул сэтгэцийн хор уршиг арилгуулах асуудлыг иргэний журмаар жич шийдвэрлүүлэх тухай хэсгийг хангаж, энэ хүрээнд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.   

6. Шүүгдэгч Д.Д-ын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 72 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/709 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

7 дахь заалтыг: “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгчээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З-д оршуулгын зардалд 15.273.710 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З-д олгосугай.” гэж өөрчилж, 

тогтоох хэсэгт: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З- нь тус гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг, бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоос “тус гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцийн хор уршгийг арилгуулах асуудлыг иргэний журмаар жич шийдвэрлүүлэх” тухай хэсгийг хангаж, “шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх” тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.    

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Д.ОЧМАНДАХ

 

                                ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                ШҮҮГЧ                                                        Г.ГАНБААТАР