| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2409006630077 |
| Дугаар | 2025/ДШМ/669 |
| Огноо | 2025-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/669
2025 05 29 2025/ДШМ/669
Т.Д, Н.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Бат-Оргил,
шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Баясгалан,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/860 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Б.Баясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Б, Т.Д нарт холбогдох эрүүгийн 2409006630077 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
У овгийн Н-н Б, **** оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ****** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, “**** ** **” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******дүүргийн 16 дугаар хороо, ******гудамжны ***дугаар байрны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:**********/;
Ц овгийн Т-ын Д, **** оны 08 дугаар сарын 25-ны өдөр ****** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***** *****” бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ********* дүүргийн ** дугаар хороо, ***** ** дугаар гудамжны *** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:**********/,
Урьд, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.
Н.Б- нь 2024 оны 02 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнийн 01 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “**********” бааранд хохирогч Г.Б-тай тодорхой шалтгаангүйгээр маргалдаж улмаар нүүр, толгой хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Т.Д- нь 2024 оны 02 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***** *****” бааранд хамгаалагчийн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хохирогч Н.Б-г тус баарны шилэн хаалгыг хагалсан, бусадтай зодолдсон гэх шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар нүүр, толгой хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн ухархайн доод хананы хугарал, зүүн зовхины цус хуралт, амны зүүн хэсгийн зулгаралт, зүүн завжны зулгаралт, цус хуралт, баруун хацар, хүзүүний зулгаралт, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Б-, Т.Д- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н.Б, Т.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б, Т.Д нарт оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Т.Д нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн материалын хамт ирүүлсэн 2 ширхэг “CD”-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Б- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-гээс 3,459,200 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Б-д, 168,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, хохирогч Г.Б-, Н.Б- нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх болон ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэл санааны хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Н.Б-гээс хохирогч Г.Б, шүүгдэгч Т.Д-гээс хохирогч Н.Б нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Б.Баясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно, тус зүйлийн 1,1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” хэмээн шүүгдэгчийг ялаас чөлөөлж болох хууль зүйн үндэслэлийг зохицуулсан. Н.Б-гийн хувьд хохирогчтой биечлэн уулзаж ярилцаад уучлалт гуйсан ба хохирогчийн биед учирсан гэмтэл нь эмнэлгийн байгууллагын хяналтад байх, мэс засалд орох шаардлагагүй гэмтэл байсан тул хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй юм. Шүүгдэгч Н.Б- нь шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан шиг хамгаалагч нартай муудалцаж, тэдний үйлдлийг эсэргүүцсэн үйл баримт хавтаст хэрэгт байхгүй. Анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаагүй болно. Мөн тэрээр анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн ба 2024 оны 02 дугаар сараас хойш өөр аливаа зөрчилд холбогдоогүй. Хувийн байдлын хувьд бага насны 3 хүүхдийн аав бөгөөд “**** ** **” ХХК-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлын албыг эрхэлдэг ажил олгогч юм. Шүүхэд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн заалтыг заавал хэрэглэх үүргийг хуулиар хүлээлгээгүй ч хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдсан нөхцөлд шүүхээс тус зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн бүрэн боломжтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсэгт өөрчлөлт оруулж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Н.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Миний хувьд хохирогчийг олон үйлдлээр зодоогүй. Хамгаалагч нарыг эсэргүүцсэн маргалдсан зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Прокурор Г.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх тухай шүүхэд эрх олгосон заалтыг хуульчилсан. Хуульд тодорхой хэмжээний шаардлага байдаг. Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шинж чанар хувийн байдал зэргийг харгалзан үзэж ялаас чөлөөлөх боломжтой. Хэргийн тухайд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт гаргасан. Хэргийн үйл баримтын тухайд шүүгдэгч Н.Б- шөнийн цэнгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн газар үйлчлүүлж байсан иргэнтэй шалтгаангүйгээр маргалдаж, шөнийн цэнгээний газрын дотор үүдэн хэсэгт болон гадна гарч биед нь халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Энэ явцад тус шөнийн цэнгээний газрын хамгаалагч нар гарч ирсэн. Тухайн хоёр иргэний зодооныг салгаж, хохирогчийг шөнийн цэнгээний газарт оруулж, шүүгдэгч Н.Б-г гаргаж хаалга цоожилсон үйл явдал болсон. Шүүгдэгч Н.Б- шөнийн цэнгээний газарт дахин орох гэж хаалга түгжээтэй байхад, уг хаалгыг өшиглөж хагалсан. Уг хаалгыг хагалсны дараа шөнийн цэнгээний газрын хамгаалагч нар гарч ирээд шүүгдэгч Н.Б-г дотогш оруулсан. Энэ үед хамгаалагч Т.Д- шүүгдэгч Н.Б-гийн биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон. Дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзан, шүүгдэгч Н.Б-гийн буруутай үйлдэл их хэмжээгээр нөлөөлсөн. Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцөлийг бий болгосон учраас ялаас чөлөөлөх саналыг хүлээн авч шийдвэрлээгүй анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Н.Б, Т.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Тодруулбал,
2.1. Шүүгдэгч Н.Б- нь 2024 оны 02 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнийн 01 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “**********” бааранд хохирогч Г.Б-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 25/,
- хохирогч Г.Б-гийн “...Манай багийн найз Т- Австрали улсаас ирсэн учир Б бид гурав “**********” гэх баар руу орсон. Тухайн бааранд 1 ширхэг 1 литр хэмжээтэй хэйниси виски уусан. Би уг вискиг ууж байхдаа их согтсон, юу болсныг огт санахгүй байна... Тухайн үед миний дух халцарч, зүүн чамархай бага зэргийн хавдартай байсан. Мөн биеийн зарим хэсгүүд шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх77/,
- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Б- нь баруун гараараа нүүр хэсэгт нь Б-г цохиж,...газарт унагаад толгой хэсэг рүү нь өшиглөж, ...дээрээс нь дэвсэлж байх ба ********** баарны гадаа зогсож байсан үл таних хүн очиж салгаж байгаа...Б- нь баруун хөлнөөс нь татан газраас чирч буй дүрс бичигдсэн байна...” тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх26-40/,
- шинжээчийн дүгнэлт: “...Г.Б-гийн биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, баруун тохой, шуу, цээж, хэвлий, зүүн тохойнд зулгаралт, баруун шуу, зуун бугалга, зүүн өгзөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх113-114/,
- гэрч Б.Б-ын “...Миний бие 2024 оны 02 дугаар сарын 04-ний шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**********с” бааранд ажлаа хийж байх үед дотор зааланд 2 үл таних эрэгтэй маргалдсан, согтуу агсам тавиад байсан хар өнгийн хувцастай, намхан эрэгтэйг үүдний хэсэгт гаргаад байж байх үед муудалцаж байсан үл таних, өндөр биетэй эрэгтэй гарч ирээд дахин маргалдаад нэг нэгэн рүүгээ дайраад...өндөр эрэгтэй нь баруун гараараа нүүр хэсэгт 2-3 удаа цохиж намхан эрэгтэйн дух хэсгээс цус гараад газар унаад өгсөн. Тэгээд манай хамгаалагч нар очоод өндөр эрэгтэйг гадагшаа гаргаад цохиулсан намхан залууг дотогшоо оруулсан. Тэгээд удалгүй намхан залуу гараад явсан, гаднаас таксины жолооч орж ирээд гадаа хүн зодолдоод байна гэж хэлэхээр харахад хар өнгийн хувцастай өндөр эрэгтэй намхан эрэгтэйн цээж хэсэгт дээрээс нь хөлөөрөө дэвсэж байсан...” гэх мэдүүлэг /хх81/,
- гэрч С.Е-ийн “...би **********с ХХК-д Хамгаалалтын ахлах ажил хийдэг, шөнийн 01 цагийн орчимд дотроос үл таних өндөр, намхан 2 залуу муудалцан гарч ирсэн, өлгүүрийн хажууд зогсож байхдаа зодолдоод эхэлсэн. Өндөр залуу нь намхан залуугаа зодоод байсан...Би тухайн 2 залууг салгаад асуудал намжихаар нь дотогшоо орж дотор ажлаа хийсэн...Дараа нь үүдэнд очиход манай Д С гэх хамгаалагч нар дотор муудалцаж байсан өндөр залууг бариад зогсож байсан, юу болсон талаар асуухад хаалга хагалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-85/,
- гэрч С.С-ийн “...гэнэт хаалганы шил хагарч орж ирсэн, би өндөр залуугийн араас очиж барьж авсан, манай ахлах Е надад “...наад залуугаа бариад байж бай, цагдаа дуудлаа...”, “Б” заал руу оруулчих гэж хэлсэн...” гэж хэлсэн. Би тухайн залууг заал руу оруулаад буцаж үүд руу гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-87/,
- гэрч О.З-ын “...Би үүдний хаалганы хажууд зогсож хүмүүсийн тасалбар шалгадаг ба гэтэл өндөр, намхан хоёр залуу хувцасны өлгүүрийн хажууд муудалцаад байсан, би салгасан. Хэсэг хугацааны дараа таксины жолооч орж ирээд гадаа зодоон болоод байна гэж хэлсэн. Намайг гарах үед өндөр, намхан хоёр залуу хоёр тийшээ салсан байсан. Би намхан залууг дагаж баар руу орсон, 00-н өрөө руу ороод гарч ирэх үед үүдний хаалганы цонх хагарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-89/,
- шүүгдэгч Н.Б-гийн: “...Миний бие 2024 оны 02 сарын 03-ны өдөр өөрийн найз Э, Б, Ч нартай Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах ********** гэх баар руу орсон ба виски захиалж ууж байгаад, би түрүүлж гэр рүүгээ явахаар 01 цаг 30 минутын орчимд гарахаар болсон. **********ын үүдний өлгүүрийн хажууд зогсож байхад үл таних нэг залуу миний хоолойг боосон. Би тухайн залуутай муудаж байхад ********** баарны хамгаалагч нар бид хоёрыг салгасан, би тухайн газраас гараад явж байх нөгөө үл таних залуу миний хойноос ирээд дахин намайг цохисон. Бид хоёр ********** баарны гадна дахин муудалцсан, гэмтээхээр хүчтэй байгаагүй. Бид хоёрыг хамгаалагч нар салгаад нөгөө үл таних залууг хамгаалагч нар дагуулж орсон. ...” гэх мэдүүлэг /хх-73/ зэрэг нотлох баримтуудаар,
2.2. Шүүгдэгч Т.Д- нь 2024 оны 02 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***** *****” бааранд хамгаалагчийн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хохирогч Н.Б-г тус баарны шилэн хаалгыг хагалсан гэх шалтгааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- хохирогч Н.Б-гийн “...2024 оны 02 сарын 03-ны өдөр... Би үл таних залуутай маргалдсан уурандаа ********** баарны гадна хаалгыг өшиглөсөн...********** баарны хамгаалагч гэх сахалтай, том биетэй залуу намайг хэд хэдэн удаа алгадаад авсан. Хамгаалагч нар миний гараас өчөөд, баар руугаа оруулсан...Тухайн өрөөнд намайг боож унагаасан, нүүр руу өшиглөж, бие руу өшиглөж цохисон...Хамгаалагч нар цагдаагийн алба хаагч нарт эхэнд маргалдсан залуутай зодолдсон гэж тайлбарлаад байх шиг байсан...Цагдаагийн байгууллага дээр ирээд, түргэн тусламжийн машинтай гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн...“...Би тус баарны шилийг хагалсны дараа тухайн баарны хамгаалагч гарч ирж, хоолой боож араас барьсан. Би араас боосон хүнийг харж чадаагүй ба миний урд зогсож байсан хамгаалагч гэх эрүүн доороо сахалтай залуу, бор царайтай, өргөн цээжтэй залуу намайг гадаа хацар руу алгадаж байгаад хамгаалагч нар нь намайг баар руугаа дагуулж орсон...Тэгтэл нөгөө эрүүн доороо сахалтай, бор царайтай, өргөн цээжтэй хамгаалагч миний нүүр руу цохиж газарт унагасан. Тэгээд миний нүүр руу өшиглөсөн гэж бодож байна. Би их зодуулсан ба миний хамраас цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг /хх73,75/,
- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... хохирогч Н.Б- нь баарны шилэн хаалгыг хагалаад буцах үед хамгаалагч гарч ирэн барьж авсан ба ... баар руу оруулж ирээд...камергүй өрөө рүү дагуулж орж байх бөгөөд бичлэгт Б-гийн нүүрэнд ямар нэгэн гэмтэл шархгүй байна...Б- цагдаатай уулзаад зогсож байх ба зүүн нүд нь хавдаж, нүүрний зүүн хацар цус мэт хүрэн өнгийн зүйл болсон...Н.Б- хамгаалагч Д- рүү гараараа заагаад үг хэлж буй мэт дүрс гарч байх ...” тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх26-40/,
- шинжээчийн дүгнэлт:“...Н.Б-гийн биед зүүн ухархайн доод хананы хугарал, зүүн зовхины цус хуралт, амны зүүн хэсгийн зулгаралт, Зүүн завжны зулгаралт, цус хуралт, баруун хацар, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Гэмтэл нь эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...”/хх108-109/,
- таньж олуулах ажиллагаа явуулсан “...Хохирогч Н.Б- нь гэрэл зургийг хараад 6 дугаартай хэргийн оролцогч Т.Д-г шууд заасан учир таньж олуулах ажиллагааг зогсоов. Хохирогч Н.Б-гийн хэлснээр бор царайтай, богино халимаг үстэй, махлаг өргөн цээжтэй, эрүүн доороо сахалтай, надаас намхан залуу байсан. Намайг зодсон гэх хүн 6 дугаартай хүн яг мөн байна...” гэх тэмдэглэл /хх41-43/,
- гэрч С.Сийн “...гэнэт хаалганы шил хагарч орж ирсэн, би өндөр залуугийн араас очиж барьж авсан, манай ахлах Е- надад “...наад залуугаа бариад байж бай, цагдаа дуудлаа...”, “Б” заал руу оруулчих гэж хэлсэн...тул оруулчихаад буцаж үүд руу гарч ирсэн. Би үүдэнд байж байтал /хэр удсаныг нь мэдэхгүй байна/ цагдаа ирж, өндөр залууг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-87/,
- гэрч Б.А-ийн “...2024 оны 02 сарын 03-аас 04-нд шилжих шөнө 01 цаг 20 минутын орчимд ********** баарнаас “Хоёр хүн зодолдож байгаад хаалганы шил хагалчихлаа...” гэх дуудлага ирсэн...Баар руу ороход зодолдсон гэх хоёр залуугийн том биетэй, хүрэн бор өнгийн пальтотой залуу нь тухайн баарны эрүүн доороо сахалтай махлаг хамгаалагч руу дайраад маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-92/,
- гэрч Г.О-ийн “...тухайн үед намайг цагдаагийн хэлтэст очиход нөхөр Б хувцас нь цус болсон, нэг нүд нь хөхөрч хавдаад тагларсан, хамар болон нүүр нь цус болсон байдалтай байсан...Тухайн өдрөө хувийн эмнэлэг дээр КТГ зураг даруулж эмнэлгээр явсан...Дараа нь нөхөр Б-гийн хамт цагдаагийн хэлтэс дээр ирсэн ба хэргийг хариуцаж байсан мөрдөгчид байсан “********** баар”-ны камерын бичлэгийг үзсэний дараа “намайг эрүүн доороо сахалтай, махлаг, бор залуу зодсон юм байна. Тухайн үйл явдлыг бүдэг санаж байна...” гэх зүйл яриад байсан. Надад бол хэнд зодуулсан гэдгээ хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-99/,
- шүүгдэгч Т.Д-гийн“...Тухайн шөнө бааран дотор Б-тэй маргалдсан, манай хамгаалагч нар өндөр залууг гаргаж явуулсан...Гадаа хүн зодолдоод байгаа тухай хэлэхэд нь гарахад өндөр залуу намхан залууг зодож байсан. Бид нар зодооныг салгаад намхан залууг баар руу оруулсан...Нөгөө өндөр залуу баарны үүдний шил хагалсан ба түүнийг Б заал руу дагуулж орсон...Би тухайн залууг тэмцэлдээд байхаар нь нүүр рүү нь 2-3 удаа алгадсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд 2 залууг аваад явсан... Өндөр залуу намайг хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгээд байхаар нь би болиулах гэж тухайн залууг нүүр рүү нь 2-3 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх149/ зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон, хангалттай байх шалгуурт нийцсэн бөгөөд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд эргэлзээ үүссэн гэх үндэслэлгүй байх тул шүүгдэгч Н.Б-, шүүгдэгч Т.Д- нарын тус бүр үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.
Тодруулбал, хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд Г.Б, Н.Б нарын эрүүл мэндэд тус бүр хөнгөн гэмтэл учирсан болохыг шинжээч нар тогтоосон байх тул тусгай мэдлэггүй атлаа таамаглах байдлаар үгүйсгэх боломжгүй төдийгүй хохирогч Г.Б-гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Н.Б-гийн гэмт үйлдэлтэй, хохирогч Н.Б-гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Т.Д-гийн гэмт үйлдэлтэй тус тус шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг үгүйсгэн няцаах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан буюу зөрчигдөөгүй /хх-144, 148, 152, 153, 154, 156, 169, 175, 184, 185, 217, 218, 219, 220, 225, 226/ байх ба шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг нотлохгүй, өөрсдийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учраас тус эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгсөн байх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн шинжийг тус бүр үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
3. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.
Анхан шатны шүүхээс, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Т.Д нарт тус бүр 900.000 төгрөгийн торгох ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн, тэдэнд оногдуулсан торгох ял, түүний хэмжээ нь шүүгдэгч нарын тус бүр үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийг ялаас чөлөөлөх эсэх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарах боловч зөвхөн хийсвэрлэх буюу үзэмж төдий байдлаар шийдвэрлэх асуудал биш, харин Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.1 дэх заалтад заасан үндэслэл, журмын хүрээнд зохих шалгуур, шаардлага заавал тавигддаг болно.
Хэргийн үйл баримтуудаас үзэхэд: Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал дээрх шүүгдэгч нарын хувьд бүрэн илрээгүй байхаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзахад шүүгдэгч нарыг ялаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй байна.
4. Дээрх үндэслэл, үйл баримтын хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Б.Баясгалангийн гаргасан “шүүгдэгч Н.Б-г ялаас чөлөөлүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/860 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Б.Баясгалангийн гаргасан “шүүгдэгч Н.Б-г ялаас чөлөөлүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР