| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2017/0374/Э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2018-02-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 69
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 17180001270041 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1992 оны 10 сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан сумын 5 дугаар баг, *******тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хар ямаат овгийн ******* /*******/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч Г.******* нь 2017 оны 8 сарын 14-ний өдөр Дархан сумын 6 дугаар баг, ******* тоот гэртээ байсан *******гийн Самсунг жей-7 маркийн гар утсыг монгол гэрийн хаяаг сөхөж байгаад хулгайлж 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.******* нь 2017 оны 8 сарын 14-ний өдөр Дархан сумын 6 дугаар баг, ******* тоот гэрт байсан *******гийн Самсунг жей-7 маркийн гар утсыг хулгайлж 500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч *******гийн “...2017 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө найз *******тай уулзаж байгаад гэртээ 4 цагийн үед харихад эгч *******сэрүүн хэвтэж байсан. ******* эгч “сая салсан нөхөр ******* байж байгаад чиний өмнө гараад явлаа” гэхээр нь тухайн үед нэг их тоохгүй унтахдаа гар утсаа оролдож байгаад дэрний хажуу талд толгойныхоо дэргэд тавиад унтсан. 7 цагийн үед эгч ажилдаа явахдаа намайг сэрээсэн. Тэгээд би гар утсаа үзэхэд алга болчихсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14/,
Гэрч*******ийн “...2017 оны 8 сарын дундуур манай ах*******ийн найз ******* хочтой ******* манай гэрт орж ирсэн. Тэгээд 84-р бракийн дэлгүүрийн эгчийг таньдаг биздээ гэж хэлээд гар утас тавиад өгөөч маргааш авчихна гээд орж ирсэн. Тэгээд би ******* бид 3 дэлгүүр ороод тэр гар утсыг нь 140,000 төгрөгөөр түр барьцаанд тавьсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20/,
Гэрч*******ийн “... Манай найз *******гийн хүү болох*******, дүү *******г бас*******ийн найз гээд нэг залуу манай дэлгүүрт 2017 оны 8 сарын дундуур байх өдрийн сайн санахгүй байна, орж ирээд мөнгөний хэрэг болчихлоо гар утас танай дэлгүүрт тавих гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар учиртай хэний гар утас юм бэ гэж асуухад*******ийн найз гээд залуу манай эхнэрийн гар утас юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/,
Капитал зууч ХХК-ийн 2017 оны 8 сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “... 500,000 төгрөг” гэх тайлан /хавтаст хэргийн 25/,
Шүүгдэгч Г.******* ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...гар утсыг нь гэрийн хаяагаар гараа оруулаад авсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, утсыг нь буцааж өгсөн, дэлгүүрээс авсан 140,000 төгрөгийг төлөөгүй байгаа, удахгүй төлнө” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Г.******* ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар, хулгайлан авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь хулгайлсан эд зүйлээ хохирогчид биет байдлаар нь буцааж өгсөн, иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирол болох 140,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 140,000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.******* нь өмнө уг байгууллагад ажиллаж байсан туршлагыг харгалзан түүнийг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт ажиллуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч* ******* ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар хулгайлан авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгчээс Г.******* аас 140.000 /зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч ******* /Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 хороолол,******* тоот хаягт оршин суух, ******* регистрийн дугаартай/-т олгосугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч* ******* т 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Г.******* ыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газарт өдөрт 4-өөс дээшгүй цагаар ажиллуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.******* т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД