| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2305035621342 |
| Дугаар | 2025/ДШМ/707 |
| Огноо | 2025-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/707
2025 06 04 2025/ДШМ/707
Г.Ө-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ариунзул,
хохирогч Т.У-,
шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
**********, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/550 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч Г.Ө-д холбогдох эрүүгийн 2305035621342 дугаар хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Г-ийн Ө,**** оны 08 дугаар сарын 10-ны өдөр ****** аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ****** дүүргийн *** дугаар хорооны олон нийтийн байцаагч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ******** дүүргийн *** дугаар хороо, 4 дүгээр хороолол, ***** ***** ******* *** ****/*дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: **********/;
********** дүүргийн прокурорын газраас: Г.Ө-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
**********, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Г.Ө-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Ө-д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ө-гаас 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Т.У-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдсан 3 /гурав/ ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Г.Ө- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Ө- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ********** дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**********” төвийн 318 тоотод хохирогч Т.У-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, энэ хэргийн хохирогч гэх Т.У- нь ********** дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**********” ХХК-ийн барилгын 3 давхрын ... тоот өрөөг түрээсэлдэг юм. Тэрээр 2023 оны 02 сараас хойш ашиглалтын зардлаа огт төлөхгүй байсан учир би байнга утсаар ярьж шаарддаг байсан. Ингээд 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “...чи өрөөнд ороод ирээрэй...” гэхээр нь би баримт материалуудаа аваад орсон. Гэтэл Т.У- нь “..намайг хууль бус төрийн бус байгууллага байгуулсан гэж дайраад, ашиглалтын зардлаа өгөхгүй” гэж уурласан. Намайг галзуу, мэдрэл муутай гэх мэтээр элдэв үгээр доромжлоод хашхичаад байхаар нь би айж сандарсандаа, мөн өндөр настай хүн харвал гайгүй болох болов уу гэж итгэж ээж Я- дуудсан. Гэтэл Т.У- нь өндөр настай хүн орж ирлээ гэж бодолгүйгээр уурлаж зандарч ээжийн нүдэн дээр намайг гар зайл гэж хэлээд гараас базаад араас самардаад түлхээд гаргасан. Тухайн үед би гартаа цэнхэр хавтастай баримт бичгүүдийг энгэртээ тэврээд, айж сандарсан зогсож байсан учир Т.У-ийн биед огт хүрээгүй бөгөөд биед нь хүрэх нь битгий хэл өөрөө зодуулаад гарсан. Гэтэл Т.У- нь намайг миний гар луу цохиж гар мулталсан гэж хийгээгүй хэргийн төлөө намайг буруутгах болсон. Тухайн үед бодит нөхцөл байдлыг миний ээж Я хараад зогсож байсан учир тэрээр мэдэх зүйлээ цагдаагийн байгууллагад маш тодорхой мэдүүлсэн байсан. Миний ээж насаараа багш хийж, хүний өөрийн гэхгүй хүүхдүүдийг зөв сайхан явахыг зааж сургаж, хүмүүжүүлж явсан багш хүн учир хэзээ ч хараагүй, мэдэхгүй зүйлийнхээ талаар худлаа ярьж мэдүүлэг өгөх хүн биш юм. Гэтэл шүүхээс ээж Я-ийн мэдүүлгийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн тул гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэснийг маш ихээр гайхаж байна. Хохирогч Т.У- нь шүүхийн хэлэлцүүлэгт намайг, ээжийн минь талаар маш олон худал зүйл ярьж, намайг гүтгэсэн. Энэ нөхцөл байдлыг би шүүхийн танхимаас харж зогсохдоо хохирогч хүн юу ч гэж худал ярьж болдог юм байна даа гэж ойлгосон. Гэтэл шүүхээс хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй учраас түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Т.У- нь миний нурууг маажиж, базаж, самардах явцдаа өөрийнхөө гарт өөрөө гэмтэл учруулсан гэж би үзэж байгаа. Учир нь, би түүний биед огт халдаагүй, хүрээгүй, үүнийг ч тодорхой харсан хүн нотолсон. Би хийгээгүй хэргийнхээ төлөө ял шийтгэл авсандаа маш их гомдолтой байна. Хэрвээ би хохирогч Т.У-ийн биед халдаж гэмтэл учруулсан бол надад маргааныг энэ хүртэл хүндрүүлэн явах ёс суртахуун үнэхээр байхгүй. Би гагцхүү шударга шүүх гэж байдаг бол үнэн зөвийг олоод шийдвэрлэнэ гэдэгт итгэсэн, одоог хүртэл итгэсээр байгаа. Иймд Эрхэм шүүгч та надад холбогдох хэргийг тал бүрээс нь бүрэн нягталж, хэрэгт авагдсан баримтуудад нэг бүрчлэн дүгнэлт хийж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Г.Ө-гийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэр нь өмгөөлөгчдийн саналын үндэслэл болсон баримтыг няцаан үгүйсгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, мөн 1.3-д заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохоор хуульчилсан. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2-д “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана” гээд мөн зүйлийн 2.3 “...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, няцаан үгүйсгэсэн үндэслэл”, 2.4-д “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” гэж заасан. Гэтэл өмгөөлөгчийн зүгээс Г.Ө- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, эргэлзээтэй гэж тодорхой үндэслэлүүдээр мэтгэлцсэн боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудыг няцаан үгүйсгэсэн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил болсон байна. Г.Ө- нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн эсэх нь нотлогдоогүй, эргэлзээтэй тухайд хавтаст хэргийн 22-р талд анх хохирогчоор Г.Ө- мэдүүлэхдээ “...У-ийн биед халдаагүй.., харин У- нь нуруун тус газар маажиж, зүүн гарын бугалга хэсгээс базаад хөхрүүлсэн...” гэж болсон нөхцөл байдлын талаараа маш тодорхой мэдүүлэг өгсөн. Түүний энэ мэдүүлэг /хх 44-р/ талд авагдсан Г.Ө-гийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт баталдаг. Г.Ө-гийн хувьд хохирогч гэх Т.У-ийн биед гэмтэл учруулаагүй, гэмтээгээгүй. Үүнийгээ ч анхнаасаа маш тодорхой, тогтвортой мэдүүлдэг бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад ч удаа дараа мэдүүлэхдээ үүнийгээ баталсан мэдүүлгүүд өгсөн. Энэ хэргийн хамгийн гол гэрч С.Я нь /хх 35-р талд/ гэрчээр мэдүүлэхдээ “...танай охин Т.У-ийг цохиж зодсон асуудал байгаа юу? гэсэн асуултад ... “манай охин өөдөөс нь гар хүрээгүй” гэж, мөн /хх 140-р талд/ гэрчээр дахин мэдүүлэхдээ “...тухайн үед Г.Ө- нь Т.У-ийн гар луу цохих процесс огт болоогүй...” гэж бодит нөхцөл байдлыг маш тодорхой мэдүүлсэн. Гэрч С.Я-ийн хувьд Г.Ө-, Т.У- нарыг маргалдах явцад яг хажууд нь байсан бөгөөд бодит нөхцөл байдлыг харсан гэрч учраас хамгийн бодитой мэдүүлэг өгсөн гол гэрч юм. Гэтэл анхан шатны шүүхээс “...тухайн үед болсон үйл явдлыг харсан гэрч С.Я шүүгдэгч Г.Ө-тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн тул түүний гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй, мөн тухайн ач холбогдол бүхий нөхцөлийг мэдээгүй, хараагүй байх боломжтой юм...” гэж дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй. Учир нь гэрч С.Я-аас мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг урьдчилан сануулсны үндсэн дээр, түүний зөвшөөрсний дагуу байцаалтыг явуулсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-р зүйлийн 1-д “...энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж тодорхойлсон ба гэрч С.Я-аас мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан учир түүний мэдүүлэг үндэслэл бүхий нотлох баримт юм. Өөрөөр хэлбэл, гэрчийн мэдүүлэг нотлох баримтыг мөрдөгч цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтаар шууд үнэлэх ёстой. Мөн /хх 99-100-р талд/ шинжээч эмч Б.Ариунзул 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “... Т.У-ийн биед баруун сарвууны эрхий хуруу, алга, хурууны үеэр хагас мултрал гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр дарах, мушгих...үед үүсэх боломжтой, ...дарах, мушгих үйлдэл өөрийн болон бусдын хүчээр үүсгэгдэх боломжтой. ...дээрх гэмтлийг өөр хүн түлхэх үед үүсэх боломжтой...” талаар маш тодорхой мэдүүлэг өгсөн. Түүний өгсөн мэдүүлгээс үзэхэд “цохих үед” дээрх гэмтэл учирсан талаар нэг ч үг үсэг байхгүй. Гэтэл яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “...баруун гараараа цохиж баруун сарвуун эрхий алга хурууны үеэр хагас мултрал бүхий гэмтэл” учруулсан мэтээр буруутгасан. Түүнчлэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12422 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон Т.У-ийн биед баруун сарвууны эрхий хуруу, алга, хурууны үеэр хагас мултрал гэмтэл нь шүүгдэгчийн ямар үйлдлийн улмаас учирсан болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй ба харин хэрэгт авагдсан баримтууд болох гэрч С.Я, шинжээч эмч Б.Ариунзул нарын мэдүүлгээр шүүгдэгчийн хууль бус үйлдлээс бус харин тухайн цаг хугацаанд хохирогч Т.У- нь Г.Ө-гийн биед халдахдаа өөрөө өөртөө буюу дарах, мушгих үйлдэл хийх явцдаа гэмтэл учруулсан байх боломжтой байгаа юм. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт хийж, зөвхөн нотлох баримтад үндэслэж шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтууд нь Г.Ө-гийн гэм буруутай гэдгийг хангалттай нотолсон баримтгүй, эргэлзээтэй, түүний үйлдлийг үгүйсгэх баримтууд хангалттай авагдсан байхад хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийжээ. Иймд хэрэгт авагдсан баримтуудад нэг бүрчлэн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан Г.Ө-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Т.У- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолтой танилцсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Г.Ө-гийн өрөөнд танхайрсан үйлдэлд тусад нь гомдол гараагүй. Бүтэн жилийн хугацаанд ашиглалтын зардлаас болж маргасан. 318 дугаар тоот өмчлөгчийн ажлыг хийж өгсний дараа төлбөр мөнгө авахгүйгээр 5 жилийн дараа өмчлөх эрх шилжүүлэхээр өрөөг үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглуулсан. Надад энэ өрөөг өгсөн хүн өрөнд орж, буцааж авахын тулд Г.Ө-г турхирч, үндэслэлгүйгээр мөнгө нэхүүлж байсан. Би аргаа барахдаа мөнгө өгдөг байсан. Мөн мөнгө авчихаад баримт өгдөггүй. Тухайн өдөр ашиглалтын зардал нэхэж орж ирсэн. “Тооцоо нийлье” гэж хэлсэн. Төрийн бус байгууллага байгуулан миний өмгөөлөгчийн үнэмлэхийг ашиглаж, Т.У- гэж гарын үсэг хуурамчаар үйлдсэн баримт гарч ирсэн. “Та нарт өрөөний илүү түлхүүр байдаг юм уу, яагаад миний ажлын өрөөнд орж байгаа юм” гэдэг маргаан үүссэн. Г.Ө- мөнгөө авч байж гарна гээд хувцсаа тайлж, өрөөнөөс гарахгүй гэж ширээнээс зуурсан. Би гар гээд гаргах гэж байхад бугалганы зулгаралт үүссэн. Г.Ө- нүцгэн гарч, ээжийгээ дуудсан. Өөрийг нь хууль бус үйлдэл гаргаж байгааг хэлэхэд “намайг шоронд оруулах гэлээ” гэж хэлсэн. н.Я гарахгүй гэж намайг цохиж байхыг харсан. Гар хавдсан учраас үйлдэл хийх боломжгүй болж нөгөө гараараа зулгааж гаргах гэж байхад 2 хурууны хумс хугарсан. Би хүчилж, ташаагаараа түлхэж байж гаргасан. Энэ талаарх сиди, бичлэгийг хэргийн материалд өгсөн. Өгөх ёсгүй ашиглалтын зардлыг нэхэж, өгөхгүй гэхээр ийм асуудал гаргасан. Мөн намайг цохиулсан талаараа мэдүүлэг өгч байгаагүй гэх боловч хавтаст хэргийн 24, 28, 80, 86, 117 дугаар хуудаст “намайг энэ хүн цохиж, гэмтэл учруулсан” гэж мэдүүлэг өгсөн нь байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “шинжээч өөрөө хохирол учруулсан байх боломжтой гэж мэдүүлсэн” гэж бичсэн байсан. Шинжээч бусдын хүчин зүйлээр мөн үүсдэг талаар мэдүүлсэн байхад энэ талаар дурдаж, ярихгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд энэ асуудлын талаар ярьж, мэтгэлцсэн. Тиймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Прокурор Г.Ариунзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч, шүүгдэгч нар “ашиглалтын зардлаас болж маргалдсан” гэж гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн талаар мэдүүлдэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч Г.Ө- тогтвортой мэдүүлэг өгч байсан” гэж хэллээ. Үүнтэй адил хохирогч ч удаа дараа тогтвортой мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч “бусдын хүчээр үүсгэгдэх боломжтой” гэдэг шинжээчийн дүгнэлтийг ярихгүй, орхигдуулж байсан. Шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр шүүгдэгчийн гэм буруу үгүйсгэгдэх боломжтой гэдэг байдлаар тайлбар гаргадаг. Хохирогчийн баруун гарынх нь эрхий хуруунд гэмтэл учирч, зүүн гарынх нь хумс хугарсан. Хохирогч шүүгдэгчийн биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Шүүгдэгчийг түлхэх явцад хохирогчийн хумс хугарсан. Мушгих, дарах үйлдлийн тухайд, хохирогчийн баруун гарын эрхий хурууны үеийг мулталсан тусдаа асуудал байгаа. Гэрч н.Я-ийн мэдүүлгийн талаар ярьж байна. Гэрчид хууль сануулж мэдүүлэг авсан нь үнэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн учраас гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь эдлүүлсэн талаар шийтгэх тогтоолд тодорхой дүгнэж бичсэн. Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө яллагдагчаар татсан гэдэг асуудал мөн ярьж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт хангалттай цугларсан гэж үзвэл яллагдагчаар татдаг. Эргэлзээтэй байсан учраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахгүй удсан асуудал байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд :
1. Шүүх, прокурор нь гэмт хэргийн талаарх нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон эсэхийг тус эрүүгийн хэрэг дэх бүхий л нотлох баримтын эх сурвалжид бодитой тулгуурлан дүгнэлт хийж чадаагүйг зөвтгөх боломжгүйгээс гадна нотлогдоогүй үйлдлийн шинжээр төсөөлөх байдлаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй.
Тус эрүүгийн хэрэгт цугларсан бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүхэлд харьцуулан шалгахад:
Шүүгдэгч ба хохирогч нар харилцан маргалдсан, улмаар хохирогч нь түүнийг гараас нь базаж, түлхэх үйлдлүүд хийснээр өрөөнөөсөө гаргасан байх ба шүүгдэгч гарахгүй хэмээн эсрэгээр түлхэлцсэн ч тэд бие биенээ зодсон үйлдэл байгаагүй, тухайн түлхэлцэх үйлдлийн явцад тус тэдний биед харилцан гэмтэл учирсан талаарх баримтууд цугларчээ.
Тухайлбал, шүүгдэгчийн биед зүүн далны дотор хэсэгт зулгаралт, зүүн бугалгын ар дунд хэсэгт цус хуралт гэмтэл үүссэн болох нь тогтоогдсон байх төдийгүй шинжээчийн дүгнэлт, мэдүүлэгт“...хохирогчийн баруун сарвуун эрхий хурууны алга-хурууны үеэр хагас мултрал гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр дарах, мушгих зэргийн үед үүснэ, дарах, мушгих үйлдэл өөрийн болон бусдын хүчээр үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтлийг өөрөө, хүн түлхэх үед үүсэх боломжтой...” /хх-50-51, 99-100/ нөхцөл байдал тусгагдсан байна.
Гэтэл яллах дүгнэлтэд “шүүгдэгч Г.Ө- нь хохирогчид хэрхэн яаж гэмтэл учруулсан талаар тодорхой тусгаагүй” байхад шүүх үйл баримтын талаар хэрхэн дүгнэлт хийсэн нь тодорхой биш байна.
Тодруулбал, яллах дүгнэлтэд: “Яллагдагч Г.Ө- нь “**********” төвийн 318 тоотод хохирогч Т.У-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар биед нь халдан зодсон болох нь тогтоогдсон гэснээс гадна “Г.Өлзийсайхан нь өрөөнөөс гарахгүй гэж Т.У-ийн баруун гар руу гараараа цохиж, баруун сарвууны эрхий хурууны алга-хурууны үений мултрал гэмтэл учруулсан” гэж /хх-139-141/ илтэд ойлгомжгүй, ноцтой зөрүү, зөрчилтэй бөгөөд нотолбол зохих байдлын хүрээнд бүрэн нотлогдоогүй буюу тодорхой бус, харилцан хамааралгүй асуудлыг үйлдлийн шинжид нэмж бичих байдлаар ялласан,
мөн шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Г.Ө- нь “**********” төвийн 318 тоотод хохирогч Т.У-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулжээ” гэж /хх-228, 232/ илтэд ойлгомжгүй, тодорхойгүй буюу хийсвэрлэн төсөөлөх байдлаар дурдан бичиж, дүгнэсэн зэрэг нь яллах дүгнэлт ба шийтгэх тогтоол бүхэлдээ хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүйг бодитой илэрхийлж байна.
Тийм учраас, нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй буюу яллах ба цагаатгах нотлох баримтууд харилцан ноцтой зөрүүтэй байхад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг төсөөлж, хийсвэрлэх байдлаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.2 дугаар зүйл, 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй, нотлох баримтыг шалгаж, үнэлэхэд нотолгооны стандарт шаардлага зарим талаар зөрүү бүхий тухайн тохиолдолд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзэх ямар ч нотлох баримт байж болохгүй.
Өөрөөр хэлбэл, хэргийн хэргийн бодит байдал эргэлзээгүй, бүрэн тогтоогдсон эсэхийг хянан шийдвэрлэхийн тулд яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтын эх сурвалжийг тус хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай эсэх, нотолгооны чадвартай эсэх зэрэг нотолгооны стандарт шаардлагын дагуу ялган зааглаж, улмаар бүрэн, нягт, бүх талаас нь харьцуулан шалгаж, үнэлэн өнгөрсөн үйл явдлыг бодит байдлаар сэргээн дүрсэлж, оновчтой, зөв дүгнэлт хийсний эцэст хэргийн бодит байдал ба гэмт хэргийн шинжийн хамаарлыг хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар тогтоосон байх шаардлагатай болно.
2. Хэргийн үйл баримтаар, хэрэг 2023.09.21-ний өдрийн 13 цагийн орчим гарсан гэх ба 2024.09.20-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн, харин тус тогтоолыг 2024.09.21-ний өдрийн 20 цагийн үед танилцуулж, яллагдагчийн эрх, үүргийг тайлбарласан баримттай зэрэг нөхцөл байдал илэрсэн байх тул Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын хүрээнд яллагдагчаар татсан эсэхийг анхаарч, нягтлах шаардлага үүссэн байгааг тэмдэглэж байна.
3. Дээрх үндэслэл, үйл баримтын хүрээнд: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох буюу шийтгэх тогтоол нь мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-1.4, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт зэрэг тусгайлан заасан үндэслэл, журамд нийцээгүй байх тул **********, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/550 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Г.Ө-, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Шүүгдэгч Г.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. **********, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/550 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Г.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР