Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2017/02556

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2017/02556

 

 

Б.Баяраа, Ц.Цогтбаяр нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18ы өдрийн 181/ШШ2017/02606 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Монголын чөлөөт бөхийн холбоо НҮТББ-д холбогдох

 

Дасгалжуулагч нарын дасгалжуулах эрхийг хоёр жилээр хассан Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн 2016 оны 08 сарын 30-ны өдрийн 14 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баяраа, Ц.Цогтбаяр, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Цагаанбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Номундарь, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б.Баяраа миний бие 1980 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж, Монгол Улсын Аварга цол, Олон Улсын Тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медалууд хүртэж, Дэлхийн Аваргад амжилттай оролцож байсан бөгөөд Олон Улсын Хэмжээний Мастер болсон. Б.Баяраагийн Монгол Улсын нэр төр, алдар хүндийг дэлхийн тавцанд мандуулж мянга, мянган хүүхэд залуучуудыг бие бялдар, оюун ухаан, боловсрол хүмүүжлийн өв тэгш хүмүүжилтэй болгох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг төр засаг өндрөөр үнэлж 2014 онд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор шагнасан. Ц.Цогтбаяр миний бие 1990 оноос одоог хүртэл Алдар Спорт Хороонд ажиллаж байна. Улсын шигшээ багт тамирчин байх хугацаандаа 1993 онд Дэлхийн Аваргын Хүрэл медаль, 1993 онд Ази тивийн аварга, 1994 оны Азийн тоглолтын аварга болон бусад онуудад Олон Улсын тэмцээн, Гран При тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медалуудыг хүртэж, 1998 онд Монгол Улсын Гавьяат Тамирчин Цолоор шагнагдсан. Эдүгээ одоог хүртэл Ардын Армийн Алдар Спорт Хороонд дасгалжуулагч багшаар ажиллаж, мөн үүний хажуугаар 2013 оноос одоог хүртэл Монгол Улсын Шигшээ Багийн Ахлах Дасгалжуулагчаар ажиллаж байна.

Монголын Чөлөөт Бөхийн Холбоо нь 2016 оны 08 сарын 30-ны өдрийн 15:00 цагт Туушин зочид буудлын Сүлд танхимд Хэвлэлийн Бага Хурал хийж, Монголын чөлөөт бөхийн Удирдах Зөвлөлийн гишүүн А.Сүхбат хэвлэлийн хурлын эхэнд: "Энэ удаагийн наадамд манай чөлөөт бөхийн хоёр дасгалжуулагч бөхийн дэвжээн дээр гарч танхайн хэрэг гэж үзнэ дээ. Ийм хэрэг үйлдсэнд, энэ явдалд маш их харамсаж байгаа... "Риогийн олимпийн наадамд төр засгаас 8 тэрбум гаруй төгрөг шийдэж, урьд хожид байгаагүй өндөр ач холбогдол өгсөн. Тамирчдыг бэлтгэл хангагчтай нь гаргасан. Саяхан Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос хариуцлага тооцох тухай бичиг ирсэн. Хэрвээ 09 дүгээр сарын 01-ээс өмнө хариу ирүүлэхгүй бол энэ асуудлыг хүлээж авсанд тооцно гэсэн...." утгатай бичиг ирснээс хойш Монголын Чөлөөт Бөхийн Холбоо хоёр удаа хуралдаж "Бүдүүлэг, танхай алдаа гаргасан хоёр дасгалжуулагчдаа хариуцлага тооцож байна. Ард түмнээсээ уучлалт гуйя" гэж хэлсэн. Д.Сумъяабазар: "Ингээд та бүхэндээ МЧБХ-ны Удирдах Зөвлөлийн шийдвэрийн талаар танилцуулъя. Риогийн олимпийн 65 кг-ийн жингийн хүрэл медалийн төлөөх барилдааны дараа Монголын хоёр дасгалжуулагч шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн дэвжээн дээр зохисгүй зан, үйлдэл гаргаж Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр хүнд, ашиг сонирхлын эсрэг бүдүүлэг алдаа гаргасан тул Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарыг олон улсын болон дотоодын бүх тэмцээн уралдаан, ямарваа нэгэн чөлөөт бөхийн үйл ажиллагаанд орох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч байгааг үүгээр мэдэгдэж байна" гэсэн.

Уг мэдээллийг олон нийтэд зарлаж байгаа нь хууль бус үйлдэл бөгөөд 2 дасгалжуулагчийн эрхийг хассан шийдвэр нь МЧБХ-ны ёс зүйн дүрэм, МЧБХ-ны дүрмийг зөрчсөн, дүрэмд нийцээгүй.

Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын дасгалжуулагчийн эрхийг хассан 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тушаал нь МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадоржийн гаргасан тушаал байх бөгөөд МЧБХ-ны Ёс зүйн дүрэмд зааснаар холбооны ерөнхийлөгчид сахилгын шийтгэл оногдуулах эрх хэмжээ байхгүй. Сахилгын шийтгэлийг Ёс зүйн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.9, 12.10-т зааснаар сахилгын шийтгэл оногдуулахад эхлээд ёс зүйн зөвлөлийн нэг гишүүн мөрдөн шалгах, дараа нь 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх гэсэн процессын дагуу явах ёстой. Хариуцлага тооцох тухай мэдэгдэлдээ Ёс зүйн дүрмийн 8.6-ыг зөрчсөн тул 10.1.В-Д "тэмцээнд оролцох буюу дасгалжуулах эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах буюу онцгой тохиолдолд түдгэлзүүлэх гэсэн заалтыг зөрчсөн тул 2 дасгалжуулагчийн олон улс болон дэлхий, дотоодын бүх тэмцээн болон ямарваа нэгэн үйл ажиллагаанд орох эрхийг хаслаа" гэсэн нь ёс зүйн дүрэмд байхгүй сахилгын шийтгэл хүлээлгэсэн үйлдэл болсон юм. Монголын Чөлөөт Бөхийн холбоо нь Монголын Үндэсний Олимпын Хорооноос (МҮОХ) тавигдах шаардлагыг хангасан гишүүн байгууллага бөгөөд МҮОХ-ны дүрмийн 15.1-д заасны дагуу МҮОХ-ны дүрмийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд МҮОХ-ны хүлээн зөвшөөрсөн цор ганц чөлөөт бөхийн холбоо билээ. Нэхэмжлэгч нарын дасгалжуулах эрхийг 2 жилээр хассан Монголын Чөлөөт Бөхийн холбооны 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монголын чөлөөт бөхийн холбоо НҮТББ-ын шүүхэд гаргасан тайлбарт: Б.Баяраа, Ц.Цогтбаяр нар нь Риогийн олимпийн наадмьн үеэр буюу 2016 оны 08 сарын 21-ний өдөр шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн дэвжээн дээр гарч хувцсаа тайлан зохисгүй зан үйлдэл гаргасны улмаас Дэлхийн Нэгдсэн Бөхийн Холбооноос 2016 оны 08 сарын 25-ны өдөр "Хариуцлагын тухай албан тоот /Notice of charge/" ирүүлсэн. Тус албан тоотод "Б.Баяраа, Ц.Цогтбаяр нарын гаргасан бүдүүлэг, үл хүндэтгэсэн үйлдэл нь Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо болон спортын нэр хүндийг гутаасан үйлдэл болсон. Маш олон тооны хүн энэхүү үйлдлийн гэрч болсон бөгөөд Олон улсын Олимпийн хорооноос сөрөг сануулга өгсөн. Иймд Холбооны нэр хүнд, ашиг сонирхлыг зөрчих тухай Дүрмийн 5-р заалт болон Зохисгүй үйлдлийн тухай 8.2 заалт зэргийг зөрчсөн гэж үзэж та бүхэнд албан ёсоор хариуцлага тооцож байна. Монголын Чөлөөт Бөхийн холбоог Дэлхийн Нэгдсэн Бөхийн Холбооны албан ёсны хуваарьт багтсан олон улсын тэмцээнүүдэд ямар ч төрлөөр аль ч насны ангилалд оролцохыг түдгэлзүүлж байна" гэсэн ноцтой үр дагавартай шийдвэр гарсан тул энэхүү үйл явдлыг хэрхэн яаж шийдвэрлэх тухай Монголын Чөлөөт Бөхийн Холбоо өргөтгөсөн хурлаа 2016 оны 08 сарын 26-ны өдрөөс 29-ний өдрүүдэд хийсэн. Тухайн өргөтгөсөн хуралд Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, дасгалжуулагчид, шүүгч, ёс зүйн зөвлөлийн гишүүд гээд холбогдох бүхий л эрх бүхий хүмүүс өргөн бүрэлдэхүүнтэйгээр асуудлыг авч хэлэлцэн шийдвэрийг гаргасан. Иймд бүхий л үйл ажиллагаа холбогдох дүрэм журмын дагуу явагдсан. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 10.1.В дахь заалт нь Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Ёс зүйн дүрэмд байдаг заалт юм. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр "Хариуцлага тооцох тухай" тушаалыг хүчингүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зуйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч Монголын чөлөөт бөхийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Гэрэл давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нэхэмжлэлийг гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамааруулан гаргасан ба шүүх шийдвэртээ нэхэмжлэлийг гомдлоор авч хэлэлцэх хэрэг мөн эсэх талаар дүгнэлтийг хийгээгүй ч тогтоох хэсгийн 2 дугаар заалтаар нэхэмжлэгч нарыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснөөс үзэхэд энэ төрөлд хамааруулан шийдсэн гэж үзэхээр байна.Хэрэв шүүх маргааныг гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамааруулан шийдсэн бол иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх маргааны тусгай анги болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр бүлгийн зохицуулалтыг удирдлага болгох ёстой байсан. Өөрөөр хэлбэл, тухайн гомдол нь тус хуулийн 157 дугаар зүйлд заасан нөхцлийг хангасан эсэхийг, ялангуяа 157.2-т заасны дагуу маргаан бүхий шийдвэр нь ямар хууль тогтоомжид харшилж байгаа, түүнийг хууль бус гэж үзсэн үндэслэл нотолгоог анхаарна. Мөн гомдлыг хэлэлцэхдээ тус хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4-т заасны дагуу тэрхүү маргаан бүхий шийдвэр хуульд нийцэж буй эсэх, шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан эсэхийг тогтоогоод эцэст нь мөн хуулийн 160 дугаар зүйлд заасныг удирдлага болгон шийдвэрээ гаргах ёстой байсан.

Гэтэл шүүх Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр тушаал нь ямар хуулийг зөрчсөн талаар дүгнэлт хийгээгүй, буюу тогтоогоогүй ба зөвхөн холбооны Удирдах зөвлөлөөс баталсан Ёс зүйн дүрмийг зөрчсөн тул хүчингүй болгох үндэслэл болгосон нь уг шийдвэр нь хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн "Тодорхойлох" хэсэгт нэхэмжлэгч нарын тайлбарыг бүтэн гурван нүүр оруулсан хэрнээ хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн татгалзлын бодит байдлаар болон хууль зүйн үндэслэлийг нотлох баримттайгаар тайлбарласныг бичгийн цаасны нэг нүүрний гуравны нэгийн хэмжээгээр оруулсан. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийн байр суурийг илүүд харж, хариуцагчийн тайлбар, нотлох баримтыг анхаарч үзээгүй, хэргийн үйл баримтад бүхэлд нь дүгнэлт хийгээгүй байна.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (цаашид "ДБНХ" гэх)-ноос 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр МЧБХ-нд Хариуцлагын тухай албан тоот" /"Notice of charge"/ гэсэн захидал ирүүлсэн. Энэ талаар МЧБХ-г өөрийн байр суурийг 2016 оны 08 сарын 31-ний дотор ирүүлэхийг хүссэн бөгөөд хариу ирүүлээгүй тохиолдолд оногдуулж буй хариуцлагыг хүлээн авсанд тооцох болно гэдгээ мэдэгдсэн. ДБНХ-ны "Хариуцлагын тухай албан тоот"-ыг хүлээн авсны дараа МЧБХ Удирдах зөвлөл, Мэргэжлийн зөвлөл, Шүүгчдийн зөвлөл, Ёс зүйн зөвлөл, Ахмадын зөвлөлүүд зэрэг бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн хурал 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хуралдсан. Тус хуралд дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нар оролцож болсон үйл явдалтай холбоотой өөрсдийн байр суурь, тайлбарыг гаргасан. Хурлаар ДБНХ-оос ирүүлсэн албан бичиг болон хоёр дасгалжуулагч нарын үйлдлийг авч хэлэлцэхэд дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нарын үйлдэл ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тул хариуцлага тооцох нь зүйтэй гэж тогтсон. Үүний дараа асуудлыг Удирдах зөвлөлийн 2016 оны 08 сарын 30-ны өдрийн хурлаар дахин хэлэлцэн, МЧБХ-ны Ёс зүйн дүрэмд ёс зүйн хариуцлагыг Ёс зүйн зөвлөл ногдуулахаар заасан хэдий ч өргөтгөсөн хуралд Ёс зүйн зөвлөл оролцсон, мөн нэн даруй шийдвэрлэх нөхцөл байдал үүссэн, Ёс зүйн зөвлөл нь Удирдах зөвлөлөөс байгуулагддаг бөгөөд бүрэн эрх нь түүнээс эх авсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр хоёр дасгалжуулагчид ногдуулах хариуцлагыг Удирдах зөвлөл эцэслэн шийдвэрлэж, холбооны ерөнхийлөгч гарын үсэг зурсан юм. МЧБХ өөрийн байр суурь болон авсан арга хэмжээний талаарх захидлыг ДБНХ-д 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүргүүлсэн. Үүний үр дүнд ДБНХ-оос өмнө авсан хариуцлагын арга хэмжээг цуцалж, 2 дасгалжуулагч нарт дотоод болон олон улсын тэмцээнд оролцох эрхийг 3 жилээр хасч, мөн МЧБХ-г 50 000 швейцар франкийн мөнгөн торгууль ногдуулсныг 2016 оны 09 сарын 13-ны өдрийн захидлаар мэдэгдсэн. Мөн ийнхүү шийдвэрийг гаргахдаа спортын арбитрын албан ёсны шүүгч Алдо Албанезийн шийдвэрийг үндэслэсэн болохыг мэдэгдсэн. Нэхэмжлэгч нар 2016 оны 09 сарын 08-ны өдөр ДБНХ-д өөрсдийн гаргасан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөн, уучлал гуйн цахим захидал илгээсэн байдаг. Болсон үйл явдал энэ бөгөөд уг үйл баримтад нэхэмжлэгч нар маргадаггүй боловч арга хэмжээ авсныг буруутгадаг гол үндэслэлээ процесс зөрчсөн буюу арга хэмжээг Ёс зүйн зөвлөлийн шийдвэрээр авах ёстой гэж үздэг.

МЧБХ нь дасгалжуулагч нартай ажил олгогч, ажилтны харилцаатай биш бөгөөд МЧБХ-ны шийдвэрт гомдол гаргахтай холбоотой зохицуулалт ямар нэгэн хуулиар байхгүй. Ер нь спортын холбоод нь спортын дүрэм журам, тэмцээн уралдааны нөхцөл байдлаас хамааран их онцлог зохицуулалттай байдаг. МЧБХ нь ДБНХ-ны гишүүн бөгөөд гишүүн болсноор түүний бүх дүрэм журмыг дагаж мөрдөх үүрэгтэй. Шүүх спортын холбоодын энэхүү шинж чанар /nature/-bir харгалзан үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондох маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нарын Монголын чөлөөт бөхийн холбоонд холбогдуулан гаргасан тус холбооны ерөнхийлөгчийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нарыг Риогийн олимпийн наадмын үеэр 65 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдааны дараа шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн дэвжээн дээр зохисгүй зан үйлдэл гаргаж, дэлхийн нэгдсэн бөхийн холбооны нэр хүнд, ашиг сонирхлын эсрэг ёс зүйн бүдүүлэг алдаа гаргасан гэж Монголын чөлөөт бөхийн холбооны ёс зүйн дүрмийн 8.6, 10.1.в-д заасныг үндэслэн олон улс, болон дэлхий, дотоодын бүх тэмцээн, ямарваа нэгэн үйл ажиллагаанд орох эрхийг хассан хариуцлага ногдуулсан байна.

 

Нэхэмжлэгч тал дээрх тушаалд дурдсан ёс зүйн зөрчил буюу Риогийн олимпийн наадмын үеэр 65 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдааны дараа шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн дэвжээн дээр зохисгүй зан үйлдэл гаргасан нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, зохигч энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчлийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 32 гишүүний оролцоотой өргөтгөсөн хурлаар, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Удирдах зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцсэн байна. Тэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нарын олон улс болон дэлхий, дотоодын бүх тэмцээн, ямарваа нэгэн үйл ажиллагаанд орох эрх-ийг хассан агуулгатай 14 дугаартай тушаал гаргахдаа Монголын чөлөөт бөхийн холбооны ёс зүйн дүрмийн дүрэм зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн байхаас гадна нэхэмжлэгчийн олон улс болон дэлхий, дотоодын бүх тэмцээн, ямарваа нэгэн үйл ажиллагаанд орох эрх-ийг тодорхой хугацаа заалгүй хассан нь Монголын чөлөөт бөхийн холбооны ёс зүйн дүрэмд заагаагүй шийтгэл болжээ. Иймд энэ талаарх нэхэмжлэгч нарын гомдол үндэслэлтэй байв.

 

Дүрмийн 10.1, 11.4, 11.6.1, 12.6-д зааснаас үзвэл холбооны гишүүд дүрэм зөрчвөл ёс зүйн зөвлөл сахилгын хэрэг үүсгэн шалгана, зөрчил гаргасан нь тогтоогдвол сануулах, тэмцээнд оролцох буюу дасгалжуулах эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах буюу онцгой тохиолдолд түдгэлзүүлэх, холбооны гишүүнээс хөөж, эрхийг бүр мөсөн хасах, торгох сахилгын шийтгэлийг ёс зүйн зөвлөл тогтоол үйлдэж ногдуулахаар байна.

 

Хариуцагч байгууллагын ерөнхийлөгч нь тогтоосон журамд заасны дагуу уг ёс зүйн зөрчлийг ёс зүйн хороогоор хэлэлцүүлээгүйгээс гадна ёс зүйн дүрэмд заагаагүй тэмцээнд оролцох эрхийг хугацаа заалгүй хасч ямарваа нэгэн үйл ажиллагаанд оролцох эрхгүй болгон шийдвэрлэснийг иргэний Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхэд халдсан гэж үзнэ.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.10 дахь хэсэгт зааснаар Монгол улсын иргэний ... ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулсан.

 

Нэхэмжлэгч тал төрийн бус байгууллагын удирдлагаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүх маргаан бүхий тушаалыг нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн шийдвэр гэж дүгнэн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

А.МӨНХЗУЛ