| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 240602047019 |
| Дугаар | 2025/ДШМ/713 |
| Огноо | 2025-06-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/713
2025 06 05 2025/ДШМ/713
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Төгсжаргал,
шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Э.Чулуунцэцэг,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1103 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн 2406020470191 дугаар хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
А овогт Б-ын Б-, **** аймагт 2001 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ***** дүүргийн 4 дүгээр хороо, ***** * дугаар гудамж, * тоотод оршин суух бүртгэлтэй боловч ******* дүүргийн 39 дүгээр хороо “*******” хотхоны *** дугаар байр *** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: **********/;
Шүүгдэгч Б.Б- 2024 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө ******* дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” төвийн автомат төгрөгийн машин /АТМ/-нд хохирогч Д.Б-ийн банкны картыг уншуулж 1.680.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.
******* дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...шүүгдэгч Б.Б-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-аас 1.680.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-ид олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Э.Чулуунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б-ын хувьд өөрийн гэм буруу, хэргийн зүйлчлэл, хор уршгийн хэмжээнд огт маргадаггүй бөгөөд гагцхүү нийгмээс тусгаарлалгүй шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байгаа тул түүнд оногдуулсан хорих ялыг дараах үндэслэлүүдээр хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүсэж, энэхүү гомдлыг гаргаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэмт хэрэг нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж эрүүгийн хариуцлагаас сонгож шийтгэх боломжтой байна.
Шүүх хуульд заасан эдгээр ялаас чухам аль ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудаас шалтгаалдаг, дээр дурдсанаар шүүх хорих ялыг сонгон оноох болсон үндэслэлээ тодорхой тусгаагүй байна. Хохирогчийн хохирлыг барагдуулаагүй нь хорих ял оногдуулах үндэслэл болсон гэж ойлгож байгаа болно. Гэсэн хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв гэж заасныг бүрэн дүүрэн харгалзан үзээгүй байна.
Шүүхээс ийнхүү хорих ял сонгож шийдэхэд ч шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломж нөхцөлийн талаар хууль эрх зүйн зөвлөгөө туслалцаа аваагүй байна.
Шүүгдэгч Б.Б-ын хувьд эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр хүүхдээ асарч байгаа тул хөдөлмөр эрхэлдэггүй, цалин орлогогүй. Хүүхдийн нэмэлт тэжээл зэрэг хоол хүнс, бага насны хүүхдүүд тул хүүхдийн асаргаанд зайлшгүй шаардлагатай эд зүйлсээр хангагдаж чадахгүй нөхцөл байдалд хүрчээ.
Шүүгдэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-ыг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заажээ. Мөн шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг харьцангуй бага, мөн хохирлыг бүрэн барагдуулах болно.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас хөндөгдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг дахин нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүгдэгч Б.Б-ын хувьд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтын 1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”, эсвэл хорих ялыг зорчих эрх хязгаарлах ял болгон өөрчлөх хууль зүйн боломжтой юм.
Иймээс өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн ял шийтгэлтэй холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү....” гэв.
Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд шүүгдэгч гэм буруугийн хувьд маргахгүй гэдэг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өөрийнхөө үйлдэлд маргадаг.
Хохирогчийг өөрөө АТМ-аас мөнгө авсан гэх утга агуулга бүхий тайлбарыг өгдөг. Гэтэл түүний өмгөөлөгч гэм буруу, хор уршигт маргадаггүй мэтээр гомдол гаргасан нь үндэслэлгүй. Шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүхийн шатанд хохирлыг төлж барагдуулаагүй бөгөөд зөвхөн ял хөнгөрүүлэх зорилгоор гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэлбэрийн төдий гомдолд дурдаж байгаа нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш хохирлын төлбөрийг төлж барагдуулж байгаад эргэлзээтэй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Тодруулбал, шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө ******* дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” төвийн автомат төгрөгийн машинд хохирогч Д.Б-ийн банкны картыг уншуулж 1.680.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас “…2024 оны 04 дүгээр сарын 06-ны шөнийн 03 цагийн үед иргэн Д.Б-ийн Хаан банкны данснаас 1,700,000 төгрөг ******* дүүргийн 29 дүгээр хороо Х төвийн АТМ-ээс гаргаж авсан байна…” /хх-9-10/,
- хохирогч Д.Б-ийн “…би 2024 оны 04 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө найзуудтай согтууруулах ундааны зүйл хэрэглээд, гэртээ харихаар Бөмбөгөрийн урдаас таксинд суугаад явж байхдаа муудаад хэсэг зуурын үйл явдлыг сайн санахгүй, нэг сэрсэн чинь ******* дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эхээс Хайлаастын уулзвар орох замд Содмонгол колонкын харалдаа явж байсан, сэрээд өөрийн гар утсаа шалгахад 04:05 минут болсон, Хаан банкны орлого зарлагын мэдээлэл гээд 1.700.000 төгрөг зарлагын гүйлгээ 03:51 минутад мессежээр миний утсанд ирсэн байсан, ямар учиртай гүйлгээ вэ гэж бодоод сууж явсан машины жолоочоос ах нь чамтай хэдэн цагаас хойш хамт явсан бэ гэж асуухад тус машины жолооч та надтай 03 цагаас хойш явж байна, хаанаас чиний машинд суусан бэ гэхэд Дарь-Эхээс авсан гэж хэлсэн...Би жолооч залууд данснаас мөнгө гарсан байна гэхэд тийм үү, ахаа би мэдэхгүй юун мөнгө гарсан юм бол гэж хэлсэн, цагдаагийн газарт очъё гэж хэлээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очоод жижүүрийн цагдаад болсон явдлыг хэлэхэд цагдаа намайг Хаан банк руу яриулсан ба асуухад таны картаас гарсан 1.700.000 төгрөгийн зарлагын гүйлгээ ******* дүүргийн 29 дүгээр хороо, Х төвийн АТМ-с гарсан байна гэж хэлсэн. Тэгээд Чингэлтэй дүүргийн цагдаа намайг ******* дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандаарай гэж хэлсэн. Харин нөгөө таксины жолоочийг явуулчихсан. Тэгээд би 102 тусгай дугаарт дуудлага өгөөд ******* дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст биеэр ирж гомдол гаргасан...Таксины жолоочид би карт өгөөгүй, намайг хэсэг зуур биеэ удирдах чадваргүй муудсан байхад миний картыг аваад намайг согтуу байгааг далимдуулж, би картын нууц дугаарыг тус жолоочид хэлсэн байх гэж бодож байна намайг сэрэхэд миний куртикний энгэрийн дотор талын халаасанд миний картын хавтас, банкны карт болон бэлнээр 4 ширхэг 5000 төгрөгийн дэвсгэрт байсан. Тухайн өдөр би бэлэн мөнгөгүй байсан...Дараа нь мөрдөгч надад банкны АТМ-н хяналтын камерын бичлэгийг үзүүлэхэд тус таксины жолооч залуу АТМ-с 1.700.000 төгрөг уншуулаад бэлнээр авахдаа 1 гартаа 4 ширхэг 5000 төгрөг болон миний халаасанд байсан карттай хавтас зэргийг бариад нөгөө гартаа АТМ-с гарсан мөнгөний үлдсэн хэсгийг бариад өмднийхөө зүүн талын урд халаасанд хийгээд АТМ-с гарч байгаа нь харагдаж байсан. Намайг сэрэхэд миний халаасанд байсан 4 ширхэг 5000 төгрөгийг таксины жолооч намайг хэсэг муудсан хойгуур миний картаас мөнгө авчихаад буцаагаад хийсэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-16-17/,
- гэрч Д.Г-ийн “...Би хэдний өдөр гэдгээ санахгүй байна ямар ч байсан ажил дээрээ буюу ЧДЦГ-ын хоёрдугаар хэлтэст жижүүрийн эрүүгийн мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэж байх үед 00 цаг өнгөрсөн байх үед гаднаас сургуульд ажилдаг гэх хүн орж ирсэн, гомдол гаргаж байсан залуугаас нь таксины жолоочийг салгаж уулзан “энэ хүний мөнгийг авсан бол гаргаад өгчих” гэж хэлэхэд таксины жолооч “би юу гэж мөнгө авах вэ” гэсэн, “тэгвэл юу болсон талаар яриарай” гэхэд таксины жолооч “би энэ хүнийг таксинд явж байгаад аваад тэгээд “Дарь-Эх”-ийн шинэ буудалд байх Хаан банкны АТМ-ээс энэ ах өөрөө буугаад мөнгө авсан гэж хэлэхээр нь би “энэ хэрэг нь ******* дүүргийн нутаг дэвсгэрт болсон байна, та 2 ******* дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандаарай” гэж хэлээд таксины жолооч болон таксигаар үйлчлүүлсэн гэх залуу хоёрын регистрийн дугаар тэмдэглэж үлдсэн...Дараа нь хэзээ гэдгийг мэдэхгүй, миний ******** дугаар руу ******* дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс холбогдож, 2 хүний бүртгэлийн мэдээллийг асуухаар нь би болсон зүйлийн талаар хэлж тус 2 хүний регистрийн дугаарыг хэлж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх19/,
- гэрч Ц.Б-ын өгсөн: “...Хаан банканд ашиглагдаж байгаа бүх компьютер, программ, техник хэрэгслүүдийн цаг нь бодит цагийн горимтой таарсан байдаг. Өдөр болон шөнийн цагаар автомат гүйлгээнүүд хийгддэг. Тухайн өдрийн ачааллаас хамааран шөнө хийгдсэн зарим нэгэн гүйлгээнүүдийн хуулган дээрх цаг зөрөх тохиолдол гардаг…” гэсэн мэдүүлэг /хх22-23/,
- хохирогч Д.Б-ийн Хаан банкин дахь ************ тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх33/,
- камерын бичлэгт үзлэг хийсэн “...шар өнгийн хүрэм, саарал өнгийн бэлтгэлийн өмд, цагаан өнгийн пүүзтэй эрэгтэй хүн АТМ дотор орж ирэн ногоон өнгийн банкны карт бэлэн мөнгөний машин руу хийж байгаа... тухайн эрэгтэй хүн нь картын нууц үгийг хийж байгаа дүрс бичлэг байв… тухайн эрэгтэй хүн нь бэлэн мөнгөний машинд гэж бичиж байгаа дүрс бичлэг... бэлэн мөнгөний машинаас ногоон өнгийн банкны карт авч байгаа...бэлэн мөнгөний машинаас мөнгө авч байгаа дүрс бичлэг...” гэсэн тэмдэглэл /хх-34-37/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон буюу хангалттай байх шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.
Тодруулбал, шүүгдэгч нь такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр хохирогчийн “согтууруулах ундааны зүйл бага бус хэмжээгээр хэрэглэсний улмаас биеэ хамгаалах чадваргүй болсон байдал”-ыг нь далимдуулан, түүний Хаан банкны картыг хууль бусаар ашиглаж Хаан банкны автомат төгрөгийн машинд уншуулан 1.700.000 төгрөгийг авч, улмаар карт болон 20.000 төгрөгийг хохирогчид үлдээж, харин 1.680.000 төгрөгийг нь илтэд хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, өөрийн өмч мэт ашиглан шамшигдуулсан нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар “...2024 оны 04 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнийн 03 цагийн үед Нисдэг машинаас согтууруулах ундаа үнэртүүлсэн үл таних эрэгтэй гар өргөөд суусан, 17 руу явна, замаараа АТМ орно гэж хэлсэн бөгөөд Дарь-Эхэд байдаг Хаан банкны АТМ дээр зогссон тэгтэл “...ах нь АТМ ашиглаж чадахгүй...” гэсэн...Мөнгийг авахад дан 5000 төгрөгийн дэвсгэрт гарч ирсэн, овор ихтэй байсан болохоор өмднийхөө халаасанд хийсэн...” /хх-28-29, 87-88/ “...Тэрээр өөрөө тасарчихсан байсан, би хамгийн сүүлд мөнгийг нь авсан...” /хх114/ гэх зэргээр мэдүүлсэн байх боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь түүний эрхэд хамаарах төдийгүй тус эрхийг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан, зөрчигдөөгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар зохих дүгнэлт хийсэн байна.
Харин Давж заалдах шатны шүүхээр шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхэд тус шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн баримтыг ирүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болохоос гадна шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг бүхэлд нь харгалзсаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь 2025.04.30-ны өдрөөс 2025.06.05-ны өдрийг хүртэл нийт 36 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ажлын 8 цагаар тооцоход 288 цаг болж байх тул шүүгдэгч Б.Б-ыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссанд тооцох үндэслэлтэй болно.
Хорихоос хөнгөн төрлийн ял оногдуулсан тул цагдан хоригдож буй түүнийг нэн даруй суллах нь зүйтэй.
4. Дээрх үндэслэл, үйл баримтын хүрээнд: Анхан шатны шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгчийн гаргасан “хорихоос өөр төрлийн ял оногдуулах тухай” давж заалдах гомдлыг хангасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. *******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1103 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалт: “Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж,
3 дахь заалтыг хүчингүй болгож, 7 дахь заалтыг “Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-ын нийт цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ажлын 8 цагаар тооцож, түүний биечлэн эдлэх 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, цагдан хоригдож буй шүүгдэгч Б.Б-ыг нэн даруй суллаж, тус шүүгдэгч нь хохирогчид 1.680.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР