Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/729

 

  2025            06             12                                      2025/ДШМ/729

 

 

Ж.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Цээрүүгүндүү,

шүүгдэгч Ж.Т,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/983 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Т-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ж.Т-д холбогдох эрүүгийн 2508004150290 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Э овгийн Ж-гийн Т, **** оны 05 дугаар сарын 30-ны өдөр *** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт ********* дүүргийн ** дүгээр хороо, ****** хороолол ****** тоотод оршин суух хаягтай, /РД: **********/,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 120,000 төгрөгөөр торгох ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 925 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.   

Ж.Т- нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, ****** хорооллын дотор зогсоолд машин тавиулахгүй гэлээ гэх шалтгаанаар хохирогч Б.Т-ийн биед нүүрэн тус газар гар утас барьж байсан гараараа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...шүүгдэгч Ж.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хохирол, хор уршигт шүүгдэгч Ж.Т-өөс нийт 150,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Т-т олгож, хохирогч Б.Т- Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээ үйлчилгээ авсан талаарх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.  

Хохирогч Б.Т- давж заалдах гомдолдоо: “...Ж.Т- нь урьд өмнө хэрэгт холбогдож байсан, ийм хүнийг 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь буруу. Надад 150,000 төгрөгийн хохирол учирсан, одоо ч нүд сайн харахгүй, биеийн байдал хуучин хэвэндээ ороогүй нүд бүрэлзэж, нөгөө нүд анивчлан зарим үед хараа муудаж байна. Эмчилгээний зардал мөнгө юу ч өгөөгүй байхад шийдвэр гарч одоо тэр хүн шүүхийг аргалсан тэр авгайд мөнгө өгөөгүй гэж бусдад ярьж байна. Би хохирлоо бүрэн барагдуулмаар байна. Шат шатны шүүхэд гомдол гаргах болно...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Т- тус шүүх хуралдаанд: “...хэлэх зүйлгүй...” гэв.

Прокурор Ж.Цээрүүгүндүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хавтас хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон. Тиймээс анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм бурууг дүгнэсэн дүгнэлт нь үндэслэлтэй гэж прокурорын зүгээс харж байна. Хохирогчийн хохирол төлбөрийн асуудлыг анхан шатны шүүхэд баримтаар тогтоогдсон 150,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Бусад цалин хөлс болон эмчилгээний зардлыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хохирогчийн эрхийг зөрчсөн зүйлгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:      

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Ж.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Тодруулбал, шүүгдэгч Ж.Т- нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *********** дүүргийн ** дүгээр хороо, ****** хорооллын дотор зогсоолд машин тавиулахгүй гэлээ гэх шалтгаанаар хохирогч Б.Т-ийн нүүрэн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :    

- гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03-04/,  

- хохирогч Б.Т-ийн: “...Би ************* дүүргийн ** дүгээр хороо ****** хорооллын голд байрлах грашны жижүүрийн ажилтай. 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн үед грашд цэвэрлэгээ хийж байтал гаднаас машинтай хүн орж ирсэн ба машин нь манай грашд бүртгэлгүй, 38 дугаар зогсоол дээр давхар тавьсан. Тэгэхээр нь давхар тавьж болохгүй гэтэл “чи муу мэддэг юм уу, чи юу юм бэ” гэхээр нь би жижүүр нь байна гэтэл “38 дугаар зогсоолын хүнтэй ярьсан чамд хамаагүй муу гуйлгачин мэддэг юм уу, мөнгөөр машин тавиулдаг авгай” гэх мэтээр хэл амаар доромжлоод над руу цохих гэхээр нь түлхсэн боловч баруун гартаа утас барьчихсан миний зүүн нүд руу нэг удаа цохисон, цагдаагийн байгууллагад хандсан... гомдолтой” гэх мэдүүлэг /хх-18-19, 69-70/,

- шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1421 дугаартай: “...Б.Т-ийн биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-21-22/,

- шүүгдэгч Ж.Т-ийн: “...Тухайн үед миний бие ****** хорооллын голд байрлах граш руу орж, тээврийн хэрэгслээ байрлуулах гээд байж байтал тухайн грашний  жижүүр эмэгтэй машин тавихгүй гээд учиргүй уурлаад надтай маргалдаад нүүр луу гараараа нэг удаа цохихоор нь би гар утас барьж байсан гараараа тухайн эмэгтэйн нүүр руу нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-26-27, 45-47/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.            

Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон, хангалттай байх шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгч Ж.Т-ийн үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ. 

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу хохирогчийн эрүүл мэндэд тухайн гэмтлийг шүүгдэгчээс өөр этгээд учруулаагүй болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж, хэргийн бодит байдлыг үгүйсгэх үндэслэлгүй байна. 

Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийн хувьд тухайн үед хохирогч,  шүүгдэгч нарын хоорондын зүй бус харьцаа, зохисгүй үйлдлүүд нөлөөлсөн болох нь үгүйсгэгдээгүй болно.  

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба тус эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан буюу түүний эрх зөрчигдөөгүй, харин шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтээсэн болохоо хүлээн зөвшөөрсөн /хх-23, 24-25, 26-27, 41-42, 43, 44, 45-47, 48, 49, 50, 78, 84, 87, 90, 91, 100, 101, 107/ байгааг тэмдэглэх нь зүйтэй.       

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн асуудлыг гагцхүү хууль ёсны ба үндэслэл бүхий нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх учраас анхан шатны шүүхээс “хохирогч нь гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх”-ийг хэвээр үлдээсэн нь үндэслэлтэй боловч холбогдох хуулийн заалтыг буруу бичсэн, түүнчлэн хохирогч нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эрхийг орхигдуулсан байх тул зөвтгөж шийдвэрлэх үндэслэл үүссэн байна.

Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Тухайлбал, Иргэний хуулийн 230, 508, 511 дүгээр зүйлд заасан үндэслэл, журамд зааснаар “гэмт хэргийн улмаас хохирогч” нь сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй төдийгүй Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн...Арван  нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/...зэрэг гэмт хэргийн улмаас хохирсон хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж хуульчилсан байх тул хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршиг шаардах эрхтэй гэж үзнэ.

4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. 

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл,  хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар зохих дүгнэлт хийсэн, тус оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон талаарх улсын яллагчийн санал дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй гэж үзэв.        

5.  Дээр дурдсан үндэслэл, үйл баримтын хүрээнд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалт дахь хууль хэрэглээний зарим буруу бичилт, түүнчлэн хохирогч нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эрхийг орхигдуулсан асуудлыг тус тус зөвтгөсөн өөрчлөлт оруулж, харин хохирогч Б.Т-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/983 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

7 дахь заалтыг: “Хохирогч Б.Т- нь гэмт хэргийн улмаас учирсан гэх ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Б.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.        

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.     

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.АРИУНХИШИГ

 

           ШҮҮГЧ                                                                         Ц.ОЧ

 

           ШҮҮГЧ                                                                         Г.ГАНБААТАР