Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 116

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Хохирогч *******,

Шүүгдэгч*******нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818001400106 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4-р сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, *******ажилтай, ам бүл 5, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг, ******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, *******/*******/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч*******нь 2018 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатараас Дархан чиглэлийн замд өөрийн эзэмшлийн тоёото румион маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хувийн маргааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч*******нь 2018 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатараас Дархан чиглэлийн замд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа жолоочийн хажуугийн зорчигчийн суудалд сууж явсан эхнэр *******тай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун зүүн нүдний зовхи, хацар хамрын нурууны цус хуралт, дээд уруулын дотор салстын зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь:

Хохирогч *******гийн “...бид 2 маргалдаад машин дотор явж байтал миний нүүрлүү гараараа 2 удаа цохисон. Тэгэхэд миний хамарнаас цус гарсан миний тархи хөдөлсөн, нүд хөхөрсөн, уруул хавдсан байсан гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 8/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...бид 2 эвлэрсэн, ер нь гар хүрээд байдаггүй, тухайн үед учирсан гэмтэл бүрэн эдгэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг

 

Гэрч *******гийн “... ******* үглээд байсан. Тэгтэл **************гийн нүүрлүү 2 удаа цохисон. Тэгэхэд хамарнаас нь цус гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9/,

 

Гэрч *******ын “...манай хүү **************г гараараа нүүрлүү нь ямар ч байсан 2-3 удаа цохиод авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10/,

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны “...*******гийн биед тархи доргилт, дух, баруун зүүн нүдний зовхи, хацар хамрын нурууны цус хуралт, дээд уруулын дотор салстын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх 287 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 14/,

Шүүгдэгч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд “...*******тай маргалдаж түүний нүүр рүү хоёр удаа гараараа цохисон. Миний буруу, ойлгож байгаа. Дахин ийм асуудал гаргахгүй, эхнэрээ зодохгүй” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч*******нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлджээ.

 

Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугаа ухамсарласан байдал, цалин, орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан торгох ялын хамгийн доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч ******* нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч*******аас гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг*******т сануулсугай.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД