Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/730

 

2025            06             12                                       2025/ДШМ/730

 

 

М.Б, М.З нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Манилцэцэг,

хохирогч Б.М-,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн,

шүүгдэгч М.З, түүний өмгөөлөгч Ц.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/447 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-, М.З- нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн тэдэнд холбогдох эрүүгийн 2306004752387 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М-ийн Б, **** оны 10 дугаар сарын 10-ны өдөр ****** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт ****** дүүргийн ** дүгээр хороо, ***** ** **тоотод оршин суух хаягтай, /РД: *********/,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

А овгийн М-ын З, **** оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ******** дүүргийн ** дүгээр хороо, **-** тоотод оршин суух хаягтай, /РД:************/,

1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлан тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг хүндэд нь багтааж 3 жилийн хугацаагаар хорих ял,

2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 10 сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 3 жилийн хугацаагаар тогтоосон.

М.Б- нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэргийн 1 дүгээр гудамжны 8 тоотод өөрийн төрсөн эцэг Б.М-ийг “гэрээс гарах гэж байхад унт гэлээ” хэмээн маргалдаж, улмаар хохирогч Б.М-ийн хэвлийн тус газар нь ахуйн хэрэглээний хутгаар нэг удаа хатгаж, хутгалсны улмаас биед нь хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “************” буудлын ресепшний өрөөнөөс иргэн С.Э-гийн “Самсунг А-51” маркийн гар утсыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж 390,000 төгрөгийн хохирол учруулсан,

М.З-, М.Б- нар нь бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо,   хотхоны ** давхарт иргэн Б.Ө-ын байршуулсан “Хонда” брендийн мопедыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, М.Б-, М.З- нарын бүлэглсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн” үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.З-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 05 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 06 жил 06 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч М.Б-, М.З- нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-ын цагдан хоригдсон 63 хоног, шүүгдэгч М.З-ы цагдан хоригдсон 7 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, хохирогч Б.М- нь гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, шүүгдэгч М.Б-, М.З- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.З- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх хуралдааны үед шүүх бүрэлдэхүүнд өмгөөлөгчтэй оролцохыг хүссэн боловч өмгөөлөгч томилж өгөөгүй. Мөн урьд өмнө дахин давтан ял шийтгэгдсэн гэсэн үндэслэлээр хорих ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байгаа. Миний бие нь урьд өмнөх ял шийтгэлийг биеэр эдэлж засрал хүмүүжлээ олоод 9 жил ямар нэгэн ял шийтгэл эдлээгүй байгаа. Мөн хохирогчид ямар нэгэн хохиролгүй, шүүх хуралдаанд оролцож байсан. Иймд миний бие нь эрх зүйн байдал маш ихээр дордсонд гомдолтой байгаа. М.З- би 70 гарсан ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Ээж минь хөл маш муу хөгшин ээжийгээ миний бие асран халамжилдаг болно. Иймд дээрх байдлуудыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оноож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч М.З-ы өмгөөлөгч Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдол буюу хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт М.З-ы гэмт хэргийн шинж, үйлдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн үйлдлээр урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэдэг байдлаар шүүхээс 1 жилийн хугацаанд хорих ял оногдуулсан. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байсан тул миний үйлчлүүлэгчийг урьд ял, шийтгэл эдэлж байсан гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм болов уу гэж харагдаж байна. Нөгөөтээгүүр, М.З- нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон. Холбогдсон хэргийн хувьд нэг үйлдэлтэй хулгайн хөнгөн хэрэгт холбогдсон. Хохирол төлбөрийн хувьд хохирогч нарт буцаан олгогдсон. Мөрдөн байцаалтын шатнаас энэ үйлдэлдээ маргаагүй. Гэм буруугаа ойлгож буйгаа илэрхийлсэн. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой. Мөн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон байгаа тул гэм буруутайд тооцсон зүйл ангийн хувьд сонгох санкцтай. Нийтэд тустай ажил болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой. Тиймээс өмгөөлөгчийн зүгээс 6 сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, цагдан хоригдсон хугацааг тооцож, ял эдэлсэнд дүйцүүлэн тооцож өгнө үү” гэв.

Шүүгдэгч М.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би өндөр настай эцэг, эхийгээ асарч халамжлан амьдардаг. Цаашид ч харж хандах шаардлага үүсээд байгаа. Тухайн гэмт хэргийг үйлдэх үед болон өмнө нь гэр бүлийн таагүй нөхцөл байдал гэр бүл салалтын шалтгаанаас болж сэтгэл санааны гүн хямралд орж архины хамааралтай болж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 6 удаа эмчлүүлсэн байдал нь тухайн гэмт хэргийг үйлдэх шалтгаан болсон. Би ааваасаа чин сэтгэлээсээ уучлалт гуйсан. Аав миний уучлалтыг хүлээн авсан. Ямар нэгэн гомдолгүй гэдгээ илэрхийлсэн. Хохирол төлбөргүй, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, цаашид өрх толгойлон  эцэг хүний хувьд хүүгээ эрдэм боловсролтой сайн хүн болгохын төлөө аав хүнийхээ үүргийг биелүүлмээр байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлж, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасныг үндэслэн ялыг багасгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. М.Б-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж, биелэгдсэн нөхцөл байдал байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчоос гомдол саналгүй. Давж заалдах шатны шүүхээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд, хэргийг бүхэлд нь хянаж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хохирогч Б.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эмнэлэг болон хордлогоос болсон гэж бодож байна. Тэрнээс биш хутгалъя гэж хутгалаагүй. Ухаан санаа нь хэцүү,  юу хийж байгаагаа мэдэхгүй байсан байсан байх...” гэв.  

Прокурор Г.Манилцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Б- болон М.З нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцсэн. Тэдгээрийн өөрсдийнх нь үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан, анхан шатны шүүхээс ялыг хөтөлбөргүйгээр тогтоож, ял оногдуулсан болно. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байгаа нөхцөл байдлыг шүүх шийтгэх тогтоолд тодорхой тусгасан байдаг. Уг зүйлд заасан нөхцөл байдал нь тухайн этгээдүүдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгтэй шууд холбоотой тул, шүүхээс ял оногдуулахдаа эдгээрийг харгалзсан байна. Шүүгдэгч М.З-ы хувьд өндөр настай эхтэйгээ хамтран амьдардаг гэсэн нөхцөл байдлыг харгалзан, зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгөх хүсэлт гаргасан боловч, түүний нийгэмд биеэ авч яваа байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг шүүх судалж үзэхэд, уг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял оногдуулах нөхцөлд бүрэн нийцэж байгаа гэж дүгнэж, оногдуулсан ял нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, хувь хүний онцлог, нөхцөл байдалд тохирсон гэж үзсэн байна. Иймд анхан шатны шүүхийн гаргасан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, дүгнэхэд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх дараах үндэслэлтэй байна. Үүнд:

1. Шүүгдэгч М.З-ы Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажсан өмгөөлөгч авах эрхийг зөрчсөн асуудлыг зөвтгөх үндэслэлгүй.   

Хэргийн үйл баримтаас үзэхэд, тус шүүгдэгч улсын өмгөөлөгч авах хүсэлт гаргаснаар 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан байх боловч /2хх-89-90/ улсын өмгөөлөгчийн гэх “хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах тухай шийдвэр” нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй, тамга, тэмдэг, гарын үсэггүй, ойлгомжгүй бичвэр /2хх-96-97/ болох нь илэрхий байсаар атал үл хайхран тухайн шүүгдэгчийн өмгөөлөгч авах эрхийг нь бүх талаар хангах арга хэмжээ авагдаагүй, мөн өмгөөлөгчөөр хангагдах эрхийнх нь талаар шүүх хуралдаанд асууж тодруулаагүй буюу түүний өмгөөлөгч авах эрхээ эдлэх боломжийг нэг мөр хангахгүйгээр оролцуулж, харин нөгөө шүүгдэгчийг нь өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцуулсан /2хх-110-115/ зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2, 5.3, 7.6 дугаар зүйлд заасан хамаарах үндэслэл, журмыг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.     

2. Шүүх, прокурор нь гэмт хэргийн талаарх нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон эсэх, гэмт хэргийг хэрхэн зөв зүйлчлэх үндэслэл зэргийг тус эрүүгийн хэрэг дэх бүхий л нотлох баримтын эх сурвалжид бодитой тулгуурлан дүгнэлт хийж чадаагүй байх тул таамаглан төсөөлөх байдлаар нөхөн гүйцэтгэх, зөвтгөх үндэслэлгүй.

2.1. Шүүгдэгч нарын дангаар болон бүлэглэн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг нотолж тогтоох ажиллагаа хууль ёсны ба үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна.  

Тус эрүүгийн хэрэгт цугларсан бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтууд болон Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт, шийтгэх тогтоол, тэдгээрт тусгагдсан нотлох баримт /1хх-131-132, 135-136, 233-234, 2хх-57-62, 116-126/ зэргийг бүхэлд харьцуулан шалгахад :

Шүүгдэгч М.Б- “...үйл ажиллагаа явуулах “************” буудлын ресепшний өрөөнөөс иргэн С.Э-гийн “Самсунг А-51” маркийн гар утсыг хулгайлсан...”, 

Шүүгдэгч М.З-, М.Б- нар бүлэглэн “...М хотхоны Б1 давхарт байршуулсан “Хонда” брендийн мопедыг хулгайлсан...” талаарх нотлох баримтын зарим эх сурвалжуудыг цуглуулж, бэхжүүлсэн атлаа “тухайн хууль бусаар нэвтэрсэн... зочид буудал дахь ресепшиний өрөө болон орон сууцны грашын зориулалт бүхий Б1 давхар...”-ыг      

- үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, эсхүл  

- тусгайлан хамгаалсан байр, эсхүл агуулах зэрэг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний аль шинжид хэрхэн хамааруулж байгаа эсэх талаар холбогдох бүхий л нотлох баримт, үндэслэлийн хүрээнд баталсан эсхүл үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй орхигдуулсан байх тул яллах дүгнэлт ба шийтгэх тогтоол бүхэлдээ хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүйг бодитой илэрхийлж байна.          

Тийм учраас, нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй буюу яллах ба цагаатгах нотлох баримтууд харилцан ноцтой зөрүүтэй байхад шүүгдэгч нарт холбогдох хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж, зүйлчлэлийн асуудлыг төсөөлж, хийсвэрлэх байдлаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзнэ.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.2 дугаар зүйл, 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор  хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй, нотлох баримтыг шалгаж, үнэлэхэд нотолгооны стандарт шаардлага зарим талаар зөрүү бүхий тухайн тохиолдолд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзэх ямар ч нотлох баримт байж болохгүй болно.

2.2. Зарим шүүгдэгч нарын үйлдсэн зарим гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд болон хохирогчийн эмчилгээ болон сэтгэцэд учирсан хор уршгийн асуудлыг нотолж тогтоолгүй орхигдуулсан байх тул нөхөн гүйцэтгэх үндэслэлгүй бөгөөд нэг мөр шийдвэрлэх шаардлагатай.  

Тухайлбал, шүүгдэгч М.Б-т хутгалуулсны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан хохирогч Б.М- нь мэс засалд орж, эрүүл мэндийн даатгалын санд 1.595.000 төгрөгийн болон бусад зардал бүхий төлбөр зарцуулагдсан /1хх-39-64/ байтал холбогдох хууль тогтоомжийн дагуу нотлон тогтоох, нөхөн төлүүлэхэд чиглэгдсэн мөрдөн шалгах, хянах, дүгнэх ажиллагаа хийгдээгүй орхигдсон байна.    

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т “прокурор өөрийн санаачилгаар төр, нийгмийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно”, 21.1 дүгээр зүйлийн 21.1.12-т “прокурор шүүхэд нэхэмжлэл гаргах...эрхтэй”, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах… эрхтэй”,     

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” зэрэг зохицуулалтуудаас үзэхэд, гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төлүүлэх асуудлыг мөрдөгч, прокурор хариуцах чиг үүрэгтэй байна.    

Мөн тус хэргийн хохирогч нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эрхийг орхигдуулсан байх тул зөвтгөж шийдвэрлэх үндэслэл үүссэн байна.

Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Тухайлбал, Иргэний хуулийн 230, 508, 511 дүгээр зүйлд заасан үндэслэл, журамд зааснаар “гэмт хэргийн улмаас хохирогч” нь сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй төдийгүй Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт”Эрүүгийн хуулийн...Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/...зэрэг гэмт хэргийн улмаас хохирсон хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж хуульчилсан байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох шаардлагатай бөгөөд харин тухайн хор уршгийн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг барагдуулах эсэх нь тусдаа шийдвэрлэгдэх асуудалд хамаарна гэж үзнэ.   

3. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг хэргийн үйл баримтын хүрээнд ялгаа заагтайгаар дүгнэлт хийж шийдвэрлэхийг анхаарвал зохино.

4. Дээрх үндэслэл, үйл баримтын хүрээнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-1.4, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 (гэмт хэрэг үйлдэгдсэн газар), 2.4, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт зэрэгт тус тус заасан үндэслэл, журамд нийцээгүй байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/447 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.          

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч нарын гаргасан “хорих ялыг  хөнгөрүүлэх, өөр төрлийн ял оногдуулах” агуулга бүхий гомдлуудад дүгнэлт хийгээгүй бөгөөд харин шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :         

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/447 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч М.Б-, М.З- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.АРИУНХИШИГ

 

                                  ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

 

                                  ШҮҮГЧ                                                 Г.ГАНБААТАР