Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 107

 

 

 

Д.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******т холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00720 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 62.350.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Д.Оюун-Эрдэнийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь утсаар болон ажил дээр ирээд таниас өөр туслах хүн алга. Мөнгө зээлээч. Банкнаас зээл авах гээд материалаа өгчихсөн байгаа. Одоо бараг гарах гэж байна.Төлөлт хийгээд ирвэл удлаа гэхэд 14 хоногийн дотор бүтнэ гээд гуйгаад байхаар нь 2017 оны 01 дүгээр сарын 19-нд Миний зээл өндөр хүүтэй тул энэ удаа чамд барьцаагүйгээр зээл өглөө. Намайг битгий хуураарай гээд зээлийн гэрээ байгуулж, 30.0 сая төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай барьцаагүйгээр зээлдүүлсэн юм. Зээлийн гэрээний хугацаа дуусаад мөнгөө нэхэхэд ******* нь Зээл судлагдаж байгаа. 2 хоногийн дараа гарах байх гэсэн боловч зээл нь хойшилсон гээд 2017 оны 02-р сарын 21-ний өдөр гэрээгээ 1 сараар сунгаж нотариатаар батлуулсан. Гэвч Банкнаас авах зээл хүлээгдээд байна. Энэ долоо хоногт шийдэгдэнэ гээд л яваад байсан. Сунгасан гэрээний хугацаа дууссан тул одоо удахгүй зээл бүтнэ гээд дууссан гэрээгээ 2017 оны 04-р сарын 19-ний өдөр 03-р сарын 19-нөөс 05 сарын 19-ний өдөр хүртэл дахин 2 сараар сунгасан. Тухайн үед мөнгө зээлж авснаас хойш 4 сар хүүгээ / 7,200,000 төгрөг/ бүрэн төлсөн болохоор хэлсэн үгэнд нь итгээд хүлээгээд байсан. Эрдэнэт хотод ээжийндээ амьдарч байгаа. Бууз, баншны үйлдвэрлэл явуулдаг. Оргио тахианы гэрээт борлуулагч гэж байсан. 2017 оны 08-р сарын 28-ны өдөр хотод ирэхээр нь уулзахад Одоо банкны зээл тун удахгүй. Би таньд худлаа яриагүй гээд зээлийн гэрээгээ 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 19 өдөр хүртэл нэгмөсөн сунгаад хийлгэе. Одоо зээл яг гарах гэж байгаа. Эдийн засагчтайгаа уулзсан гээд дахин гэрээгээ сунгаж нотариатаар батлуулсан. Үүнээс хойш хүүгээ хагас дутуу төлсөөр сүүлдээ төлөхөө больсон. Иймд Д.******* надад учирсан хохирол болох үндсэн зээл 30,0 сая, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх дутуу төлсөн зээлийн хүү болох 4,9 сая 10 дугаар сарын 19-ний өдрөөс тооцсон алданги болох 27,450,000 төгрөг, нийт 62,350,000 төгрөгийг хүлээсэн үүргийн дагуу *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие ******* нь зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 2017.01.19 нд авсан нь үнэн бөгөөд тухайн мөнгийг нэг хүнтэй хамтарсан зээлийн төлөлтийг хийсэн. Уг хүн зээл гарахаар энэхүү зээлийг төлнө гэсэн боловч төлөөгүй учир зээлийн гэрээний төлбөрийн хугацааг сунгаж байсан. Нэг сар 6 хувийн хүүтэй буюу 1,800,000 төгрөгийн нэг сарын хүү төлөхөөр талууд тохиролцож байсан. Тухайн хүүг хугацаанд нь би төлсөн. Уг гэрээний дагуу хүү 1,800,000 нийт 31,800,000 төгрөг төлөх үүрэгтэй учир энэхүү хугацаанд зээлээ чадах чинээгээр төлж байсан ба зээлийн төлөлтийн хугацааг сунгах хэлцлийг нотариатаар орж батлуулж байсан. Би хүү 1,800,000 төгрөг үндсэн зээл 10,400,000 төгрөг нийт 12,200,000 төгрөгийг төлсөн байгаа. Үндсэн зээлийн үлдэгдэл 19,600,000 төгрөгийг төлөөгүй. Нэхэмжлэгч үндэслэлгүй мөнгө алданги нэхэмжилсэн байна. Би төлөөгүй үндсэн зээл 19,600,000 төгрөг 9,800,000 төгрөгний алданги нийт 29,400,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00720 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1,232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 28,387,500 төгрөг гаргулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33,962,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 469,700 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 299,887 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.******* давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ талууд гэрээг сунгахдаа гэрээний хугацаа дуусахаас өмнө сунгаагүй тул гэрээг тухайн гэрээнд заасан нөхцлөөр сунгасан гэж дүгнэх боломжгүй гэжээ. Өөрөөр хэлбэл гэрээний хугацааг сунгасан огноог шийдвэр гаргах үндэслэлээ сонгосон байна. Түүнчлэн шийдвэр гаргахдаа зөвхөн зээлдэг талын хүсэл зоригийг анхаарч үзсэн, өрөөсгөл дүгнэлт болсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ талуудын хүсэл зоригийг анхаарч үзэлгүй, зөвхөн цаасан дээл буулгасан хэлбэр шинж, гарын үсэг огноог анхаарч үзсэн байна. Зээлдэгч анх зээл авахдаа хүү алданги хугацаа бүх зүйлийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож мөнгийг хүлээн авсан байгаа.

Анхан шатны шүүх талууд гэрээг сунгахдаа гэрээний хугацаа дууссаны дараа баталгаажуулсан учир гэрээг анх байгуулсан гэрээний нөхцлөөр сунгасан гэж дүгнэх боломжгүй гэж үзсэн байна. Гэрээг сунгасныг гэрчилсэн гарын үсэг зурсан огноо нь зөвхөн хүсэл зоригийг баталгаажуулсан тухайн цаг хугацааг л гэрчилж байгаа болохоос биш талуудын хүсэл зоригийг илэрхийлэхгүй. Нөгөө талаар гэрээний хугацааг сунгаж байна гэдэг нь тухайн гэрээгээ тохиролцсон нөхцлүүдийг тодорхой хугацаагаар үргэлжлүүлэх хүсэл зоригийг талууд хадгалж байгааг илэрхийлнэ. Хугацаа сунгана гэдэг нь тухайн гэрээнд тодорхойлсон нөхцлийн талара ямар нэгэн маргаан байхгүй, зээлдэгчийн хүслийн дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг л хойшлуулж байгаа, хугацаа сунгасныг илтгэх баримт бичиг юм. Гэрээний хугацааг сунгана гэдэг нь тухайн гэрээгээр тохиролцсон тохиролцоог, хүлээсэн үүргийг гүйцэтгэх хугацааг л хойшлуулж байгаа гэдэг нь ямар ч эрүүл хүнд ойлгомжтой асуудал юм. Тиймээс гэрээний хугацааг сунгасан гарын үсэг нь хүү алдангийн талаар тохиролцоогүй гэдэг шүүхийн дүгнэлт нь өөрөө хууль зөрчсөн, нэг талд үйлчилсэн ойлгомжгүй дүгнэлт болжээ. Тиймээс зээлдэгчийн төлсөн 11.075.000 төгрөгийг үндсэн зээлд тооцож хасаж тооцсон нь буруу болжээ. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 11.075.000 төгрөг, хүү 4.900.000 төгрөг, дутуу бодсон алданги 5.537.500 төгрөг, нийт 21.512.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүү 4.900.000 төгрөг, алданги 27.450.000 төгрөг нийт 62.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1,232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 28.387.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33.962.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж чадаагүй байна.

Зохигчид 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 30.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, зээлийг төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч *******т 2017 оны 01 дүгээр сарын 19 ний өдөр зээлийн 30.000.000 төгрөгийг түүний Капитрон банкны 3004007131 дугаар дансанд шилжүүлжээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч Д.*******эс зээлийн 30.000.000 төгрөг авсан, хариуцагч нь зээлийн төлбөрт 12.875.000 төгрөг төлсөн талаар талууд маргаангүй байна.

2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Зохиогч нар харилцан тохиролцож 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээний сунгалт гэсэн хэсгийг үргэлжлүүлэн 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл гэрээг 1 сарын хугацаагаар, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл дахин 2 сараар, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл тус тус сунгаж гарын үсгээ зурцгааж нотариатаар батлуулж баталгаажуулжээ.

Шүүх ...гэвч талуудын гарын үсэг зурсан гэрээний сунгалт гэх баримтыг үндэслэн талууд зээлийн гэрээг анх байгуулсан гэрээний тухайн нөхцлөөр дахин байгуулж, хариуцагч нь сарын 6 хувийн хүү, 0,5 хувийн алданги төлөхөөр үүрэг хүлээсэн байна гэж дүгнэх боломжгүй байна.

Учир нь гэрээний талууд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д зааснаар гэрээ байгуулах санал гаргаж, мөн хуулийн 195.2-д зааснаар гэрээний гол нөхцлийн талаар тусган 196 дугаар зүйлийн 196.1.2-д зааснаар нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсанаар гэрээ байгуулагдсанд тооцох ёстой. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулаагүй бол үүрэг үүсэхгүй тул гэрээний сунгалтыг үндсэн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний нэг адил байгуулж, нөхцлийг харилцан тохиролцоно.

Гэрээний сунгалтыг үндсэн гэрээний нэг адил үйлдэж, гэрээнд заасан нөхцөл хэвээр байгаа, эсхүл өөрчлөгдсөн эсэх, гэрээг ямар хугацаатай сунгаж байгаа болох, дээрх нөхцлийг талууд хүлээн зөвшөөрсөн эсэх талаар зааж, гарын үсэг зурсанаар сая гэрээ сунгагдсан гэж үзнэ. Гэтэл талууд гэрээг сунгаагүй, харин хариуцагчийн хүсэлтээр гэрээний үүрэг биелүүлэх хугацааг хойшлуулж байсан байна гэж дүгнэх үндэстэй байна... гэсэн дүгнэлтийг хийж хариуцагчаас нийт 28.387.500 төгрөгийг харицагчаас гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Давж заалдах шатны шүүхээс дээрх гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна мөн гэрээний сунгалт гэх баримтын 2 дахь хэсэгт гэрээний сунгалт нь үндсэн гэрээний салшгүй нэг хэсэг бөгөөд үндсэн гэрээний нэгэн адил хүчинтэй ... гэсэн заалт нь хүчингүй болоогүй хэвээрээ байгаа тохиолдолд гэрээний сунгалт гэх баримтууд нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээтэй адил хүчинтэй ба гэрээнд заасан хүү, алданги төлөх хариуцлагаас хариуцагч чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд хариуцагч *******ээс үндсэн зээл 33.325.000 төгрөг, хүү 3.325000 төгрөг, алданги 16.662.500 төгрөг нийт 49.987.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.362.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжинд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Оюун-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265.512 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00720 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1,232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 28,387,500 төгрөг гаргулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33,962,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ...гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1,232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч *******ээс үндсэн зээл 33.325.000 төгрөг, хүү 3.325000 төгрөг, алданги 16.662.500 төгрөг нийт 49.987.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.362.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж ,

2 дугаар заалтыг ...Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 469,700 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 299,887 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай... гэснийг

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Д.Оюун-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265.512 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧ М.ХҮРЭЛБААТАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР