Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 118

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Хохирогч *******,

Гэрч *******,*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган,

Шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818000960094 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3-р сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн, Дархан суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, ээж, хүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *******/*******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч *******нь 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Мемори” бааранд хувийн маргааны улмаас *******ыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******нь 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Мемори” бааранд хувийн маргааны улмаас *******ыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгж байтал *******орж ирээд надруу уурлаад томроод байсан. Тэлээнийхээ арлыг гартаа барьж байгаад хоёр гурван удаа цохисон. Тэгээд чи хэлэх газраа хэл гэсэн . Миний толгойноос цус гарсан. Цагдаа дуудаад ирэхэд *******зугтсан байсан. Би тухайн үед эмнэлэгт очиж 7 оёдол тавиулсан. энэ хүнээс 100 төгрөг ч аваагүй.  Одоо надад нэхэмжлэх зүйл гомдол саналгүй” гэх мэдүүлэг,

Гэрч *******ын “...******* ******* хоёр чанга дугараад хэрэлдээд байсан. Нэг мэдэхэд ******* байхгүй болчихсон нөгөө бааран дотор ******* толгойгоо дарчихсан толгойноос нь цус гарч байсан. Яасан юм бэ? гэхэд нөгөө хүүхэн бүсээрээ толгойруу цохиод толгой хагалчихлаа гэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76/,

Гэрч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн өдөр бөөнөөрөө орж ирээд сууж байгаад гараад буцаад ******* нэг залуутай орж ирсэн. Араас нь энэ хүүхэн их ууртай орж ирээд маргалдаад байсан. Юу гэж маргалдсаныг нь би сайн мэдэхгүй байна. Нэг гарч ирээд бохир авахад энэ хүүхэд шубаныхаар бүсээр тэр залуугийн толгойруу цохиод хагалсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би Мемори баранд ороход энэ хүүхэд, энэ залуу байсан. Тэгээд бас нэг залуу байсан. Хэрүүл маргаан болоод энэ хүүхэн бүсээ эргүүлээд л цохисон. Энэ залуугийн толгой хагарч цус гараад байсан” гэх мэдүүлэг,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 206 дугаартай “...*******ын биед хуйхны шарх, баруун нүдний зовхины цус хуралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой,  Уг гэмтэл ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******нь *******ыг цохиж, зодоогүй гэж мэдүүлж байх боловч гэрч ******* “...Хэрүүл маргаан болоод энэ хүүхэн бүсээ эргүүлээд л цохисон. Энэ залуугийн толгой хагарч цус гараад байсан” гэх мэдүүлэг, Гэрч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “энэ хүүхэн шубаныхаар бүсээр тэр залуугийн толгойруу цохиод хагалсан” гэх мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

 

Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Мөн *******нь өөрийн амь нас эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэх боловч *******ын зүгээс түүний эсрэг довтолгоон хийгээгүй байна.

 

*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч ******* нь шүүхийн хэлэцүүлэгт “нэхэмжлэх зүйл,  гомдол саналгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бүсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д буцааж олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ботакара овогт *******ийг хүний биед хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ботакара овогт *******д 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 / есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар дээрхи хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг *******д сануулсугай.

 

  1. Шүүгдэгч *******ээс гаргуулах төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бүсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д буцааж олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД