Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/762

 

2025            06             18                                       2025/ДШМ/762

 

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Энх-Амгалан,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ө.Оргил,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/1003 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Оргилын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2410005060582 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-н Б, **** оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “***** *** ****” ХХК-д захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ****** дүүргийн 11 дүгээр хороо, ****** хотхоны *** дүгээр байрны *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: **********/,

Д.Б- нь 2024 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө 04 цагийн үед **********дүүргийн 11 дүгээр хороо, ********** хотхоны **-* дүгээр байрны *** тоотод хохирогч Т.Ж-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар нүүр хэсэгт гараараа цохих, зодох зэргээр эрүүл мэндэд нь дээд баруун 2-р шүдний эмтрэл, дээд баруун 1-р шүд, дээд зүүн 1, 2-р шүдний сулрал, хүзүү, зүүн бугалгад зулгаралт, зүүн бугалга, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

**********дүүргийн прокурорын газраас: Д.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...шүүгдэгч Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Оргил давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх гэж тодорхойлсон байдаг.

Энэхүү зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна. Өмгөөлөгч миний бие, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад нөлөөлсөн, ноцтой зөрүүтэй байна гэж үзэж Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргалаа. Учир нь: Эрүүгийн************* дугаартай хавтаст хэргийн материалд авагдсан, хууль ёсны дагуу цуглуулж бэхжүүлсэн баримтуудад дүгнэлт хийхэд миний үйлчлүүлэгч Д.Б- нь хохирогч Т.Ж-д гэмтэл учруулсан үйлдэл нотлогдохгүй, түүнийг энэ үндэслэлээр яллах хангалттай үндэслэл тогтоогдохгүй байгаа нь доорх баримтуудаар нотлогддог. Үүнд:

- гэрч Н.М-ийн мэдүүлэг /хх33-35/,

- 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хохирогч Т.Ж-, гэрч Н.М нарыг нүүрэлдүүлж авсан “...тухайн өдөр Т.Ж- болон Д.Б нарын хооронд ямар нэгэн зодоон болоогүй” гэх мэдүүлгүүд /хх111-113/,

- Үйл явдал өрнөсөн даруйд өөрийн утсаар цагдаагийн 102 дугаарын утсанд өгсөн зодуулсан тухай огт дурсагдаагүй, “ ..Согтуу хүн агсам тавиад хаалга эвдсэн...  гэх Т.Ж-ы дуудлага” /хх13/,

- хохирогч Т.Ж-ы “...тэгээд хамт пиво ууж байгаад Т гэх баз хүргэн гэнэт чи яах гээд байгаа юм гэж агсам тавиад босоод ирсэн, тэгэхээр нь би 00-н өрөөндөө орсон чинь манай 00-н өрөөний хаалгыг гаднаас нь цөм цохиж орж ирээд миний нүүр толгойн хэсэгт 5-6 удаа гараараа цохисон...” /хх16-17/, “...хоол унд идээд 4-лээ юм яриад сууж байгаад би 00-н өрөө орсон. Намайг 00-н өрөөнд байж байхад Б- араас өрөөний хаалга цөм цохисон. Тэгэхээр нь би хаалгыг онгойлгож юу болоод байгаа талаар асуухад 00-н өрөөнд орж ирээд учир зүггүй цохиж зодож эхэлсэн...” /хх31-32/ гэх өөр хоорондоо болоод бодит байдлаас хол зөрүүтэй түүний мэдүүлгүүд;

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон хохирогч Т.Ж-ы биед учирсан гэх хөнгөн гэмтлүүд нь Д.Б-гийн үйлдлийн улмаас учирсан гэж үзэхэд эргэлзээтэй, шинжээчийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал байгааг шүүх анхаараагүй.

Тодруулбал, шинжээчийн анхны дүгнэлтэд “Т.Ж-ы... биед дээд баруун 2-р шүдний эмтрэл, дээд баруун 1-р шүд, дээд зүүн 1, 2-р шүдний сулрал, хүзүү, зүүн бугалганд зулгаралт, зүүн булгалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “Хүзүү, зүүн бугалганд зулгаралт, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл нь Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмьн 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтлүүд нь маажих, цохих, цохигдох, хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна...” гэсэн байдаг. Дүгнэлтэд заасан “Хүзүү, зүүн бугалганд зулгаралт, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл” нь Т.Ж- болон Д.Б- нар зууралдах, зулгаалдах явцад хохирогчийн биед учирсан байхыг бол үгүйсгэхгүй. Харин гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа дээд баруун 2-р шүдний эмтрэл, дээд баруун 1-р шүд, дээд зүүн 1, 2-р шүдний сулрал” гэмтэл нь Д.Б-гийн үйлдлээс учраагүй юм.

Хэрэв шинжээчийн дүгнэлтэд заасан эдгээр гэмтлийг хохирогчийн мэдүүлснээр 10-12 удаа цохиулж зодуулснаас үүссэн гэж үзвэл адаглаад хохирогчийн толгой болон нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл, хавдах улайх, тархи доргих, уруул доторх язралт “Гэмтлийн гаралтай шүдний хугарлын О, эмчилгээний зааврын Б.1.2.Хэсэг газрын үзлэгийн 1.2.2-т заасан зэргэлдээх зөөлөн эдийн гэмтэл, шарх, хаван хавдар” гэх мэтчилэн гэмтлүүд тогтоогдох ёстой байсан байх. Гэтэл 1 шүдийг эмтэртэл, 3 шүдийг сулартал 10-12 удаа цохиод байхад нүүр болон уруул орчимд ил ч тэр, далд ч тэр ямар ч гэмтэл учраагүй байгаа нь томоос том эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.

Шинжээчийн үзлэгээр нүүр болон амны эргэн тойрон, уруулын дотор болон гадна талд ил харагдах гэмтэл тогтоогдоогүй учраас шинжээчийн дүгнэлтэд бичигдээгүй, улмаар энэ нөхцөл байдал нь Д.Б-гийн үйлдлийн улмаас шүдний гэмтэл хохирогчид учраагүйг тодорхой харуулж байна.

Хэдийгээр шүдний гэмтлүүд нь зөөлөн эдийн бусад гэмтэлтэй нэг цаг хугацаанд учирсан байх боломжтой гэж шинжээч дүгнэсэн боловч энэ нь үйл явдал болохоос хэдэн цагийн өмнө өөр бусдын үйлдлээр, эсхүл Т.Ж-ы өөрийнх нь ямар нэг болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан байж болох таамаглалыг үгүйсгэхгүй, тэгээд ч энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт үйл явдал болсноос хойш 10 сарын дараа гарсан нь тухайн дүгнэлтийг эргэлзээгүй гэж үзэх үндэслэлийг үгүйсгэж байгаа юм.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” дүгнэлтээр тус тус үгүйсгэгдэн няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн болох нь 1329, 1040 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн. Ийм эргэлзээтэй нөхцөл байдал байхад шүүх шинжээчийн дүгнэлтэд нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг хэргийн бусад баримтуудтай харьцуулан үзэж үнэлээгүй нь шүүхийн шийдэлд ноцтой нөлөөлж болох буюу эргэлзээ бүхий байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зарчмыг зөрчсөн явдал болсон гэж үзэж байна.

**********дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/1324 дугаартай шүүгчийн захирамжаар, “...Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1324 дугаартай дүгнэлтээр Гэмтлийн зэргийн хөнгөн гэмтэлд тооцогдоно” гэсэн байна. Шинжээч нь “дүрс О, шүдний рентген зураг зэрэг нарийн шинжилгээгүйгээр дүгнэлт гаргасан нь тодорхойгүй...” гэх үндэслэлээр бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах шийдвэр гаргаж, хэргийг прокурорт буцаасан байдаг. Гэтэл Шүүх шинжилгээний Ерөнхий газар 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1040 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийхдээ ямар нэгэн дүрс О, 4 шүдний рентген зураг авах зэрэг нэмэлт шинжилгээгүйгээр зөвхөн хэргийн материалд үндэслэн дүгнэлтээ гаргасан нь Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/296 дугаартай “Заавар батлах тухай тушаалын 9 дүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн гаралтай шүдний хугарлын О, эмчилгээний зааврын Б.О, эмчилгээний бүдүүвч хэсгийн Б.1.3 Нэмэлт шинжилгээний 1.3.1-д заасан “...шүдний дэлгэмэл болон аман доторх проекцоор рентген шинжилгээ хийх...”-ээр тодорхой заасныг зөрчсөн явдал болсон. Шинжээч ийнхүү шүүгчийн захирамжид заасан О, зураг, шинжилгээг огт үндэслээгүй, өмнөх тодорхойгүй дүгнэлтийг үндэслэн ЭМС-ын баталсан зааврыг зөрчиж 1040 тоот дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй гаргасан байхад анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүгүй, эргэлзээгүй, нэг шинжээчийн дүгнэлт нөгөө шинжээчийн дүгнэлтээ баталсан гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 3-т “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, ...нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгана.” гэж заасанд нийцсэнгүй. Шинжээчийн дүгнэлт нь ийнхүү эргэлзээтэй, зохих журмыг зөрчиж гарсан, хэргийн бодит байдлыг тогтоох чадваргүй байгаа энэ тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-т “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана.” гэж заасан эрхийн хүрээнд мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж зааснаар шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй байх байсан. Гэтэл хуулийн энэхүү заалтыг анхан шатны шүүх зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчих үндэслэлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.

3. Шүүхийн шийтгэх тогтоолын 7-р талд ... хохирогчийн зүгээс шүүгдэгчтэй урьдын хувийн таарамжгүй харилцаатай, аливаа өс хонзонгийн сэдэлтээр шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байгаа, мөн тухайн цаг хугацаанд өөр хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалж шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй" талаар дурдсан. Хэрэг гарсан шөнийн өмнөх өдөр хохирогч гадуур хаагуур хэнтэй явж хаана, хэнээс гэмтсэн, эсхүл өөрөө унах, мөргөх зэрэг ямар нэг хүчин зүйлийн улмаас шүдээ гэмтээсэн байсан эсэхийг хэн мэдэх билээ, хүний аманд байгаа шүдний гэмтлийг 5 гаднаас хараад мэдэхгүй учир хамт байсан хүмүүс энэ талаар огт мэдүүлээгүй байх. Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Б- гэмтэл учруулсан байх боломжтой гэх байдлаар таамаглалд үндэслэж түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймээс шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн жинхэнэ, бодит байдалтай нийцээгүй, зохих журмын дагуу хийгдээгүй гэх хангалттай үндэслэлтэй гэж үзэж, ийнхүү гомдол гаргаж байгаа тул дээрх нөхцөл байдлуудыг сайтар анхааран үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг удирдлага болгон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/1003 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ямар нэгэн байдлаар хохирол учруулсан бол хүлээн зөвшөөрнө. Гэтэл гар хүрч, зодсон зүйлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна...” гэв.

Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, өмгөөлөгчийн тайлбарлаж байгаачлан, хохирогч Т.Ж-ы өгсөн дуудлагад “хүн агсам тавиад байна” гэх агуулга дурдагддаг. Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогчоос мэдүүлэг авахад Т.Ж- тухайн үед агсам тавьсан хүн болох Д.Б-д зодуулсан талаар тодорхой мэдүүлэг өгсөн байдаг. Үүний дараа, уг мэдүүлэгтэй уялдуулан шүүх эмнэлгийн шинжээчдээр хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгоход удаа дараагийн дүгнэлтүүд, бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтүүд ч мөн адил нэг агуулгатай, өмнөх дүгнэлтүүдээ баталгаажуулсан байдалтайгаар гарсан. Өөрөөр хэлбэл, хохирогчийн биед бодитоор хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчдийн дүгнэлтээр нотлогдсон. Мөн тухайн шөнө болсон үйл явдалтай холбоотойгоор хохирогчийн эхнэр нь зодооны үйлдлийг шууд харсан гэж мэдүүлээгүй хэдий ч, шүүгдэгч болон хохирогч хоёрын хооронд маргаан гарсан, улмаар тухайн орон байранд цагдаагийн байгууллага дуудлагын дагуу очсон бөгөөд хэргийн газрын үзлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ж-ыг ариун цэврийн өрөөний хаалгаар цохисон гэсэн хохирогчийн мэдүүлэгтэй нийцсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа юм. Иймд дээр дурдсан нөхцөл байдал, нотлох баримтууд нь хохирогчийн өгсөн мэдүүлэг, түүний бие махбодод учирсан гэмтэл, хэргийн газарт болсон үйл явдалтай уялдаатай, зөрчилгүй, уялдаа холбоотой байна. Анхан шатны шүүх дээрх баримтуудыг үнэлж, бодитой дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/1003 дугаартай шийтгэх тогтоол нь хуульд нийцсэн, үндэслэлтэй тул уг тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:      

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Тодруулбал, шүүгдэгч Д.Б- нь 2024 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө 04 цагийн үед **********дүүргийн 11 дүгээр хороо, ********** хотхоны **-* дүгээр байрны *** тоотод хохирогч Т.Ж-ын зодож, түүний эрүүл мэндэд нь дээд баруун 2-р шүдний эмтрэл, дээд баруун 1-р шүд, дээд зүүн 1, 2-р шүдний сулрал, хүзүү, зүүн бугалганд зулгаралт, зүүн бугалга, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :      

- цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн дуудлагын лавлагааны хуудас /хх13/,

- хохирогч Т.Ж-ы “… тухайн өдөр эхнэртэйгээ гэртээ амарч байхад шөнө 04 цагийн үед манай баз хүргэн Б, О нар манай гэрт тортой шар айраг барьсан орж ирсэн. Эхнэр бид 2 босч ирээд хоол унд хийгээд том өрөөндөө ширээ засч сууж байгаад 00 өрөө орсон. Намайг 00 орсон байхад Б- араас өрөөний хаалга цөм цохисон. Тэгэхээр нь би хаалгыг онгойлгоод юу болоод байгаа талаар асуухад 00 өрөөнд орж ирээд учир зүггүй цохиж зодож эхэлсэн. Тус өрөөнөөс арай гэж гараад коридорт гараад байж байхад нэмж зодоод байсан. Учир зүггүй зодоод байхаар нь цагдаа дуудсан. Гаднаас орж ирэхдээ согтолттой байсан…Б- миний толгой болон бие хэсэг рүү 00-н өрөөнд 2 гараараа ээлжилж 5-6 удаа цохисон. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг надад Б- учруулсан…” гэх мэдүүлгүүд /хх16-17, 31-32/, 

- гэрч Н.М-ийн “…Манай нөхөр Ж- ариун цэврийн өрөө орсон, хүргэн дүү Б- 00-н хаалгыг тогшсон...Удалгүй манай нөхөр 00-с гарч ирээд тэр 2 бие биенээсээ зууралдаад барьцалдаж авсан...Дараа нь манай нөхөр цагдаа дуудсан…Ж- гар нь шалбарсан байсан санагдаж байна, өөр нарийн зүйлийг анзаараагүй…Б- манайд орж ирэхэд согтууруулах ундаа зүйлс үнэртэж байсан, пиво авчирсан...Ж- бид 2 эрүүл байсан...” /хх-34-35/,

- шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1329 дугаартай дүгнэлт :“…Т.Ж-ы биед дээд баруун 2 дугаар шүдний эмтрэл, дээд баруун 1-р шүд, дээд зүүн 1, 2 дугаар шүдний сулрал, хүзүү, зүүн бугалганд зулгаралт, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой…/хх-41-42/,

- шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1040 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн “…2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1329 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Энэ дүгнэлтийн асуултууд давхардаж, ижил утгатай байна. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба мохоо зүйлд гар, хөл, чулуу, мод, ирмэггүй зүйлс орно. Учирсан гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Т.Ж-ы доод шүднүүд зарим нь хиймэл, дээд буйланд хиймэл шүд үгүй байна. Хүзүү, зүүн бугалганд зулгаралт, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл нь Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй…” гэсэн дүгнэлт /хх122-124/,   

- шүүгдэгч Д.Б-гийн: “...Би тухайн үед базууддаа яриан дундуур “сайн хүмүүстэй суусан” гэдгээ хэлсэн, Оээс асуусан тийм ээ гэж хэлсэн. Ж-аас энэ талаар асуухад “энэ бол миний гэр бүлийн дотоод асуудал” гэх мэт зүйл хэлээд цаашаа 00 явж ороод удсан. Очоод тогшиж хүлээсэн чинь огт хариулахгүй байсан, 00-н өрөөний хаалгыг хүчтэй цохиход 00-н хаалга цөмөрсөн. Тэнд байх үедээ Ж- “манай гэрт хүмүүс агсам тавилаа” гэж цагдаа дуудсан...Барьцалдаж аваад цагдаа нар ирээд аваад явсан...ОО-с гарч ирээд бид 2 барьцалдсан...”гэх мэдүүлэг /хх-58-59, 63/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.        

Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон, хангалттай байх шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгч Д.Б-гийн үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан, хэргийн бодит байдлыг үгүйсгэх үндэслэлгүй байна. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжийн талаар тухайн хэрэгт цугларч, бэхжигдсэн бүхий л нотлох баримтын эх сурвалжийн хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд дараах байдлаар тодотгож байна. Үүнд:          

- хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу хохирогчийн эрүүл мэндэд тухайн гэмтлийг шүүгдэгчээс өөр этгээд учруулаагүй, мөн хохирогч өөрөө өөрийгөө гэмтээгээгүй, өөр бусад шалтгаанаар тухайн гэмтэл үүсээгүй болох нь тогтоогдсон,

- Шүүхийн шинжилгээний тухай болон хамаарах бусад хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан удаа дараагийн шинжээч нарын дүгнэлтүүдийг үгүйсгэх боломжгүй бөгөөд ойлгомжтой, тодорхой, үндэслэл, эх сурвалжийг бүрэн тусгасан байх тул хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, тусгай мэдлэггүй атлаа таамаглах байдлаар үгүйсгэн няцаах үндэслэлгүй, 

- хохирогч бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн эсхүл худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба тус эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан, зөрчигдөөгүй байх төдийгүй шүүгдэгч нар гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч мэдүүлээгүй байх нь түүнд холбогдох хэргийн бодит байдлыг нотолсон үйл баримтын нотолгооны чадвар, хангалттай байдалд огт нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.        

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. 

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл,  хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар зохих дүгнэлт хийсэн, тус оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон талаарх улсын яллагчийн санал дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй гэж үзэв.        

4. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан сэтгэцийн гэм хор болон бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй байтал тус эрхийг анхан шатны шүүхээс орхигдуулсан байгааг зөвтгөх үндэслэлтэй болно. 

5. Иймд, дээр дурдсан үндэслэлийн хүрээнд, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, харин шүүгдэгч Д.Б-ий өмгөөлөгч Ө.Оргилын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/1003 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Хохирогч Т.Ж- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан сэтгэцийн гэм хор, бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ий өмгөөлөгч Ө.Оргилын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.     

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.АРИУНХИШИГ

 

           ШҮҮГЧ                                                                         Ц.ОЧ

 

           ШҮҮГЧ                                                                         Г.ГАНБААТАР