Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 110/2017/0077/З |
Дугаар | 221/МА2018/0372 |
Огноо | 2018-06-21 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2018/0372
2018 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 221/МА2018/0372 | Улаанбаатар хот |
Ө с е б 2 д б д с-ийн
нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Ө с е б 2 д б д с-ийн захирал Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.С, гуравдагч этгээд “А э” ТББ-ын өмгөөлөгч А.Б, гуравдагч этгээд Т.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 110/ШШ2018/0039 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Т.Г, “А э” ТББ-ын тэргүүн А.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ө с е б 2 д б д с-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 110/ШШ2018/0039 дүгээр шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө с 2 д б д с-иас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны А/334, 2017 оны А/318, А/535, А/544 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б давж заалдах гомдолдоо: Аймгийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулж эзэмшүүлэх тухай 240 дүгээр захирамжийн дагуу 2 д б д с-д 16.000 м.кв газрыг эзэмшүүлж, кадастрын зургийг үйлдсэн, уг зурагт тусгаснаас үзэхэд маргаан бүхий газар нь сургуулийн эзэмшил газарт ороогүй байгаа нь кадастрын зургаар нотлогдож байгаа боловч 2008 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хийсэн газрын төлөв байдал, чанарын улсын хяналтын баталгааны дүгнэлт гаргахдаа үйлдэгдсэн 2 дугаар сургуулийн газрын байршлын кадастрын зурагт уг маргаан бүхий газар нь сургуулийн эзэмшил газарт орсон гэж үзэх нь баримтаар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч байгууллагад анх 1999 онд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын хэмжээ 14.950 м.кв байсан бөгөөд 2012 онд 1.050 м.кв газрыг нэмж, тус сургуульд 16.000 м.кв газар болгож эзэмшүүлсэн. Уг газарт маргаан бүхий газар нь ороогүй байгаа нь 2 удаагийн кадастрын зургаар нотлогдож байна.
Аймгийн Засаг дарга анх маргаан бүхий газарт 2011 оны 363 дугаар захирамжаар аймгийн Ойрад угсаатны урлаг, соёл, спортын сургалтын цогцолбор барих зориулалтаар, 2012 оны 279 дүгээр захирамжаар иргэн Т.Г, Т.Н нарт тус тус гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлсэн шийдвэрийг гаргасан бөгөөд нэхэмжлэгч тухайн үед маргаагүй тул маргаан бүхий газрыг нэхэмжлэгч байгууллагын газар гэж үзэх боломжгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Т.Г давж заалдах гомдолдоо: “...Надад аймгийн Засаг даргын 2012 оны 279 дүгээр захирамжаар 144 м.кв газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулан газар эзэмших эрхийн 0405337 дугаартай гэрчилгээг олгосон. Гэтэл 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/543 дугаар захирамжаар 2 жил дараалан зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон бөгөөд тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй шалтгаан нь надаас болоогүй талаар хариуцагчид хүсэлт гаргахад 2016 оны А/334 дүгээр захирамжаар А/543 дугаар захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, миний газар эзэмших эрхийг сэргээсэн. Миний эзэмшиж байгаа 144 м.кв газар нь 2 д б д с-ийн эзэмшил газартай давхцалгүй.
Газрын тухай хуулийн холбогдох заалтаар тухайн газрыг мод тарьж ногоожуулах ажил хийсэн бол уг газрыг давуу эрхээр олгохоор хуулийн зохицуулалттай байдаг гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг ноцтойгоор зөрчиж байна. Мөн газрын давхцалын талаар анхан шатны шүүх дүгнэхдээ Газрын тухай хууль, холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан кадастрын зураг, техникийн нөхцөлийн зураг зэргийг нягталж үзээгүйд гомдолтой байна.
Надад хууль ёсны дагуу газар эзэмшүүлсэн захирамжийг анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд “А э” ТББ-ын тэргүүн А.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нар давж заалдах гомдолдоо: “...Аймгийн Засаг даргын 2012 оны 240 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид 16.000 м.кв газрыг кадастрын зураг үйлдэн олгосон бөгөөд ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг авч, гэрээ хийхдээ ямар нэгэн маргаан, гомдол гаргаагүй. Уг кадастрын зургаар тогтоосон газарт гуравдагч этгээд “А э” ТББ-ын газар ороогүй. 2008 оны газрын даамлын гараар үйлдсэн хүчин төгөлдөр бус баримжаа зургийг кадастрын зураг мэтээр нотолгоо болгосон нь үндэслэлгүй юм. 2008 онд захирамж, газар эзэмших гэрчилгээгүй байхад кадастрын зураг гаргах ёсгүй гэж үзэж байна. Өлгий сумын газрын кадастр хариуцсан түшмэл Т.Зангарын гарсан уг дүгнэлтийг хавтаст хэрэгт хаанаас ямар байдлаар авсан нь тодорхойгүй, хуулбар үнэн эсэх талаар тамга, тэмдэггүй баримтыг гол нотлох баримтаар үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус ноцтой зөрчсөн.
Шүүгч өөрийн биеэр хашааны хайсны дотроос газар эзэмшүүлсэн аж ахуйн нэгж, иргэдийн эзэмшсэн газрыг сургуулийн газрын гадна орхиж, бусад газрыг хайс баригдсан зурвасаар хэмжихэд 17.930 м.кв болж сургуулийн эзэмшлийн газраас 1.930 м.кв газар илүү гарч байгаа нь эзэмшилд олгогдоогүй нийтийн эзэмшлийн газар болох нь хөдөлгөөнгүй нотлогдож байна.
Өөрсдийн хүч хөдөлмөрөөр мод тарьж, зүлэгжүүлж газрыг арчлан хамгаалж байсан гэж тэмдэглэсэн боловч маргаан бүхий газарт хайснаас өөр ойрын жилүүдэд зүлэгжүүлсэн, мод тарьсан ул мөр үгүй байна. Олон жилийн өмнө таригдсан зарим мод арчлаагүйн улмаас хатаж хувхайрсан, олонх нь тайрч аваад, хог хаях талбай болгосон байна. Зүлэгжүүлж, мод тарьсан газар нь сургуулийн газарт байх ёстой гэж 6 хүн мэдүүлсэн нь зөвхөн хашаа, хайсны дотор байсныг үндэс болгосноос өөр нотолгоогүй байна.
Маргаантай газрыг анх 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 363 дугаар захирамжаар эзэмшүүлснээс эхэлж тооцвол 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусах ёстой юм. Нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан. Маргаантай байгаа нийтийн эзэмшлийн газрыг сургалтын зориулалтаар эзэмшүүлэхээр 2017 оны төлөвлөгөөнд оруулан тогтоолоор баталсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамтын шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа нь анхан шатны шүүх зөрчилтэй шийдвэр гаргасныг нотолж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/318 дугаар захирамжаар Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай 2 д б д с-ийн хойд талаас 216 м.кв газрыг сургалтын төв барих зориулалтаар сонгон шалгаруулалт явуулж эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу сонгон шалгаруулалт явуулж “А э” ТТБ шалгарсан бөгөөд төсөл сонгон шалгаруулалтын ялагчтай байгуулах тухай 01 дүгээр гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулан, аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/544 дүгээр захирамжаар “А э” ТТБ-д уг газрыг тухайн зориулалтаар 20 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000324902 дугаар гэрчилгээг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр олгосон байна.
Т.Г-ын хувьд анх Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 279 дүгээр захирамжаар Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2 дугаар ахлах сургуулийн бага ангийн хичээлийн байрны хойд талаас 144 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 50 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/545 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн дээрх газрыг эзэмших эрхийн гэрчилгээг нь холбогдох заалтаараа хүчингүй болгож шийдвэрлэсэн ба улмаар хариуцагч 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/334 дүгээр захирамжаар өөрийн гаргасан 2014 оны А/545 дугаар захирамжийн Т.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/535 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/445 дугаар захирамжийн дагуу зохион байгуулагдсан дуудлага худалдааны ялагч дуудлага худалдаагаар авсан газрын үнийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй тул уг дуудлага худалдааг хүчингүйд тооцож, 2 д б д с-ийн хойд талаас 144 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар дахин дуудлага худалдаа явуулах зарчмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийн дагуу хэн нэгэн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй байна.
Нэхэмжлэгч Ө с е б 2 д б д с нь 1999 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн газар эзэмших эрхийн 030100118 дугаар гэрчилгээгээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 14950 м.кв газрыг 30 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан бөгөөд хариуцагч 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 240 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид 16.000 м.кв газрыг ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар 50 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэн, газар эзэмших эрхийн 0381611 дүгээр гэрчилгээг 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр олгожээ.
Нэхэмжлэгчээс “...сургуулийн эзэмшлийн газарт хууль бусаар иргэн, аж ахуй нэгжид газар давхардуулан эзэмшүүлсэн...” гэж, хариуцагч болон гуравдагч этгээдүүдээс “...гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газартай буюу 16.000 м.кв газартай давхцаагүй” гэж тус тус тайлбарлан маргасан бөгөөд анхан шатны шүүх 2008 оны 6 дугаар сарын 12-ны өдөр газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргахад үйлдэгдсэн 2 дугаар сургуулийн газрын байршлын кадастрын зурагт тусгагдсан газартай гуравдагч этгээд нарын газар давхацсан, хариуцагч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрүүдийг гаргасан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.”, 32.3-т “Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.3.2-т “тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчээс одоо хашаалсан байгаа хэмжээгээр кадастрын зураг үйлдэж, тухайн газрыг эзэмших хүсэлтэй байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох ба газрын кадастр хариуцсан албан тушаалтан Т.Зангар талбайн хэмжээг 2008 онд тооцож 14.950 м.кв гэж бичсэнийг нэхэмжлэгч тухайн газрыг эзэмших эрхгүй гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч маргаан бүхий газрыг анх хашаалсан хэмжээг ямар нэгэн байдлаар өөрчлөөгүй, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ асуудлаар маргаагүй бөгөөд хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 240 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа кадастрын зурагт буусан хэмжээгээр эзэмшүүлэх зорилготой байсан бөгөөд 2008 оны газрын кадастрын зургаар нэхэмжлэгч газар эзэмших эрхтэй гэж үзэхээр байх тул хариуцагч гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус зөрчсөн байна.
Гуравдагч этгээд “А э” ТББ-ын тэргүүн А.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо “...Т.Зангарын гаргасан кадастрын зураг хуулбар үнэн тэмдэггүй, хэрэгт хаанаас ямар байдлаар авсан гэдэг нь тодорхойгүй баримтыг үнэлсэн...” гэж дурдсан бөгөөд хавтаст хэргийн 110 дугаар хуудсанд газрын кадастр хариуцсан албан тушаалтан Т.Зангарын үйлдсэн 2008 оны кадастрын зураг эх хувиараа авагдсан ба уг кадастрын зурагт тэмдэг дарагдсан, Т.Зангар шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлэгтээ “...2 дугаар бүрэн дунд сургуулийн газрыг хашаа татсан байдлаар нь зурж өгсөн маань үнэн” гэх тайлбар зэргээс үзвэл тухайн кадастрын зургийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэхгүй юм.
Түүнчлэн сургуулийн тухайн хашаалсан газар нь ямар нэг байдлаар өөрчлөлт ороогүй, нэхэмжлэгч бодит байдал дээр тухайн газрыг эзэмшиж, ашигласаар ирсэн бөгөөд харин гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэхдээ бусдын эзэмшиж, ашиглаж байгаа, арчилж мод тарьсан газрыг эзэмшүүлсэн болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, “Google maps” /гүүгл мап/ хайлтын системээс хэвлэсэн 4 зураг зэргээр нотлогджээ. Өөрөөр хэлбэл хэдий кадастрын зургаар давхцалгүй боловч олон жилийн турш ашигласаар ирсэн сургуулийн газрыг бусдад дуудлага худалдаагаар болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 216, 144 м.кв газруудыг эзэмшүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байсан болох нь тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж дүгнэв.
Мөн гуравдагч этгээд “А э” ТББ-ын тэргүүн А.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар “..нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж давж заалдах гомдолдоо дурдсан бөгөөд 2011, 2012 онуудад Ө с 2 д с-ийн хойд талд бусдад газар эзэмшүүлсэн талаар тухайн үеийн захирал нь мэдсэн, хамт олондоо танилцуулсан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд одоогийн захирал Н.О маргаан бүхий захиргааны актыг мэдсэн гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б, гуравдагч этгээд Т.Г, “А э” ТББ-ын тэргүүн А.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ө с е б 2 д б д с-ийн захирал Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.С нар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхүүдтэй хамтран онлайнаар шүүх хуралдаанд оролцох явцад Шүүхийн ерөнхий зөвлөлд цахилгаан тасарсны улмаас онлайнаар шүүх хуралдаан хийх боломжгүй болсон бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар утсаар “шүүхэд бичгээр гаргасан болон давж заалдах гомдолд өгсөн хариу тайлбараа дэмжиж, шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй” гэсний дагуу нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбаруудыг шүүх хуралдаанд уншиж сонсгон уг шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА