| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0108/Э |
| Дугаар | 120 |
| Огноо | 2018-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 120
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,
Өсвөр насны шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 181800000062 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4-р сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “*******” цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сум 9-р багийн 4-р хороолол *******тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* /регистрийн дугаар: *******/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2018 оны 1-р сарын 31-ний өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р багийн нутаг дэвсгэрт, компьютер тоглоомын газрын үүдэнд насанд хүрээгүй *******аас тоглоомын газарт тоглосон мөнгөө төлөх зорилгоор мөнгө асуухад өгсөнгүй хэмээн “үхэж байсан хар пизда, ална чамайг” хэмээн хэл амаар доромжилж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, толгойгоороо мөргөн тонгойх үед нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2018 оны 1-р сарын 31-ний өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р багийн нутаг дэвсгэрт, компьютер тоглоомын газрын үүдэнд насанд хүрээгүй *******ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, толгойгоороо мөргөн тонгойх үед нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч *******ын “...2018 оны 1-р сарын 31-ний өдөр хээтэй хорооллын голд байдаг компьютер тоглоомын газарт очиж тоглож дуусаад мөнгөө төлөөд гарч явах гэж байтал манай нөгөө ангийн ******* ирээд мөнгө нэхсэн, тэгэхээр нь үгүй гэж хэлээд явуулсан. Тэгтэл дахиж ирээд хөөе 500 төгрөг зээлчих л дээ гэсэн. Тэгэхээр нь би дахиад үгүй гэтэл ямар үхцэн пизда вэ гэхээр нь албатай юм уу гэхэд ална шүү гэхээр нь би за зайлаа гэсэн. Тэгтэл миний урдаас гараа далайгаад хүрч ирээд ална шүү гэсэн. Тэгээд биед наалдахаар нь цаашаа зайлаач гэхэд шууд миний зүүн хацар руу гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд цохих гэхэд миний гар хүрээгүй. Тэгээд бид хоёр түлхэлцээд намайг түлхээд коридорт гарсан. Тэгэхэд миний хамар руу духаараа мөргөөд гараараа дух орчимд нэг удаа цохисон. Намайг татаад өвдөглөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9/,
Насанд хүрээгүй гэрч *******ын “...Тэгтэл ******* очоод *******ыг мангасдаад авсан. Өөрөөр хэлбэл нүүр рүү нь түлхсэн. Тэгэхэд ******* *******ын нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд тэр хоёр барьцалдаж аваад ******* *******ын нүүр рүү 3-4 удаа мөргөөд өөр лүүгээ татаад өвдөглөж цохисон. *******ын хамарнаас цус гарсан байсан. Нойл орж угаагаад гарч ирэхэд цус нь тогтчихсон дух нь хавдчихсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/,
Насанд хүрээгүй гэрч *******ын “... ******* надаас мөнгө асуучхаад буцаж очиж *******аас дахиад мөнгө гуйхад “үгүй, зайл цааашаа” гэж байсан. Тэгээд тэр хоёр маргасан. ******* ойртож очоод нүүр рүү нь мангасдаж түлхсэн. ******* зөрүүлээд нүүр рүү нь гараараа цохисон. Тэгснээ барьцалдаж аваад коридорт гараад ******* нь толгойгоороо *******ыг мөргөсөн, ******* бас гараараа нүүр рүү нь цохисон. ******* *******ыг өвдөглөж цохисон. *******ын хамарнаас цус гарахад тэр хоёр зодолдохоо больсон юм. ******* *******ыг толгойгоороо 2-3 удаа мөргөсөн, татаж өвдөглөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/,
Гэрч *******ын “...******* очоод *******ыг нэг удаа алгадсан. Тэгэхэд ******* зөрүүлээд гарааараа нэг удаа шанаа орчимд нь цохисон. *******ын хамарнаас нэлээд их цус гарсан, нэг нүд нь хөмсөгний дээд хэсэгт хавдчихсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2018 оны 3 сарын 27-ны өдрийн 370 дугаартай “...*******ын биед духны зүүн хэсэг, зүүн чамархай, нүдний зовхи, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Энэ нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 74/,
Өсвөр насны шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 31-ний орой 19 цагийн орчимд хохирогч *******тай хамт компьютер тоглоомын газар тоглосон. Тооцоо хийх гэтэл 500 төгрөг дутсан. Тэгээд *******т “500 төгрөг зээлчих” гэж хэлэхэд ******* “Чамд зээлэх албатай юм уу” гэж хэлэхээр нь түлхсэн. Түүний дараа компьютер тоглоомын газраас гараад хоорондоо зодолдсон. Би *******ын нүүр рүү мөргөж, өшиглөсөн” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Ч.*******т мөрдөн байцаалтын шатанд 300,000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Өсвөр насны шүүгдэгч ******* нь учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн хэргээ чин шударгаар хүлээн мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 18.1, 18,2, 18.7, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Б.Нямсүрэн нараас гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ыг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч ******* /Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг,******* тоот/-д даалгаж, *******ыг оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст даалгасугай.
4. Өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД