| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2410001490075 |
| Дугаар | 2025/ДШМ/763 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/763
2025 06 18 2025/ДШМ/763
А.Ш-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Ш-, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энх-Амгалан,
шүүгдэгч А.Ш,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1131 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Ш-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2410001490075 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
С овгийн А-н Ш, **** оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хоТод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн 21 дүгээр хороо *** **** ** хорооллын **** байрны 21 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:**********/;
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, мөн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/301 дүгээр тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял шийтгүүлсэн.
Шүүгдэгч А.Ш- нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Н.И-д “Намын шугамаар газар олголт зохицуулж өгч чадна” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2.500.000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 3.500.000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 450.000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1.290.000 төгрөг буюу нийт 7.740.000 төгрөгийг 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр төрсөн дүү А.М-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ********* тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Ш-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “Шүүгдэгч А.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 8 жилийн хорих ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 6 жил 8 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч А.Ш-ын биечлэн эдлэх ялыг 6 жил, 6 сар, 8 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ш-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ш-ын цагдан хоригдсон 54 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Ш- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэг учралын талаар үнэн зөвшөөр мэдүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг бүрэн төлсөн. Гэтэл анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй хэмээн үзэж 6 сарын хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн заалтаас үзвэл гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзэх хууль зүйн үндэслэлтэй хэмээн дүгнэж байна. Тиймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Түүнчлэн улсын яллагчийн санал болгосон 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг дэмжиж байгаа тул эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэж өгнө үү. Мөн би тухайн эрүүгийн хэрэгт 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас дуудлагаар ирсэн. Энэ нөхцөл байдлаас болж эрх зүйн байдал минь дордож байгаа тул давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Ш-ын хувьд урьд 3 удаагийн ял шийтгэлтэй. 2012, 2021, 2024 онуудад өмчлөх эрхийн эсрэг буюу залилах гэмт хэрэгт удаа дараа холбогдож ял шийтгэл авч байсан. Шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийхдээ прокурорын гаргасан санал болох зорчих эрхийг хязгаарлах ял бус хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулсан. Шүүх заавал улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд ял оногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэж байгаа учраас шүүгдэгч А.Ш-т 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 6 сараас 3 жил хүртэлх хорих ялтай байгаа. Шүүхээс шүүгдэгчид хамгийн бага хэмжээгээр хорих ялыг оногдуулсан. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1131 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгч А.Ш-т холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч А.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Тодруулбал, шүүгдэгч А.Ш- 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Н.И-д “Намын шугамаар газар олголт зохицуулж өгч чадна” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2.500.000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 3.500.000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 450.000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1.290.000 төгрөг буюу нийт 7.740.000 төгрөгийг 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр төрсөн дүү А.М-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ********* тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
- Н.И-гийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /хх9/,
- хохирорч Н.И-н“...Тухайн үед Ш- нь “Нам солигдох гээд байна, тэрнээс өмнө яаралтай санхүүжилт босгох гээд зуслангийн газар олгож байна, яаралтай” гэх зэргээр манай нөхөртэй ярьсан, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 2.500.000, 3.500.000 гээд нийт 6.000.000 төгрөг Ш-ын өгсөн Худалдаа хөгжлийн банкны ********* тоот дугаарын М А гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн, мөн оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 450.000 төгрөг кадастрын мөнгө гэж дээр дурдсан данс руу хийсэн. Ингээд тэр цагаас хойш надад болон манай нөхөр, эгчид “Хүлээж байгаарай, кадастрын хүнийх нь боломж нь гарахгүй байна” гэх зэргээр цаг хожиж явсаар утсаа салгаад сураггүй алга болчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-27/,
- гэрч А.А-ын “...би Ш- гэх хүний ******** дугаарын утас руу нь залгаж холбогдоход “би намын шугамаар газар олголт зохицуулж өгч чадна” гэж хэлсний дагуу нэг айлын га газрыг 600,000 төгрөгөөр гаргаж өгөх бөгөөд дээр нь нэмээд 450000 төгрөгийг кадастрын мөнгөнд тушаах ёстой гэснийг эхнэр бид хоёр зөвшөөрч тохиролцоонд хүрээд эхний ээлжинд нийт 6,465,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ш-ын Худалдаа хөгжлийн банкны ********* тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд сүүлд тухайн оныхоо 04 дүгээр сарын 14-ний өдөр нэмж 2 айлын газар авахаар 1,290,000 төгрөгийг мөн данс руу шилжүүлсэн байдаг бөгөөд тухайн үедээ надад “2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бүх асуудал шийдэгдэнэ” гэж хэлсэн боловч 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш утас нь холбогдохоо больж холбоо тогтоох боломжгүй болсон... нийт 7,740,000 төгрөгийг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-29/,
- гэрч М.Э-ын“...Ш- нь 2022 оны 03 дугаар сард сарвууныхаа хадаасыг авхуулах гээд надаар боолт хийлгэдэг байсан. Тус оны 3 сарын сүүлээр надад “Ар гүнтэд лагерын бэлэн газар байгаа, та авах уу, кадастрын зураг 4 дүгээр сарын 05-ны өдөр гарна, танд тэгж тус больё, би намын шугамаар энэ газрыг авах гэж байгаа юм” гэж хэлсэн бөгөөд над руу мессенжерээр 10 айлын 07 га газрын зураг явуулсан. Ингээд би энэ талаар дүү Н.И-, А.А- нарт хэлэхэд тухайн газрыг худалдаж авахаар болсон...” гэсэн мэдүүлэг /хх31/,
- гэрч А.М-ийн “...тухайн үед би БНХАУ-ын Шанхай хот руу тоглолтоор явсан байсан, ингээд явахдаа картаа төрсөн ах А.Ш-т “энэ картыг ээжид өгөөрэй” гэж үлдээж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-33/,
- шүүгдэгч А.Ш-ын“...би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Би хүлээн зөвшөөрч байна. 2020 онд сувилагч Э- гэх хүнээр дамжуулж А.А-тай танилцаж байсан...А- болон түүний эхнэр И-гээс мөнгө авсан...“ гэсэн мэдүүлэг /хх43/,
- А.Ш-ын мөнгө авсан дансанд Худалдаа хөгжлийн банкны ********* тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-23-24, хх-12-22/,
- А.А-ын эзэмшлийн ********** дугаартай Хаан банкны ********** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх74-76/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.Ш- нь дээрх залилах гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан байна.
Түүнчлэн шүүгдэгч нь өөрт ашгийг хичээсэн шунахайн гэмт сэдэлт, зорилгын хүрээнд хуурч, төөрөгдүүлэх буюу бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар хохирогч удаа дараа мөнгө шилжүүлэн авч, өөрийн өмч мэт захиран зарцуулсан нь тогтоогдсон байх тул түүний үйлдсэн залилах гэмт хэргийн шинж хангагдсан бөгөөд үгүйсгэн няцаах үндэслэлгүй болно.
Шүүгдэгч А.Ш- гэм буруугийн нэгдмэл нэг хэлбэр, сэдэлт зорилгын хүрээнд, нэг эх сурвалжаас, тодорхой завсарлагатай буюу хэдэн хэдэн удаагийн үйлдлээр мөнгө авсан байх тул “үргэлжилсэн үйлдэлтэй нэгдмэл гэмт хэрэг”-ийн өвөрмөц шинж хангагдсан гэж үзнэ.
Мөн шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх ба түүнээс мэдүүлэг авахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг тулган шаардах, албадах зэргээр түүний эрхийг зөрчсөн асуудал байхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах энэхүү шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн, тус оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон талаарх улсын яллагчийн санал дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй гэж үзэв.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээс ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан байх тул анхан шатны шүүхээс А.Ш-т хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх үндэслэл, журмыг зөв хэрэглэсэн гэж үзнэ.
5. Харин хорих ангид ял эдэлж байсан А.Ш-ыг хорих 413 дугаар хорих ангиас 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон хорих 461 дүгээр анги руу шилжүүлэн цагдан хорьсон, мөн өдрөөр хорих ялын үлдэгдэл хэмжээг тасалбар болгосон /хх-144/ боловч анхнаасаа тасалдалгүйгээр хоригдож байгаа гэж үзэх тул 2025.02.27-ны өдрөөс 2025.04.23-ны өдөр хүртэл түүний нийт цагдан хоригдсон хоногийг 55 гэж үзэх үндэслэлтэй болно.
6. Дээрх үндэслэл, үйл баримтын хүрээнд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд цагдан хоригдсон хоногтой холбоотой зохих өөрчлөлт оруулж, харин шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч А.Ш-ын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1131 дүгээр шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 5 дахь заалтын “... цагдан хоригдсон 54 хоногийг ...” гэснийг “... цагдан хоригдсон 55 хоногийг...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч А.Ш-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-ын цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.Ш-
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР