| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00829/И |
| Дугаар | 304/ШШ2025/00755 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 304/ШШ2025/00755
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Н.Э*******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Өв хүлээн авах хугацаа сунгах тухай тухай 304/2025/00829/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.Э******* нь тус шүүхэд өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь Н.Э******* нь Х.М*******тай 1996 онд танилцаж, гэр бүл болон хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаандаа 3 хүүхдийн эцэг, эх болсон.
1996 оноос хойш Булган аймгийн С******* суманд амьдарч байгаад 2007 оноос хойш Булган аймгийн Б******* суманд мал маллаж, ханьтайгаа 28 жилийн хугацаанд хамт амьдарсан. Нөхөр минь 2023 оны зун биеийн байдал нь муудаж, эмнэлэгт үзүүлэхэд элэгний хорт хавдартай гэж оношлогдсон. 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хагалгаанд орж, тэрнээс хойш хорт хавдрын эмчийн хяналтанд орсон. Булган аймгийн эмнэлэгт үзүүлэх гэхээр замын ая даахгүй, холдоод байсан болохоор Орхон аймагт амьдардаг таньдаг хүнээ гуйж нөхрийнхөө хаягийг Орхон аймаг руу шилжүүлсэн. Нөхөр Орхон аймгийн хаягтай боловч Орхон аймагт амьдардаггүй байсан. Хөдөө гэрээсээ бие нь өвдөхөөр би авчирч Орхон аймгийн БОЭТ-ийн хорт хавдрын тасгийн эмчид үзүүлдэг байсан.
Орхон аймгийн БОЭТ-ийн эмч болон Улаанбаатар хотын Хавдар судлалын үндэсний төвийн эмчийн хяналтанд давхар эмчилгээ хийлгэдэг байсан. Эмчилгээ хийлгэж байгаад Улаанбаатар хотын Хавдар судлалд нарийн гэдэсний хагалгаанд орох шаардлага үүсч 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хагалгаанд орж байхдаа хагалгаагаа даахгүй нас барсан. Нөхрөө алдсанаас хойш сэтгэл санаагаар унаж, зарим зүйлээ мартаж санах болсон. Мөн өндөр настай аав, ээж минь надтай хэсэг хугацаанд хамт амьдарч, аав, ээжийгээ асарсан. Энэ байдлаар өв нээлгэх нэг жилийн хугацаа өнгөрснийг мэдсэнгүй. Би нөхрийн хамт мал маллаж амьдарч байсан. Булган аймгийн Б******* сумын 1 дүгээр багийн Ц у гэх газарт хэдэн малаа маллаж өвөлждөг. Нөхрийн бие 2023 оноос муудаж, байнга эмнэлэг эмчилгээ гэж явдаг болсон. Зарим бичиг баримтынх нь хугацаа дуусаж байгааг ч мэдээгүй.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Д******* Х******* овогтой Н******* Э******* миний бие талийгаач Б******* овогт Хийн М*******ын Булган аймгийн Б******* сумын ... баг Ц у хаягт байрлах, нэгж талбарын ...... дугаар бүхий 5004 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн бүртгэлийн Э-.... дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон энэ газрыг хууль ёсны өвлөгч тогтоолгох хүсэлтэй байгаа тул өв хүлээн авах хугацааг сунгаж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Б******* сумын .... баг Ц у хаягт байрлах, нэгж талбарын ...... дугаар бүхий 5004 м.кв газрын кадастрын зураг /хэргийн 4-р хуудас/,
-2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №.... дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хэргийн 5-6-р хуудас/,
-Х.М*******ын нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 7-р хуудас/,
-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 8-р хуудас/,
-Булган аймгийн Б******* сумын ... дүгээр багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 109 дугаартай албан тоот /хэргийн 9-р хуудас/,
-Орхон аймаг, Баян-Өндөр сумын Уртын гол багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01/163 дугаартай албан тоот /хэргийн 10-р хуудас/,
- Булган аймгийн Б******* сумын ... баг Ц у хаягт байрлах, нэгж талбарын ..... дугаар бүхий 5004 м.кв газрын гэрчилгээ /хэргийн 11-р хуудас/,
-Булган аймгийн Б******* сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/192 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамж, хавсралтын хуулбар /хэргийн 12-13-р хуудас/,
-Итгэмжлэл /хэргийн 14-р хуудас/,
-М.Б*******ийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 16-р хуудас/,
-М.Чийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 17-р хуудас/,
-М.Зийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 18-р хуудас/,
-М.Б*******ийн өв хүлээн авас татгалзах хүсэлт /хэргийн 22-р хуудас/,
-М.Чийн өв хүлээн авас татгалзах хүсэлт /хэргийн 23-р хуудас/.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч Н.Э******* нь тус шүүхэд талийгаач нөхөр Х.М*******ын Булган аймгийн Б******* сумын ... дүгээр багийн Ц у хаягт байрлах, нэгж талбарын ....... дугаар бүхий 5004 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны газрын өв хүлээн авах хүсэлт гаргах хугацаа сунгуулах тухай хүсэлтийг гаргасан.
3.Хүсэлт гаргагч Н.Э******* нь Х.М*******тай 1996 онд танилцаж, гэр бүл болсон бөгөөд 2007 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нөхөр Х.М******* нь нас барснаас гэрлэлт дуусгавар болсон болох нь хэрэгт авагдсан гэрлэлт бүртгэл болон нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийг дээрх хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй гэж үзнэ.
3.1.Хүсэлт гаргагч Н.Э*******гийн нөхөр Х.М******* нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өвчний улмаас нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдсэн байна.
3.2.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч байр заасан тул эхнэр Н.Э*******, хүү М.Б*******, М.Ч, охин М.З нар нь талийгаач Х.М*******ын хууль ёсны өвлөгч байна.
4.Талийгаачийн хууль ёсны өв залгамжлагч болох насанд хүрсэн хүү М.Б*******, М.Ч нар нь өв хүлээн авас татгалзсан тухай хүсэлтээ нотариатаар гаргасан бөгөөд уг татгалзал нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр болох нь хэрэгт авагдсан 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өв хүлээн авас татгалзсан болох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нотариатч О.Нгийн баталсан Бүртгэлийн дугаар 0361 дугаартай нотариатын үйлдлээр, 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өв хүлээн авас татгалзсан болох нь Нийслэлийн тойргийн нотариатч Б.Мөнхзулын баталсан Бүртгэлийн дугаар 1071 дугаартай нотариатын үйлдлээр тус тус тогтоогдож байна.
4.1.Мөн талийгаачийн нэр дээр Булган аймгийн Б******* сумын ... дүгээр баг, Ц у хаягт байрлах, нэгж талбарын .... дугаартай, 5004 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмших эрх бүртгэлтэй болох нь газрын эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож, уг эд хөрөнгө нь өвийн бүрэлдэхүүнд хамаарч байна.
5.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй гэж тус тус заасан.
5.1.Хүсэлт гаргагч Н.Э******* нь хуульд заасан хугацаанд зохих байгууллагад хүсэлтээ гаргаагүй, өв хүлээн авах хугацаа хэтрүүлсэн байх тул өвлөх эрхээ алдсан байна.
5.2.Гэвч хүсэлт гаргагч нь өв хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд хуульд заасан хугацаанд гаргаагүй шалтгаанаа ...талийгаачийг өвчтэй байх хугацаанд байнга асран сувилж, эмчилгээний зорилгоор хөдөө орон нутаг болон хот хооронд зорчиж байсан, мөн талийгаачийг нас барснаас хойш сэтгэл санааны хүнд байдалд орсон. Мөн өндөр настай эцэг, эхээ асран халамжилж байсан гэж тайлбарладаг.
Эдгээр нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн хувьд өв нээгдсэнийг тухай бүр мэдэж, хуульд заасан хугацаанд өв хүлээн авах тухай хүсэлтээ гаргах бодит боломжийг хязгаарласан байна.
5.3.Иргэний хуулийн холбогдох заалтад зааснаар өв залгамжлагч нь өв нээгдсэнийг мэдээгүй, эсхүл мэдэх боломжгүй, өөрөөс нь үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацааг хэтрүүлсэн бол шүүхээс өв хүлээн авах хугацааг сэргээх боломжтой гэж зохицуулсан байна. Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нөхцөл байдал нь дээрх хууль зүйн ойлголтод бүрэн нийцэж байна.
6.Шүүх хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын шаардлага хангасан бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолсон үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж шинжлэн судлан хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар хүсэлт гаргагч Н.Э*******г талийгаач нөхөр Х.М*******ын өв хөрөнгийг хүлээн авах хүсэлт гаргах хугацааг сунгаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д******* х******* овогт Н******* Э******* /рд:/-г талийгаач нөхөр Б******* овогт Хийн М******* /рд:/-ын өв хөрөнгийг хүлээн авах хүсэлт гаргах хугацааг сунгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ