| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2309000002189 |
| Дугаар | 2025/ДШМ/764 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Төвхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/764
2025 06 18 2025/ДШМ/764
Ц.С, Б.Б,Л.Н нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Төвхүү,
шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
*********, Хан-Уул, ************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/965 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.С, Б.Б, Л.Н нарт холбогдох эрүүгийн 2309000002189 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Б-ын Б, **** оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт ************** дүүрэг, 6 дугаар хороо, ********* *-*** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:************/;
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
********* дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 864.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, цагдан хоригдсон 142 хоногийг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлж, баривчлах ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэсэн,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 622 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн, эд хөрөнгө хураахгүйгээр 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 02 жил 3 сар 15 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,
********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар зарын 11-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаартай тогтоолоор дуусгавар болсон,
************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жил 10 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №21/442 дугаартай тогтоолоор дуусгавар болгосон,
2. Б овгийн Ц-ийн С, **** оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, таван хүүхдийн хамт ********* дүүргийн ** дугаар хороо, ********* **-***тоотод суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ********* дүүргийн 20 дугаар хороо, *-*** тоотод түр оршин суух,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 601 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан,
********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9, дүгээр сарын 28-ны өдрийн 728 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон,
********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 444 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсөн.
************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолын биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан,
3. Б овгийн Л-ын Н, 1987 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, гурван хүүхдийн хамт ************** дүүргийн 36 дугаар хороо, ****** *** **-** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ********* дүүргийн 22 дугаар хороо, ****** *** **-**тоотод түр оршин суух,
********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,
********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар суллагдсан,
********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 145.2, дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 622 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 23/96 дугаартай тогтоолоор дуусгавар болсон,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 848 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 138 дугаартай тогтоолоор дуусгавар болсон,
Шүүгдэгч Б.Б- нь ганцаараа:
2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 8 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сүхбаатарын талбайн урд талын автобусны буудал дээр иргэн Д.Э-ийн хувцасны халааснаас “Samsung А-73” маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1.004.970 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
мөн Сүхбаатар дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Б.М-гийн эзэмшлийн РОСО МЗ загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 532,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
мөн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ********* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД Андууд” автобусны буудлын орчимд “4:1” чиглэлийн автобусаар зорчиж байсан хохирогч М.Б-ын эзэмшлийн “iphone 13 рго” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
мөн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ********* дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран Мандал” автобусны буудлын орчим хохирогч Б.О-ын эзэмшлийн “iphone 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 775,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
мөн 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И март” худалдааны төвийн эсрэг талын замаар явж байсан насанд хүрээгүй хохирогч Н.Н-гийн халааснаас “iphone 13 рго” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1,755,000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 6,766,970 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Ц.С- нь ганцаараа:
2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйд ажиллагаа явуулдаг “Сандэй” худалдааны төвийн гадна Э.Б-ын халааснаас түүний эзэмшлийн “iphone 15” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,897,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.Б- Ц.С- нар нь бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ********* дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Энхсмайл” эмнэлгийн дэргэд насанд хүрээгүй хохирогч Б.Э-ийн эзэмшлийн “Samsung А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 460,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Ц.С- Л.Н- нар нь бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 05-ны орой 23 цагийн орчимд ********* дүүргийн 1 дүгээр хороо Ард кино театрын автобусны буудлын хажууд иргэн Б.Х-гийн халааснаас “Hua wei 18” загварын, цэнхэр өнгөтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1.014.550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Б-, Ц.С- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 , 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Л.Н- үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
*********, Хан-Уул, ************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “Б.Б-, Ц.С- нарыг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Л.Н-ыг бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ц.С-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-ыг 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ц.С-д ************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсныг хүчингүй болгож, 02 жилийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.С-ын биечлэн эдлэх ялыг 02 жил 6 сарын /хоёр жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д оногдуулсан 02 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын ************** дүүргийн нутаг дэвсгэрээр, тогтоож, тогтоосон бүсээс эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарлаж, зөрчвөл эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Н-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 14 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 112 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцон, биечлэн эдлэх ялыг 488 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Н-т мэдэгдэж, Эрүүгийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н- нь хохирогч Б.Х-д гар утсыг нь буцаан төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б-аас 925.000 төгрөг гаргуулж, хохирогч М.Б-т 700.000 төгрөгийг, хохирогч Б.О-д 225.000 төгрөгийг, шүүгдэгч Ц.С-аас 2.897.500 төгрөг гаргуулж хохирогч Э.Б-д, тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Л.Н-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга “хэмжээ авч, шүүгдэгч Ц.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж, Гэр бүлийн тухай хуулийн 66.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ц.С-ын насанд хүрээгүй 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин С-ын Сарангэрэл, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин С-ын Нарангэрэл, 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин С-ын Н, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү С-ын И, 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э-ы Э- нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Улаанбаатар хот ********* дүүргийн Засаг даргад даалгаж, хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэтэл Улаанбаатар хот ********* дүүргийн Хүүхэд, гэр бүл асуудал хариуцсан хэлтэст хариуцуулж,
шүүгдэгч Б.Б-, Ц.С- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүүлийн үйлдэл буюу 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сандэй” худалдааны төвийн гадна халааснаасаа Iphone-15 загварын гар устыг алдсан гэх хэргийг би огт үйлдээгүй учир давж заалдах гомдол гаргаж байна. Уг үйлдлийг өөр хүн үйлдсэн болохыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 6577 дугаартай албан бичигт мөрдөгч цагдаагийн дэслэгч А нь “Сандэй худалдааны төвийн урд халааснаасаа “Iphone-15” загварын гар утсаа алдсан гэх хэргийг РД:***********, Ц овогтой О гэгч этгээд үйлдсэн болохыг ирүүлсэн, тогтоосон гэж 4хх37, 39-т байхад намайг зөвхөн “Сандэй” худалдааны төвийн чиглэлтэй 3 хүнтэй хамт алхаж байгааг болон замын эсрэг талын Солонгос барааны дэлгүүрт орж куртик өмсөж байсан хяналтын камерын бичлэгийг үндэслэн гол буруутай этгээдийг шалгахын оронд намайг энэ хэргийг үйлдсэн хэмээн буруутгасан явдалд гомдолтой байна. Түүнчлэн тухайн үед камерын бичлэгт надтай хамт явж буйгаар бичигдсэн бусад этгээдүүдийг буюу Г, Ж, Г нарыг огт шалгаагүй. Мөн гэрчээр ч мэдүүлэг аваагүй. Уг хүмүүсийг тухайн үед надтай хамт явж байсныг Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөгч А сайн мэднэ. Гэтэл прокурор хэргийн бодит үнэнийг тогтоохоос зайлсхийж нэмэлт мөрдөн байцаалт явуулалгүй баримтууд нь хэрэгт байсаар байтал үл тоон ганцхан намайг дүрс бичлэгт бичигдсэн л үндэслэн буруутган, өндөр хохирол төлбөртэй хэмээн ялласанд гомдолтой байна. Миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Миний хувийн байдлын хувьд би таван хүүхэдтэй, одоо таван сар гарантай жирэмсэн, өрх толгойлсон, ганц бие эх. Миний хүүхдүүд 2014, 2016, 2020, 2021, 2023 онуудад төрсөн 0-11 насных бөгөөд хоёр том охин Нийслэлийн ерөнхий боловсролын 19 дүгээр сургуульд 3, 5 дугаар ангид сурдаг бөгөөд бусад нь сургуулийн өмнөх насных. Хоёр том охин дүү нараа хардаг, хараа хяналтгүй байгаа. Би одоо 5 сар гарантай жирэмсэн, төрөх хугацаа 10 сарын эхээр таарч байгаа. Миний хүүхдүүдийг надаас өөр асран хамгаалах хүн байхгүй, би эцэг, эх ах, дүү хамаатан садангүй, орь ганц билээ. Би хүүхдүүдээ ялангуяа өсвөр насны охидууддаа туйлын их санаа зовж, шаналж байна. Би өнөөгийн нийгмийн хүнд үед өөрийн хүүхдүүдээ ялангуяа өсвөр насны охидууд минь элдэв муу хүмүүсийн халдлагад өртөхгүй байх баталгаагүйд тэдгээрийн боловсрол, хүмүүжил, алдагдах магадлалтайд маш их санаа зовж байна. Миний биеийн байдлын хувьд одоо маш их хордлоготой, тонус ихтэй, архаг цус багадалтай, даралт ихтэй байгаа бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 29-нд 461 дүгээр ангид эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Цус багадалтын улмаас өндөр эрсдэл үүсэх магадлалтай байна. Хэдийгээр би өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан хувийн байдлын хувьд муу түүхтэй ч энэ сүүлийн үйлдэлд огт холбоогүй гэдгийг гэрчлэх гэрчүүд ч байгаа. Би өөр ийн гэм буруутай Б-, Н- нартай хамтарсан үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байгаа тийм ч учраас дахин гэмт хэрэгт холбогдолгүй ухамсарлаж үр хүүхдүүдээ зөв хүн болгон өсгөн хүмүүжүүлэх чинхүү хүсэл эрмэлзэлтэй үлгэр жишээ ээж байх гэж хичээж, элдэв муу хүмүүстэй нийлэхгүй шинэ амьдрал эхлүүлж байсан. Цаашид ч энэ хэвээр хичээж зөвхөн үр хүүхдүүдийнхээ төлөө, тэдгээрийн боловсрол, хүмүүжлийн төлөө зөв амьдрах болно гэдгээ батлан илэрхийлье. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү. Мөн миний хувийн байдал үр хүүхдүүдийн мин байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж намайг хүүхдээ гадны эмнэлэгт төрүүлэх боломжоор хангаж, хувийн батлан даалтад гаргаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ц.С-ын өмгөөлөгч Ю.Тогмид давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол холбогдсон хэргийн талаар шүүгдэгч Ц.С- нь ганцаараа 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сандэй” худалдааны төвийн гадна Э.Б-ын халааснаас түүний эзэмшлийн “Iphone-15” загварын гар утсыг хулгайлсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хохирогч Э.Б- мэдүүлэхдээ хоёр хүн байсан гэдэг. Мөн 4 дүгээр хавтаст хэргийн 37, 39, 60-67 талуудад шүүгдэгч Ц.С- энэ хэргийг үйлдээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Прокурор Л.Төвхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хяналтын камерын бичлэгт цагаан өнгийн куртиктэй, мөн хар хөх өнгийн куртиктэй хоёр хүн хохирогч Э.Б-ыг дагаж явж байгаа харагддаг. Мөрдөгчийн тэмдэглэл дээр цагаан өнгийн куртиктэй хүн хойноос нь бөхийж байгаа үйлдэл нэг удаа байдаг. Хохирогчийг Нарантуул захаас Сандэй худалдааны төв хүртэлх замд дагаж явсан. Дэлгүүр рүү орох замд бараан өнгийн хөх ороолттой хүн баруун гараараа халааснаас гар утсыг авч байгаа. Хяналтын камерын бичлэг болон мөрдөгчийн тэмдэглэлд тусгаж өгсөн. Бараан өнгийн куртиктэй явж байгаа нь өөр худалдааны төв рүү ороод цагаан өнгийн куртик өмссөн. Өөрийнхөө бараан өнгийн куртикийг нэмж өссөн нь хяналтын камерын бичлэгт авагдсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.С- тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, *********, Хан-Уул, ************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/965 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэлтэй байна. Үүнд :
1. Шүүх, прокурор нь гэмт хэргийн талаарх нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон эсэхийг тус эрүүгийн хэрэг дэх бүхий л нотлох баримтын эх сурвалжид бодитой тулгуурлан дүгнэлт хийж чадаагүйг зөвтгөх боломжгүйгээс гадна хэргийн бодит байдлыг бүрэн, эргэлзээгүй нотолж тогтоогоогүй байхад хийсвэр төсөөллийн хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй.
Тус эрүүгийн хэрэгт цугларсан бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүхэлд харьцуулан шалгахад:
1.1. “Иргэн Э.Б- 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сандэй” худалдааны төвийн урд халааснаасаа “Iphone15” гар утсаа алдсан хэргийг *********** регистрийн дугаартай Ц овогтой О үйлдсэн болохыг тус хэлтсийн эрүүгийн мөрдөгч Э.О, Г.А нар нөхөн илрүүлсэн талаарх баримт сэлт, мэдээлэл /4хх-37-39/ авагдсан байсаар атал тэдгээрийг үгүйсгэсэн баримтууд байхгүй, энэ талаар шүүх, прокуророос харьцуулан шалгаж дүгнэлт хийхгүй орхигдуулсан байна.
1.2. Хохирогч Э.Б- 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Сандэй” худалдааны төвд гар утсаа хулгайд алдсан гэх хэргийн бодит байдлыг нотолбол зохих байдлын хүрээнд яллах ба цагаатгах талын нотлох баримтуудыг стандарт шаардлагын хүрээнд ялган зааглаж шалгаагүй, бодит байдлаар үнэлж дүгнээгүй байна.
Тухайлбал, хохирогч Э.Б-ын “...2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Сандэй” худалдааны төв рүү ээжийн хамт орж бараа аваад буцаж гарсан. Би куртикныхээ цахилгааныг татах гээд зогсож байтал миний баруун талын халаасанд байсан гар утсыг үл таних хүн хулгайлчихсан. Би тухайн хүмүүсийн царайг хараагүй. Тухайн эмэгтэй хяналтын камер дээр хоёулаа байсан...” /4хх33-34, 36/,
- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “... хар өнгийн куртиктэй сэжигтэй этгээд нь хохирогч Э.Б-ын куртикний баруун талын халааснаас бага зэрэг бөхийх үйлдэл хийн баруун гараараа гар утсыг нь хулгайлан авч байна...” /4хх-60-67/ гэсэн баримтууд авагдсан байх боловч хохирогч ба сэжигтэн этгээд бүрийн Сандэй төв рүү орсон, гарсан, мөн тус төвийн гадна байсан, дагасан, зөрсөн гэх зэрэг үйл явдлын дараалал, цаг хугацаа ба бусад байдал, мөн сэжигтэн гэх 2 этгээд болон хар хувцастай этгээд нь хэн болох, камерын бичлэгийн цаг хугацааг хэрхэн тодорхойлсон эсэх, тус бичлэг дэх дүрс бүхий этгээдийг хэрхэн таньсан, таниулсан эсэх зэрэг нь тодорхойгүй, ойлгомжгүй байтал шүүх, прокуророос тухайн зарим тодорхой бус байдлуудыг анхаарч үзээгүй, үндэслэл бүхий байдлаар дүгнээгүй байх тул зөвтгөх үндэслэлгүй.
Тийм учраас, нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоогоогүй буюу яллах ба цагаатгах нотлох баримтууд харилцан ноцтой зөрүүтэй байхад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг төсөөлж, хийсвэрлэх байдлаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэх бөгөөд дээрх байдал нь яллах дүгнэлт ба шийтгэх тогтоол бүхэлдээ хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргээ шүүх, прокурор бодит байдлаар хэрэгжүүлээгүйг илэрхийлж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.2 дугаар зүйл, 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй, нотлох баримтыг шалгаж, үнэлэхэд нотолгооны стандарт шаардлага зарим талаар зөрүү бүхий тухайн тохиолдолд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзэх ямар ч нотлох баримт байж болохгүй.
Өөрөөр хэлбэл, хохирогч Э.Б-ын гар утсыг хулгайлсан гэх хэргийн бодит байдал эргэлзээгүй, бүрэн тогтоогдсон эсэхийг хянан шийдвэрлэхийн тулд яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтын эх сурвалжийг тус хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай эсэх, нотолгооны чадвартай эсэх зэрэг нотолгооны стандарт шаардлагын дагуу ялган зааглаж, улмаар бүрэн, нягт, бүх талаас нь харьцуулан шалгаж, үнэлэн өнгөрсөн үйл явдлыг бодит байдлаар сэргээн дүрсэлж, оновчтой, зөв дүгнэлт хийсний эцэст хэргийн бодит байдал ба гэмт хэргийн шинжийн хамаарлыг хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар тогтоосон байх шаардлагатай болно.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүрээнд талууд болон шүүхээс Эрүүгийн хуульд заасан үндэслэл, шалгуурын талаар зохих дүгнэлт хийгээгүй байх бөгөөд нөхөн гүйцэтгэх үндэслэлгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь тодорхой, хангалттай дүгнээгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах зарчим, хууль зүйн шалгуур, шаардлага хангагдаагүй гэж үзэх үндэслэл болно.
Энэ байдал нь шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоол, тэдгээрт тусгагдсан шүүх болон талуудаас хийсэн дүгнэлт зэргийг харьцуулан шалгах явцад бодитой илэрхийлэгдсэн байна.
3. Дээрх үндэслэл, үйл баримтын хүрээнд: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох буюу шийтгэх тогтоол нь мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-1.4, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-2.4, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт зэрэг тусгайлан заасан үндэслэл, журамд нийцээгүй байх тул *********, Хан-Уул, ************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/965 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.С-ын давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ц.С-ын өмгөөлөгч Ю.Тогмидын гаргасан “хохирогч Э.Б-д холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Шүүгдэгч Ц.С-д урьд авсан цагдан хорих, Б.Б-, Л.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. *********, Хан-Уул, ************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/965 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ц.С-д урьд авсан цагдан хорих, Б.Б-, Л.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР