Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/782

 

2025                 06            25                                       2025/ДШМ/782

 

 

 

Э.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Бамбадорж,

хохирогч Ж.Г, Ч.О,

яллагдагч Э.М-ын өмгөөлөгч Н.Болормаа, Д.Пүрэвбаатар   

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

**********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/3467 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Ж.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.М-д холбогдох эрүүгийн 2206010911315 дугаар хэргийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн Э-ы М,**** оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, “**** ******* *****” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ********** дүүргийн ** дугаар хороо, *** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: **********/;

Э.М- нь “**********зүүн талд 6 давхар орон сууцанд байр зарна” гэх зарыг байршуулж, улмаар ********** дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**** ******* *****” ХХК-ийн захиалгаар баригдсан 30 айлын орон сууцыг нэр бүхий хохирогч нартай орон сууц захиалгын гэрээ байгуулж, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд зүйлийг шилжүүлэн авч нийт 1,249,952,4000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

********** дүүргийн прокурорын газраас: Э.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

**********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Хэргийн 4 дүгээр хавтас 140-146 дугаар хуудсанд Б.Н-гийн дансны хуулга хавсаргагдсан байх ба 25 сая, 35 сая, 94 сая, 70 сая, 114 сая, 20 сая 200 мянган төгрөг, 4 сая, нийт 362,200,000 төгрөгийг С.Д-ийн дансанд шилжүүлсэн баримт, Б.Ц, С.Д- нарын хооронд, Б.Ц, С.Ш нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд хэрэгт авагджээ. Хэргийн 4-р хавтас 192 дугаар хуудсанд Б.Цын хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгт “...би мөнгөө зээлдүүлэхдээ 2.5-3 хувийн хүүтэй зээл олгож байсан. Тэр асуудлаас хойш эхний 3 сарын хугацаанд хүүгээ төлж байгаад сүүлдээ төлөхөө болихоор нь би хүүгээ авъя гэж шахаж эхлэхэд тэр 3 байрныхаа захиалгын гэрээг надад санал болгосон бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тэр 3-тай тооцоо нийлэхэд надад үндсэн мөнгөн дүн болон түүний хүүг нэмэгдүүлж гарсан мөнгөн дүн буюу 775,800,000 төгрөгт 10 орон сууцны захиалга хийгдсэн” гэж, 4-р хавтас 195-д мэдүүлэхдээ “Э.М-, С.Д- нар надад 225,000,000 төгрөгийн орон сууц өгсөн, харин газар нь хэдэн төгрөгөөр үнэлэхийг хэлж мэдэхгүй байна. Одоогоор надад 475,000,000 төгрөгийн хохирол учирсан” гэж, хэргийн 9 дүгээр хавтас 226 дугаар хуудас дахь мэдүүлэгт “би Э.М- гэх хүнд 600,000,000 төгрөг өгсөн байгаа. Би хэзээ өгсөн талаар сайн санахгүй байна” гэх зэргээр мэдүүлжээ,

Б.Ц, С.Д- нарын хооронд, Б.Ц, С.Ш нарын хооронд зээлийн гэрээ байгуулсан, хүү тооцогдсон байхад М-ын бусдыг залилсан үйлдлүүд дээр нэмж дээрх үйлдлийг оруулж ирсэн ба хохирлын тооцоо эргэлзээтэй бодитоор тогтоосон зүйл байхгүй, өөр өөр байдлаар гаргасан байна. 8 дугаар хавтас 1-9 дүгээр хуудсанд 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 313 дугаартай яллах дүгнэлт, 9 дүгээр хавтас 10-25 хуудсанд авагдсан яллах дүгнэлтүүдэд прокурорын нэр өөрчлөгдсөнөөс өөрөөр өөрчлөгдсөн зүйл байхгүй. Энэ 2 яллах дүгнэлтийн 15 дугаар хуудаст авагдсан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ өөрчлөгдсөн тоо тооцоолол байхгүй, хохирогч О-гийн мэдүүлэгт 24 сая төгрөгийн хохирол учирсан 10 гаран сая төгрөгийн хохирол авсан, хохирогч Ч.Н 16 сая төгрөг буцаан авсан гэх зэргээр мэдүүлсэн байхад яллах дүгнэлтэд өөрчлөлт ороогүй хохирлын тооцоог нэг мөр бодитоор гаргаж ирүүлээгүй байна. Дээрх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хохирогч Ж.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2020 оны 11-р сараас эхлэн “**** ******* *****” ХХК-ийн БЗД-ийн *-р хорооны “***************”-д баригдаж байгаа 30 айлын орон сууцны цахилгааны монтаж, галын дохиоллын интернэт сүлжээ холбох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 2021 оны 9-р сард үлдэгдэл мөнгөө авах гэж шаардахад мөнгө байхгүй, оронд нь байр авах уу гэдэг санал тавьсаны дагуу 2021 оны 10-р сарын 25-ны өдөр “**** ******* *****” ХХК-тай байрны гэрээ байгуулан тухайн байрны 5 давхарт 43.5 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1мкв-ын үнэ 1.600.000 төгрөгөөр тооцож 69,600,000 төгрөг байхаар харилцан тохиролцож захиалгын гэрээ байгуулан зөрүү 25,000,000 төгрөгийг эхнэр М-гийн хаан банкны ************ тоот дансанд шилжүүлсэн болно. 2021 оны 12-р сард тус байрандаа орох гээд очиход манай захиалсан 2 өрөөнд айл орсон байсан. Учрыг тодруулахад давхар зарсан гэдэг нь тогтоогдсон. Ингээд миний бие 2022 оны 1-р сард шүүхэд хандсан. БЗД-ийн цагдаа прокурор нь яллах дүгнэлт үйлдээд шүүхэд хандсан боловч 2023.03.9, 2024.09.27, 2025.05.02-нд тус тус БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны хэлэлцүүлэг явагдсан боловч гэм буруугийн шүүх хуралдуулж өгөхгүй байна. Яллагдагчийн өмгөөлөгч Н.Болормаа нь санаатайгаар хэргийг бүдгэрүүлэх ял завших оролдлого хэрэглэж 18 хохирогч иргэн бидний эрх ашгийг үл тоон яллагдагч М-ыг шүүх хурал дээр удаа дараа согтуугаар дагуулж ирсэн нь Монгол улсын хуулийн болон энгийн ард иргэд биднийг үл тоон доромжилж байна. Өмгөөлөгчийн шаардаж байгаа Ц, Н- гэх 2 хүний асуудлыг бидний хэрэгтэй хольж цаг хугацааг авч байгаад бид маш их гайхаж байна. Энэ бол ял завших, цаг хугацааг удаашруулах арга заль мэх хэмээн бид хардаж байна. Үүнийг шалгаж өгнө үү. Мөн Мөнхтуяа шүүгч нь яллагдагч М-д авсан таслан сэргийлэх арга хэмжээгээ бидний саналыг үл харгалзан өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу цуцалсан байдаг.   Иймд гэм буруугийн шүүх хурлыг хуралдуулж өгөхийг хүсэн хүсэлт гаргаж байна.” гэв.

Хохирогч Ч.О тус шүүх хуралдаанд: “хэлэх тайлбаргүй” гэв.  

Яллагдагчийн өмгөөлөгч Н.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.М-д холбогдох эрүүгийн хэрэг 2022 оноос хойш мөрдөн шалгагдаж, эрүүгийн хэрэг үүсгэгдэн хянагдаж ирсэн. Энэхүү хэрэг нь хоёр ч удаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ороход хохирлын тооцоо болон нотлох баримтууд дутуу, мөрдөн байцаалтын шатанд хийгдэх шаардлагатай ажиллагаанууд бүрэн хийгдээгүй гэх үндэслэлээр буцсан. Сүүлийн удаагийн буцаалт ч мөн Б.Н-, Б.Ц гэх нэр бүхий хоёр хохирогчтой холбоотой асуудлаар буцсан бөгөөд шүүгчийн гаргасан захирамж нь үндэслэлтэй. Учир нь эдгээр хохирогч нартай холбоотой асуудлыг шүүхийн шатанд шийдэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрэн гүйцэд шалгах шаардлагатай байгаа юм. Шүүх хуралдаанд илтгэгч шүүгч болон бусад шүүгчид шүүгчийн захирамжийг танилцуулсан. Энэ нь бодит үндэслэлтэй, зөв шийдвэр байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өмнө нь прокурорын байгууллагаас ч хэрэг мөрдөн байцаалтын байгууллага руу буцаагдсан боловч мөрдөгчид очилгүй, хэргийг хүлээн авсан эсэх талаарх мэдээлэл тодорхойгүй байсаар зургаа долоон сарын хугацаанд хохирогч болон тэдний өмгөөлөгч нар хэрэг хаана байгааг мэдэхгүй, ямар ч ажиллагаа хийгдээгүй байдалтай байсан. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс ч удаа дараа хүсэлт гаргаж, энэ дагуу бага багаар ажиллагаа хийгдэж, хэрэг дахин шүүхэд ирсэн. Гэвч энэ шатанд ч мөн хохиролтой холбоотой баримт дутуу, зөрчилтэй хэвээр байна. Ялангуяа Б.Н-, Б.Ц нэртэй хоёр хохирогч нийт 600,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж мэдүүлдэг ч яллах дүгнэлтэд 225,000,000 төгрөгийн хохирол төлөгдсөн, 150,000,000 төгрөг үлдсэн гэх мэтээр тооцоолол зөрүүтэй, алдаатай тусгасан. Түүнчлэн эдгээр хохирогчдын мэдүүлгүүд хоорондоо зөрчилтэй, мөн хохирлын нотлох баримтууд болох дансны хуулга, тооцооны баримт зэргийг гаргаж өгөхөөс татгалзаж байгаа, зарим тохиолдолд хууль бус хүү тооцсон шинжтэй байна.  Эдгээр шалтгаанаар дээрх хохирлыг нэг мөр шийдэх боломжгүй байгаа ба анхны суурь харилцаа болох зээлийн гэрээ нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн, энэ хугацаанд орон сууц захиалгын нийт 10 гэрээ байгуулсан. Тиймээс дээрх гэрээнүүдийн хүрээнд мөнгө шилжүүлсэн, өгсөн үйлдлүүдийг прокурорын зүгээс хохирол учруулсан гэж үзсэн нь өөрөө иргэний эрх зүйн харилцааны шинжтэй гэж үзсэн...” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Иргэн Б.Н-, Б.Ц нарын зээлийн гэрээ гэх мэт нь иргэний хэргийн материал байхад эрүүгийн хэрэгтэй нэгтгэсэн байгаад анхаарч өгнө үү...” гэв.

Прокурор М.Бамбадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Уг эрүүгийн хэрэг нь сүүлийн 3 орчим жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдсэн, нарийвчилсан ажиллагаа явагдсан хэрэг юм. Анхан шатны шүүх уг хэргийг нийтдээ 3 удаа прокурорт буцаасан бөгөөд буцаах бүртээ тодорхой үндэслэлүүдийг дурдсан байдаг. Эдгээр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэх, зарим үйлдлийг дахин шалгах шаардлагатай гэх үндэслэлтэй байсан. Тухайлбал, уг хэрэгт нийт 19 хохирогч бий. Тэдгээрээс зөвхөн нэг хохирогч болох Б.Цын тухайд гэхэд 600,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа бөгөөд энэхүү хохиролтой холбоотойгоор яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан тайлбар, нотлох баримтуудыг ч мөн анхаарч үзсэн болно ... Анхан шатны шүүхээс уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа руу буцаасан шалтгаан нь нэг хохирогч болох Б.Цтай холбоотойгоор 600,000,000 төгрөгийн хохирлыг хэрхэн үнэлэх, уг нь хохирол гэж тооцогдох эсэх асуудлаар маргаан үүссэнтэй холбоотой юм. Гэвч дээрх асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлгээр эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой асуудал юм. Тухайлбал, уг хэрэгт нийт 19 хохирогч байгаагаас зөвхөн нэг хохирогчийн хохирлыг тооцох эсэх асуудлаар буцаалт хийсэн нь шүүхийн ачааллыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж байгаа бөгөөд хэргийн бодит байдлыг бүрэн шалгасан, мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдсэн гэж прокурор үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэхүү 600,000,000 төгрөгтэй холбоотой асуудалд холбогдох үнэлгээний дүгнэлт, баримтууд бүрдсэн бөгөөд Б.Цын хохирлыг тооцох эсэх асуудалд яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдол, хүсэлтийг прокурор хянан үзэж, уг хохирлыг хэрэгт тооцох үндэслэлтэй гэж үзсэн болно. Энэ талаарх шинэчилсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулсан, талуудын байр суурийг бүрэн тусгасан, хангалттай ажиллагаа явагдсан. Шүүх уг маргаантай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бүрэн боломжтой нөхцөлд, уг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй шаардлагатай гэж үзэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэр гаргах боломжтой байсан гэж прокурор дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн хэрэг буцаах тухай захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, хохирогчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй хэмээн хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Ж.Гын гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд: 

1. Хэргийн бодит байдлыг мөрдөн шалгах нэмэлт ажиллагааны хүрээнд нэг мөр, эргэлзээгүй, бүрэн тогтоох үндэслэл, шаардлага үүссэн байна.

1.1. Б.Ц нь ээжийнхээ мөнгө болох 600.000.000 төгрөгийг С.Ш, С.Д, М, Б нарын дансанд шилжүүлж зээлүүлсэн гэх боловч залилах гэмт хэргийн зүйлчлэгдэх бодит хохирол, түүний үндэслэл, эх сурвалжийг бодитой тогтоогоогүй байгааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй. 

Тухайлбал, Б.Цын гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг /4хх-192-193, 9хх-161-162, 223/ хамаарах бусад баримтаас үзэхэд тэрээр, ээжийнхээ мөнгө болох 600.000.000 төгрөгийг нэр бүхий хүмүүсийн данс руу шилжүүлэн зээлдүүлсэн гэх боловч эхний 2 зээл гэх нийт 225 сая төгрөгийг авсан, мөн зарим зээлд үл хөдлөх хөрөнгийн барьцаа авсан, хүү гэх нэрийдлээр тодорхой хэмжээний мөнгө авсан гэх зэрэгт хамаарах үйл баримтуудтай байх тул Ц, түүний ээж нар нэгэн зэрэг хохирогч эсхүл иргэний нэхэмжлэгч эсэх, иргэний хариуцагчаар тогтоогдох этгээд байгаа эсэхээс гадна залилах гэмт хэргээр зүйлчлэгдэх хохирлын хэмжээ, хязгаарыг ялгаа заагтайгаар зөв, бодитой тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзнэ. 

1.2. Аудитын тайлангаас үзэхэд орон сууц захиалагчдаас М, Билгүүн, Д нарын данс руу орсон мөнгөн дүнгийн хэмжээ, мөн тэдгээрийн данс хоорондын шилжүүлэгдсэн мөнгөн дүн зэргийн хүрээнд зарим тодорхой бус асуудлуудыг шалгаагүй орхигдуулсныг зөвтгөх боломжгүй.   

Тухайлбал, С.Д-ийн дансанд нийт 1.870.175.656 төгрөг орсон байх ба түүний хувьд 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж мэдүүлсэн /1хх-40/ байх боловч яг бодит хөрөнгө оруулалт хийсэн дүнг нотлох баримт, улмаар 1,8 тэрбум төгрөгийг авсан үндэслэл, шалтгаан, бусад асуудлыг эргэлзээтэй тогтоох шаардлагатай.

Мөн тухайн хэрэгт, хэрэгт авагдсан бүхий л баримтуудыг шалгах, хянах хүрээнд, тухайлбал, нэр бүхий этгээдүүд өөр хоорондоо харилцан мөнгө зээлж авсан, өөр хооронд шилжүүлсэн дансны мэдээлэл, бусад үйл баримтыг харьцуулан шалгахад зайлшгүй санхүү, эдийн засгийн тусгай мэдлэг шаардагдах тохиолдолд нэмэлт, дахин шинжилгээ хийлгэхийг үгүйсгэх боломжгүй болно.  

1.3. Хэргийн бодит байдлыг таамаглан тогтоох, урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзэх ямар ч нотлох баримт байж болохгүй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.2 дугаар зүйл, 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор  хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй, нотлох баримтыг шалгаж, үнэлэхэд нотолгооны стандарт шаардлага зарим талаар зөрүү бүхий тухайн тохиолдолд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзэх ямар ч нотлох баримт байж болохгүй.

Тийм учраас, мөрдөгч, прокурорын хувьд нотолбол зохих байдлын хүрээнд ямар асуудлууд тодорхойгүй орхигдсон эсэхийг яллах ба цагаатгах талын нотлох баримтын эх сурвалж тус бүрийг нотолгооны стандарт шаардлага, шалгуурын хүрээнд бүрэн, нягт, бүх талаас нь шалгах, хянах, үнэлэн дүгнэх, улмаар тодорхойгүй болон зөрүүтэй байдал, алдаа зөрчил зэргийг өөрсдөө тодорхойлох, хянан шалгах, нөхөн гүйцэтгэх замаар хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, харин шүүхээс нотолбол зохих асуудлын хүрээнд үүссэн тодорхойгүй бүх асуудлыг урьдчилан тодорхойлж, чиглүүлэх боломжгүй болохыг тэмдэглэж байна.    

Нэгэнт шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаар хэргийг прокурорт удаа дараа буцаасан байтал тус захирамжийн заалт болон хэргийн үйл баримтын хүрээнд нэмэлт мөрдөн шалгах, хяналтын ажиллагааг хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар хийж гүйцэтгээгүй байгаа тохиолдолд шүүхээс хэргийг прокурорт буцаасныг буруутгах үндэслэлгүй болно. 

2. Яллах дүгнэлт хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Тухайлбал, яллаж байгаа хэргийн товч агуулга “ойлгомжгүй, тодорхойгүй буюу хууль ёсны шаардлага хангаагүй”, улмаар тогтоох хэсэгт “...13.200.000 төгрөгийг залилсан гэх хэргийн хохирогч тодорхойгүй...” зэрэг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалтай байна. 

3. Дээр дурдсан үндэслэл бүхий асуудлын хувьд зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцааснаар буюу мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлснээр шийдвэрлэгдэх үндэслэлтэй, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанаас зарим ажиллагааг нэмж явуулахыг прокурорт даалгах үндэслэл, журам”-д хамаарахгүй байна.

Иймд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд ноцтой зөрчил үүсгэхгүйн тулд **********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/3467 дугаар захирамжийг хэвээр үлдээж, хохирогч Ж.Гын гаргасан давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

Харин анхан шатны шүүхээс анх яллагдагчийг тодорхой үндэслэлээр цагдан хорьж шийдвэрлэсэн атлаа, хэргийг прокурорт буцаах тухай захирамж гаргаснаас хойш яллагдагч Э.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдахын зэрэгцээ энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байгааг анхааруулж байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. **********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/3467 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч Ж.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                               ШҮҮГЧ                                                    Ц.ОЧ

 

                               ШҮҮГЧ                                                    Г.ГАНБААТАР