| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00912/И |
| Дугаар | 304/ШШ2025/00797 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 304/ШШ2025/00797
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Н.Э*******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралгүй байсан болохоо тогтоолгох тухай 304/2025/00912/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Н.Э*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лх*******сүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.Э******* нь хамтын амьдралгүй байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Н.Э******* миний бие Д*******ийн Д*******-О*******той 2015 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Энэ үед Д.Д*******-О******* нь Өмнөговь аймагт уул уурхайн компанид өрмийн оператороор ажилладаг байсан. Гэр бүл болоод жил орчмын дараагаас ажилладаг газрынхаа хүнтэй гэр бүлийн харьцаатай болж, амарсан хугацаандаа ч гэртээ ирэхээ болисон тул 2017 оны 8 дугаар сараас хойш хамт амьдралгүй 8 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд Д.Д*******-О******* нь өөр хүнтэй гэр бүл болж Улаанбаатарт хотод амьдрах болсон. Хамт амьдрахаа больсноос хойш бид ямар нэг холбоогүй байж байгаад ер нь гэрлэлтийн бүртгэлтээ салгуулъя гээд миний бие 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр утсаар холбогдон гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулж болох юм байна, ийм байдлаар бичиг баримтаа цэгцье гэж тохиролцсон юм. Гэтэл 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Д.Д*******-О******* нь нас барсан байна.
Миний бие 2025 оны 10 дугаар сард "Пос" машины зээл авахаар өөрийн төрсөн ээж О.А*******гийнхаа хамтран зээлдэгчээр орох гэтэл Д.Д*******-О*******той гэр бүлийн баталгаатай, тэр хүн чинь маш олон 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээлтэй юм байна гээд намайг хамтран зээлдэгчээр орох боломжгүй гэсэн хариу өгсөн. Би энэ хүнтэй хамт амьдрахгүй болоод 8 жилийн хугацаа өнгөрч байгаа, энэ хүн Улаанбаатар хотод амьдардаг, өөр гэр бүлтэй талаар хэлсэн боловч хамтын амьдралгүй тухай бичиг ав******* гэсэн болно.
Иймд Н.Э******* би Д.Д*******-О*******той хамтын амьдралгүй байсан болохоо тогтоолгох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэж үзэн тус шүүхэд хандаж байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагч Н.Э*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Гэрэл зураг /хэргийн 4-р хуудас/,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаар тогтоол /хэргийн 5-р хуудас/,
-Зээлийн мэдээлэл /хэргийн 6-р хуудас/,
-Н.Э*******ын өрхийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 7-р хуудас/,
-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 8-р хуудас/,
-Нас барсны бүртгэлийн лавлагаа /хэргийн 9-р хуудас/
-Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр /хэргийн 10-р хуудас/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.Э*******ын хүсэлтийн шаардлагыг хангаж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Хүсэлт гаргагч нь Д.Д*******-О*******той хамтын амьдралгүй байсан болохоо тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
Хүсэлт гаргагч Н.Э******* нь Д.Д*******-О*******той 2015 онд гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн бөгөөд 2017 оны 8 дугаар сараас хойш хамтран амьдраагүй, тусдаа амьдарч ирсэн, улмаар Д.Д*******-О******* нь 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан тул тэд хамтын амьдралгүй байсан болохыг тогтоолгох нь өөрийн эрх, ашиг сонирхолд ач холбогдолтой гэж үзэн шүүхэд хүсэлт гаргасан байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ тус тус заасан байна.
Хүсэлт гаргагч Н.Э******* нь Д.Д*******-О*******той гэрлэлтээ албан ёсоор 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бүртгүүлсэн бөгөөд уг гэрлэлтийг шүүхийн шийдвэр, эсхүл захиргааны журмаар цуцлуулаагүй байхад хариуцагч нас барснаар гэрлэлт дуусгавар болсон байна.
Гэр бүлийн тухай хуулийн дагуу гэрлэлт нь цуцлах хүртэл хүчин төгөлдөр үргэлжилдэг бөгөөд эхнэр, нөхөр тусдаа амьдарсан нь гэрлэлтийн эрх зүйн үр дагаврыг арилгах, эсхүл гэрлэлтийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл болдоггүй.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүх нь зөвхөн хуульд өөр хэлбэрээр тогтоох боломжгүй, иргэний эрх, үүргийг шууд үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох эрх зүйн ач холбогдол бүхий баримтыг тогтоодог.
Гэтэл хамтын амьдралгүй байсан гэх баримт нь гэрлэлт хүчин төгөлдөр байсан нөхцөлд хүсэлт гаргагчийн эрх, үүргийг шууд өөрчлөх, гуравдагч этгээдийн (банк, санхүүгийн байгууллага) зээлийн харилцаанд эрх зүйн үр дагавар үүсгэх үндэслэл болохгүй байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-т зааснаар Н.Э******* //-н хамтын амьдралгүй байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ